ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Билгүүн: Энхтайвны өргөн чөлөөний хаягийг крилл болгож өөрчлүүлнэ

O.Admin
2018-06-07

Улаанбаатар хотын төвд монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэл байршуулж үндэсний бичиг үсгийг сурталчлахаар болсон. Энэхүү ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнээс тодрууллаа. 

-Хотын төвд монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэлийг энэ онд байршуулна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?  

-Хотын төвд монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэл байршуулах ажил нь Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон байгаа. Өнгөрсөн сард болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцсэн. Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, монгол хэлийг иргэд олон нийтэд сурталчлах, гэрлэн чимэглэл бүхий сурталчилгааны байгууламжийг бий болгоно. Мөн монгол бичгийг ашиглан нийгмийн зар сурталчилгааг иргэдэд хүргэсэн баримал хөшөөг байгуулах юм. 

-Монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэл байршуулах байршил нь тодорхой болсон уу. Ямар хөшөө, хаана барих гэж байгаа вэ? 

-Монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэлийг дөрвөн байршилд байрлуулахаар болсон. Тодруулбал, Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын бэлгэдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байгаа. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн байгаа. Хөшөө баримлаар дамжуулан Монгол хэл, Үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө барих саналыг мөн танилцуулсан. Уг хөшөөг Үндэсний цэцэрлэг хүрээлэнд байршуулахаар төлөвлөсөн байгаа. 
 

-Ажлын явц хэр байна вэ? 

-Уг байгууламжийн загвар шалга­руулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явуулж байна. Эхний ээлжинд гэрлэн чимэглэл бүхий монгол бичиг сурталчлах ажлаа эхлүүлэх гээд үнэлгээний хороо байгуулж, тендерээ зарласан. Байгууллагууд тендерийн материалаа ирүүлсэн байгаа. Эдгээр материалыг үнэлэх шатандаа явж байна. Тухайн дөрвөн байрны дээр таван байгууллагын зар сурталчилгааг Нийс­лэ­лийн нутаг дэвсгэрийн гадна сурталчилгаа байршуулах журмын дагуу байршуулаагүй, дур мэдэн байрлуулсан байсан. Тиймээс холбогдогдох байгууллагуудад хууль бус зар сурталчгааны самбараа ав гэсэн албан тоотыг манайхаас өгсөн. Зар сурталчилгааг авах эцсийн хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусч байгаа. Бид наадмын өмнө монгол бичгээр бичсэн гэрлэн чимэглэл байршуулах ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн үү? 

-Шийдэгдсэн. Зураг төсөл, буулгах зардал, дөрвөн байрны хана, дээвэрийн засварт нийтдээ 120 сая төгрөг төсөвлөсөн. Насжилт удаан, ахиж мөнгө шаардахгүй ажил хийхийг  хичээж байгаа. 

-Цаашид хаягжилтын асуудлаар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? 

-Энхтайвны өргөн чөлөөний гудамж буюу төв шуудангаас баруун дөрвөн зам хүртэлх замын хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хаягыг стандартын дагуу болгуулна. Мөн хаягжилтыг нэг өндөрт аваачих, крилл болгох, хананд байгаа зарлалуудыг авахуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.