ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Уянга: Авьяас бол гарцаагүй бурхны өгөгдөл

O.Admin
2018-04-30

Манай сонин “Сондгой өнцөг” хэмээн ярилцлагын шинэ булан нээж байгаа билээ. Эл булангаараа дамжуулан салбар бүрт ажиллаж буй хүмүүстэй үндсэн мэргэжил, мэргэшлээс нь өөр чиглэлээр ярилцаж байх юм. Энэ удаагийн дугаартаа, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Гантөмөрийн Уянгатай “дуу хуур” сэдвийн хүрээнд ярилцсанаа хүргэж байна.

-Манай сонин “Сондгой өнцөг” гэдэг шинэ булан нээж байгаа юм. Эхний зочноор маань жүжигчин Г.Амгаланбаатар орсон бол хоёр дахь зочноор таныг урьж, ярилцахаар боллоо. Манай сонины урилгыг хүлээж авсанд баярлалаа. Би өнөөдөр таны дуулах авьяасын талаар ярилцах хүсэлтэй байна. Учир нь, таныг дуучин Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал” дууг дуулсан тань их олон хүнд хүрсэн. Мөн таныг дуулах авьяастайг тэндээс л олж, мэдсэн. Анх тэр дууг яагаад дуулах болов?

-Урьсанд баярлалаа. Үнэнийг хэлэхэд, би дуу хуурын талаар сонирхолтой, сайхан яриа өрнүүлж чадах хүн биш болохоор сэдэв, зочин хоёр нь оносон эсэхийг мэдэхгүй л байна. Би ч мөн чанартаа караокеноос хэтрэхгүй гэдгээ ганц, нэг дуу студид бичүүлээд л мэдсэн. “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ, Д.Отгонбаяр аяыг нь, яруу найрагч Ц.Хулан үгийг нь бичиж, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Жаргаж үзээгүй зул дурлал” дуу бол сонсоод л сэтгэлд шууд хүрсэн, сайхан дуунуудын нэг. Нэг хэсэг амнаас салдаггүй байлаа. Дуулах болсон шалтгаан нь хэмнэлтээс л болсон юм. Өмнөх их хурлын дарга З.Энхболд төсвийн мөнгөөр ямар ч баяр ёслол тэмдэглүүлдэггүй, мөнгөнд тун хэмнэлттэй дарга байлаа. 2012 онд их хурал шинэ жилээ хийх гэтэл нэг хүн 350 мянган төгрөг, гэр бүлтэйгээ оролцвол 700 мянган төгрөг төлөхөөр төсөв орж ирлээ. Хэн ч ийм мөнгө гаргаж баяр тэмдэглэхийг хүсээгүй тул шинэ жил болохооргүй боллоо. Гэтэл эмэгтэй гишүүд энэ тухай ярьж байгаад энэ их мөнгийг юунд зарцуулах гээд байгааг асуутал дийлэнх нь хамтлаг, дуучид, хөтлөгчид зарцуулагдах мөнгө байсан. Тэгээд л манай эмэгтэй гишүүд “Бид ямар концерт үзэх гэж байгаа биш, өөрсдөө дуулж хуурдаж, хөтөлж баярласан шиг баярлацгаая” гээд тэр төсвийг хэмнэж өөрсдөө дуулахаар шийдсэн. Ингээд манай бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг биднийг дуулах дуугаа сонгох үүрэг өгснөөр би энэ дууг дуулах болсон юм.

-Та бас зоригтой сонголт хийжээ?

