Манай сонин Хятадын эртний сонгодог уран зохиолын ноён оргил болсон зохиолуудаас орчуулан уншигчдын хүртээл болгож буй билээ. Бид өнгөрсөн жил “Сүн уулын хүйтэн уулын бичиг” зохиолыг орчуулан цувралаар нийтэлсэн нь манай хэл бичгийн ухааны эрдэмтэн мэргэд, оюутан залуусын таашаалд нийцэж, сонины эрэлт хэрэгцээ ихэссэн юм. Тиймээс бид энэ удаа Хятадын алдарт дөрвөн зохиолын нэг “Улаан асрын зүүд” хэмээх XVIII зууны алдарт бүтээлийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Хятадын эртний алдарт дөрвөн зохиолын тоонд “Улаан асрын зүүд”-ээс гадна “Гурван улсын түүх”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Усан хөвөө” хэмээх зохиолууд тооцогддог бөгөөд энэхүү зохиолууд нь түүхийн он удаан жилийг элээсэн ч хуучраагүй хэвээр бөгөөд зохиолд гардаг үлгэр домог, орон байрлал нь олон сая хүний төсөөлөлд шингэсэн байдаг ажээ.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЖЭНЬ ШЫ ИНЬ ЗҮҮД ЗЭРЭГЛЭЭГЭЭР БИЛИГТ ХАШИЙГ ҮЗЭЖ,
ЖЯ ЮЙ ЦҮНЬ БОР ТООСОН ДОР ГОО ХЭЭНЦЭРИЙГ ХҮСЭВ.
Энэ бол ном нээж байгаа тэргүүн бүлэг болой. Зохиогчийн хэлснээр бол өөрөө нэг хэсэг зүүдэлсний дараа үнэн учрыг зориуд далдалж “Билигт хашаар” дамжуулан, энэхүү “Чулууны үлгэр” хэмээх бичгийг бичжээ. Тэгээд нэрээ нууцалж Жэнь Шы инь¹ гэсэн гэнэм. Бичигт чухамхүү ямар учир, ямар хүнийг тэмдэглэсэн бэ гэвэл түүний хэлэх нь, “Одоо болтол юу ч хийлгүй, ертөнцийн тоосонд дарагдан суусаар гэнэтхэн урьд өмнөх бүх хүүхнийг санаж, нэг нэгнээр нь эргэцүүлэн хянавал, тэдний явсан суусан, үзсэн мэдсэн нь цөм хэрээс хэтэрчээ. Би сахал самбаатай эр хүн атлаа, тэр ээмэг сүйхтэнд үл хүрэх нь үнэхээр ичингүйрлийн туйл бөгөөд гэмшивч бас ашиггүй тул машид хэцүүдэн төвөгшөөхөд хүрчээ. Тийнхүү тэр өдрөөс би урьдын эзэн, тэнгэрийн хишиг, өвгөд дээдсийн ивээлд шүтэж, торго магнаг дээр өнхөрч тос маханд бялхаж байсан цагт, ах ихсийн сургасан хайрыг мартан, багш, нөхдийн сургаалын ачийг тэрсэлж, одоо болтол ямар ч бүтээлгүй, насныхаа талыг дэмий өнгөрөөсөн алдаагаа наманчилж, бүрэн төгс туурвин бичээд дэлхий дахинаа тунхаглах зоригийг барилаа. Миний хураасан нүгэл хэдий зузаан боловч дотоод хүрээлэнгийн цэцэн ухаантан бас ч мундахгүй олон байх тул болхи би осол цалгайгаа зөвтгөсөөр байгаад тэднийг өөрийн биеийн хамт балрахад хүргэж яасан ч болохгүй. Иймийн тул элбэг дэлбэг гэр, цаасан цонх, эвхмэл ор, эвдэрхий зуух ч өвчүү цээжинд эрчилсэн зоригийг ер мохоож чадсангүй. Харин өглөөний салхи, үдшийн сар, яндрын уд, хүрээлэнгийн цэцэг нэгэнт бийр бэхийг дэвтээн зөөллөв. Би хэдийгээр ном эрдэмгүй боловч ядуу хөдөөх хэл яриагаар эвлүүлэн гаргавал, дотоод сэтгэл уламжлан тархаж болох бөгөөд бас нэгэн цагийн уйтгарыг сэргээж, үеийнхнийхээ нүдийг нээж болох тул бас тустай биш үү. Тийнхүү Жя Юйцүнь² мэтийг гэнэм. Ялангуяа бичгийн дотор хааяа “зүүд”, “илбэ” мэтийн үгийг оруулсан нь уул үлгэрийн уг зорилго болохын хамт бас уншигчдад анхааруулах гэсэн санаа болой” гэжээ.
