ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Фэйсбүүк зөвлөгөө” ба хортой соёл

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-14

Өнөөдөр манай улсын хэмжээнд  2.4 сая орчим хүн ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүний дийлэнхи хувь нь интернэт орчин, фэйсбүүк хуудсыг хоол цай шиг л  ашигладаг болжээ. Өдөр, цаг, минут, секунт бүрт хэдэн арван сайн, муу, саар мэдээлэл хөвөрч байна. Нүд эрмэхийн зуур солигдож буй энэ их мэдээллээс иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ шүүж авч чадаж байна уу гэдэг тун эргэлзээтэй.  Хөгжилтэй ч гэмээр, эрсдэлтэй ч гэмээр нэг мэдээлэл саяхан нэгэн сайтаас уншсан юм. Энэ юу гэвэл, “Саяхан болсон нэгэн олон улсын хурал дээр шүдний эмч нар үйлчлүүлэгчээ амаа зайлах хооронд сошиал медиа аппликэйшнээ шалгадаг гэж нэгэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн хошигнож билээ. Үнэн ч байж мэднэ” гэж бичжээ. Такси үйлчилгээнд явдаг жолооч залуу хүн  хүргэх явцдаа замын түгжрэлд зогсох, гэрлэн дохио асахын хооронд мөн л  фэйсбүүкээ шалгаад авах жишээтэй. Иргэд ингэтлээ донтож, нэг л орвол хийж буй зүйл, орон зайгаа мартахаар тийм хор, хөнөөлтэй аж.

Мэдээж олон нийт энэ олон мэдээллээс хэрэгтэйг нь олж авдаг л байх. Гэхдээ өдөрт тэдэн грамм мах идвэл турна, тийм төрлийн хүнсний ногоо  идвэл таны бие  эрүүлжинэ, таны элэг өвдсөн бол тийм эм авч уугаарай гэсэн сошиал, фэйсбүүк зөвлөгөөг цахим орчинд нэвтрэх бүрт  харах болж. Зөвлөгөө гэхээс гадна,  өөрийн үзэл бодлоо тулгаад байгаа ч юм шиг. Харамсалтай нь манай сошиалчид, ялангуяа бүсгүйчүүд хэрэгтэй хэрэгггүй мэдээ мэдээлэл,  зөвлөгөөнд автах нь элбэг юм. Хэн нэгэн нь хаанаас, ямар ч  шинжлэх ухаанаар батлагдаагүй, өөрийн судалгаа, практикаас олж авсан мэдлэгээр тухайн зөвлөгөөг өгч байна. Ингэснээр үнэн бодит зөвлөгөө өгч байгаа нь мэдэгдэхгүй, баталгаагүй зүйлд хэт тархиа мэдүүлээд байх шиг. Баасан дээр шавсан ялаа шиг л туйлшраад байх шиг. 

Нэг хэсэг бүсгүйчүүд усан мацаг гээч зүйлд ихэд автсан. Тэр нь 24 цагийн хугацаанд  юу ч идэхгүйгээр зөвхөн ус  ууж турах,  биеэ эрүүлжүүлэх зорилготой. Мацаг тайлахын тулд,  хөц будаа,  ногооны төрлийн ургамал  хэрэглэдэг арга юм. Уг арга нь Япон улсад анх хэрэглэж байсан бөгөөд  Ази улсад түлхүү  тархсан аж.  Ойрын нэг танил бүсгүй маань 24  цагийн усан мацаг бариад дийлэлгүй, ухаан алдаж унасан гашуун туршлага бий. 

Мөн сүүлийн үед бүсгүйчүүд  ихээр хэрэглэж буй зөв хооллож, турах зорилготой кето дэглэм их барих боллоо.  Кето дэглэм нь барууны орнуудад их хүчээ авсан бөгөөд өдөр тутамд идэж буй хоол хүнсний нүүрс усыг  тохируулан хэрэглэх зорилготой аж. Энэ мэтчилэн фэйсбүүкийн олон төрлийн зөвлөгөө мэдээлэл өгөх групп,  цахим хуудас, хувь хүний хуудсаар нийтэлсээр байна. 

