ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Сүхбаатар: Засгийн газар үнэт зүйлээсээ ухарч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-15

Нээлттэй нийгэм форумын бай­ранд өчигдөр “Захиргааны ерөн­хий хуульд оруулах нэмэлт, өөрч­лөл­тийн эргэн той­ронд” хэлэл­цүүлэг бол­лоо. Энэ үеэр Хуульчдын хол­боо­ны зөвлө­лийн гишүүн, өм­гөө­лөгч З.Сүхбаатартай ярилцлаа.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Энэ хуульд өөрчлөлт оруу­лах шаардлага байгаа юу?

-2015 онд Захиргааны ерөнхий хуулийг боловс­руулж, батлуулсан байдаг.  Үүнээс хойш Эрүүгийн хуулийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргадаг байгууллага бүр Захиргааны хэргийн шүүхийн хяналтад очсон байдаг.  Харин одоо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний шийдвэрийг биелүүлэх яам, тамгын газар, агентлагууд, Засаг даргыг Захиргааны хэргийн хяналтад харьяалагдахгүй болгох гэж байна. Энэ бол зөв шийдвэр биш. Яагаад гэвэл, эртнээс хоёр том онол хөгжиж ирсэн. Аливаа шийдвэр, үйл ажиллагаа шүүхийн хяналтад байх онол. Нөгөөх нь зарим шийдвэр, үйл ажиллагаа шүүхийн хяналтад үл хамаарах тухай онол байдаг. Энэ онолын талаас нь тайлбарлавал улс төрийн шийдвэр шүүхийн хяналтад байдаггүй. Өнөөдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааг шүүх хянадаггүй. Ийм хуулийн тодорхой зохицуулалт байхад Засгийн газар болон яам, тамгын газрын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтаас гаргах гэж байгаа нь 2015 онд олж авсан суурь ололт, үнэт зүйлээс ухарч байгаагаас ялгаа алга.  Том утгаараа эрх зүйд захирагдах ёс гэж бий. Хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой, бид. Үүнээс давсан зүйл гэж байж болохгүй.  

-Хууль санаачлагчдын зүгээс ямар нэг тайлбар хэлж байгаа юу. Та бүхэн бас байр сууриа илэрхийлж, санал солилцсон байх?

-Хууль санаачлагчид хуулийн төслийнхөө үзэл баримтлалд “Үндсэн хуульд нийцэхгүй байна. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэр гаргах үйл ажиллагааг Захиргааны хэргийн хяналтаас гаргах ёстой” гэж бичсэн байсан.  

-Үндсэн хуульд нийцэхгүй байна гэдэг нь яг ямар зүйл, заалттай харшилж байгаа юм бол. Тэр талаар судалж үзэв үү?

-2005 онд Үндсэн хуулийн Цэц Засгийн газар Захиргааны шүүхийн харьяалалд байхгүй байх тухай шийдвэр гаргаж байсан юм. Үүний дараа Захиргааны ерөнхий хууль батлагдсан. Энэ хугацаанд Захиргааны эрх зүйн онол номлолууд манайд чамгүй хөгжиж байна. Эртнээсээ тогтчихсон дэлхийн нийтийн суурь ойлголтууд гэж бий. Орчин үеийн хандлага ч гэсэн ялгаагүй Засгийн газар нь улс төрийн шийдвэр гаргахаас бусад нь Захиргааны шүүхийн хяналтад байх ёстой гэдгийг нэгэнт тогтчихсон. Ер нь Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилдог, ажлаас чөлөөлдөг шийдвэр гаргадаг. Тэгвэл үүнийг хэн хянах юм. Үндсэн хуулийн Цэц хянах боломж байхгүй. 2015 онд Захиргааны ерөнхий хууль гарахаас өмнө Үндсэн хуулийн Цэц ажилд томилох, халах шийдвэрийг хянадаггүй байсан. Ерөнхий харьяаллын шүүх буюу Иргэний хэргийн шүүх хянадаг байлаа. Тэгвэл Иргэний хэргийн шүүхийн хяналт болдог, Захиргааны хэргийн шүүхийнх болдоггүй гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ, зарчмын хувьд. Мөн Засгийн газар тусгай зөвшөөрлүүд олгож байна. Бас олгосон зөвшөөрлөө хүчингүй болгож болно. Энэ болгонд хүний эрхийн асуудал хөндөгдөнө. Хүний эрхийн асуудал гэж байгаа учраас хуулийн өөрчлөлтөд нухацтай хандах ёстой гэж үзэж Хуульчдын холбоо хэлэлцүүлэг хийж байгаа юм.  Түүнээс биш улс орны хөгжлийн төлөө, эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын талаар онц чухал шийдвэр гаргаж байвал шүүх хянах ёстой гэсэн зүйл хаана ч байхгүй.  Ийм шийдвэрт аль ч шүүх хяналт тавих ёсгүй. Харин йЗасгийн газар, УИХ өөрөө хяналт тавьж, өөрчилж, хүчингүй болгож болно. Үндсэн хуулийн шинжтэй асуудал бол Цэц хянаж бас болно шүү дээ. Түүнээс бусад асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх ёстой.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж байгаа нь төрийн өмчийн хувьчлалтай холбоотой гэж хардах хүмүүс ч байна. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Нэг л асуудлаар энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж хэлэхэд хэцүү. Ганцхан асуудлын төлөө түгээмэл ололтуудыг өөрчилж болохгүй. Хэрвээ энэ өөрчлөлт орчихвол Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан Захиргааны хэргийн шүүхэд очихгүй л болох нь.  Засгийн газар хуулийг биелүүлж шийдвэр гаргах ёстой. Хуулийг биелүүлж шийдвэр гаргах хүрээнд Засгийн газартаа чиглэл өгч, тогтоол гаргадаг. Доошоо яамд, тамгын газрууд, агентлагууд, аймгийн Засаг дарга нар хүний эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж болно шүү дээ. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах цагт хязгаар тогтоож болно. Хүний тодорхой эрхүүдийг хязгаарласан шийдвэр ч гаргах боломжтой. Хамгийн наад зах нь ажилд авах, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргадаг биз дээ. Үүний улмаас хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болно шүү дээ. Энэ маргааныг хаа нэг газар шийдвэрлэж, эцсийн хариуг өгөх ёстой. 

-Хэрвээ хуульд ийм өөрч­лөлт орчихвол Захир­гаа­ны хэргийн шүүх гэж байх шаард­лагагүй болох юм биш үү?

-Хуулийн төсөлд Засгийн газрын шийдвэрийг бусад төрийн захиргааны байгуул­лагууд хэрэгжүүлсэн тохиол­долд гэж заасан. Түүнээс биш Захиргааны хэргийн шүүхэд харьяалагддаг байгууллагуудыг бүгдийг нь гаргах гэж байгаа юм биш.  Санаа нь бол Засгийн газрын шийдвэр байх ёстой. Түүнийг хэрэгжүүлсэн дунд шатны байгууллагын шийдвэр байвал Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг.