“Хөлсний амт” булангаар “Wonder jewelry” брендийг үүсгэн байгуулагч Эрдэнийн чулууны дархан Ч.Энхболдтой ярилцлаа. Түүний хувьд байгалийн чулууг засахаас гадна, тэдгээр чулуугаар зүүлт гоёл чимэглэл хийдэг аж.
-Алт мөнгөний дархан гэхээр нийтлэг сонсогддог шүү дээ. Харин Эрдэнийн чулууны дарханы талаар сонсоогүй юм байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Би Хөвсгөл аймагт төрж өссөн. Намайг бага байхад ээж, аав хоёр Хөвсгөл далайн эрэгт амьдарч байгаад хүүхдүүдээ сургуульд орох үеэр Мөрөн хотод шилжиж ирсэн. Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгссөн. Долоон наснаасаа хойш жуулчдын анхаарлыг татахуйц хөнгөн материал буюу цаа бугын эвэр, яс, модоор гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс хийж зардаг байлаа. Хүүхэд байхдаа хийж сурсан, бүтээсэн зүйл намайг өнөөдрийн түвшинд авчирсан гэж боддог. Чулууны соёл манай улсад бараг байхгүй болсон гэхэд хэлсдэхгүй. Орчин цагт нийгэм эдийн засгаас хамаараад залуус өөр, өөр түвшний мэргэжил сонгож байгаа учир манай улсад чулуун гоёл чимэглэл орхигдсон. Миний хувьд энэ мэргэжлийг сонгоход эхэндээ их хэцүү байсан. Алт мөнгөний дархан гэж байдгаас эрдэнийн чулууны дархан гэж хүмүүс сонсоогүй байх. Гэхдээ цоо шинэ мэргэжил бол биш. Эртнээс өвлөгдөж ирсэн ажил. Одоо сургалтад хамрагдаад сертификат авсан. 2008 оноос эхлэн чулуугаар гоёл чимэглэл хийсээр өнөөдрийг хүрлээ. Олон жил чулуутай найзалж байна даа.
-Болор гэж танихааргүй чулууг үнэхээр тансаг, чамин эд болгосон байна шүү дээ. Чулууг засаж, янзлах технологийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу. Их нарийн ажиллагаа шаарддаг байх?
-Эрдэнийн чулууг байгальд байхад нь харахад их гунигтай харагддаг шүү дээ. Чулууг засахын тулд маш их процесс явдаг. Хамгийн энгийнээр хүмүүст ойлгуулахад, эмэгтэй хүн хумсыг хэрхэн засаж, хэлбэрт оруулдгийг мэднэ дээ. Гэтэл бүхэл бүтэн хатуу чулууг засна гэдэг нь алмазан иртэй, маш хурдтай эргэлттэй машинд усны дусал дусааж, түүнд нэг бүрчлэн чулуугаа барьж засдаг гэсэн үг л дээ. Алмазан иртэй дискнүүд маш хүчтэй төхөөрөмжид эргэлддэг. Энэ ир нь маш арзгар зүлгүүрээс нарийсаж явсаар, макро элемент буюу химийн онцгой найрлагатай нунтгаар эцсийн өнгөлгөө хийх замаар маш чамин болдог. Чулуу хөгжөөд үйлдвэрлэл болбол “Говь” кашмер гэдэг шиг маш том олон дамжлагатай үйлдвэр болох юм. Миний хувьд гэртээ ажлаа эрхэлдэг. Өөрөө чулуу засалтаар мэргэшсэн учир ганцаараа л ажиллаж байна. Энэ их зассан чулуу миний маш олон жилийн хөдөлмөр. Эрдэнийн чулуун дархнаар гадна, алт мөнгөний дархнаас хоёр жил сурсан. Арга техникийг сурчихсан учир алсдаа өөрийгөө улам их хөгжүүлнэ гэж боддог.
-Түүхий эд нь хэр нийтлэг байдаг вэ?
-Манайх “Wonder jewelry” брендийн гол түүхий эдийг Монголоосоо гаргана гэсэн зарчмыг баримталдаг. Манай орон болорын илэрц маш ихтэй. Хамгийн ойрхон нь гэхэд Тэрэлж, Горхи, Төв аймаг, цаашлаад бүх аймгууд болорын илэрцтэй гэж үздэг.
-Чулуугаа хэрхэн цуглуулдаг вэ?
-Бид орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, нийгэмд өөрсдийнхөө хувь нэмрийг чадах чинээгээрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй. Энэ дагуу хөдөөний цөөхөн малтай, амьдрал тааруухан иргэдээс чулуу худалдаж авах сонирхолтой байдаг. Мөн хайгуулын ажил хийж байгаа хүмүүст тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ зарим тохиолдолд хятадууд орон нутгийн иргэдээс өндөр үнээр аваад дэлхийн чулууны экспод маш үнэтэй худалдаалдаг юм. Ингэхдээ байгалиасаа өвөрмөц тогтоцтой, сонин содон хэлбэртэй засаагүй чулууг баячуудад үнэтэй зардаг.
-Хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх нь гарааны бизнес эрхэлж буй хүмүүст том асуудал байдаг шүү дээ. Санхүүжилтээ хэрхэн бүрдүүлж байв?
-Гарааны бизнес эхлүүлж буй залууст яг үнэндээ санхүүгийн дэмжлэг хэзээ ч байдаггүй. Яагаад гэхээр, байхгүй бүхнийг биднээс шаарддаг. Тухайлбал, барьцаа хөрөнгө. Над шиг олон залуус хийе гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго зорилт байгаа боловч хөрөнгө, санхүүгээр маш их боогддог. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд материал бүрдүүлж өгөхөөр мөн л барьцаа хөрөнгө шаардана. Гол шалгууртаа тэнцдэггүй учир хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл зээлээ төлж чадахгүй шантрах үе гарна. Гэхдээ л хөрөнгийн эх үүсвэр байхгүй ч хүсэл, сонирхол байгаа учир бор зүрхээрээ зүтгэж л явна. Цаашид өсөж дэвжих үү, эсвэл дампуурах уу гэдэг эгзэгтэй үедээ явж байна даа /инээв/. Одоогоор надад 100 сая төгрөг байвал хангалттай хэмжээнд биш ч гэсэн үйл ажиллагаагаа таслахгүй явна гэж боддог.
-Борлуулт хэр байна. Аливаа үйл ажиллагаа, ялангуяа худалдаа эрхлэхэд маркетинг гэдэг чухал зүйл бий болж?
-Одоохондоо ашгаа авч чадаагүй. Түрээсээ төлж, түүхий эд материалаа худалдаж авах мөнгө гарна. Мэдээж ажил хийж байгаа юм чинь идэх хоолны мөнгөө олно шүү дээ. Маркетингийн хувьд өөрсдөөсөө шалтгаалах энгийн зүйлийг хийж байгаа л даа. Тухайлбал, цахим орчинд фэйсбүүкээр бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Бүр олон нийтийг хамарсан хүчтэй сурталчилгаа хийхийн тулд гарааны бизнес хийдэг маркетингийн залуустай холбогдож эхэлсэн. Эхлээд удаагүй байгаа учир мөнгө төлөөд маркетингийн баг хөлслөх боломжгүй. Тиймээс залуучууд хоорондоо ярилцаад, нийгмийн олон үйл ажиллагаанд оролцож, бие биедээ хэрэгтэй ямар арга зам байгааг судлаад явж байна.
-Цаашид ажилтан сургаад ажиллуулах боломжтой юу?
-Яг үнэндээ чулууны засалтын чиглэлээр ажиллах хүсэлтэй залуус байдаггүй. Зарим залуус хүн бүрийн хийдэг нийтлэг ажлыг хийвэл хоолтой явна гэж боддог юм шиг санагддаг. Монголд хангалттай, чадвартай, бүтээс хийе гэсэн залуус байгаа ч улс тэдгээр залуусыг зөв олж таниад, хэрэгтэй үед нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээсэй гэж боддог. Дэлхийн хөгжилтэй орнуудыг судлаад үзэхээр залуусаа өөр, өөр улс орнуудад суралцуулах, дадлагажуулахад их анхаардаг юм билээ. Улмаар тэд эх орондээ ирээд хөгжлийг бий болгодог.
-Гадны ийм туршлагыг судалж үзсэн үү. Чулуун гоёлын чиг хандлага ямархуу байх юм шиг байна?
-Дэлхийн чулууны хөгжлийн чиг хандлага маш өндөрт очихсон. Манай хөгжил дөнгөж л XIII зууны үед л явж байгаа юм шүү дээ. 2000 гаруй жилийн өмнөх олдворууд үнэт эрдэнийг гоёл, чулуугаар шигтгэсэн эд хэрэгслүүд олддог. Эртнээсээ л тансаг хэрэглээтэй хүмүүс байсан гэдэг нь нотлогдсон. Төр засгаас нь үзүүлэх дэмжлэг сайн байдаг учир санхүүжилтэндээ санаа зовохгүйгээр уран бүтээлээ бий болгодог юм билээ. Жишээ нь, дэлхийн чулууны экспо боллоо гэхэд тэнд мастеруудын онцгой засалтууд бусад улс орнуудыг гайхшруулах хэмжээний онцгой бүтээлийг залуус хийдэг. Миний хувьд тийм онцгой бүтээлийг хийхэд хэцүү.
-Яагаад?
