ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Төмөртогоо: Өөрөө хүсдэг байсан зүйлээ хүүхдүүддээ үлдээгээд явжээ л гэж боддог

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-14

Одонтой ээжүүдийн "Алдарт эх" группээс санаачлан эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан, зургаан хүүхэдтэй Д.Төмөртогоо гэх залууд өчигдөр  (уржигдар) хоёр өрөө байр бэлэглэв гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Өглөөний шуурхай дээр эл залуутай ярилцлага хийх үүрэг аван, Д.Төмөртогоогийнд очлоо. Хааш, хаашаа хорь гаран метр болов уу гэлтэй жижиг хашаанд “Г” хэлбэрийн байшин барьжээ, байшиндаа тулган машины гарааш барьж, ойр орчныг нь цементэлсэн байх аж. Мөн хашаандаа хүүхдүүд тоглох шийд, элс зэргийг асгасан нь анхлан харсан хүний нүдээр гэрийн эзэд нь ажилсаг хүмүүс болов уу гэсэн бодол төрснийг нуух юун. Хорь гаруйхан хоногийн өмнө эхнэрээ төрөхийн хүндрэлээр алдаж, таван охин, нэг хүүтэйгээ үлдсэн энэ залуухан эцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Үнэндээ 10 гаран жил ханилсан ханиа, алдчихаад удаагүй байгаа хүнтэй ярилцахад юу асуухаа, яриагаа хаанаасаа эхлэхээ мэдэхгүй байсан юм. Тиймээс түүний өссөн төрсөн нутаг, бага насны тухай асуултаар эхэлсэн нь энэ билээ.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Доржпүрэвийн Төмөртогоо гэдэг. Би Хэнтий аймгийн Батширээт суманд 1984 онд төрсөн. Багануурт 10 жилийн сургууль төгссөн. Батлан хамгаалахын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Улаанбаатар их сургуульд гэр бүл судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 

-Та хаана ямар ажил эрхэлдэг вэ?
 

-Сургуулиа төгсөөд “Дэл­хийн зөн” ОУ-ын байгуул­лагад ажилд орсон. Том охин дөнгөж гарчихаад байсан болохоор хүүхдээ эрүүл агаарт өсгөх, амьдрах зардал бага гаргаж, мөнгө хураах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөрөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Эхнэр бид хоёр амьдралаа хов хоосноос эхэлж байсан. Би хүүхэд байхаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж өссөн. Эцэг эхээс дөрвүүлээ. Ээж 1990 оноос хойш бизнес хийсэн боловч амжилттай болоогүй. Санхүүгийн асуудалд орж, байр саваа бүх зүйлээ манайх алдсан. Түүнээс болоод ээж, аав хоёр 2000 онд салсан юм. Тэр цагаас хойш амьдралыг тодорхой хэмжээнд авч явж үзсэн. Эгч маань намайг сургууль төгсгөхийн төлөө өөрөө сургуулиа орхиж байсан. Би дүүгээ их сургууль төгсгөж байсан. Бид нэг нэгнийгээ чирээд л явсан болохоос төдийлөн боломжтой айлын хүүхэд байсангүй. Харин эхнэр маань оюутан байхад аав нь өөд болсон. Ээж нь тэтгэвэрт гарсан гэх мэтээрээ бид хоёрын амьдрал хоорондоо их адилхан байсан даа. Хэн хэнийх нь ар гэр санхүүгийн боломж муутай учраас хоёр биенээ дэмжээд, зоригжуулаад амьдрахаас өөр арга байсангүй. Хүүхэд олонтой болоод ирэхээр сургууль, соёлд зөөх нь ихсээд тогтсон ажлаасаа гарсан. Энэ олон хүүхдийн хажуугаар бүтэн цагийн ажил хийнэ гэдэг маш хэцүү. Хүүхдүүдээ өөрсдөө өсгөж, хүмүүжүүлдэг бид хоёр шиг хүмүүст нэг нь хүүхдүүдээ хараад, нөгөө нь сургууль соёлд зөөхөөс өөр арга байгаагүй. Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэхийн өдөртөө нааш цааш бараг долоон удаа явдаг. Хүүхдүүдээ зөөхийнхөө хажуугаар би цагийн ажил хийнэ. Тухайлбал,  10:00-11:00 цагийн хооронд “Гэр бүлийн радио”-д  “Хос урлаг” гэдэг нэвтрүүлэг хөтөлдөг. Заримдаа хөдөөгүүр явж лекц уншина. Хүмүүст гэр бүлийн зөвлөгөө өгнө. Нэг санхүүгийн компанид хуулийн туслах хийнэ. Таньдаг хүмүүсийнхээ машиныг хашаандаа засч өгнө. Манай аав насаараа механикч хийсэн хүн байдаг учир “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр машин засахад бага сага суралцсан. Мөн оройн цагаар таксинд явна. “Зургаа дахь хүүхдээ гараад зургаан сар хүрэхээр би тогтсон ажилд оръё” гэж эхнэртэйгээ ярьж байсан юм. Манай эхнэр хүүхдүүдээ сургууль соёл руу нь зөөе гэж ярьж байсан. Ноднин хуульчийн шалгалтад бэлдээд орсон боловч тестийн шалгалтад тэнцээд, бодлогын шалгалтад сайн бэлдэж ороогүй улмаас нь унасан. Тэгээд энэ жил сайн бэлдэж байгаад дахиж оръё гэж ярилцаж байсан юм. Одоо шалгалтадаа сайн бэлдээд энэ жил дахин өгч хуульч болох гээд үзнэ.

-Олон нийтийн сүлжээ­нээс таны талаарх цухас мэдээллийг аваад ирж байгаа учраас буруу, зөрүү зүйл асуувал уучлаарай?
 

-Зүгээр дээ. Би жирийн л нэг өрхийн тэргүүн. Одоо үед бол харьцангуй залуугаараа зургаан хүүхэдтэй болсон хүмүүсийн тоонд орох байх. Эхнэр бид хоёрын амьдрал сайхан байсан. Бид хоёр бүх зүйлийг хамтдаа эхнээс нь босгосон. Манай эхнэр ч гэсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун байсан болов уу гэж боддог. Харамсалтай нь хориодхон хоногийн өмнө, өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө эхнэр маань төрж, зургаа дахь хүүхдээ гаргах явцдаа, төрөхийн хүндрэлээр өөд болсон. Манай эхнэр “Одонтой ээжүүд” фэйсбүүк группт байдаг, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог хүн байсан юм. Тэр группийнхэн бидэнд учирсан уй гашууг хуваалцаж, хандив цуглуулж хоёр өрөө байр бэлэглэснээр бидний мэдээлэл нийгэмд түгжээ.  Одоо бол 10 гаруй жил ханилсан ханиа алдчихаад, зургаан хүүхдийнхээ хамт цаашид шинээр амьдрах гээд л зүтгэж байгаа аав боллоо. 

-Та эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байв?
 

-Бид хоёр 2005 онд анх танилцаж байлаа. Би дөрөвдүгээр курс, эхнэр гуравдугаар курс байсан. Манай эгч, эхнэрийн маань ах хоёр үерхдэг байсан. Би Христэд итгэдэг гадуур их явдаг учраас эгч ганцаараа үлддэг байсан. Эгч хань татаад манай эхнэрийг хамт амьдраач гээд хамт байсан юм байна лээ. Манай гэр эхнэрийн сургууль хоёр ч ойрхон байсан юм. Гэртээ нэг ирсэн чинь нэг охин байсан. Хоол, цай хийж өгөөд л тэгээд л бид хоёр танилцаж нэг гэрт амьдардаг болсон. Гэтэл сүүлдээ бид хоёр үерхээд, суучихсан.

-Эхнэртэйгээ нэг гэрт амьдраад дасчихсан уу?
 

-Ер нь бол эрэгтэй хүн хараад л дурладаг шүү дээ. Манай эхнэр хотын охин их царайлаг. Тиймээс хараад л дурласан. Манай эхнэр харин надад дасаад дурласан байх. Би өглөө бүр сургуульд нь хүргэж өгдөг байсан.

-Анх хэдэн настайдаа аав болж байв?
 

-22 настайдаа аав болсон. Охинтой болоход их сайхан байсан. Том охиноо гаргахдаа манай эхнэр хүндрэлтэй төрсөн. Дүлж чадахгүй сувилагч нар нь тохойлдоод хүчээр гаргаснаас болоод эхнэр маань аарцагны гэмтэл авсан. Тэр үед сар гэртээ эмчлүүлж байгаад гайгүй болж байлаа. Түүнээс хойш өөрөөрөө төрөх заалтгүй болсон учраас хийсвэрээр төрдөг байсан. Манайх чинь хоёроос гурван насны зөрүүтэй хүүхдүүдтэй. Эхний дөрөв нь охин, тав дахь нь хүү гарсан. Сая төрдөг маань охин. Бид хоёр суугаад хурим ч хийгээгүй. Байшин бариад ч найр хийгээгүй байсан болохоор зургаа дахь хүүхдээ төрөхөд сайхан тэмдэглэе гээд бэлдээд хүлээж байсан юм.

-Та хоёр олон хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ?
 

-Бид хоёрын амьдралын философи мөнгө төгрөг, материаллаг зүйл, албан тушаалын карьер биш л дээ. Ирж байгаа хүүхдийг “авахуулъя” гэдэггүй байсан. Хүүхэд бол бидэнд өгч байгаа бурханы бэлэг гэж хүлээж авдаг. Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Мэдээж би эхнэрийнхээ шийдвэрийг харна. Эхнэр ч төрүүлэхийг хүсдэг байлаа. Эхнэр төрүүлнэ л гэсэн бол би хориод ямар ч нэмэргүй. Хүүхэд гэдэг аз жаргал чинь олдох хүндээ олдоно, олдохгүй хүндээ олдохгүй шүү дээ. Зарим хүүхэдгүй айлууд манай хүүхдүүдийг гэртээ аваачиж тоглуулах “дом” хүртэл хийдэг шүү дээ. Тэр үед бид хоёр тэр хүмүүсийг хараад ямар хэцүү юм бэ дээ гээд л өрөвддөг байлаа. Тийм зовлонг үзсэн хүмүүс хүүхдэд яаж дургүй, хайргүй байх билээ.

-Олуулаа байх сайхан биз. Тэр тусмаа олон охин­той байх. Аавдаа амь биз?
 

-Охид хөөрхөн шүү. Ер нь манай гэрийнхэн хоорондоо чөлөөтэй ярилцдаг. Бие биетэйгээ ойрхон байгаад сурчихсан учраас охид маань бид хоёрт тэр энэ гэх зүйлгүй хоёуланд нь адилхан сайн. Манай охид намайг тогтсон ажил хийхэд тийм ч дуртай биш. Аав та орой мөд ирэхгүй гээд. Ер нь олон хүүхдийн нэг давуу тал нь нэг нэгэнтэйгээ тоглож наадаад ойрхон байдаг. Хүнийг гэсэн сэтгэлтэй болдог. Бусдаас юм харамладаггүй. Нэг нэгнийхээ зовлонг ойлгодог. Тухайлбал, бүгдэд нь нэг зэрэг гутал авч өгч чадахгүй байлаа гэхэд “Дүүгийн чинь гутал чинийхээс илүү муудсан байна. Өнөөдөр дүүд чинь авч өгье” гэхэд надад авч өгсөнгүй гэж барьцдаггүй. Дэлгүүрт ороод дүү нь “ийм юм авъя” гэхэд хоёр эгч нь миний ардуур дүүгээ зэмлэж байх жишээтэй. Би хэлээгүй байхад нөгөө талдаа өөрсдөө ярьж байдаг. Ээж, аав нь хэлэхээс илүү хүүхэд хүүхдэдээ хэлэхээр илүү ойлгож байгаа юм. Орой ядарчихаад ирэхэд олуулаа байх их сайхан. Манай гэрийнхэн тойрч хоолоо иддэг. 

-Олон хүүхэдтэй, залуу гэр бүлийн хувьд бэрх­шээлтэй тал бий юу?
 

-Олон хүүхдийн зовлон уу. Амьдрал байгаа цагт зовлон байгаа. Тэгэхдээ бид хоёр зовлон гэж хардаггүй. Хайр дүүрэн байгаа цагт хүүхдүүд, гэр бүл жаргалтай байдаг. Хайр бага байх юм бол ер нь зовлон ихэснэ. Материаллаг зүйл бол зовлон биш. Хүмүүс дутлаа, өлсөж, цангалаа гэдгийг зовлон гэж хараад байгаа юм. Эцэг эх нь хөдөлмөрлөж чадаж байхад элбэг дэлбэг биш юм аа гэхэд өлсөж цангахгүй яваад байж болно доо. 

-Танай хүүхдүүдийг хэн, хэн гэдэг билээ. Хамгийн бага даа та нэр өгсөн үү?
 

-Манай хүүхдүүд Төгсгэрэл, Төгс-Энэрэл, Төгсгэгээ, Төгсмишээл, Төгсбилэг, Эрдэмтөгс гэдэг нэртэй. Хамгийн багийнхаа нэрийг би өгөөгүй ээ. Ээж нь ийм нэр өгөөрэй гээд захиа биччихсэн байсан. Эх хүн зөн совингоороо мэдэрсэн юм байлгүй дээ. Захидал бичээд үлдээснийг нь ажил явдлынх нь дараа олж харсан. Эрдэмтөгс гэж өгнө гээд захиа бичсэн байсан. Мөн зургаан хүүхдэдээ зориулж шүлэг бичсэн байсан. Сая төрдөг хамгийн сүүлийн охиндоо зориулж “аминаас минь тасарсан амь” гээд бичсэн байсан. Мөн гэр бүлийн өдрийн баяраар над руу бас захидал бичсэн. Одоо бодоход их сонин, сонин зүйл бичиж байсан байна лээ. Өөрөө зөнгөөрөө мэдэж байсан ч юм болов уу даа. 

-Төрөхийн хүндрэлээр “өөд болсон” гэлээ. Ер нь яг юу болсон юм бэ?
 

-Манай эхнэр төрөхийнхөө өмнө долоо хоног гуравдугаар төрөхөд эмчилгээ хийлгэсэн. Бие чинь гайгүй бол гарч болно гээд эмнэлгээс гарсан юм. Гараад тэр хооронд нь гэдэс рүү нь хатгаж өвдөөд буцаад эмнэлэгт хэвтээд шууд хагалгаанд орсон. Хагалгаа долоон цаг үргэлжлээд амжилтгүй болсон. Хяналтад байхдаа өмнө нь дандаа хийсвэрээр төрж байсан гэдэг утгаараа, мөн эхэс нь урдаа байрласан учир хүндрэлтэй гэж байсан. Хагалгаанд ороход нь миний баярлаж байсан зүйл нь гэвэл хяналтад ороход хүлээж авсан эмч нь жижүүр эмч байж таарсан. Эрсдэл өндөр учраас хийсвэрийн баг, цус тогтоох баг, дотрын баг гээд гурван баг орж хагалгаа хийнэ гэж байсан. Тэгээд нэг хийсвэртэй хүнийг хойшлуулаад хагал­гаанд орсон. Би дотроо өнөөх гурван багийг байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэ­гээд 02:20 гэхэд манай охин гарч ирсэн. Үүнээс хойш надаас чи машинтай юу гэж асуусан. Машинтай гэсэн чинь машинаа бэлэн байлгаж байгаарай гэсэн. Тэгээд байж байсан чинь савтай юм барьж гарч ирээд нэгдүгээр эмнэлэг рүү надтай хамт цусанд явъя гээд явсан. Тэр хооронд цус тогтоох эмч нь ч бэлэн биш байсныг мэдсэн. Тэгээд би дотроо за энэ ер нь эвгүй болж байгаа юм байна даа. Цус нь бас бэлэн биш байсан юм байна гэж гадарласан. Би өөрөө эхнэрийнхээ цусанд явна гэдэг хэцүү шүү дээ. Аваарын гэрлээ татаад дүрэм зөрчөөд явж байгаа байхгүй юу.

-Эмнэлэгт түргэний машин байдаг биз дээ. Таны машинаар яагаад явна гэж?
 

-Түргэний машин нь завгүй байсан юм байлгүй дээ. 

