Улаанбаатар хотод сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газрууд борооны дараах мөөг олширч байгаа. Тэр дундаа их, дээд сургууль болон ЕБС-ийн ойр орчимд түргэн хоолны газар ажиллуулагсад нэмэгдсээр байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг өчигдөр их, дээд болон ЕБС-ийн ойр орчимд байх сүлжээ дэлгүүрүүд, тэр дундаа “CU”, “Circle K”-гээр орж, сурвалжиллаа. Бид сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар магтах, шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Гагцхүү тухайн дэлгүүрүүд болон бусад түргэн хоол зарж байгаа цайны газар, ТҮЦ-ээр үйлчлүүлж буй оюутан залуус, сурагчид чухам ямар бүтээгдэхүүн авч байгааг ажиглаж, сурвалжилсан юм.
Оюутнууд ороомог, бэлэн гоймонд мөнгөө үрж байна
МУИС, ШУТИС-ийн ойр орчим гэдэг оюутан залуусын бүс. Тиймдээ ч тэр хавьд ТҮЦ, бэлэн бүтээгдэхүүн болох хуушуур, пирошки, ороомог зардаг жижиг цайны газар, том сүлжээ дэлгүүрүүд чихэлдэж байна. Хамгийн түрүүнд МУИС-ийн хоёрдугаар байрны өмнө байрлах “Fast food” гэсэн хаягтай жижигхэн хоолны газар руу орлоо. Үндсэндээ ТҮЦ юм л даа. Хааш хаашаа метр хагастай болов уу гэмээр жижиг хоолны газарт ороомог, хуушуур, бэлэн гоймон, ундаа, найруулдаг цай, кофе л зардаг аж. Жижигхэн газарт оюутан бололтой залуучууд дүүрэн, хоёр хананд байрлуулсан тавиуртай, тэр нь хооллох хэсэг юм байна. Хооллох хэсэгт нийтдээ 7-8 эрэгтэй, эмэгтэй оюутан суугаад, хооллож байлаа.
Эрэгтэй оюутнууд нь бүгд бэлэн гоймон идэж харагдсан. Энэ тэрхнийг сонирхож, 2, 3 минут эргэлдээд гарахад зарим нь бэлэн гоймонгоо идээд гарав. Зөрөөд хоёр залуу бэлэн гоймон, зайдастай жигнэсэн ороомог аваад суусан юм. Хуушуур, пирошки, ороомог зэрэг хоолыг хоолны газарт хоёр цаг л хадгалж худалдах ёстой. Гэхдээ стандарт газарт шүү дээ. Иймэрхүү юм бодсоор тэндээс гарав. МУИС-ийн урд талд “Circle” сүлжээ дэлгүүрийн нэг салбар бий. Гаднаасаа харахад тохижилт сайтай, өнгө үзэмжтэй газар. Оюутан залуучууд ч их үйлчлүүлдэг юм байна. Ороод энэ тэрийг сонирхож нэлээд холхив. Өмнөх орсон ТҮЦ-тэй харьцуулах аргагүй. Зай талбай томтой, бэлэн бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгчтэй, халуун чацаргана, төрөл бүрийн кофегоор үйлчилдэг. Сүлжээ дэлгүүрүүдэд зарж болох хүнсний бараа бүтээгдэхүүнүүд өрөөстэй. Бас кимбаб, хотдог, бургер, тахиа, үхрийн махтай хуушуур ч байна.
Цонх дагуу тавцантай, тэндээ сандал тавиад хооллох хэсэг болгожээ. Нэг талдаа 4-5 хүн суух боломжтой. Бүх сандлыг нь эзлээд оюутнууд суучихсан байв. Тэнд бэлэн гоймон идэж байгаа оюутан, залуучууд бараг л байсангүй. Гэхдээ ихэнх нь хотдог, кимбаб болон бусад бэлэн бүтээгдэхүүн идэж байгаа харагдсан. Халуун чацаргана аваад хооллох хэсгийн орчимд зогсч уунгаа 20 гаруй минут ажиглалт хийсэн юм. 20 гаруйхан минут зогсоход тус дэлгүүрээр 50-60 хүн орж ирж үйлчлүүлэв. 95 хувь нь оюутан болов уу гэмээр 20 орчим насны залуучууд. Зарим тараг, нарийн боов авч, нөгөө хэсэг нь кофе авч ууж байв.
