Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 62 дугаар тогтоолыг баталж, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.Улмаар 2018 оны арваннэгдүгээр сард түүхий нүүрсийг орлуулах бүтээгдэхүүн бий болгох, сайжруулсан түлшийг хангалттай нөөцлөх үйлдвэрлэл, үйл ажиллагаа эхэлсэн юм. Засгийн газар сайжруулсан нүүрсний худалдаалах үнэ, хугацааг бодлогоор тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл, үнэ болон бусад судалгааг танилцуулснаар Засгийн газрын шийдвэр гарах ёстой аж. Өнөөдрийн байдлаар агуулахуудад нөөцөлсөн сайжруулсан нүүрс байгаа бөгөөд түгээлт хийж эхэлжээ.
Өчигдрөөс эхлэн хүйтэрч, орон сууцны айлуудын халаалтыг тодорхой хугацаанд сунгасан. Энэ шийдвэртэй давхцан гэр хорооллын айлууд дулаанаа хангадаг түүхийн нүүрсийг түлэхийг хориглосон нь нийгмийн давхаргыг ялгаварласан мэт сэтгэгдэл төрүүлж байгаа талаар зарим иргэд цахим орчинд илэрхийлжээ. Энэ нь нэг талаас туйлшрал байж болох ч, нөгөө талаас үнэний ортой. Засгийн газрын тогтоолыг биелүүлэхийн тулд даараад суух хэцүү, цахилгаан халаагуур ажиллуулбал тогны мөнгө их гарна гэх мэт хүндрэлтэй асуудал гэр хорооллын айлуудад маргаангүй тулгарч байна. Тиймээс түүхий нүүрсээ түлж дулаацахаас өөр аргагүйд хүрчээ.
Гэр хорооллын айлууд ийм байдалтай байна. Харин бодлого шийдвэр гаргагчид энэ өдөр түүхий нүүрсийг халснаар, айл өрхүүдэд хэрхэн хяналт тавих, сайжруулсан түлшийг хэрхэн ашиглах, яаж борлуулах талаар мэдээлэл сурталчилгааг түгээлээ. Энэ хүрээнд ЭМЯ-нд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг дэмжих зорилгоор, түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулав. Харин Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг”-ийг зохион байгууллсан юм.
Сайжруулсан түлшийг түлснээр хотын утаа 50 хувь буурна
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4604 хүний бүтэцтэй орон тооны бус, сайн дурын ажилтанг хянагчаар ажиллуулахаар бэлтгэжээ. Сайн дурын ажилчдын эхний хэсэг Чингэлтэй дүүрэгт дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс ажлаа эхлүүлээд байгаа гэдгийг албаныхан хэллээ. Хэдийгээр сайн дурын ажилтан ч улсаас 50 орчим мянган төгрөгийн цалин авч, айл өрхийн түлшний хэрэглээг хянаж ажиллах юм байна. Мөн уг тогтоолын хэрэгжилт, хяналтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон ЦЕГ, НМХГ-тай хамтран ажиллахаар болжээ. ЦЕГ-аас гэхэд 58 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулан ажиллана. Мөн НМХГ-ын орчны бохирдол хариуцсан 13 байцаагч нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэх гол замын явуулын постод байршиж, хянах аж. Энэ ажлын хүрээнд Тахилт, Гачуурт, Морингийн даваа, Налайхын чиглэлд нэмэлт хяналтын пост гарган ажиллахаар төсөв мөнгийг баталжээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн түүний нүүрсний хор хөнөөлийн талаар хэлэхдээ, “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй эх үүсвэрийн 80 орчим хувийг түүхий нүүрсний хэрэглээ эзэлдэг. Амьсгалын замын архаг өвчин, зүрх судасны өвчин, цус харвалт, уушгины хавдар зэрэг олон өвчний шалтгаан болж байна. Мөн түүхий нүүрсний утаа нь хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн судалгаа манайд нэлээд байдаг. Судалгаанаас авч үзэхэд өвлийн улиралд бүртгэгдэж байгаа амьсгалын замын хоёр өвчин тутмын нэг нь, хүүхдийн өвчлөлийн дөрөвний нэг нь буюу үндсэн шалтгаан нь түүхий нүүрсний утаанаас болсон байдаг” гэлээ.
