ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Гэрэл: Нэхмэл, сүлжмэл бол хуучрахгүй, хаягдахгүй урлал

Ц.ЭНХТҮВШИН
2019-10-09

Бүсгүйчүүд нэхмэл гуталд дурлаж өөрийн гараар нэхэж, өмсөх сонирхолтой болжээ. Тэдний зорьж очдог хүн нь Лувсандамбын Гэрэл хэмээх үйлчин бүсгүй. Тэрбээр,  багш, зоотехникч мэргэжилтэй. Багшийн сургууль болон ХААИС-ийг тус тус төгсчээ. Түүнийг энэ удаагийг “Хөлсний амт” буландаа урьж, ярилцлаа. 

-Нэхмэл гутал хэрхэн сүлжиж, нэхэхийг заана гэдэг тун ч ур чадвар шаардах ажил байх. Та хэдийнээс энэ урлалаар “наадаж” эхлэв?
-Бага байхад л ээж минь юм нэхдэг байж билээ. Үргэлж гэрт хүн юм нэхээд байхаар өөрийн эрхгүй оролдож эхэлдэг. Тэр үеэс л суурь нь тавигдсан хэрэг. Сурч боловсроно гээд байнга нэхээгүй ээ. Харин залуу цагтаа үеийн хүүхнүүдтэй хамт нэхэж, бие биеэсээ харилцан суралцдаг байлаа. Тэтгэвэрт гараад хоббигоо жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн. Би анхлан урт түрийтэй оймс нэхдэг байлаа. Оймс ул нь их амархан цоорно. Тиймээс яаж удаан өмсдөг болгох вэ, ултай хийж болдог болов уу хэмээн оролдож эхэлсэн. Ингээд ширэн ул дэлгүүрээс авч, шөвгөөр цоолоод нэхэж үзтэл болмоор санагдлаа. Хуучин гутлын ул нааж үзэхэд бүр аятайхан санагдсан. Тэгээд л янз бүрийн ном, сэтгүүл зэргээс суралцан, өөрийн мэддэг дээрээ шинэ мэдлэг, туршлага нэмсээр нэхмэл гутал нэхээд сууж байна даа. 

-Өөрөө бие даан нэхээд сурчихсан хэрэг үү?
-Би хэсэг хугацаанд Шведэд амьдарсан юм. Тэр үедээ зөвхөн нэхмэл, сүлжмэл гутлыг дангаар нь хийсэн. Нэг гутал нэхчихээд эргэж хөвнө, дахин нэхэх гэх мэтээр хоёр жил гаруй хугацаанд зөвхөн нэхмэл гутлаар дагналаа. Сүүлийн үед манай эмэгтэйчүүд клуб байдлаар уулзаж, сурсан мэдсэнээ нэг нэгэндээ зааж өгдөг болсон. Бас мэдэхгүй нэг нь бусдаасаа суралцах соёл дэлгэрлээ. Намайг Шведэд амьдарч байхад тийм клубууд маш олон байлаа. Хэл мэдэхгүй ч хүмүүсийн хийж буйг хараад тэднээс их зүйл сурсан даа. Хүн гэдэг амьтан өөрийн сонирхож буй зүйлийг хийж сурахын тулд мэдрэмжээрээ дэвшээд, хөгжөөд явчихдаг юм билээ. Өөрийн сурч мэдсэнийг нутагтаа очоод монгол хүүхнүүддээ зааж өгөхсөн гэж боддог байсан шүү. Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд зөвхөн гутал хийх техникийг өөрийнхөө хэмжээнд сурч мэдээд ирсэн юм.

-Одоо шавь нарын тоо хэр олон болж байгаа бол?
-Ерөөс миний зорилго бусдыг сургах л байлаа. Ирснээсээ хойш сургалт явуулж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөж. Монгол хүүхнүүд чинь гайхалтай бүтээлч, уран, шинэ зүйлийг сурч мэдэхийг хичээдэг болсон байна. Энэ хугацаанд маш олон хүн нэхмэл гутал хийхэд суралцлаа. Сургалтад сууж буй хүмүүсээ нэрийг нь бичээд тоо гаргаад явдаг юм. Өнгөрсөн жил тоолж үзэхэд 400 гаруй шавьтай болсон байсан. Өнөө жил нэлээд өргөн хүрээнд сургалт явууллаа. Долоо хоногт таван удаа сургалт явуулсан. Нэг удаагийн сургалтад 20 орчим хүн гэхээр нэлээд тоо гарах байх. Ялангуяа зуны улиралд амралт таараад цагийг үр дүнтэй өнгөрөөх хүсэлтэй охид бүсгүйчүүд олноор зорьж ирдэг. Улирлын байдал ажиглагддаг.  Намар болоход өдөрт 5-10 хүн ирж суралцана.

-Тухайлбал, 37 размерын урт түрийтэй гутал нэхэхэд хэдий хэр зардал гардаг юм бол. Бас хэдий хугацаанд нэхэх вэ?
-Нэхмэл гутлын үндсэн бүтээгдэхүүн нь утас, ул хоёр. Суралцагч анх ирэхдээ зүү шөвөг гэх мэт багажаа авна. Эхний удаа ирэхдээ 20 000 төгрөгтэй ирээд л дээрх багажаа авдаг. Тэгээд өөртөө таалагдсан хээгээр өөрт таарсан хөнгөн бөх, дахин давтагдашгүй ганц хос гутлаа хийж аваад л явна даа. Нэг хос гутлыг гурав хоногт л нэхнэ. Надад захиалга их ирдэг ч хийж амждаггүй. Гадаадаас хүртэл захиалга ирнэ. Би шавь нартаа захиалгаа хуваагаад өгчихдөг.  Гарын шавь нар маань гурав хоногт л захиалгыг нь нэхээд өгчихнө. Ямар гутал ямар хээтэй хэрхэн хийх вэ гээд захиалагчтай нь шавиа холбоод өгчихдөг. Тэд хэн хэнийгээ гомдоохгүй, ажлаа сайн гүйцэтгэдэг юм. Захиалагчийн хүссэн гутал бүхэн харилцан адилгүй өртөгтэй. Хийж буй гутлын хээ, нэхмэлчний хөдөлмөр, материал гэх мэтээс хамаарч 45000-90000 төгрөгт борлуулдаг юм. 

-Огт юм нэхэж үзээгүй хүн гутал нэхэж сурна гээд ирэх үү. Таны шавь нар хэдээс хэдэн насныхан байна? 
-Хүндрэл гайгүй дээ. “Юу ч нэхэж чадахгүй шүү” гэж орж ирээд гурав хоногт хос гутал нэхээд л гардаг юм. “Хөх зүү хөндлөн хөшдөггүй” гэж яриад орж ирдэг хүн олон л байдаг. Гэхдээ манай хүүхнүүд аливаад эвтэй. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн хичээл чанартай сайн ордог нь анзаарагддаг. Анх өөр шигээ тэтгэврийн насныханд сургалтаа явуулахсан гэж боддог байлаа. Гэрт суухаар хөгширсөн мэдрэмж төрдөг шүү дээ. Тиймээс тэтгэврийнхэн ирээсэй гэж бодож байсан бол одоо хамаагүй болсон шүү.  Найман настай балчраас эхлээд 80 настай ахмадууд хүртэл миний шавь нар болсон. Гэртээ хүүхдээ харж суугаа залуу ээж нар миний сургалтад ирж суудаг юм. 

-Нэхмэл сүлжмэл гутлын гол түүхий эд болох утасны олдоц хэр байдаг бол? 
-Түүхий эдийн хувьд хангалттай. Нэхмэлийн түүхий эд, багаж хэрэгсэл оруулж ирдэг 3-4 дэлгүүр ажилладаг. Тэндээс түүхий эдээ авна.  100 хувь акрил утсаар хийнэ. Бас 100 хувь монгол хонины ноосоор хийж болно. Ингэж хийсэн гутал арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл өмсөнө шүү. Тусдаа оймс хийгээд дотуур нь өмсчихнө. Салгаад угааж цэвэрлэхэд хялбар байдаг юм.

-Нэхмэл байтугай арьсан, ширэн гутлын зуузай бол толгой өвтгөсөн асуудал санагддаг. Түүнийг нь яаж шийдэв? 
-Зуузайн асуудал хүнд биш. Давхарлаж нэхэж хийсэн гутлын зуузай суудаггүй.

-Жил бүрийн намар “Нэхмэлчдийн олон улсын өдөр” гэж болдог юм билээ. Энэ жил Монголын нэхмэлчид сонин содон тэмдэглэхээр болсон сурагтай. Энэ талаар тодруулж яриач? 
-Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт “Олон улсын нэхмэлчдийн өдөр” болдог юм. “Монголын гар нэхмэлчид, сүлжигчдийн холбоо” хэмээх ТББ -ыг санаа нэгдсэн хэдэн бүсгүйчүүд байгуулаад удаагүй байгаа. Өмнө нь энэ тэмдэглэлт өдрийг манай нэхмэлч, уран бүсгүйчүүд хэд, хэдэн удаа тэмдэглэж байсан юм билээ. Энэ жилийн тухайд бүсгүйчүүд нэг байгууллагад нэгдэж, бас зохион байгуулалтад орж байгаа учраас илүү өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөгөө хөтөлбөрөө гаргасан. Тодруулбал, “Алтан намар” сэдвийн хүрээнд сүлжмэл малгайны уралдаан, “Амьдралд тавтай морил” гэсэн уриан дор бойтогны уралдаан зохион байгуулна. Бас мэргэжлийн багш нар үнэгүй зөвлөгөө өгнө. Үзэсгэлэн худалдаа явуулна гэх мэтээр маш олон сонирхолтой хөтөлбөрүүд бүхий арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. 

-Монголд гар нэхмэл, сүлжмэл хэдийнээс хөгжиж эхэлсэн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо? 
-Хэзээ ч хаягдахгүй, хуучрахгүй урлал бол гар нэхмэл. Монгол орны хувьд бүхий л түүхий эд нь байдаг. Гар сүлжмэл, нэхмэлийн түүхийн талаар арвин их мэдлэг алга. Гэхдээ орос ах нараас л сурцгаасан болов уу. 1940-50-иад оны үеэс манай ээж, эмээ нар хүүхдүүддээ оймс, бээлий, малгай, орны кружева нэхэж байсныг мэднэ. Миний ээж буриад. Сэлэнгийн уугуул. Орос найз нөхдөөсөө л нэхэж сурсан болов уу гэж боддог юм.