Дөрвөн хүн тутмын нэг нь тэндээс бэлэн бүтээгдэхүүн буюу бэлэн гоймон, кимбаб, хотдог авч идэж байлаа. Гэхдээ хотдог нь тийм ч хямдхан биш. Хамгийн хямдхан нь жуниор хотдог 3000. Цаашлаад 5к хотдог нь 5000 төгрөгийн үнэтэй. Кимбаб нь мөн 4000, сэндвич 6000 төгрөгийн үнэтэй. 6000 төгрөгөөр халуун хоол аваад идчихэд хүрэх л мөнгө. Гэвч оюутан залуучууд бэлэн бүтээгдэхүүн авч идэж байгаа нь нэг талаараа эрүүл мэндээ бодохгүй, буруу сонголт хийж буйн жишээ юм. МУИС-ийн хоёрдугаар байрны урд талд “CU” гэх сүлжээ дэлгүүрийн нэг салбар бас байна. Уг нь тэр хавьд “Жигнүүртэй бууз” гэх мэтээс авахуулаад зоогийн газрууд цөөнгүй бий. Гэвч “CU” дэлгүүр рүү бүхий л оюутнууд орж байна уу гэмээр түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Дотор нь ороход тохижилт сайтай, хооллох хэсэг нь нэлээд том, багахан цайны газрынхтай ойролцоо харагдсан.
Мөн гадна талдаа сандал, ширээтэй, сүүдрэвчтэй. Гадна, доторгүй 10, 20 оюутан, залуу суугаад, бэлэн гоймон, кимбаб, хотдог идэж байна. Тус дэлгүүр янз бүрийн мантуун бууз зардаг юм билээ. Дэлгүүр өмнөх явган хүний замыг дагуулаад сандал тавьчихсан, тэр хэсэгтээ үнэгүй wifi-тай. Тиймдээ ч оюутнууд их ордог болов уу гэж бодогдсон. Нэг сандал дээр нь суугаад, хэсэг ажиглалт хийв. Тэнд ирсэн дөрвөн оюутан тутмын нэг нь бэлэн гоймон идэж байна. Суусан сандлын яг хажууханд 20 орчим насны гурван бүсгүй бэлэн гоймон идэж, зүйл бүрийг ярилцана. Цаад талын ширээнд нь дөрвөн залуу суугаад хотдог, кимбаб идэж, нэг нь чихэвчээр хөгжим сонсч харагдав. Хажуу талын ширээнд нь хоёр залуу жижиг бэлэн гоймон идэж байгаад дууссан бололтой босож явав. Зөрөөд хоёр залуу ирж, бэлэн гоймонгоо дэвтээнгээ кимбаб идэж харагдав. Дэлгүүр рүү оюутнууд зогсоо зайгүй орж гарна.
Тэд ихэвчлэн хотдог, кимбаб барьсаар гарч ирж харагдсан. Дунд сургуулийн дүрэмт хувцастай гурван хүү хотдог бариад гарч явав. Дэлгүүрийн үүдэнд суугаад 30 орчим минутын ажиглалт хийхэд бэлэн гоймон, хотдог, кимбаб л ихэвчлэн авч байна. Үйлчлүүлсэн оюутнуудын тоог барагцаалж хэлэх боломж ч байхгүй. 100 хол давна. Эдгээр сүлжээ дэлгүүрийн салбарууд их, дээд сургуулийн ойр орчимд хэд хэдээрээ байна. МУИС-ийн орчимд нэг нэг байхад Спортын төв ордны замын эсрэг талд “Circle”-ийнх нь байх жишээтэй. Цаашлаад АШУИС-ийн байранд, МУБИС-ийн өмнө нэг нэг байна. МУБИС-ийн ойролцоо “CU” дэлгүүрийн салбарч байсан. “CU” сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард 50 дахь салбараа нээсэн талаараа фэйсбүүк хуудсандаа мэдээлж. Дээр дурьдсан салбаруудаар орж үзэхэд яг л адилхан дүр зураг ажиглагдсан.