Энэ хоёр бол зөвхөн жишээ төдий. Иргэд, олон нийт энэ зүйл сайн л гэсэн бол түүнийг ямар нэгэн шүүлтүүргүй шүүрээд  л авчихдаг нь харамсалтай. Дээр дурдсан тураах дэглэм, усан мацаг хэмээн яригдаад байгаа зөвлөгөөнүүд, хүнсэндээ хэрэглэж буй хоол, бүтээгдэхүүн нь монгол орны уур амьсгал,  хүмүүсийн биеийн онцлог, ахуй амьдралаас  эрс тэрс ялгаатай.  Жишээ нь, Япон улс л гэхэд будаа, ногоо , загас, тахианы мах зэрэг хөнгөн маягийн хүнс тэжээл ихэвчлэн хэрэглэдэг учир, хоол бололвсруулах эрхтэн  тогтолцоо нь дассан зохицсон байдаг аж. Гэтэл Монголчууд жилийн дөрвөн улиралдаа мах, сүү зэрэг хүнд төрлийн хоол  хүнс хэрэглэдэг учир 24 цагийн  турш усаар хоол хийх нь төдийлөн амар биш. Өөрөөр хэлбэл, дассан, зохицсон  бие организмын  онцлогт  нь  нийцэхгүй. Хэрэглэж буй хүнсний ногоо, зарим бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй тул, эдийн засагт ч хохиролтой. Зарим нь зөвлөгөөгөө 5000-10000 төгрөг хүртэл үнэлэх тохиолдол ч байна. 

Зөв хооллолтыг буруутгаад байгаа, юм нэгээхэн ч биш. Нэг жишээ дурдахад, иргэд зөв хооллож байна хэмээн өргөст хэмх,  улаан лоолийг хамт хэрэглэдэг. Мөн шинэ ногооны салатыг амтлах зорилгоор лемон, цагаан цуугаар амталдаг ч, тэжээллэг чанар алдагддаг байна. Нэг үгээр хэлбэл, хоорондоо харшилдаг аж. Тиймээс энэ мэтчилэн хэрэгтэй хэрэггүй, үнэн худал нь  мэдэгдэхгүй зөвлөгөөнд  автахгүй байхыг бүсгүйчүүддээ зөвлөж байна. 

Иргэдийн тархинд энэ төрлийн зөвлөгөө, мэдээллийг хүчээр шахуу өгч буй хүмүүст хэрхэн хяналт тавьж, шаардлага хүргүүлдэг талаар  ЭМЯ, ЦЕГ, МХЕГ-аас тодруулсан юм. ЭМЯ, ЦЕГ-аас хэлж буйгаар  “ийм төрлийн зөвлөгөө мэдээллийг хянах эрхзүйн зохицуулалт байхгүй” гэдэг мэдээллийг өгөв.  Харин МХЕГ-аас мөн л зөвлөгөө өгдөг хувь хүнд хяналт тавих боломжгүй. Харин албан ёсны цахим хуудсны холбогдох хүмүүст шаардлага тавих боломжтой гэсэн юм. Ингэхдээ биологийн идэвхит  бүтээгдэхүүн буюу сүлжээний эм, эмийн бүтээгдэхүүн, түүний сурталчилгааг холбогдох хуулийн дагуу хянадаг аж. Үүнд итгэхгүй байхыг ч мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсныг хүргэхэд илүүдэхгүй биз ээ.

Хэн дуртай нь цацдаг  аливаа зөвлөгөөг  сошиал орчинд хязгаарлаж, хэмжээ хязгаартай тавих шаардлагатай байна. Хууль хяналтын байгууллагууд нь бодлого шийдвэртээ уялдуулж,  ямар нэгэн  арга хэмжээ авахгүй бол иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлж, буруу хэв маяг,  зуршилд энэ нийгэм автагдахад  хүрчээ. Эмч, мэргэжилтнүүд эрүүл саруул амьдрах, биеийн жингээ зохистой байлгахын тулд хоол хүнс гэхээс илүү, өдөр бүр  хөдөлгөөн хийж байхыг анхааруулдаг билээ.