-Тэгээд шүүх эмнэлгийн дүгнэлт нь юу гэж гарсан бэ?
 

-Задлангийн дүгнэлт ч гараагүй байгаа. Эмч нар олон хийсвэр хийсний улмаас хүндрэл гарсан гэж хэлсэн. Олон хийсвэр хийсэн нь үнэн. Гэсэн ч хяналтын хугацаанд тэр хүний биеийн байдал маш сайн байсан. Ихэс нь урдаа байрласан уу байрласан. Тэгэхдээ ийм оноштой хүмүүс хэвийн зөндөө төрдөг. Миний эмзэглэсэн зүйл цус тогтоох эмч бэлэн байгаагүй, цус нь ч бэлэн байгаагүйд байгаа юм.

-Таныг эмнэлгийн удирд­лага, эмч нар нь хүлээж авч уулзсан уу?
 

-Уулзаагүй ээ. Би өөрөө гуйж байгаад хүүхдээ 10 хоног хэвтүүлсэн. Түүнээс гаргачих гээд л байсан юм. Хүүхдийг маань гаргахдаа хүүхэд хянаж байсан эмч нь ч буулгаж ирээгүй. Ээж маань өөрөө орж, авч гарч ирсэн. Надтай дөрвөн давхраас утсаар ярьсан. “Манай хүүхэд уушги нь зүгээр болсон уу. Та итгэлтэй байна уу” гэсэн чинь “Зүгээр болсон” л гэсэн. Тэгээд харин амьсгалын хэм алдсан байна гээд одонтой ээжүүд хөөцөлдөж байгаад нялхсын сувилалд хэвтүүлсэн. Ээж маань одоо тэнд хүүхдийг маань сахиж байгаа. Би энд том тавыгаа хараад л байж байна. Тэгээд ч хүүхдүүдээ харж хандаад эмнэлэг рүү анхаарлаа хандуулах завгүй байна. 

-Та эмнэлэгт гомдолтой байгаа санагдлаа. Гомдол гаргах уу?
 

-Би эмнэлэгт гомдол гаргахгүй ээ. Эхнэр бид хоёрын бодол ч тийм байдаг байсан. Ямар нэгэнд зүйлд гомдоно гэдэг өөрсдийгөө зовоож,  бэрхшээл болно гэж ярьдаг байсан. Хүнийг гомдоосон хүн тоодоггүй шүү дээ. Гомдоосноо ч мэдэхгүй байх тохиолдол бий. Гэтэл би гомдож байна гээд л яваад байх юм бол надад өөрт минь л улам хэцүү байх болно. Харин тэр хүмүүсийг уучлаад явах юм бол илүү амар байх болно гэж боддог. 

-Одоо та зургаан хүүхдээ ганцаар өсгөхөөр үлдлээ. Сэтгэл санааны хувьд хэцүү л байгаа байхдаа?
 

-Эхнэрийгээ байхгүй болохоор их хэцүү юм аа. Дулаахан байсан ч даардаг юм байна. Гэр эзэнгүй оргиод л. Ер нь бол бэрхшээл байгаа. Аль болох өөрийгөө тайвшруулаад л биеэ бариад л байж байна. Би хэцүү байх юм бол хүүхдүүд маань хэцүү байна. Би аль болох тэр байдлыг харуулахгүй тулд, мэдрүүлэхгүйн тулд хичээж байна. Хэдэн хүүхэддээ аль болох гуниг зовлон мэдрүүлэхгүйг л хичээж байна. Нэгэнт би босгоод ирж чадахгүйгээс хойш хэн нэгнийг буруутгаад, гутраад суугаад байлтай биш. Тэгвэл хүүхдүүдэд маань ч хэцүү байна биз дээ. Бид хоёр нэгэн бие, нэг цул болчихсон байсан. Хэн ч, хаана ч асуусан эхнэрийнхээ регистр, бүхий л зүйлийг би мэддэг болчихсон үе шүү дээ. Эхнэр маань юунд дуртай вэ, юунд дургүй вэ. Харцаар нь ямар байгааг нь бүгдийг нь мэддэг болчихсон ийм үед бол хэцүү шүү дээ. Намайг орж ирэхэд хараад л асуултгүй хэцүү байгаа, үгүйг минь мэднэ. Ер нь 10-аас дээш жил амьдраад ирэхээр нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй нөхцөл байдалтай болдог юм байна. Бид хоёр муудалцдаггүй. Их ярилцдаг. Би мөнгөө олж эхнэр дансаа хөтөлдөг байсан. Ирээдүйд яах вэ. Маргааш яах вэ гээд л ярилцдаг. Хэрэлдэх зүйлгүй амьдардаг байлаа. 