Гэхдээ “Circle” дэлгүүрийн Анагаахын болон МУБИС-ийн салбарт бэлэн гоймон зардаггүй юм билээ. Мөн “CU” дэлгүүр бэлэн гоймонгийнхоо тасгийн дээр “16 нас хүрээгүй хүнд бэлэн гоймон зарахгүй. Бэлэн гоймон худалдаж авсан бол кассчинд бичиг баримтаа шалгуулна уу” хэмээн бичсэн харагдсан. Бас л нэг үлгэр жишээ л дээ. Дахиад хэлэхэд, бид сүлжээ дэлгүүрүүдийг буруутгах гээгүй. Харин ч ТҮЦ-ээр, стандарт шаардлага хангахгүй орчинд, ямар хөргөгч, хөргүүргүй газарт хуушуур, пирошки, ороомог, мантуун бууз зарж байгаагийн дэргэд энэ дэлгүүрүүд хадгалалтын горимын шаардлага хангахаар орчныг бүрдүүлсэн байна. Гагцхүү оюутан залуучууд л өөрсдийн эрүүл мэндээ бодолцож, бэлэн бүтээгдэхүүн, гоймон, хотдог, бургерээс татгалзах хэрэгтэйг сануулах гэсэн юм.
Бусад оронд эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ хоолыг бэлтгэж өгдөг бол манайд...
Манай сурвалжлах багийнхан Ерөнхий боловсролын гурав болон тавдугаар сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Circle К”, “CU”сүлжээ дэлгүүрийг зорилоо. Улаанбаатар хотын хаа сайгүй салбараа нээж, үйл ажиллагаагаа явуулах тус дэлгүүрт түргэн хоол, болон бусад бүтээгдэхүүн байдаг аж. Дэлгүүрийн доторхи зааланд хоолны ширээ сандал байрлуулсан учир хүмүүс бургер, хотдог, бэлэн гоймон зэрэг түргэн хоол, бусад хүнсний бүтээгдэхүүнийг идэхэд зориулж тохижуулжээ. Тавдугаар сургуулийн зүүн талд “CU”, харин замын эсрэг талд, чанх урд нь “Circle К” дэлгүүр байрладаг. Харин Гуравдугаар сургуулийн эсрэг талд “CU” сүлжээ дэлгүүрийн нэг салбар байрладаг юм байна. Бид “Circle”, “CU” сүлжээ дэлгүүрүүдийг чичлэх гэсэнгүй. Сургуулийн ихэнхи хүүхдүүд өдрийн цайндаа юу идэж байгааг эцэг, эхчүүд, томчуудад дуулгах гэсэн юм. Дэлгүүрүүдийн хаалгаар ороход л бэлэн гоймонгийн үнэр хамар сэтлэх шахам үнэртэж байлаа. Гэхдээ эдгээр дэлгүүрийн гол үйлчлүүлэгч нь сурагчид. Тэдгээр сүлжээ дэлгүүрээр явж хэсэг хугацаанд ажилаглаж суух нь ээ хүүхдүүдийн ихэнхи нь бэлэн гоймон, бургер, хотдог авч идэж байгаа харагдлаа. Зарим эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ дагуулж ирэн эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авч өгч байна.Их завсарлага, өглөөний ээлжийн хичээл тарсны дараа хүүхдүүд бүр ч их бужигнаж, бэлэн гоймонд буцалсан ус хийж аваад гарах жишээтэй. Тавдугаар сургуулийн зүүн талын Circle К дэлгүүрт гоймон дэвтээнгээ ярьж суух хоёр хүүхдийн яриаг сонсоход “Өглөө нам унтаад, цайгаа ууж чадалгүй гараад ирсэн их өлсөж байна” хэмээцгээж байлаа. Үнэхээр ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ өглөө, өдрийн хоолонд хайхрамжгүй ханддагын жишээ энэ. Хүүхдэд мөнгө өгч “аргацаах” нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, жижиг зүйлийг ч мөнгөөр шийдэж болдог юм байна гэсэн үзэл суртлыгч бий болгож, бие хүн болж төлөвшихөд сөргөөр нөлөөлж байна.
Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчимд зарж борлуулж буй хоол хүнсэнд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас тодрууллаа.
-Сургуулийн орчинд зарж борлуулах, үйлдвэрлэх хоолонд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрхэн хянадаг вэ. Эрхзүйн орчиныг бүрдүүлж чадсан уу?
-2020 оноос эхлэн ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд тодорхой тусгаж өгсөн. Цэцэрлэг, сургуулийн орчинд хааш хаашаа 150 метр газарт хориглосон нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглосон. Үүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан. Одоо ч мөрдөж байгаа. Харин хуультай холбоотойгоор дахин шинэчилж гаргах юм. Үүнд хүүхдийн эрүүл мэндэд хортой хуурсан хайрсан хүнс, чипс, хийжүүлсэн ундаа,бэлэн гоймон ширхгийн хоол болох бургер, их тосонд шарсан бүтээгдэхүүнийг хориглох заалт нь хэвээрэй. Саяхан л гэхэд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Манай байцаагч нар зөвлөмж, сэрэмжлүүлгийг холбогдох байгууллагуудад өгч ажиллаж байгаа.
-Сургуулийн орчимд эдгээр бүтээгдэхүүнийг зарж борлуулж байгаа шүү дээ. “Circle”, “CU” сүлжээ дэлгүүрийг ажиглаж үзлээ?
-“CU” сүлжээ дэлгүүр халуун пирожки хийдэг гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ энэ сүлжээ дэлгүүрүүд зөвхөн худалдаалах үйл ажиллагаа эрхэлнэ. Тэрнээс биш ямар нэгэн хоол бэлтгэх, халуун ажиллагаа явуулж худалдаална гэсэн зүйл байхгүй. “Circle К” сүлжээ дэлгүүр “Мах импекс” компаниас болсон мантуун бууз авчирч халааж өгдөг. Тэрнээс бол тосонд ширхгийн хоол шарж, хийхийг хориглож байгаа л даа.
-Бэлэн гоймон худалдаж аваад, дэвтээж идэж байгаа харагдсан. Уг нь хориглосон юм байна шүү дээ?
-Бэлэн гоймонг мөн л хориглоно. Мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалтаа хийж байна. Тэр бүр бүх газарт хүрч, байнгын хяналт тавихад хүн хүчний хүрэлцээ муу шүү дээ. Тиймээс зөвлөмж сэрэмжлүүлгийг цахим орчимд өдөр бүр байрлуулж байна.
Ихэнхи улс орнуудад эцэг, эхчүүд нь өөрсдөө хүүхдийнхээ өдрийн хоолыг бэлтгэж, савлаж явуулдаг хэвшил тогтчихсон. Гэтэл манайд өдрийн хоол идэх мөнгийг нь өгч явуулдаг жишиг аль хэдийнэ тогтжээ. Харамсалтай нь хүүхдүүд нь юу авч идэж байгааг ч эцэг, эхчүүд мэддэггүй, асуудаггүй, хянадаггүй. Бэлэн гоймон нь хүүхдийн бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж, улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг талаар судалгаа гарчээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөж. Нөгөөтэйгүүр, ходоодны хорт хавдар гэх өвчнөөр хүүхэд өвчилж буй хамгийн гол шалтгаан нь бэлэн хоол, хиам, чипс зэрэг хоол, хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэж буйтай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон.
Н.Пунцагболд
Д.Оюун-Эрдэнэ