-Нялх тугал бараас айхгүй гэдэг чинь л энэ шүү дээ. Сонсох дуртай дуугаа л дуулж үзмээр санагдсан хэрэг. Т.Ариунаа эгч рүү яриад дууных нь фонограммыг гуйлаа. Т.Ариунаа эгч “Хүүе, чи чадах юм уу? Хүнд дуу шүү дээ, эгчийнхээ дуунуудаас арай өөрийг сонгох уу?” гэж байна. “Яах вэ, үзээд л алдъя, болохгүй бол тэр л биз. Ер нь ч би тань шиг дуулах албатай ч биш. Энэ дуу гадагшаа ч гарахгүй, дотооддоо л бие биеэ хөгжөөх төдий юм шүү дээ” гэсэн. Т.Ариунаа эгч фонограммаа өглөө. Дангаараа фонограммтай явж чаддаггүй ээ. Тэгэхээр нь Т.Ариунаа эгчийн дуулсныг дагаж дуулж бичүүлсэн. Нэг л дуулсан. Олонд ингэж их таашаагдана гэж төсөөлөөгүй.

-Таны аав, ээж дуулдаг хүмүүс байдаг уу?

-Хоёр аав минь хоёулаа урлагийн хүмүүс байсан. Миний төрсөн эцэг Ц.Буджав гэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Аймгийн бүх л сумдын соёлын төвийг үүсгэн байгуулалцаж, хүмүүсийг нь сургасан хүн. Одоо ч сумын соёлын төвийнхөн намайг очиход “Буджав багшийн охин ирлээ” гэлцээд ихэд хүндэтгэлтэй байдаг. Шүлэг, дуу зохиодог, хөгжим тоглодог авьяастай хүн байсан. Одоо ч эцэг нэгтэй дүү маань аймгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байна. Өсгөсөн аав минь циркийн жүжигчин байсан. Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийг төгсөөд Улсын циркт жүжигчнээр олон жил ажилласан. Алиалагч Д.Батсүх, тагтаа тоглуулдаг Ш.Цогцэцэг, хүндийг өргөдөг н.Амараа гээд нэртэй хүмүүс аавтай минь нэг ангид сурч байлаа. Аав минь шидэх банз, агаарын үзүүлбэр гээд хийхгүй юмгүй л байсан. Тэр үеийнхэн бүгд л тийм байсан. Циркчид нэгийгээ нөхөх чадвартай байх ёстой гэдэг байсан юм. Харамсалтай нь, аав минь гэмтэл авч залуудаа циркийг орхисон доо. Миний ээж жирийн л ажилчин эмэгтэй. Есөн хүүхэдтэй айлын найман охины нэг. Ээж, бас нагац ах, эгч нар маань урлагаар яваагүй л болохоос авьяастай хүмүүс. Шанз, ёочин, гитар тоглоно, бүгд сайхан дуулцгаана.

-Танай гэр бүлийнхэнд дуулах авьяастай хүмүүс бий юу. Тухайлбал, Хуягаа ахын талаар?

-Манай хүн харин урлагийн талаар надаас арай сонирхолтой яриа өрнүүлж мэдэх байх шүү. Уртын дуу дуулна. Сургуулиа төгсөөд хөдөө олон хоногоор мод бэлтгэж, хадлан хадаж явахдаа уртын дуу дуулж сурсан юм билээ. Дууныхаа үүх түүхийг ярина, хэн хэн яаж дуулсныг мэднэ. Дан, давхар шуранхай, хоолой, цээжний цохилго гээд л нарийн ялгаатай нь ярина.

-Ер нь та ямар урсгал, чиглэлийн дуу сонсох дуртай вэ?

-Сүүлийн үед ардын богинын дуу, ардын дуу шиг болтлоо олны хүртээл болсон нийтийн дуунд дуртай болоод байгаа. Гэхдээ хүүхэд байхын дуртай байсан поп дуунаасаа хэзээ ч уйддаггүй ээ. Бидний үеийн хит парадыг тэргүүлдэг байсан Уитни Хьюстон, Селин Дион, Демис Роузес, Майкл Жексон, Пол Абдул гээд л домогт дуучдаасаа ч бас уйддаггүй юм. Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёроосоо ч уйдахгүй, улам л сонсох дуртай болоод байдаг хүн дээ.

-Таны шүтэн биширдэг хамтлаг, дуучид?

