Эрчим хүчний яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, тус салбарын харьяа 36 байгууллага үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Өдөрлөгийг зорьж, жанжны талбайд цугласан олны гол зорилго “Ус, цахилгааны үнэ нэмэгдсэн шалтгааныг мэдэх” гэдэг нь иргэдэд үйлчилж буй салбарын ажилчдаас асуух тэдний асуултаас андашгүй. ”Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмсэн билээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.
Ц.Даваасүрэн: Батарей хуримтлуулагч тавьсанаар тог тасрах асуудал байхгүй болно
Цахилгааны үнэ өсөхөд чухам юу нөлөөлөв. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Цахилгааны үнэ нэмэгдсэн асуудалд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэ нэмэгдэхэд юу нөлөөлөв. Цаашид цахилгааны үнийг тогтвортой байлгах талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 80 мвт-аар өсч байгаа. Жил тутам өсч байгаа хэрэглээг л хаасан эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах ёстой. Тиймээс өнөөдрийг хүртэл бид шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлээд явж байна. Өнгөрсөн жил гэхэд Эрдэнэтийн уурхайн 50 мвт-ын станц, салхины хоёр станц ашиглалтад орсон. Энэ жил Дарханы станц орж байна. Мөн “ТЭЦ-4”-ийн хоёр генераторын хүчин чадал нэмэгдсэн. Ойрын хугацаанд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудыг өргөтгөх ажлыг хийнэ. Тухайлбал, “ТЭЦ-4”-ийн дөрвөн генераторыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Харин “ТЭЦ-3”-ыг 310 мвт-ын хүчин чадлаар нэмэгдүүлэх үе шаттай төсөл хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна Амгалангийн дулааны цахилгаан станцийн генераторыг тавих гэх мэт ажлуудыг хийнэ. Ингэснээр Улаанбаатар хотын дулааны хэрэгцээ болон цахилгааны хэрэгцээ ойрын хугацаанд хангалттай болно. Цаашид дулааны хоёрдугаар цахилгаан станцийг 300-650 мвт-ын хүчин чадалтай болгож өргөтгөвөл ойрын 10 жилд нийслэлийн дулааны цахилгааны хэрэгцээ бүрэн хангагдана. Сэргээгдэх эрчим хүчинд нэлээд хүндрэлтэй асуудал үүссэн байсан. Гэхдээ бид асуудлыг шийдвэрлээд явж байна. Ялангуяа дэмжих тариф бол дэлхий дээр хамгийн өндөр үнэтэйгээр шийдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл 2-4 дахин үнэтэй. Үүнийг хэрэглэгчид төлдөг гэсэн үг шүү дээ. Нар, салхины станцууд ашиглалтад орохоор цахилгааны үнэ автоматаар нэмэгддэг. Тиймээс үүнийг хямдруулахын тулд хаврын чуулганаар өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу хамгийн хямд үнэ өгсөн компанид олгодог байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр цаашид цахилгааны үнэ нэмэгдэхгүй гэсэн үг. Үнэ өсөхөд нөлөөлж байгаа бас нэг гол хүчин зүйл нь импортын эрчим хүч. Бид нийт эрчим хүчнийхээ 20 хувийг гаднаас авдаг. Үүнийг төгрөгөөр биш ам.доллароор төлдөг. Гэтэл долларын ханш 1450-2600 болж өссөн. Энэ хэмжээгээр төлбөрийн хэмжээ нэмэгддэг. Тэгэхээр цахилгааны үнийн өсөлт валютын ханшаас хамааралтай болчихоод байгаа юм.
-Усан цахилгаан станц өртөг багатай, хамгийн тохиромжтой станц гэдэг юм билээ. Цаашид усан цахилгаан станц нэмж барих уу?
-Усан цахилгаан станц бол нар, салхины станцын системийг зохицуулах гол эх үүсвэр болдог. Жишээлбэл, нар жаргахад нарны станцууд дутагдалд орно. Энэ дутагдлыг бид Оросоос нөхөж авч байна. Манай станцууд шууд цахилгаан нийлүүлж чаддаггүй. Унтарснаас хойш дөрвөн цагийн дараа цахилгаан нийлүүлдэг юм. Усан цахилгаан станц бол нэг кноп дараад л цахилгаан нийлүүлнэ. Энэ мэт ач холбогдол ихтэй. Тиймээс Эрдэнэбүрэнд ирэх оноос усан цахилгаан барих ажил эхлэх гэж байна. Хамгийн тохиромжтой, хүчин чадал бүхий усан цахилгаан станц бол Эгийн голынх. Гэхдээ биологийн нөлөөлөл гэх мэт хойд хөрштэйгөө зохицох асуудал бий.
-Нэг усан цахилгаан станцыг ямар өртөгөөр барих боломжтой вэ?
-Нэг мвт нь 1-2 сая ам.доллар байдаг.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл дууссан. Дулаанаа өгөөд эхэлчихсэн.
-Тог тасардаггүй ухаалаг системтэй болох тухай ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ ажил хэд хэдэн зүйлийг хийсний дараа болох юм. Эхлээд 100 мвт-ын батарей хуримтлуулалг тавина. Үүнийг ирэх ондоо багтаж тавихаах ажиллаж байна. Ингэснээр тог тасрах асуудал байхгүй болно гэсэн үг. Усан цахилгаан станц бол нөөцөд байгаа турбинаа залгаад шууд цахилгаанаа авна. Усан цахилгаан станц, батарей хуримтлуулагч тавьсанаар тог тасрах, хөлдөх асуудал бүрэн шийдэгдэнэ.
Тэгэхээр ирэх он гэхэд батарей хуримтлуулагч суурилуулснаар тог тасрах асуудал байхгүй болно гэдгийг салбарын сайд ийн мэдээллээ. Тэгвэл цахилгааны үнийг тогтоодог “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахилгааны үнийн нэмэгдлийн талаар мэдээлэхдээ “Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэхэд гадаад хүчин зүйлс буюу нүүрсний үнэ, төмөр замын тээвэр, гадаад валютын ханш болон бусад зүйлс нөлөөлж байна. Дээрх олон хүчин зүйлээс гадна сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож, эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон. Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох дотоодын эх үүсвэрээр хангаж, өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах чиглэлд голлон ажиллаж байна” гэв.
Эрчим хүчний яамны нээлттэй хаалганы өдөрлөгт тус яамны харьяа хувийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Үүний дотор авто машины дотоод хэрэглээний цахилгаан хангамжийг нарнаас авах боломжийг бүрдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” анхаарал татав. Тэд автомашины дээр нарны зай суурилуулснаар дотоод хэрэгцээнийхээ цахилгааныг нарнаас авах боломжтой болох аж. Ингэснээр автомашин тогоо алдах нь удаан болж, 130 км яваад батарей нь дуусдаг байсан бол энэ хугацааг уртасгах давуу талтай юм байна. Уг нарны зайг бүх төрлийн цахилгаан машин, приуст суурилуулах боломжтой аж.