-Таныг харахаар мундаг сэтгэлийн хаттай хүн харагдаж байна л даа. Гэхдээ сэтгүүлч хүнийхээ хувиар асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Зарим хүмүүс сэтгэл санааны хямарлаа давахын тулд архи уудаг. Тийм зүйл байхгүй биздээ?
 

-Миний хувьд архи уудаггүй. Тамхи татдаггүй. Тэр бүү хэл архи уусан хүнийг гэртээ ч оруулдаггүй. Манай төрсөн ах, найз нөхөд бүгд мэддэг. Ах хүртэл хөдөөнөөс ирээд хотод явж байна гэхээр нь манайд ирээч гэхээр ах нь жаахан уучихсан байна эрүүлдээ очъё гээд ирдэггүй. Манайхан ахынд очихоор манайхныг байх хугацаанд ах архи уухгүй тамхи татахгүй. Тэгээд ч гутар ч байна гээд уух юм бол энэ хэдэн хүүхдүүд л зовно шүү дээ.

-Хүүхдүүд ээжийгээ их асууж байна уу?
 

-Бид хэд хоорондоо маш их ярилцаж байгаа. Ийм гэнэтийн зүйл болсон өдрөөс хойш хүүхдүүдээсээ юуг ч нуугаагүй. Томоос нь эхлээд нэг нэгээр нь дуудаж, тусдаа өрөөнд оруулж байгаад хэлсэн. Дөрвүүлэнд нь нэг дор хэлчихвэл нэг нэгнээ хараад их хэцүү байх байсан байх. Ээждээ хамгийн сүүлд юу зурж, ямар захидал бичиж өгөхийг хүсч байна тэр бүгдийг нь бичүүлээд хайрцагт нь өөрсдөөр нь хийлгээд ойлгуулахыг хичээсэн. Энэ бүхэн ганцхан бидэнд тохиож буй зовлон биш хүн болгонд тохиодог гэдгийг ч тайлбарлахыг хичээж байгаа. Би мэдээж ээжийнх нь орон зайг яагаад ч орлож чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ чадах чинээгээрээ хоёр хүний үүрэг гүйцэтгэх л том ажилтай болж байна даа. Одоо тэгээд тогтсон ажил хийх маань бүр л хумигдаж байгаа учраас наймдугаар сард хуульчийн шалгалтыг сайн өгч өмгөөлөгчөөр ажиллана гэж бодож байна. 

-Одонтой ээжүүдийн "Алдарт эх” фэйс­бүүк группээс хандив цуглуулж, өчигдөр танайд хоёр өрөө байр гардуулжээ. Энэ группийнхэнтэй анх­лан хэрхэн холбогдсон юм бэ?
 