Сайжруулсан түлш нь түүхий нүүрстэй харьцуулахад утаа, хөө тортог бага гаргадаг, шаталт сайтай учир үнс бага. Хамгийн гол нь дулаанаа маш сайн хадгалахаас гадна хүний биед үзүүлэх сөрөг нөлөө бүхий нэгдлүүдийн хэмжээ 22 хувиар бага байдаг гэв. Нийслэлчүүдийн олон жилийн бухимдлыг барсан хорт утаа 50 хувиар буурна гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал болжээ. Энэ талаар өдөрлөгт оролцсон зарим иргэдээс сэтгэгдэлийг нь сонслоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Нямсамбуу: Агаарыг цэвэршүүлэхийн тулд сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай байна. Түүхий нүүрс түлээд хотын утааг бууруулна гэж байхгүй. Ирэх өвөл цэлмэг сайхан өвөлжинө гэж л харж байна даа. Иргэд зоригтой халж чадна гэж бодож байгаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Болдбаатар: Одоо хэрэглэж байгаа нүүрсээ шууд хална гэхээр юу л бол. Ах нь сайн мэдэхгүй байна. Хэрэглэж үзэж байгаад, сайн мууг нь хэлэхээс биш, сонсоод ийм, тийм гэж хэлэх эрт байна. Гэхдээ иргэн хүний хувьд дэмжинэ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Амарбаяр: Залуу хүнийхээ хувьд энэ шийдвэр зөв зүйл гэж бодож байгаа. Манай дүүрэг нийслэлийн хамгийн их утаатай, агаарын бохирдол ихтэй газар шүү дээ. Тэгэхээр сайжруулсан түлшээ хэрэглээд хүүхэд багачууд, хүн амаа эрүүл орчинд амьдруулъя гэж уриалмаар байна. Манайх гэр бүлээрээ дэмжиж байгаа. Бид алийн болгон болохгүй, бүтэхгүй гэж цааргалж суух вэ.
Сайжруулсан түлшний жишиг цэгийг байгуулжээ
Сайжруулсан түлшний жишиг цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтад нээжээ. Цаашид энэ байдлаар бүх дүүрэгт 500 орчим цэг нээхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн зургаан дүүрэгт 1-1.2 сая тонн нүүрсийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр дулаан үед нэг сая орчим тонн, харин хүйтэн өвөл 1.2 сая тонн нүүрсний хэрэглээтэй гэсэн үг. Энэ бол сүүлийн 3-4 жилийн судалгааны дүн аж. Сайжруулсан түлшний өөрийнх нь чанар орц, стандарт, дотоод шаталтын хэмжээ, килкалор нь сайн чанартай учраас хоёр дахин бага хэрэглээтэй гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн судлаад өнгөрөх биш өнгөрсөн өвөл туршиж үзсэн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга хэллээ. Хоёр дахин бага хэрэглээтэй гэдэг нь иргэдийн нуруун дээрх ачааг хоёр дахин багасгаж буй хэрэг юм. Үнийн хувьд түүхий нүүрсний үнээс хэтрэхгүй байх бодлого барих бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө биечлэн энэ ажлыг хянаж, тайлангаа авч ажиллаж байгаа юм.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга хэлэхдээ “Энэ шийдэл бол иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин бүрдэх том алхам. Богино, дунд хугацаанд шат дараатай технологийн шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, төхөөрөмж, төвийн дүүргийн цахилгаан шугамын шинэчлэл, дэд станцуудыг шинэчлэх гэх мэт ажлыг хийж, яам агентлагийн хамт төлөвлөгөөгөө боловсруулна. Ингэснээр хөрөнгө оруулалтын зөв шийдэл гарч, үр дүнгээр харах учиртай. Иргэд нөөцлөөд авсан түүхийн нүүрсийг бид сайжруулсан түлшээр солих схем гаргаж байна. НЗДТГ, “Тавантолгой түлш” компани хамтран тухайн дүүргийн цэгүүдэд борлуулалтаа хийж эхэлнэ. Борлуулахын тулд иргэд хэрхэн худалдаж авах, ямар төлбөрийн хэрэгсэл ашиглах вэ гэдгийг шийднэ. Бэлэн мөнгөөр биш, картаар уншуулж, авдаг болох, ухаалаг утасны аппликейшн бий болгох юм. Аппликейшн бий болсноор QR код уншуулж нүүрс авах борлуулалтын системийг нэвтрүүлнэ. Мэдээж иргэд төөрөлдөх байх. Гэхдээ анхнаасаа иргэдтэй хамт байж энэ асуудлыг шийдэх, хэвших боломж нээгдэнэ гэж харж байна” гэлээ.
