ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагважав: Очсон орон болгоныхоо театраар орж үзсэн 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-07

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавыг “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа. 

-Таныг төгөлдөр хуур, сонгодог урлаг сонирхдог гэж сонссон. Хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?

-Би Польшийн суут хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены бүтээлүүдийг сонирхож сонсдог юм. Яагаад төгөлдөр хуур, сонгодог хөгжим сонирхдог болсон бэ гэвэл бас их учиртай. Би нийслэлийн 48 дугаар сургуулийг төгссөн. 31, 45 гээд олон сургууль дамжсан. Харин 1987 онд 48 дугаар сургуулийг төгсч байлаа. 1986 онд юмдаг, нэг өдөр орос хэлний багш н.Алтанцоож бидэнд Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн удиртгал сонсгоно гээд, пянз тоглуулагчаа авчирсан юм. Таван минут л сонсгосон байх. Хөгжим эхлээд л багш маань уусаад орчихсон. Бид болохоор багшийгаа шоолох маягтай. Сонгодог хөгжим гэдгийг ойлгохгүй. Дуу, хөгжмийн хичээл ороход нарийн юм заах биш. Харин орос хэлний багш маань бидэнд тайлбарлаж өгөөд, ангиараа тэр хөгжмийг зургаа, долоон удаа сонссон. Ингээд л нэг багшийн гайхалтай мэдрэмжээр ангийн 37 хүүхэд бүгд сонгодог урлаг сонирхогч болсон. Гэтэл дуу, хөгжмийн хичээл хэчнээн жил орсон билээ дээ. Тэр хугацаанд огт заагаагүй зүйлийг орос хэлний багш тавхан минутад ойлгуулаад, бидний чихийг нээж өгч билээ. Тэр цагаас хойш “Хунт нуур” гэх мэт балет үзэх, сонгодог хөгжим сонсдог болж эхэлсэн юм. Гадаад руу, тэр дундаа Польш явахдаа театр ордог, балет, дуурь үздэг болсон. Би чинь оюутан цагаасаа л Польш руу явж, бизнес хийж байсан. Польшийн нэг бэлгэ тэмдэг бол Шопен байдаг. 2005 онд Польш, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Тэр ойгоор Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулж байв. Н.Жанцанноров гуайг зөвлөхөөр аваад, төгөлдөр хуурч Т.Цолмон багш гэх мэт олон мундаг хүмүүстэй хамтраад, тэр тэмцээнийг зохион байгуулж байлаа.  Тэр үеэс л Шопены нэрэмжит тэмцээнтэй холбогдсон. Дараа нь 2010, 2014 онд хоёр удаа Шопены нэрэмжит  Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнийг Монголд зохион байгуулсан. “Шопен ба 21 дүгээр зууны Монгол” нэртэй Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн юм. Эхний тэмцээнд нь н.Бат-Эрдэнэ гэдэг залуу түрүүлж байсан. Саяхан Мальт улсад очиж тоглолтод оролцоод ирсэн. Италид сургууль төгссөн, манай улсын мундаг төгөлдөр хуурч бий. Сүүлийн тэмцээнд нь Шанхай хотын Зү Ванг гэдэг 15 настай хүү түрүүлсэн. Энэ тэмцээн Монголыг дэлхийд сурталчилсан үйл явдал болсон юм. Ингээд бодохоор төгөлдөр хуур, сонгодог хөгжим гэдэг миний сонирхдог төдий зүйл биш үндсэн ажил болчихсон. 

-Та төгөлдөр хуурын гайхалтай ая, сонгодог хөгжмийн бүтээлүүдийг байнга сонсдог байх нь. Шопеноос гадна ямар хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг илүүтэй сонсох дуртай вэ?

