Ач, зээ нийлсэн 12 үеэл зуны амралт эхэлмэгц шуудангийн шар автобусанд дайгдаж, дуу дуугаа хадаан өвөөгийндөө очиж амардаг байлаа. Хурга ишиг хариулан, хонины бэлчээрт багваахай цэцэг хэлхэн тоглож, барж ядсан өдрийн урт, нарны халууныг одоо санахад жаргалтай он жил, цаг мөчүүд минь Төв аймгийн Дэлгэрхаан сумын хөдөө багт өнгөрсөн юм шиг.
Өглөөний нарнаас урьтаж үнээгээ саагаад орж ирэх эмээ минь тогооны эрэгнэгт сүү юүлж зогсдогсон. Улаан дээр шараар хээлж будсан жижигхэн модон ширээг тойрч суугаад өглөөний цайгаа ууна. Шар будаатай цайнд халбага өрөм хийсэн аяга бүрт нэг нэг мушгиа боорцог тавьсан байдаг байж билээ. “Хонины хишиг”-гүй өдөр гэрийн ажил их. Аргалд явах, хурга ишиг хариулах, сүү хөөрүүлэн тараг бүрж, аарц шүүн ааруул тавих ажилд эмээгийнхээ гарын үзүүрт нь туслан гүйнэ.
Өдөртөө тараг ууж, ааруул хурууд, хатаасан бяслаг амандаа хүлхсээр оройн хоолтой золгодог байлаа. Олуулаа байдаг учир голдуу борцтой шөлтэй хоол л иднэ. Орой унтахад хөөрүүлсэн сүү юмуу хоормог уугаад унтдагсан. Нойтон махны бараагүй байсаар унага тамгалах, гүү барих, сумын наадмын өдөр болон холоос гийчид айлчлан ирэх зэрэгт хонь гаргаж гэдэсний шөл уухад нүд нээгдэх шиг санагддаг байж билээ. Шилбүүр унаж үнээн зэлний аргал түүж өнгөрөөсөн тэр зах зээлийн он жилүүдэд цадаж үзэх юмсан гэсэн гэнэн мөрөөдөлтэй байснаа бодоход одоо инээд хүрдэг юм. Зарим өдөр өвөө минь буугаа үүрээд өглөө эрт тарваганд явна.
Баруун хөтөл давж ирэх өвөөгийн морины ганзганд зүүлттэй байх тарваганы бараанаар баярлан гүйлдэж боодог хорхогны чулуу түүж, галаа манах нь тун сайхан ажил. Зундаа цагаан идээ сүү, тараг ааруул идэж гэдэс дотроо цайруулдаг байсан монгол ухаан үнэхээр агуу. Нартай бороотой, наадам, найртай, хонины хишиг өдрүүд минь урт санагдах мөртөө харвасан сум шиг өнгөрснөөр халуун зун дуусч хайлган намрын нэг сэрүүхэн өглөө гэрийн гадаа нулимсаа шувтарч, сүү өргөн торойгоод үлдэх өвөө, эмээ хоёроо өрөвдөн хайрлаж, сэтгэл тавгүйрхэх боловч алсран харагдах замын тоосонд үлдсэн хоёр хөгшний бараа тасрахтай зэрэгцэн гэр рүүгээ яарах гэгээн хүсэл минь агшин зуур баяр хөөрөөр солигддог байж билээ.