ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрхүүгийн түймэр, идэш тэжээлийн хомсдолоос болж зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-20

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Жараахай хэмээх газарт намаржиж буй малчин айлын хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ. Малчин айл нялх бамбаруушийг хашиж, мах сүүгээр хооллож буй юм. Суурьшлын бүсэд зэрлэг амьтан орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах зохицуулалттай талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.  

-Суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар яамнаас чиглэл өгсөн үү?
-Сүүлийн нэг сарын хугацаанд Сэлэнгэ, Төв, Дорнод, Дархан-Уул аймагт суурьшлын бүс рүү баавгай орж ирж, айлуудын мал туусан, идсэн гэх мэдээлэл яаманд ирсэн. Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Жаргалтхаан сумын нутагт, хамгийн сүүлд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж, мал амьтан үргээж байгаа тухай мэдээлэл манай яаманд ирлээ.
Энэ тухай мэргэжлийн хүмүүс, амьтан судлаачдын дүгнэлт хараахан гараагүй ч урьдчилсан дүгнэлтээр Эрхүүгийн түймэр болон идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэж үзэж байна. Баавгай намрын улиралд самар, жимсээр хооллодог. Энэ жил боргоцой самар бага ургасантай холбоотой хоол тэжээлийн хомсдолд орсон. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн аймгуудад яамнаас зөвлөмж чиглэл хүргүүлсэн.

-БОАЖЯ-нд зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирж буй асуудлаар хуралдсан юм байна. Энэ хурлаар ямар шийдвэр гаргав?
-Өнгөрсөн даваа гарагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, амьтан судлаачид, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/- ийн холбогдох хүмүүстэй уулзлаа. Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт байхгүй. Цаашид Амьтны тухай хуульдаа энэ тухай зохицуулалт оруулах талаар ярилцлаа. Баавгай махчин амьтан учир унтуулагч бодис тарьж, байгальд нь аваачихаас өөр аргагүй. Тэр унтуулагч бодис нь Монголд оруулж ирэхийг хориглодог. Уг бодисыг оруулж ирэх асуудлаар БОАЖЯ-наас Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газарт албан бичиг хүргүүллээ.

-Тэгэхээр орон нутгийнхан ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ тухай нарийн зохицуулалт байхгүй. Хүрэн баавгай ховор амьтны жагсаалтад ордог учир устгаж болохгүй. Тэгэхээр унтуулаад байгальд нь тавих зохицуулалттай. Нэг зүйлийг анхааруулахад суурьшлын бүсэд баавгай орсон мэдээллээр иргэд харах гэж сонирхож очоод баавгайд хөөгдсөн тохиолдол гарсан тул болгоомжтой байхыг иргэдэд анхааруулмаар байна.

Эх сурвалж: БОАЖЯ