-Манай эхнэр л “одонтой ээжүүд” группын идэвхтэй гишүүн хүн. Гэртээ суугаад хүүхдээ харж байгаа болохоор аливаа нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой, гадуур дотуур явуулчих юмсан гэж боддог байсан. Эмэгтэй хүн чинь олны дотор явах тусмаа л үзэсгэлэнтэй сайхан болдог шүү дээ. Харин манай хүн “одонтой ээжүүд” группын арга хэмжээнд нь байнга идэвхтэй оролцдог байсан. Идэвхтэй оролцдог болохоор олон найз нөхөдтэй болчихсон. Их ойр дотно байдаг байсан юм байна лээ. Ялангуяа Жуковын н.Сараатай их дотно. Нэг нэгнээ сайн мэддэг болчихсон. Олон хүүхэдтэй ээжүүд чинь нэг нэгнээсээ дутуугаа авна. “Манай хүүхэд ийм юманд орох гэсэн юм. Ийм юм байна уу” гээд л бие биенээсээ асуугаад нэг нэгнээсээ авдаг, нэг нэгнийгээ сайн ойлгодог байсан. Манай цэцэрлэгийн охин сая төгссөн юм. Тэгэхэд л н.Сараагийнхаас амьтны хувцас авах жишээний. Харин сая ажил явдал болсны дараа ойр дотных нь нэг найз энэ тухай групп дээрээ тавиад л мэдсэн байх. Мэдсэн даруйдаа ирээд маш их тусалсан. Ажил явдалд нь хандив цуглуулж өгсөн. Хүүхдийг маань сувилалд эмээтэй нь хэвтүүлсэн. Ажил явдлын хоол ундыг л гэхэд нэг одонтой ээжийн бууз баншны үйлдвэрт хийсэн. Нэг ээж рестораныг нь даасан гэх мэтээр маш их тусалсан. Ажил явдлынх нь  үеэр “ Танай эхнэр зан чанарын хувьд мундаг эмэгтэй байсан. Бидэнд сайн, сайхнаар нөлөөлдөг байсан учраас бид үнэхээр туслахгүй байж чадахгүй нь” гэсэн. Ажил явдалд нь цуглуулсан хандивын мөнгө нь хүрээд илүү гарсан гэсэн. Илүү гарсан мөнгөн дээр одонтой ээжүүд болон найз нөхдийнх нь дунд хандивын арга хэмжээ зохион байгуулж, хоёр өрөө байр авч өгсөн. Мэдээж би болон манай хүүхдүүд, маш их баярлаж байгаа. 

-Байрандаа хэзээ нүүж орох вэ?
 

-Манай хэд чинь ээжийгээ алдаад удаагүй байна. Тиймээс яаран төрөлх гэрээс нь холдуулбал хэцүү байна байх. Мөн эхнэр бид хоёр энэ байшингаа интернет дээрээс загварыг нь харж байгаад барьж байсан юм. Манай хүн блок, шаврыг нь хүртэл зөөж байгаад энэ байшингаа барьсан учраас энэ байшингаа зарахгүй гэж бодож байгаа. Бид хоёр гаднаа сагсны талбай хийгээд ойр хавийн хүүхдүүдийг тоглог гээд барьсан юм. Эндээ зүлэг цэцэрлэг тарина гэж бодож байгаа. Аминдаа энэ хавьд орчин бүрдүүлэх л гээд байгаа санаа. Эндээсээ бүр нүүхгүй ээ. Хүүхдүүдээ дасгаж байгаад л байрандаа орно доо. Манай эхнэр байранд орох юмсан гэж их ярьдаг байсан. Эхнэрээс бусад нь болохоор эндээ байх дуртай байлаа. Тэгэхээр манай эхнэр та нар явахгүй бол би ганцаараа байр аваад орно гэж тоглоод инээдэг байсан. Өөрөө хүсдэг байсан зүйлээ хүүхдүүддээ үлдээгээд явжээ л гэж боддог. “Одонтой ээжүүд” группынхэн, тэдний найзууд, мөн манай гэр бүлийн найзууд, ажлын хамт олон, төрөл төрөгсөд манай гэр бүлийн уй гашууг  хуваалцсан бүх хүмүүст баярлалаа. Танихгүй мөртлөө сураг сонсон тусалсан маш олон хүмүүс бий. Өчигдөр л гэхэд “Хишиг төв”-ийн хамт олон дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. Энэ мэт бүхий л хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. 

Ийнхүү ярилцсанаар бидний ярилцлага өндөрлөв. Харахад залуухан хэдий ч зургаан хүүхдийн аав болсон тэрбээр эхнэр­тэй­гээ танилцсан талаа­раа ярихдаа үл ялиг инээв­хийлс­нээс бусад үед нүдэнд нь нулимс хурах аж. Тэгэхдээ ярьж буйг нь сонсохоор үгүйлээд ирсэн зовлонг даа­гаад гарах нуруутай, үлдсэн зургаан хүүхдээ сайхан өсгөх ухаантай аав санагдлаа. Хүүхдийн буян заяа ихдээ...