-Бүтээлээ хийчихээд хэрхэн зарах, дараа нь олсон ашгаа дэлгүүрийн түрээс, маш энгийн зүйлдээ зарцуулаад дуусчихдаг учир дэлхийн хэмжээд гарах хүсэл хязгаарлагддаг /инээв/.
-Гэхдээ танайх Монголын брендийг бий болгоход тун ойрхон байгаа юм байна шүү дээ?
-Монголчууд алт, монет зүүх сонирхолтой байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүмүүс чулууг бага зэрэг сонирхож эхэлж байна. Ер нь бол чулууны асар том боловсрол бий. Хүмүүс тэр бүр мэддэггүй. Дээр үед хоолны боловсрол гэхээр, хоолонд боловсрол ямар хамаатай юм бэ гээд их гайхдаг байлаа шүү дээ. Гэтэл хоол нь дотроо хэдэн хувийн уураг агуулдаг, нүүрс усны хэмжээ гэх мэтчилэн хүний эрүүл мэндтэй холбоотой найралгыг агуулдаг тухай мэдэх шаардлага гарсан. Харин чулуу маш том ертөнц. Хашчулуу л гэхэд дотроо 30-40 төрлийн сорттой байх жишээтэй. Гэтэл хүмүүс 30-40 төрлийг ямар сортын чулуу вэ гэдгийг танихгүй шүү дээ. Бусад чулуу ч адил. Бүр сортоор ялгаж таних нь битгий хэл хиймэл чулуу, байгалийн чулуу хоёрыг ялгаж чаддаггүй, андуурах тохиолдол их бий. Хиймэл чулууны үнээр байгалийн чулууг авахыг илүүд үзэх гээд байдаг.
-Хиймэл чулуу, байгалийн үнэт чулууг яаж ялгах вэ?
-Байгалийн чулуу өнгө нь хэзээ ч давтагддаггүй. Яг л нэг өнгө мэт боловч дотроо нарийн ялгаатай байдаг. Хиймэл чулуу нэгэн жигд өнгөтэй.
-Цэвэр чулуу хүйтэн байдаг гэж ярьдаг?
-Байгалийн чулуу хүйтэн байдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл, нар үздэггүй газар байгаа чулуу угаасаа хүйтэн. Гэтэл нарны гэрэлд байх чулуу халуун байдаг. Гэхдээ цэвэр болор чулуу хэзээ ч халдаггүй.
-Тэгэхээр үнэ цэнэ чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Байгалийн чулууг маш их хөдөлмөрлөж байж гялтгар, чамин болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөлчгөр чулууг засахад 3-4 цагийн хөдөлмөр ордог бол талст хэлбэрээр засахад том жижгээс шалтгаалаад бүтэн долоо хоног зарцуулдаг. Үнийг баримтлахдаа хэд хэдэн үзүүлэлтийг харж байж дундаж үнийг гаргадаг. Тухайлбал, анхдагч түүхий эдээ геологичид эсвэл малчдаас авахдаа хэдэн төгрөгөөр авдаг, чулуугаа засаж янзлахдаа хэр их цаг хугацаа зарцуулдгаас шалтгаалан харьцангуй үнэтэй.
-Хөөрөг хийж болох уу?
-Монголд хөөрөг хийдэг хүмүүс их байдаг ч надад хөөрөг хийх сонирхол байдаггүй. Хөөрөг хийх зах зээл хангалттай байгаа учир хөөрөг хийгээд амжилт олохгүй юм билээ. Хөөрөг хийж үзсэн л дээ. Харин манайх шиг талстаараа дагнаад ажиллаж байгаа газар ховор. Талстаар мэргэшсэн 2-3 хүн Монголд байдаг. Тэдгээр нь гадагшаа явсан эсвэл сорьцийн хяналтын төвд байцаагч хийх жишээтэй.
-Хийсэн хөдөлмөр, түүхий эдийн үнэ гээд тооцохоор мэдээж өндөр үнээр зарагдах байх. Ямархуу хүмүүс ихэвчлэн чулуун гоёл худалдан авч байна вэ?
-Хобби гэдэг их сонин. Манай хэрэглэгчдийн дийлэнх нь баян хүмүүс байдаггүй. Чулууны хоббитой хүмүүс байдаг. Ер нь л үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн тэр их хүч хөдөлмөрийг үнэлж, зөв ойлгож дэмжээсэй гэж хүсдэг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь буцаад улс орныхоо хөгжлийг дэмжиж буй хэрэг. Үндсэрхэг үзэлтэй хүн гэж хятадуудыг үзэн ядсанаараа биш, үндэсний хэв маягаар амьдрахаар хязгаарлагдахгүй. Гэтэл үндсэрхэг үзэл гэдэг нь, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүний үйлдэл гэж хардаг.