Өдөрлөгийн үеэр “Ногоон шуурга” компани сайжруулсан түлшинд зориулсан зуухаа танилцуулсан юм. Тус зуухыг Монгол инженер зохион бүтээж, БНХАУ-д үйлдвэрлэсэн аж.
Зуухны талаар “Ногоон шуурга” компанийн захирал Д.Пүрэвсүрэн ярихдаа, “ Бид өмнө нь “Нарантуул” ОУХТ-д зуух хийж борлуулдаг байсан. Бидний хийдэг зуухыг борлуулахыг хориглосон учраас зуухаа сайжруулж утааг яаж бууруулах талаар судалгаа хийсэн юм. Улмаар сургалтад хамрагдаж, судалгаа хийн Монголын ахуй нөхцөлд тохирсон, сайжруулсан түлшинд зориулсан зуухыг захиалгаар БНХАУ-д хийлгэсэн. Энэ зуухны гол онцлог нь хатуу биетийг хоёр давхар шүүлтүүрээр шүүж, шингэн газ хэлбэрт оруулж байгаа гэсэн үг. Энгийн зуухнаас хоол болгох чадамж нь 30 хувиар илүү хурдан байдаг. Судалгааны үр дүнд үйлдвэрлэсэн эхний зуухнуудаа оруулж ирсэн. Удахгүй зуухны үйлдвэрээ оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.
Тус зуухны үнэ нь сайжруулсан түлшний хутгуур, цагариг тавьдаг дэгээ төмөр, гурван метр яндантайгаа нийлээд 550 мянган төгрөгөөр худалдаалах юм. Дотооддоо үйлдвэрлэж эхэлвэл илүү хямд үнээр худалдаалах боломжтой. Ийм төрлийн зуух борлуулж эхлэхээр айлууд одоо ашиглаж байгаа зуухаа солино гэсэн төөрөгдөлд орж магадгүй юм. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодруулахад “Хуучин зуухаа солих шаардлагагүй, одоо иргэд ашиглаж буй төслийн зууханд сайжруулсан түлшийг хэмжээгээ тааруулаад ашиглаж болно” гэдгийг хэлсэн юм.
Энэ жил 600 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлж, 2019-2020 оны өвлийг давах төлөвлөгөөтэй байгаа аж. Нийт янданг тоолж үзэхэд, 220 мянган айл өрх нүүрс шатаадаг гэсэн тооцоо байна. Тиймээс айлууд энэ олон жил хэрэглэсэн хэвшлээс татгалзаж, шинийг эрэлхийлэх шаардлагатай тулгарчээ. Нэгэнт хориглосон учраас өөр ч арга алга. Иргэдэд өнөө маргаашийн зовлон байгаа ч татгалзаж, зоригтой алхам хийж гэмээнэ нүүрсийг орлуулах, сайжруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшинэ. Хамгийн гол зорилго нь утаанаас ангижирч, эрүүл, цэнгэг агаартай Улаанбаатар хотын иргэд болох боломж бий. Харин та бид энэ шийдвэрийг дэмжээд үзье. Үр дүнг нь хамтдаа харцгаая.