\УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал бүхийг албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Албан бичигт “Монголбанк төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадаагүй бөгөөд үүнээс үүдэн төгрөгийн ам.доллартай харьцах харьцаа, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өмнөх оныхоос 9.9 хувиар суларсан байна. 2018 оны урьдчилсан дүнгээр инфляци Улаанбаатар хотын хэмжээнд хоёр оронтой тоонд дөхөж очсон. Валютын ханш чангарч, инфляци 2016 оны хэмжээнээс 4-5 дахин өсч, иргэдийн орлого нэмэгдээгүй зэрэг нь өрхийн зардлыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлсөн. Монголбанкны Ерөнхийлөгч анх ажлаа авах үедээ Гадаадын валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улс төржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэ үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан тушаалыг хаших, албан үүргийг гүшйцэтгэх мэдлэг чадвар ажлын туршлага дутаж байгааг харуулж байна. Иймд Н.Баярсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хууль журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.