-Шүтэн биширч сүйд болох юу байх вэ. Уянгалаг сайхан дуу л бол сонсох, сурах, дагаж дуулах дуртай. Сараа, Ариунаа, Алтаа, Сэрчмаагийнхаа аялгуулаг дуунууд, Г.Эрдэнэтунгалагийн чадалтай хоолойг сонсох сай­хан. Бас Агиймаа байна. Хурд, Харанга, Никитон, Но­мин талстаасаа ч уйдахгүй л хүн юм байна лээ, би чинь. Сүүлийн үеийн дуучдыг харин нэг бүрчлэн мэ­дэ­хээ больж. Хүүхдүүдийн маань үздэг нэвтрүүлэг “The voice of Mongolia”-г босон суун сонсож байна. Ямар мундаг залуучууд гарч ирж байгааг бишрэн хар­даг.

-Танд боломж гарвал хэн гэдэг дуучинтай өдрийн цай хамт уухыг хүсч байна?

-Мммм... Шууд санаанд орохгүй байна. Хэнтэй нь ч гэсэн тааралдвал ярьж суугаад уран бүтээлийг нь магтаж урмын үг хайрлаад бас өөрийнхөө нууцхан хүслийн талаар ярилцаж зөвлөгөө аваад суухад сайхан л байж таараа.

-Дуучин найзууд олон уу?

-Их олон биш ээ. МУГЖ Ж.Алтанцэцэг маань арай ойр юм уу даа. Манай хүнтэй арван жилийн нэг анги юм. Тэгээд бид арай ойр байдаг. Манай Алтаа ч яриад суухад сайхан бүсгүй шүү дээ. Т.Ариунаа эгч байна. Намайг дуулахыг их дэмжиж, фонограммаа хүртэл өгчихдөг, ганц дэмжигч маань байгаа юм.

-Та хамгийн анх ямар дуу сурч байв?

-Бодвол “Маамуу нааш ир” биз. Хэзээ яаж энэ дууг сурснаа ч санадаггүй юм, анхнаасаа мэддэг төрсөн юм шиг л (инээв). Монгол хүүхэд бүхэн над шиг байх аа даа. Нэгдүгээр ангид ороод багш авьяасаа үзүүл гэхэд нь “Алтан намар” дууг бүтнээр нь дуулж билээ. “Ургацын далай” нэвтрүүлгийг зурагтаар үзэж, радиогоор сонссоор байгаад л цээжилчихсэн бололтой юм.

-Цаашдаа энэ дууг дуулах юмсан гэж боддог, далдхан хүсдэг дуу бий юу. Мөн хамтран дуулахыг хүсдэг дуучин, тийм нэг далд мөрөөдөл байдаг уу?

-Т.Ариунаа эгчийн “Нандин учрал”-ыг дуулж үзмээр са­нагд­даг. Нэг оролдсон, чадахгүй байсан. Бэлтгэл хэ­рэг­тэй юм шиг байна билээ. Дуулахыг хүсдэг дуунуудаа нэг CD-нд биччихсэн, машиндаа сонсоод л, заримдаа дуурайж дагаж дуулаад л явдаг юм. Сараагийн олон сайхан дуунууд бий. Блюз дуулж үзмээр санагддаг.

-Ноён Бондгортой нэг киноны дуу дуулсан байсан?

-Бондгор хамт дуулмаар байна гээд дуулсан. Тийм ч хүнд биш боловч аялгуулаг хөөрхөн дуу. Надад тэр дуугаа жаахан сайжруулж дуулмаар санагддаг, нэг тиймхэн болчихсон. Дуулахад дуундаа орох, мэдрэх л хамгийн чухал зүйл нь санагддаг. Киноны дуу гэдгийг нь сүүлд мэдсэн. Бондгор “Дуу сайхан боллоо. Клип хийлгэж байж хүнд хүрдэг юм аа, хоёулаа хийлгэе” гэхээр нь “Одоо ингээд эгч нь зогсъё доо” гээд больсон.

