ШӨХТГ-аас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагын хариуг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр өгөх ёстой юм. Энэ тухай болон бусад хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодрууллаа.
-Шатахууны үнэд хийсэн хяналт шалгалт хийсэн гэлээ. Аж ахуй нэгж, байгууллагад хэрхэн үүрэг чиглэл өгч ажилласан вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан “Үнийн зөвлөл”-ийг ажиллуулж эхэлсэн. “Үнийн зөвлөл”-ийн 2019 оны зургадугаар сарын 4-ны өдрийн удирдамжийн дагуу зарим байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажилласан юм. Тухайлбал, шатахууны худалдаа эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагуудад дэлхийн зах зээл дахь газрын тос, хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт ороогүй тохиолдолд үнэд хөндлөнгөөс өөрчлөлт оруулахгүй байх, жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн түвшинд тогтвортой байлгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЕВРО-5 стандартын шатахууны импорт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх зэрэг үүрэг чиглэлийг хүргүүлсэн. Үүний дагуу ШӨХТГ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуун импортлогч байгууллагуудад хяналт тавих, үндэслэлгүй үнэ нэмсэн тохиолдолд түдгэлзүүлэх, хүчингүй болгох зөвлөмжийг өгч ажиллаа. Өөрөөр хэлбэл, шат шатанд ажиллаж буй байгууллага хариуцлагатай ажиллах шаардлагатайг хэлж байгаа юм.
-Ямар үндэслэлд тулгаарлаж шаардлага хүргүүлж байгаа талаар жишээ дурьдвал?
-2019 оны зургадугаар сард өмнөх сартай харьцуулахад, А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд нэг ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа.
-Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Зургадугаар сарын 17 гэхэд үнээ буулгаагүй бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө. Байгууллагууд харилцан адилгүй үнээ бууруулах биш, нэгэн жигд бууруулж, гадаад хилийн хэмжээ ямар үнэ ханшаар буурснаас хамаарч, уялдуулж ажиллах шаардлагатай -байна.
-Аж ахуй үйлчилгээний газарт шалгалт хийсэн талаар мэдээлэл өгөөч?
-ШӨХТГ-ын 1284 утас буюу хэрэглэгчийн гомдлыг хүлээж авдаг төвд 2019 оны эхний таван сарын байдлаар ирсэн өргөдөл гомдлуудын 50 хувь нь худалдаа, үйлчилгээний газруудтай холбоотой. Тэр дундаа үсчний газруудтай холбоотой гомдлын тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан түүврийн аргаар таван үсчний газарт гэнэтийн хяналт шалгалт хийлээ.
-Шалгалтын явцад ямар зөрчил ихэвчлэн илэрсэн бэ?
-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрлийн хугацаагаа сунгаагүй, үйлчилгээ үзүүлж буй үсчингүүд мэргэжлийн үнэмлэх болон эрүүл мэндийн дэвтэргүй байсан. Ажилчдаас асуухад “үнэмлэхээ мартсан” гэх тайлбарыг ихэвчлэн өгч байсан. Үүнээс гадна, эрүүл ахуй халдвар хамгааллын талаар ойлголтгүй байх гэх мэт түгээмэл зөрчил илэрсэн байна.
-Үсчний газруудад хяналт шалгалт хэр их хийдэг вэ?
-Зарим газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд огт хяналт шалгалт хийгээгүй байсан юм. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагуудад энэ төрлийн үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх албан шаардлагыг хүргүүлэхээр боловсруулж байна.