ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Цэрмаа: Бүтээгдэхүүнийнхээ дийлэнхийг нь захиалгаар нийлүүлдэг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-04-30

Хамтын хөдөлмөрийн давуу талыг монголчууд ойшоодоггүй. Хоршоо гэхээр бүх хөрөнгийг нь хурааж нийгэмчлээд нэгдэл гэж байгуулж байсан социализмын үе л бодогддог юм шиг. Хэдийгээр одоогийн хоршоо гэдэг шинэ ойлголт, хамтын хөдөлмөрийн шинэ хэлбэр гэж сурталчилдаг ч тэр бүр хөрсөндөө буулгүй өнөөдрийг хүрлээ. Сүүлийн жилүүдэд ХХААХҮЯ-наас хоршоо байгуулахыг бодлогоор дэмжиж зээл, тусламжид хамруулж, байгаа ч тэр бүр амжилт олох нь ховор. Үнэндээ орон нутгийн сумдууд яамныхаа бодлогыг дэмжсэн нэр зүүх гэж хүчээр шахам хэдэн хүн нэгтгэж, хоршоо байгуулж, газар олгож, хүлэмжийн аж ахуй, газар тариалан гэх мэт үйлдвэрлэл үйлчилгээний нэгжийг бий болгодог ч тэр нь урт насладаггүй. Эхнээсээ сэтгэл нэгдээгүй хамт олон гэдэг бутрах нь ойлгомжтой. Хоршооны хөгжлийн ерөнхий дүр зураг ийм харагдаж байгаа ч саарын хажууд сайн нь бас байна. Анхнаасаа өөрсдөө санал санаачилга гаргаж сэтгэл нийлж чадвал хоршоо амжилттай хөгжиж, хөлөө олж болдог гэдгийн нэгэн жишээ нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Сүүн далай-Оргил” хоршоо юм. Хэдэн үхэртэй өрхийн хэрэгцээгээ болгоод явдаг өрхүүд хоорондоо нэгдэж бүлэг үүсгэснээр энэхүү хоршооны эхлэл тавигдсан түүхтэй аж. Тус хоршооны дарга Ж.Цэрмаатай уулзаж ярилцлаа.

-Хоршоо байгуулья гэдэг санаа хэдийд төрсөн бэ?
-Социализмын үед саалийн механикжсан 400 үнээний фермд ажиллаж байсан хүмүүс сүүний чиглэлийн саалийн үнээний үүлдэр угсааг устгачихгүй юмсан гэхдээ л хувийн 10-15 үхэртэй жижиг фермерүүд болж олон жилийг үдсэн. Энэ хугацаанд өөрсдийн үйлдвэрлэсэн сүүгээ “Сүү” ХК зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд хямд үнээр өгдөг байлаа. Тэгээд энэ байдлаас гарах арга ухааныг ярилцаж байгаад нэгдэж бүлэг болж ажиллах нь зөв юм байна гэж бодсон. 2009 онд 14 хүн нэгдэж “Сүүн далай” бүлэг байгуулж, гэр бариад гишүүдээсээ сүү авч уламжлалт аргаар цагаан идээ хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Зөвхөн гэр гэртээ цагаан идээ хийгээд сууж байдаг байсан бол бүлэг болсноор олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон.

-Шинэ ажил эхэлж байхад саад бэрхшээл их тохиолдоно биз?
-Бүтээгдэхүүнээ гаргачихаад борлуулах зах зээлээ мэдэхгүй үе байсан. Гэхдээ манай хамт олон сэтгэл нэгдэж чадсан учраас үйл ажиллагаа тогтвортой жигд явж ирсэн. Бид эхний бүтээгдэхүүнийхээ борлуулалтын ашгаас хуримтлал үүсгэн сүү боловсруулах цех авч байлаа. Ингэж хөдөлмөрөөрөө хоршиж үр шимийг нь хүртээд эхлэхээр бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх хүсэл төрдөг юм билээ. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд “Сүүн далай Оргил” хоршоо болон зохион байгуулагдаж хуулийн этгээд болсон. Яг ийм үед “Глобал Коммунитис” олон улсын байгууллага манай суманд ирж сургалт явуулсан. Тус сургалтад сууж EMIRGE хөтөлбөрт хамрагдаж, гишүүдээ чадавхжуулсан. Энэ байгууллагатай хамтран ажилласнаар маркетингийн болон бизнесийн харилцааны соёлд суралцлаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллагын дэмжлэгээр Солонгос, Энэтхэг зэрэг орноор явж туршлага судалж их зүйл сурсан.

-Бүлгийн зохион байгуулалтаас хоршоо болсноор давуу тал мэдрэгдэж байна уу. Ашиг орлого нэмэгдсэн үү?
-Хоршоо байгуулснаар үйлдвэрлэлийн аргаар цагаан идээ боловсруулах цехээ өргөтгөж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж “Чандмань” нэрийн тараг, ааруул, зөөхий, аарц, ээзгий, зайрмаг үйлдвэрлэж байна. Мөн хэрэглэгчдийн захиалгаар бяслаг, хайлмаг, иж бүрдэл хийдэг. Анх гэр барьж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнгөрсөн онд үйлдвэрлэлийн барилга барьж дөрвөн ажлын байрыг бий болгосон. Үйлдвэрлэлийн ашиг орлого гурваас дөрөв дахин нэмэгдсэн.

-Бүтээгдэхүүнээ хаана борлуул­даг вэ?
-Улаанбаатар хотын дэлгүүрүүд болон Дүнжингарав захад борлуулдаг. Гэхдээ одоо манай хоршооны бүтээгдэхүүнүүд таниг­даад ихэнхийг нь захиалгаар нийлүүлдэг болоод байгаа. Хүмүүс утасдаад захиалгаа өгчихдөг. Бид найдвартай хугацаанд нь үйлдвэрлээд өгдөг болохоор өөрийн гэсэн худалдан авагчтай болсон.

-Одоо хэдэн гишүүнтэй байгаа вэ?
-Нийт 12 гишүүнтэй. Удирдах зөвлөлд саалийн механикжсан 400 үнээний фермд зоотехникчээр ажиллаж байсан Түдэвийн Энхтайван, мөн С.Сэр-Од бид гурав байдаг.

-Та бас фермд ажиллаж байсан уу?
- Би сүүний лаборантаар 1982 оноос татан буугдтал нь ажиллаж байсан. Манай хоршооны гишүүд бүгд саалийн механикжсан 400 үнээний фермд ажиллаж байсан туршлагатай болохоор чанартай сүү бэлтгэж хоршоондоо нийлүүлдэг.

-Хоршооны цаашдын зорилго?
-Үнээний цэвэр сүүгээр чанар стандартын шаардлагад нийцсэн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан үндэсний үйлдвэрлэлийн онцлогыг хадгалан, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлэх замаар гишүүдийнхээ өрхийн эдийн засгийг дэмжих эрхэм зорилго өвөрлөж явна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд энэ онд үйлдвэрлэлийн барилгаа томсгон, нэг тонн сүү боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехтэй болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа.