ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуудуутай ноён Д.Бауыржан орон нутгаа хөгжилд хөтөлж чадсангүй

O.Admin
2021-11-09

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг тойрсон баримтыг “dardas.mn” сайт уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.  Эхнийх буюу Д.Бауыржаны ах дүү, амраг садан төрийн албанд төрлийн хэлхээ үүсгэн ажиллаж байгаа баримт бүхий нийтлэлийг уншигч та энд даран орж унших боломжтой. Хоёрдугаар цуврал буюу газар усны нэрийг казахаар өгч, ҮАБ-д нөлөөлөх асуудал үүсгэсэн Д.Бауыржан нарын хэрэг хаана ямар шатанд гацсан талаарх нийтлэлийг энд  дарж унших боломжтой. Тэгвэл цуврал нийтлэлийнхээ төгсгөл хэсгийг буюу цар тахлын үед Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, боловсролын чанар, хүртээмж, залуусын ажил хөдөлмөр эрхлэлт, авлигын индекс зэрэг аймгийн өрсөлдөх чадварын голлох үзүүлэлт Д.Бауыржаны үед хэрхэн шат шатаар доошилж буй баримтыг хүргэхээр бэлтгэлээ.

ЭЕШ-ын дүнгээр өлгийчүүд сүүл мушгиж, авлигын сүлжээ цэцэглэжээ

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Д.Бауыржан “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Манай аймагт ажилгүйдэл чинээндээ тулсан. Манай нам энэ бүхнийг арилгах чиглэлд ажиллаж байгаа. Мөн оюутан залуус нь хөрвөж ажиллах чадвартай байх ёстой. Манай нутагт “Тура биде туган жоқ Туганды биде иман жоқ” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Энэ нь монголчилбол “Хунштай ноён олонтойгоо, хуудуутай ноён төрөлтэйгөө” гэсэн үг юм” хэмээн ярилцлага өгч байв.

Тэгвэл энэ үгнийхээ хоёрдугаар утгыг буюу хуудуутай ноён төрөлтэйгөө гэгчийг жинхэнэ утгаар нь харуулж, төрийн албанд ах дүүгээ шахсан засаг ноёнтон сонгуулийн өмнөхөн ярьж байсан ажилгүйдлийг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах талаараа дорвитой нэг ч ажил хийсэнгүй. Тус аймагт өнөө хэр боловсролын асуудал тулгамдсан хэвээр байгааг саяхан томилолтоор очиж ажиллаад ирсэн Л.Энх-Амгалан сайд ч ил шулуухан индэр дээрээс хэлжээ. Тэрбээр, “Цэцэрлэг, сургуулийнх нь захирлууд улс төрөөс хараат болсон байна. Ах дүү, төрөл садангаа цэцэрлэг, сургуулийн удирдлагаар тавьсан байх юм.

Өөрсдийнх нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг дарга, эрхлэгчээр тавина гэдэг буруу зүйл. Баян-Өлгий аймагт боловсролын салбарын ажилтнуудын тоо 3081-д хүрчээ. Эдгээр хүмүүсийн 50-иас илүү хувь нь багш бус ажилтнууд. Сургууль, цэцэрлэг сургалтын байгууллага шүү, компани биш. Нэг сургууль дээр таван манаач байна. Хос хэлний сургалтын асуудлаа ярьцгаая. Хүүхдүүд ахлах ангидаа ороод ирэхээр л хичээлдээ муудаж байгаа нь хос хэлээр хичээл орж эхэлсэнтэй холбоотой. 14 хоног багшийн сургалтад суугаад хичээл зааж байна шүү дээ. Багш нар ажилд ороход 5-10 сая төгрөгийн авлига өгдөг тарифтай болчихож” хэмээн ярьжээ. Нэгхэн өдрийн томилолтоор ажиллахдаа л сайд нь ийм ноцтой асуудлыг олж харсан гэхээр Баян-Өлгийд боловсролын салбарын хөгжил ямар хэмжээнд байгааг уншигч та ойлгож байгаа биз. Сайдын ярианд дурдсанчлан аймагт нь Багшийн сургуулийн салбар байдаг ч тэнд нь Улаанбаатар хотод очоод их дээд сургууль суухад хос хэлний чадвараараа гологдох, сурлага муу хэсэг нь суралцаж, эргээд багш болж гарч байгааг нуух юун. Тэдгээр хүмүүс ямар хүүхдүүд бэлтгэх нь ч тодорхой. Тиймээс энэ сургуулийг татан буулгах, эс бөгөөс монгол хэлний зохих чадвартай багш нараар боловсон хүчнийг нь сэлбэх зэргээр өөрчлөлт хийх ёстой ч Засаг дарга нь ч энэ сэдвээр дуугарсангүй.