-Дуунаас гадна таны далд авьяас юу байна, та зур­сан зургуудаа нийгмийн сүлжээнд тавьсан бай­сан?

-Хүүхдүүдээ хараад зурмаар санагдсан юм. Хүүх­дүү­дийн­хээ зургийн дугуйланг тарахыг хүлээнгээ зүгээр суухаар гээд хар зургийн ганц нэг анхан шатны зураас заалгасан. Энэ чинь зургийн авьяастай гэсэн үг биш л дээ. Техникийг нь заалгавал хэн ч дөхүүлээд хараад зурчих л байх. Зураач бол сэт­гэлгээ гэж би ойлгосон. Сэтгэлгээний өөр төвшинд байж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг л жинхэнэ авьяас. Дуурайх төдийг авьяас гээд баймааргүй байгаа юм. Манайхан ч одоо харсан төдийгөө биширч гайхаад, магтаад сүйд болох болж дээ. Маш итгэл үнэмшилгүй, хуурай, худлаа тийм магтаалд нийгэм дөжрөөд байх шиг.

-Таныг монгол бичгээр их сайхан бичдэгийг “Шийд­лийн Засгийн газар”-ын тэргүүнд бичсэн захидлаас тань мэддэг болсон. Монгол бичгийг хэрхэн сурч байв?

-Монгол бичгээ сайжруулахыг хичээж байгаа. Биднийг долдугаар ангиас монгол бичиг заадаг байлаа. Надад ацаг шүд заасан анхны багш маань н.Сосорбарам гэж багш байлаа. Хонх хамтлагийн С.Цогтсайханы аав шүү дээ. Дараа нь их сургуульд хэл шинжлэлч Ч.Догсүрэн багш маань намайг бүүр дуртай болгосон. Намайг овоо тоож, хэл шинжлэлээр яваасай гэдэг байсан юм. Улс төр гээд явчихад багш маань дургүй байж билээ. Багш нарын өрөөнд хэн аль чиглэлээр дипломын ажлаа бичиж мэргэших талаар яриа болсон юм билээ. Тэр үеэр миний талаар яриа гарч нэг нь багш болгох гэж, нөгөө нь хэл шинжлэлч болгох гэж ярьсан бололтой юм. Багш маань гарч ирээд “Юм юм сэглэж хаялгүй, нэг чигээ хөө, сайн хэл шинжлэлч болох ирээдүй чамд байна” гэж эрс хатуу хэлсэнсэн. Багш амьд байсан бол ч тэр зүг рүү явчихсан байж мэднэ.

-Харин би тэгээгүй нь сайн болжээ гэж бодож байна. Танай хүүхдүүдээс урлагийн авьяас илэрч байна уу. Ямар, ямар авьяастай вэ?

-Хүүхэд бүхэн л дуулж хуурдах, бүжиглэх, зурах дуртай байдаг шүү дээ. Онцгой гэж хэлэхээргүй л байх шиг санагдах юм. Бага хүү маань орон зай, дүрслэлийн мэдрэмж нь арай л илүү зураад байх шиг санагдах юм. Том хүү ч багын маш сайхан зурдаг байсан. Харамсалтай нь, бид хоёр залуу, завгүй гэж гүйгээд түүнийг нь төдий л сайн тэтгэсэнгүй. Одоо ч хүсэл сонирхлоо дагаад интерьер чиглэлээр сурч байна. Охин хэсэг зураг сонирхсон, одоо бүжигт дуртай байна. Хүссэн сонирхсон бүхнээ оролдож л байг, чиг тодорход тустай гэж боддог юм. Бурхан хүн бүхэнд нэг нууц авьяас өгсөн л байгаа, түүнийг л олж нээнэ гэдэг чухам амаргүй ажил юм байна даа. Авьяас бол гарцаагүй бурхны өгөгдөл.