-Сонгодог хөгжмийн бүтээлүүд бүгд л агуу. Сонгодог хөгжим хүний нэг мэдрэхүйгээр дамжиж, эд эсэд хүрдэг. Хүн зургаан мэдрэхүйтэй, түүгээрээ мэдэрдэг. Нүд, чих, хамар, ам, биеэрээ мэдэрдэг. Энэ бол бурхнаас заяасан өгөгдөл. Энэ мэдрэхүйнүүдээ хүн байнга хөгжүүлж байх ёстой. Хөгжүүлэх нэг хэлбэр нь хөгжим.  Хөгжим гэдэг хүн төрөлхтний бий болгосон гайхамшигтай бүтээл. Дэлхийн сонгодгуудыг сонсохгүйгээр нас барна гэдэг эмгэнэл шүү. Дээрээс нь Монгол ардын уртын дууг Ж.Дорждагва,  “Жаахан шарга”-ыг Ламжав гуайн дуулснаар. Цаашлаад Нямсүрэн, Нямлхагва, алдарт Н.Норовбанзад гуайн дуулсан уртын дууг сонсоогүй өнгөрвөл эмгэнэл. Энэ гайхалтай бүтээлүүдийг монголчууд бүтээсэн. Тиймдээ ч би уртын дуугаа сонсох дуртай. Сонгодог хөгжим сонсох боловсрол гэж байх ёстой. Багаасаа сонсч, ойлгодог болох шаардлагатай.  Тав, 10 минутын хугацаанд сонсч байгаад дараа нь цагийн концерт сонсох хэмжээнд боловсрох ёстой юм. Сонгодог хөгжим сонирхож сонсоно гэдэг нэлээд мэргэшсэн, боловсорсон хүний хийх ажил. Түүнээс биш сонгодог хөгжим сонсоно гэдэг зугаа цэнгэл биш.  Яг л эрдэм номтой адилхан. Шопен яагаад дэлхийд алдартай болсон бэ гэхээр түүний бүтээлийг бүх төгөлдөр хуурчид тоглодог юм. Энэ хүн 37 настайдаа нас барсан. Таван настайгаасаа эхлээд л тодорсон, дэлхийн суут хүн. Сайн төгөлдөр хуурч гэдгээсээ гадна мундаг хөгжмийн зохиолч байсан. Таван настайдаа Австрийн хаанд үнэлэгдээд, тэнд очиж төгөлдөр хуур тоглож байсан түүхтэй. Зургаан настайдаа вальс бүжгийн хэмнэлийг бичиж байсан гэдэг.  Тийм учраас түүний төгөлдөр хуурын бүтээлүүд төгс гэгддэг юм.  Шопены бүтээлийг яагаад төгс гэдэг нь бас учиртай. Нэгдүгээрт, түүний бичсэн ая аялгуу нь өөрөө гайхалтай. Түүнээс гадна, тэр төгөлдөр хуурыг амилуулж чадсан хүн. Төгөлдөр хуур хөгжмийг Европ, Америкийн хөгжмийн зэмсэг урладаг хүмүүс хийсэн байдаг. Сүмийн том хөгжмийг жижигрүүлж, төгөлдөр хуур болгож хийсэн. Гэхдээ сайн амилаагүй байсан гэдэг. Харин Шопен төгөлдөр хуур гэдэг хөгжмийг өөрийнхөө зохиосон нот, аяар хөглөсөн юм. Тийм учраас тэр суут хөгжмийн зохиолч юм. Мөн өөрийнхөө бүтээлээр дамжуулаад Польшийн ард түмний соёл урлаг, зан заншлыг дэлхийд түгээсэн. 1810 онд Польш тусгаар тогтнолоо алдсан. Оросын хаант улсын эрхшээлд орж, 100 гаруй жилийн дараа буюу 1918 онд тусгаар тогтнолоо буцааж авсан. Энэ бүх үүх түүх түүний бүтээлд шингэсэн байдаг.    

-Та энгийн үед, магадгүй унтахынхаа өмнө ч юм уу сонгодог хөгжим сонсдог уу. Эсвэл театрт очиж л сонсдог уу?