Баян-Өлгий аймаг ЭЕШ-аар хамгийн сүүлд жагссан баримт 

Хэдийгээр эмзэглэмээр, болгоомжтой хандах сэдэв хэдий ч боловсролын түвшин цаг ямагт доогуур байсан, Д.Бауыржан ажлаа аваад ч сайжруулж чадаагүйг 2021 оны ЭЕШ-ын дүн мэдээ харуулна. Тодруулбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны байгууллагаас 2021 оны ЭЕШ-ын дүн мэдээг хичээл тус бүрээр нэгтгэн гаргасан бөгөөд аймгуудыг амжилтаар нь жагсаажээ. Тус жагсаалтын хамгийн сүүлд Баян-Өлгий аймаг эрэмбэлэгдсэн бөгөөд хичээл тус бүр дээр дандаа сүүлчийн байр буюу 23 дугаар байранд жагсжээ. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд мөн л хамгийн сүүлийн байр эзэлсэн бөгөөд

-Аймгаас зарласан тендер шударгаар зарлагддаггүй гэх үзүүлэлтээр сүүлээсээ 3-т,

-Эдийн засгийн тамир тэнхээгээр хамгийн сүүлд буюу 21-т,

-Аймгийн Засаг даргын бодлого шийдвэр ил тод эсэх шалгуурт 17-т

- Төрийн албан хаагчдын авлигаар мөн л сүүлээсээ хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Эндээс л өлгийчүүд өнгөрсөн найман жилд ямар хүмүүсээр удирдуулж, ямар замаар урагшилж байсныг уншигч та бэлхнээ харж буй биз. Аймгаас нь сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ ч эв түнжинтэй ажиллаж чадахгүй зөрчилдөж, аймаг орон нутгийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэнэ гэж гарч ирсэн баг хамт олноо ч зөв удирдаж, зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа Д.Бауыржан гэгч хэдий болтол “сайн” ахдаа эрхэлж, аймгийн хувь заяа, ард түмний ахуй амьдралаар тоглох вэ, Ерөнхий сайд аа. Хуудуутай ноёны хуурмаг үйлдэл, худлаа амлалтын үрийг өлгийчүүд хүртэж түүнийг ИТХ-ын дарга, Засаг даргаар ажилласан таван жилд өөд нар харсангүй. Улс орны хэмжээнд чадваргүй багш нартайгаа зарлуулж, авлига өгсөн мэргэжлийн бус хэнбугай ч боловсролын байгууллагад танил талаараа ажилладаг гэдгээ илчлүүлэв. Энэ бол аймгийн Засаг даргын ажлыг шууд утгаар дүгнэсэн асуудал бөгөөд ЭЕШ-ын дүн ч Д.Бауыржаныг ямархуу чадамжтай Засаг дарга вэ гэдгийг харуулж байгаа юм.

