ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгчийн гэргийн цүнхийг урласан уран бүсгүй

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-04-30

Манай улсад жижиг дунд үйлдвэр эрхлэгчид олон бий. Гэхдээ хийж байгаа зүйл нь хийц болон загвар, материалаараа эсвэл ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарч чадах хэн нэгэн үргэлж байдаг. Харин арьсаар цүнх, түрийвч урладаг эл бүсгүйтэй уулзсаны дараа яагаад ч юм тэр нэгэн хүнийг олсон юм шиг санагдаж билээ. Түүнийг Ё.Энхжаргал гэдэг. Арьсан урлалын чиглэлээр 40 гаруй жил ажиллаж, хөдөлмөрлөж буй нэгэн. Эдүгээ хэдийнэ тэтгэвэрт гарсан ч, хувийнхаа бизнесээ үргэлжлүүлсээр л явна. Эгэл даруухан, намуухан ярих тэрбээр 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Арьсан урлалын ангийг дүүргэж байжээ. Төгссөнийхөө дараа савхины үйлдвэрт ажиллаж байгаад Чех рүү явж нэг жилийн зохион бүтээх курст сурсан байна. Эх орондоо ирснийх нь дараа Югословын тусламжаар үйлдвэр нь шинэчлэгдэж, мөн тус улсын технологиор савхин хувцас, жижиг эдлэл хийж эхэлжээ. Энэ үеэр ажилчдаа Югослов руу явуулан, сургаж эхэлсэн бөгөөд энэ боломж ч түүнд олдсон гэдэг. Тэрбээр тус улс руу явж, гурван сар технологитой нь танилцаад иржээ. Улмаар сурсан, мэдсэн бүх зүйлээ үйлдвэртээ хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Гэвч, өмч хувьчлалын үеийн шуурга Ё.Энхжаргалын амьдралд ч нөлөөлж, нэг л мэдэхэд тэр ажилгүй болсон байжээ. Ингээд эхний 2-3 жилдээ хувиараа савхин эдлэл хийж эхэлсэн байна. Төд удалгүй 1999 онд албан ёсоор “Лэц” ХХК-аа байгуулсан аж. Түүний компани 2004-2008 оны хооронд 40-50 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, арьсаар цүнх хийж эхэлсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийн цүнхийг хийж байжээ. Тухайн үед эрэгтэй цүнх 49, эмэгтэй гишүүдийн цүнх 52, арьсан хавтас 25-30 мянган төгрөгөөр зарж байсан гэв. Үүнээс гадна, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэргийн цүнхийг урлаж байсан хэмэээн бахдалтай нь аргагүй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярьж байлаа. Тэр үед сайн арьсаар хийдэг байсан болохоор захиалга, борлуулалт сайн байжээ. Мөн хурал, ойн баяруудад зориулж захиалгаар цүнх хийж өгдөг байснаас гадна Нисэх хүчин, Байгаль орчны яам гэх мэт том газруудтай хамтран ажилладаг байсан талаараа ч ярьж байв.

Хямрал хүчтэй нөлөөлж байсан ч тэссэн он жилүүд

Сүүлдээ Хятадаас хиймэл арьсан цүнх их орж ирсэнээс болж хүмүүс үндэсний үйлдвэрийн цүнхээ худалдан авахаа больжээ. Учир нь урд хөршөөс орж ирж буй цүнхнүүд хямд байдаг байж. Жинхэнэ сайн чанарын арьсаар хийдэг боловч үнэтэй байна гэх шалтгаанаар борлуулалт нь эрс багассанаар, цүнхний бизнесээ зогсоож, жижиг зүйл хийх болсон аж. Мөн дандаа бэлэг дурсгалын Монголын хэв маягыг илэрхийлсэн зүйл хийх болсон хэмээн ярьж байсан юм. Гэхдээ хамгийн нөлөө бүхий хямрал нь энэ биш байжээ. Ё.Энхжаргал “Өмч хувьчлалаар үнэгүйдүүлж, үйлдвэрүүдийг дампууруулаад авсан эзэд нь машин, тоног төхөөрөмжийг урагш нь гаргасан. Энэ хэргээс болж үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс бүгд нэг хоёроороо нийлж жижиг үйлдвэр байгуулж эхэлсэн юм. Үүнээс гадна, 2009 болон 2014 оны хямрал бас нөлөөлсөн. Энэ мэт янз бүрийн хямралаас болж доошоо унасаар байлаа. Одоо буцааж сэргээхийн тулд хичээж л байна. Үйлдвэр дампуурснаас хойш өнөөдрийг хүртэл хувиараа юм хийгээд болоод л байна. Өнөөдрийн байдлаар өөрийн үйлдвэрийн байртай болсон. Одоогоор 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэж ярилаа.

Арьс боловсруулалт муу учраас Хятадаас арьс авах болжээ

Булигаарын үйлдвэр гэж үхрийн арьс боловсруулдаг үйлдвэр байсан. Уг үйлдвэрт Италийн тусламжаар мэргэжилтнүүд ирж, технологийн дагуу арьс хийж эхэлсэн байна. Энэ талаар тэрбээр “Бид нар тэр арьсаар нь цүнх хийдэг байсан. Одоо сайн арьс хийдэг үйлдвэрүүд байхгүй болчихсон. Хувиараа арьс боловсруулах үйлдвэр байдаг боловч тэр үеийнхээ арьсыг гүйцдэггүй. Технологи дандаа дутуу хийгддэг. Одооноос зарим газрууд сэргэж байх шиг байна. Дарханы нэхийд ийм зориулалтын арьс хийдэг газрууд бас бий болсон” хэмээн ярьж байсан юм. Гэхдээ манай үйлдвэрүүд тод өнгийн арьс огт боловсруулдаггүй аж. Сүүлийн үед хүмүүс тод өнгө их сонирхдог болсон. Энэ нь ч бас урдаас цүнх авах шалтгааны нэг болж байгаа бололтой. Үүнээс гадна, хүмүүс БНХАУ-аас арьс авчирч зардаг байна. Тэр арьсаар хийдэг гэдгээ ч нуусангүй.

Ашигтай ажиллахын тулд үнээ нэмсэн гэв

Монгол арьсаар хийсэн цүнхээ Буриад руу гаргахаар будаг нь арилах, үрчийх гэх мэт асуудал их гардаг аж. Түүнчлэн, ашиг муутай ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Ашиг гаргаж авахгүй бол болохгүй. Ажилчдынхаа цалинг тавиад л олсон мөнгө нь дуусчихдаг аж. Ус, дулааныхаа мөнгийг ч төлж чадахгүй байна” хэмээн ярьж байв. Үнэ нэмсэнээс болж бөөндөж авдаг хүмүүс цөөрөх магадлалтай байгаа аж. Хотын төвөөр байдаг бэлэг дурсгалын дэлгүүрүүд бөөндөж авахаас гадна Буриадууд их хэмжээгээр авдаг” гэнэ.