-Амьд хөгжим сонсоно гэдэг өөрөө гайхамшиг. Мэдээж орчин үеийн технологи амьд хөгжмийг гэрт аваад ирчихсэн л байна. Түүнийг сонсох нэг өөр. Гэхдээ манай улс дуурийн театртай.  Олон жил сонгодог урлагийг үзэгчдэд хүргэж байна. Тэнд 200 гаруй хүн ажиллаж байгаа. Тэр уран бүтээлчдийн бүтээлийг сонсоно гэдэг огт өөр. Сонгодог бүтээлийг сонгодог хамт олон л хийдэг байхгүй юу. Тэгж байж балет бүжиглэнэ, дуурь дуулна, сонгодог урлагийг үзэгчдэд хүргэнэ.  Хөгжмийг нь монгол хөгжимчид тоглоод, монгол удирдаач удирдаад, бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулж байна. Тэгээд долоо хоног болгон балет, дуурь үзэгчдэд хүргэж байгаа. Ийм уран бүтээлчидтэй, театртай байна гэдэг нь өөрөө гайхалтай. Сонгодог бүтээлийг сонгодог орчинд нь үзэж, сонсвол илүү таашаалтай. Тийм учраас энд тэнд явж байхдаа театраар орж, тоглолт үздэг. Ялангуяа симфони найрал хөгжмийн бүтээл сонсоно гэдэг үнэхээр гайхалтай.  Монголын хамгийн агуу сонгодог урлаг бол уртын дуу. Би түрүүнд цухас дурьдсан. Уртын дуу гэдэг 1000 жил болсон сонгодог урлаг байхгүй юу. Уртын дуу сонсоно гэдэг өөрийн ард түмнийхээ 1000 жилийн түүх соёлыг чихээрээ мэдэрч байна л гэсэн үг. Уртын дууны гол нууц нь үгэндээ байдаг. Үг нь тэр аяараа манай ард түмний амьдралын гүн ухаан байдаг юм.  “Өвгөн шувуу” гэдэг дууг манайхан сонсч байх хэрэгтэй. Энэ дуу 30 бадаг шүлэгтэй. Энэ дууны 25 дугаар бадагт 
Омогшин бардамнахыг хүлцэн тэвчиж
Ойр холхиноор нийцэн зэрэгцвэл 
Нуур амар, нугас амгалан, нутаг дэлгэрээс дэлгэр болдог юм шүү дээ
Жигүүртэн олон шувууд минь ээ гэдэг. Энэ бол зах зээлийн зарчим шүү дээ. Хэн хэндээ хожоотой гэрээ хийвэл хоёулаа хожиноо л гэсэн үг. Манай өвөг дээдэс энэ зарчмыг уртын дуундаа оруулаад дуулж байж.   Ер нь том уртын дуунууд 28, 36 бадагтай байдаг. Одоо бол эхний дөрвөн мөр, эсвэл хоёр, гурван бадгаас цааш дуулахаа больсон. Энэ алдааг засъя гээд бид 2011 онд “Морьтон ардын түмний эх” нэртэй уртын дууны уралдаан зохион байгуулж байсан. Тэгээд уртын дууг гурван түрлэг дуулуулж байсан юм.  Гурван түрлэг гэдэг чинь айзам уртын дуу бол 20 минут дуулна шүү дээ. 

-Та нэлээд эртнээс сонгодог хөгжим, төгөлдөр хуур сонирхож эхэлж. Өөрөө тоглож сурах гэж оролдож байв уу?

-Би дуу дуулах, хөгжим тоглох авьяасгүй. Тийм учраас төгөлдөр хуур тоглож суръя гэж бодож, оролдож байгаагүй.  Авьяасгүйгээ мэдэж байгаа юм чинь оролдлого хийж яах юм бэ, тийм биз дээ. Монголчууд дуулж, хуурдахаар бялхаж байгаа. Тийм байхад би бас нэмэрлээд яах юм. Урлаг гэдэг цаанаа гүн ухааны л шинжтэй. Хүн тэндээс олж авахаа авч байх хэрэгтэй. Дуурийн дууг итали хэлээр л дуулж байгаа. Үгийг нь бид ойлгохгүй. Хөгжмийг нь л сонсч, таашаал авдаг. Тэгвэл Гандан ороод, өглөөний хурал хурахыг сонсоод үзээрэй. Ялангуяа 29-ний хурал өглөө 06:00 цагт хурж байгаа. Тэр олон лам нар төвдөөр ном уншихыг сонсоорой. Яг л дуурьтай адилхан. Зүгээр л очоод сонсоод үзээрэй. Бурханы ном гэдэг гайхалтай философи. Оюуны их ундарга тэнд байна. Очоод зүгээр л ном хурахыг нь сонс. Дуурийг очоод зүгээр л үз, сонс. Ганданд ороход мөнгө төлөхгүй. Дуурь хямдхан шүү дээ. Гэхдээ манай дуурийн театрынхан дэлхийн сонгодгуудыг тоглож байна. Цаашлаад спорт ярьж болно. Би ч Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч. 

