“ОСКАР - 2023” шагнал гардуулах ёслолын онцлох агшин

O.Admin
2023-03-14

Америкийн кино академийн 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол нь “хүлээн зөвшөөрсөн” сэтгэл хөдөлгөм үгс, гайхамшигтай кинонууд болон гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн байлаа. Оскарын наадмын энэ жилийн хамгийн торгон агшнуудыг толилуулж байна.

“Индиана Жонс” киноны мартагдсан жаал хүү эргэн ирж Оскар хүртэв

  

Вьетнам-Америк гаралтай жүжигчин Ке Хюи Куан "ОСКАР-2023"-ын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.  Тэрбээр шагнал гардах үедээ  "84 настай ээж маань намайг зурагтаар хараад гэртээ сууж байгаа. Ээж ээ, би Оскар авчихлаа" хэмээн нулимс дуслуулан хэлэв. Мөн түүний бас нэгэн сэтгэл хөдөлгөм түүх бол тэрээр 13 настайдаа  "Индиана Жонс" кинонд  тоглож Холливудэд амжилттай  хөл тавьсан хэдий ч түүнээс хойш Холливудэд Ази царайнаасаа болон гологдож дахин амжилт гаргаагүй юм. 20 гаруй жил завсарласны эцэст Холливудэд эргэн ирж “Everything Everywhere All at Once” киногоор шилдэг эрэгтэй туслах жүжигчин шагналын эзэн боллоо.  

Лэди Гага “нүүр будалтгүй”  дуулав

Дуучин Лэди Гага Оскар 2023 тайзнаа "Hold My Hand" дуугаа энгийн футболк, жинс өмсөж, нүүр будалт хийлгэлгүйгээр дуулсан нь гол тайз бол түүний “дуу”  юм гэдгийг харууллаа. Түүний шилдэг оригинал дуу номинацид нэр дэвшсэн  "Hold My Hand" дууны үзүүлбэр дээрх дүр төрх нь улаан хивсний ёслол дээр Vercage  брэндийн хар даашинзтай дүр төрхөөс эрс ялгаатай байсан нь олныг анхаарлыг татав.

Мөн улаан хивсний ёслолын үеэр түүний хажуугаар өнгөрөхдөө унасан гэрэл зурагчинд туслахаар яаран очсон нь олон нийтийн сүлжээнд тархаж, энэхүү үйлдэл нь шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагджээ.

Ази эмэгтэй жүжигчин анх удаа Оскарын эзэн болов

Энэ удаагийн Оскарын шагнал “бүх дэлхийн” наадам болон хувирчээ гэдгийг шагналын эздээс харж болно хэмээн олон улсын хэвлэлүүд тодорхойлж байна. Тухайлбал, эдүгээ 60 настай малайзын хятад гаралтай жүжигчин Мишель Ёо  анх удаа шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд ялалт байгууллаа. Тэрбээр, тайзан дээрээс “Яг одоо намайг үзэж суугаа бяцхан охид, хөвгүүддээ зориулж хэлэхэд энэ бол найдвар, боломж гэж байдаг гэдгийн гэрэлт цамхаг юм. Том мөрөөдөж чадвал биелэж болдогийн  баталгаа юм. Эмэгтэйчүүдээ хэн нэгэн чиний оргил үе өнгөрсөн гэвэл битгий тоо. Хэзээ ч битгий бууж өг. Энэхүү шагналаа ээждээ болон дэлхий дээрх бүх ээжүүддээ зориулж байна. Тэд л жинхэнэ супер баатрууд, тэд байгаагүй л бол бидний хэн нь ч өнөөдөр энд байж чадахгүй” хэмээн хэлэв. Мөн Энэтхэгийн "Naatu Naatu" шилдэг дуу номинацид ялалт байгуулсан юм.

Төрсөн өдрийн мэнд хүргэе дууг Жамес Мартинд зориулж дуулав

Энэ удаагийн Оскарын наадмын бас нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл бол жүжигчин Жэймс Мартинд зориулж төрсөн өдрийн дуу дуулсан хэсэг байлаа. Best Live Action Short шагналын ялагчаар "Irish Goodbye" тодорч, Найруулагч Росс Уайт шагналаа гардан талархал илэрхийлснийхаа дараа Мартиныг дурдаад "Үнэндээ энэ шагнал бол өнөөдрийн хоёр дахь чухал зүйл юм. Учир нь өнөөдөр энэ хүний төрсөн өдөр шүү дээ" хэмээсэн нь хүмүүсийн хайрыг ихэд татсан байна.

Н.Батзаяа