Ковидын үеийн тусламж, хандивын мөнгө хаашаа орсон бэ

Манай сайт Д.Бауыржаныг тойрсон баримтыг цувралаар хөндөж буйг уншсан нутгийн иргэд бидэнтэй маш олон асуудлаар холбогдов. Тэр тусмаа боловсролын салбарын авлига, Д.Бауыржаны томилсон хүмүүсийн ур чадвар болон төрийн албаны дарамт шахалтын талаар тэд ихэвчлэн бичиж байлаа. “Хэрвээ намайг гэдгийг мэдчихвэл ажлаас халчих учраас нэр нууцалж болох уу” гэсэн иргэд ч хандаж байв. Өөрөөр хэлбэл, төрийн албаа төрлийн алба болгосон баримтыг тэд илгээснийг бид хамгийн эхний цувралдаа бичсэн. Д.Бауыржаны ажлаа хариуцлагагүй, хяналтгүй хийж буйн өөр нэг тод жишээ нь эрүүл мэндийн салбарын уналт, доройтол юм. Тус аймаг ковид цар тахлын үед хамгийн олон хүнээ алдсан аймаг байсан. Тухайлбал, өнгөрсөн зун гэхэд л дельта вирусын тархалтаар хамгийн өндөр аймгаар нэрлэгдэж байлаа. 

IKON.MN сайтаас ашиглав 

Мөн вакцинжуулалтаар ч сүүл мушгисан хэвээр байгаа юм. Нөгөөтээгүүр, цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага нь тэр дундаа Д.Бауыржаны үеэл Н.Сакен гэгчийн удирдаж буй Эрүүл мэндийн газар нь хариуцлагагүй, хяналтгүй ажилласнаас үүдэн дотооддоо өвчнөө алдаж, олон иргэнээ алдав. Иргэдээ вакцинжуулах, хүн хоорондын зай барих, зуны улиралд аялал жуулчлалыг зөв зохион байгуулж чадаагүйгээс халдвар алдах шалтгаан болсон билээ.

Түүнчлэн, эмч нарынх нь чадваргүй, чадавхгүй байдлаас болж нэг өрхийн хоёр хүний шинжилгээ хуурамч эерэг гарч, аймаг руугаа “ачигдаж”, өвчтэй хүмүүсийн дунд эрүүл хүмүүс байсан асуудал ч гарсан юм билээ. Гэвч эрхэм дарга энэ мэт хариуцлагагүй цалгар назгай байдлыг нуугаад л өнгөрсөн байх жишээтэй. Золоор эрүүл атлаа өвчтэй хэмээн тусгаарлагдсан хоёр иргэн нь өдгөө эрүүл саруул байгаа.

Хэрвээ тэд өвчин аваагүй атлаа ачигдаж, тэнд очоод ковидоор өвдөж, бие нь дийлэхгүй амиа алдсан бол Д.Бауыржан ба түүний үеэл хариуцлага хүлээх эсэх нь сонин. Үүнээс гадна орон нутагт өвчин гарч эхэлснээс хойш маш олон нутгийн иргэд хандив тусламж өгсөн бөгөөд хандивын мөнгө хаашаа орсон, ковидын үеийн төсвийг хэрхэн зарцуулсан эсэхээр тайлангаа ил тод тавихыг орон нутагт дахь АН-ын төлөөлөл Д.Бауыржанаас хүссэн ч тэр өнөөдрийг хүртэл тайлангаа ил тод тавиагүй явсаар байгаа юм. Нутаг орны хөгжлийн төлөө гэхээс илүү өөрийн эрх ашгийн төлөө зүтгэж буй хуудуутай ноёны хууль бус үйлдэл, шийдвэрт хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс нутгийн иргэд хүсэж байна. Төрийн албаны чадавхгүй намын шахаас, ах дүүгийн томилгоогоор нутгаа хөгжүүлж чадахгүй гэдгээ энэ мэт олон жишээнээс харуулсан Д.Бауыржаны талаарх ноцтой баримтыг уншигч та манай редакцтай холбогдон ирүүлээрэй.