-Та Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байсан юм билээ. Урлагийн салбарын тэрүүний ажилтан цолыг яаж авав?

-Шопены уран бүтээлийг сурталчилсны төлөө польшууд надад хэд хэдэн одон өгсөн. Мөн Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааныг Монголд зохион байгуулсны төлөө СТА цол, тэмдгийг өгсөн юм. Миний хөдөлмөрийг л үнэлж байсан хэрэг. 

-Та хэчнээн орны дуурийн театрт орж, дуурь, балет үзэж байсан бэ?

-Очсон газар болгоноо тоололтой биш дээ. Ихэнхээр нь ороод үзсэн. Дууриас гадна ардын соёл, урлагийг түгээдэг жижиг театрууд бас их байдаг. Манай Үндэсний урлагийн их театр гэж байдаг даа. Түүнтэй адилхан. Жишээлбэл, Мексикт явж байхад том далбагар малгайгаа өмсөөд, хөгжмөө тоглодог хүмүүс маш их байдаг. Тэрүүхэн хойд талд нь, Нью-Орлеанд очиход жааз хөгжмийн клубүүд их бий. Ерөөс жааз хөгжмийн эх орон нь Нью-Орлеан. Тэндхийн хүмүүс жааз хөгжмөө тоглож байгаа нь монгол хүн морин хуураа татаж байгаатай л адилхан. Ядаргаагүй, ямар ч зовиургүй, зүгээр л баяр баясгаланг түгээдэг. Тийм зүйлийг том театрт үзэхгүй шүү дээ. Нью-Орлеаны жааз хөгжмийн театр нь эртний хэлбэрээрээ. Дээр үед тоглож байсан хөгжмөөрөө л тоглодог. Модон сандал дээр суугаад үзнэ. Ямар гоё тоглодог гэж санана аа.  Японы театруудад очоод, ардын урлагийг үзэх ямар их амар амгаланг мэдэрдэг гэж бодож байна, гайхалтай. 

-Монголын агуу хөгжмийн зохиолчдын гайхалтай бүтээлүүд бий. Тэр бүтээлүүдийг сүүлийн үед уран бүтээл туурвиж байгаа төгөлдөр хуурчид, хийлчид олонд их түгээж байна. Нэг үеэ бодвол монголчууд агуу бүтээлүүдийг тоглодог, сонсдог ч болж?

-Монголын урлаг, спортын хөгжил дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Уран бүтээлчид дэлхийн том тэмцээнд оролцож, түрүүлж байна. Спортынхон олимпын наадмаас алт, мөнгөн медаль авч байгаа. Харин бусад салбарынхан дэлхийн хаана ч хүрээгүй. Бусад салбараараа бид дэлхийд 110-т байгаа. Спорт, урлагийнхан бол дэлхийд 20, 30 руу орчихсон.  Одоо ч хөгжиж л байна. Гэхдээ гэнэт хөгжөөд байгаа юм биш. Жишээ нь сонгодог хөгжим байна. Цэдэнбал Филатова гуай  гэдэг гайхалтай хүний ачаар л сонгодог хөгжим Монголд үлдсэн. Тийм учраас сонгодог урлагийнхан энэ хүнд үргэлж талархаж явах хэрэгтэй. 1960 оны Үндсэн хуульд илүү гарсан бүх хөрөнгийг иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулна гэсэн заалт байсан. Энэ заалтыг л Филатова гуай хэрэгжүүлсэн. Спорт ч гэсэн 1950, 1960-аад оноос эхэлж хөгжөөд, өнөөдөр олимпын наадамд түрүүлж байна. Аль ч спортын холбооны 40-60 жилийн хөлс хүч, нус, нулимсны үнэ цэнээр олимпын медальтан төрсөн юм шүү. Миний хадам аав Д.Банди гэж боксын алдартай дасгалжуулагч хүн байлаа. Саяхан бурхан болсон.  Боксын төлөө бүхий л авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан. Боксын холбоо 60 жилийнхээ босгон дээр олимпын наадмаас алтан медаль авсан.  60 жилийн турш гаргасан далай шиг их хөлсний үнэ цэнэ байхгүй юу. Манай Гимнастикийн холбооны 50 жилийн ойгоор Сингапурын хүүхдийн олимпын наадмаас Г.Эрдэнэболд гэдэг хүү алтан медаль авсан. Энэ бол 50 жилийн хөдөлмөр, хөлсний үнэ. Бөхчүүд маань амжилттай барилдаж, олон медаль авч байгаа. Энэ бол 2000 жилийн хөгжлийн үр дүн. Тийм учраас спорт, урлаг арай л өөр юм шүү.  Монголын сонгодог урлаг хэдэн зуун жил хөгжиж байгаа. Та бод доо, дэлхийн хааны өмнө тоглож байсан урлаг соёл агуу л байж таараа. Тэр агуу соёлын үргэлжлэлийг бид авч явж байна. Дээрээс нь нэмээд орчин үеийн сонгодог урлагийг хөгжүүлээд, өнөөдөр үнэ цэнтэй болсон.  

-Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрсэн талаар та ярилаа. Харин Монголын сонгодог урлаг үзэгч муутай байгаад байх шиг. Үзэгчдийн урлагийн боловсрол нэмэгдэхгүй байна уу даа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Сонгодог урлаг, уртын дуу гэдэг язгууртан, хаадын сонсдог, таашаадаг зүйл гэж би яриандаа дурьдсан. Багаасаа л бага багаар сурдаг эрдэм байхгүй юу. Сонгодог урлаг, уртын дууг нарийн ойлгодог болно гэдэг бол эрдэм сурч байна л гэсэн үг. Түүнээс биш гэнэт л нэг өдөр Бетховен, Моцартыг ойлгодог болчихгүй.  Уг нь манай ард түмэнд сонгодог урлагийг ойлгох суурь бий. Харин манай н.Алтанцоож багш шиг сонгодог урлаг ойлгох оньсыг нь яаж тайлах вэ гэдэг л байна. Дунд сургуулийн дуу, хөгжмийн багш нар маш их үүрэгтэй ажиллах ёстой юм. Дээрээс нь тэр хүмүүс өөрсдөө сонгодог урлагийг ойлгож мэдсэн байх шаардлагатай байна.  Соёл урлаг, спортын хүчийг ашиглаж агуу гүрнийг байгуулж болдог гэдгийг бид умартчихсан. Төрийн томчууд спорт, урлагийнхан шагнал аваад ирэхээр нь хүлээж авч уулзаж, өөрсдийгөө гоёод байдаг. Түүнээс биш ард түмнээ тэднээр гоёхгүй байна.  Урлаг соёлын хүч гэж агуу зүйл бий. Ард түмнийг нэгтгэн нийлүүлдэг. Их хүчний гайхамшгийг мөнгөнөөс илүү гаргаж харахгүй байна. Манай эрх мэдэлтнүүд мөнгийг л чадалтай гэж хараад байгаа болохоос соёл, түүхээ тэгж хардаггүй. Тиймдээ ч урлаг соёлдоо хөрөнгө оруулалт хийхгүй байна. Миний санасанаар болдог энэ төрийнхөн өөрсдөө үлгэр дууриалал үзүүлмээр байгаа юм. Урлаг соёлынхоо агуу хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэг симфони бичсэнийхээ төлөө яагаад 500 сая төгрөг авч болохгүй гэж. Хэрвээ урлаг соёлоо түгээе, ард түмнээ соён гэгээрүүлье, сонгодог урлагийн боловсролтой болгоё гэвэл соёлын салбарт ажиллаж байгаа 18 мянган хүндээ хөрөнгө оруул. Яг нарийндаа социализмын үед бэлтгэгдсэн нөөц шавхагдаад дуусч байна. Хөгжмийн зохиолч, хөгжимчин талаасаа ч.