Мэргэдэд энэ үлгэр хэрхэн үүссэнийг хэлбэл, худал хуумгайд ойртох төлөвтэй боловч нарийвчилбал маш сонирхолтой бөлгөө.
Өгүүлэх нь: эрт урьд Нюй Вэнь овогтон чулууг боловсруулж, тэнгэрийг нөхөх³ цагт эзгүй нэрт Да Хуаншан уулын оргүй нэрт У Жия хаднаа арван хоёр жан өндөр, хорин дөрвөн жан дөрвөлжин том чулууг түмэн зургаан мянга таван зуун нэгэн хэсэг болгоод гурван түмэн, зургаан мянга таван зууг нь хэрэглэж, ганцханыг нь хэрэглэлгүй орхисонд өнөөх нь хар далант хэмээх Чин Көнфөн уулын дор орчихжээ. Санамсаргүй тэр чулуу өөрөө боловсорсоор оюун ухаантай болж, ирж одох, ихсэж багасаж чаддаг болсон бөгөөд олон чулуу цөм тэнгэрийн нөхөөс болсон атал ганцхан тэр л өөрийн бие эрдэмгүйдээ эс хэрэглэгдсэнд гомдон гэмшиж, өдөржин шөнөжин эмгэнэн гасалжээ.
Нэгэн өдөр бас л гашуудан бухимдаж байтал гэнэтхэн нэгэн бумбын шашны тойн лам хоёр айсуй гэнээ. Ажиглавал, дүр байдал нь ер биш, овор шинж нь өөр төлөвтэй ажээ. Хар далант оргилын энгэрт ирж тэд ярилцан сууцгаав. Тэр далимдаа, энэхүү дэвүүрийн унжлага мэт их хөөрхөн янзтай, тод хурц өнгөтэй, тунгалаг сайхан чулууг үзэцгээв. Тойн чулууг алган дээрээ тавиад инээн өгүүлрүүн:
-Дүрс байдал чинь харин билигт эд бололтой. Ганцхан байраа олоогүй тул эрхбиш хэдэн үсэг шигтгэж, хүн бүхэн чиний гайхамшигт эд болохыг үзмэгц таних болгосон хойно, өнө мөнх хөгжин бадарсан орон, ёс эрдэм, засал чимэглэлтэй угсаа, өнгийн цэцэг алагласан газар, элэгсэг дотносог баян эрхэм нутагт аваачиж нэг зэрэг тойруулсугай гэжээ.
Мөнөөх чулуу энэ үгийг сонсоод ихэд баярлаж:
-Чухам ямар үсэг шигтгэж, хаашаа аваачихыг мэдэхгүй тул тодорхой айлтгаж болох уу хэмээн асуусанд, тойн инээж:
-Чи битгий асуу. Хожим аяндаа мэднээ гээд тэр дороо чулууг ханцуйлж, ламынхаа хамт явж одов. Хаашаа явж байгааг мэдсэнгүй. Бас түүнээс хойш хичнээн эрин галав туулсныг бүү мэд. Нэгэн хоосноос хоосон хэмээгч Кун Кун нэрт бумба ном эрдэм бясалгаж, ид шид олохоор энэхүү эзгүй уул, оройгүй асга, хар далант оргилын энгэрээр өнгөрөхөд гэв гэнэт үг үсгийг тов тодорхой бичсэн нэг их чулуу харагджээ. Кун Кун бумба түүнийг нэгэд нэгэнгүй үзэхэд, тэр нь тэнгэрийг нөхөх хувьгүй ч шидийг олж ертөнцөд буун Энэбиш хэмээх хувилгаан болон Тэрбиш хэмээх шидтэнийг дагаж улаан тоосгонд хувилаад энд хүрч ирсэн нэгэн том чулуу ажгуу. Дээр нь ойчсон, төрөл олсон газар дотоод сэтгэлийн янаг дурлал, шүлэг дуулал, оньсого таавар бүрэн байх бөгөөд гагц хүү улсын нэр, он жил нь балран, магадлахын аргагүй болжээ. Ар талд нь нэгэн бадаг шүлгээр:
Эрдэм мөхөсдөж, тэнгэрийн нөхөөс эс болсон тул
Энгийн ертөнцийн улаан тоосгонд дэмий баахан амьдрав.
Энэ болвоос урьд хождын учрал барилдлага буюу
Эгүүнийг хэн нэгэн тэмдэглэн аваачиж гайхамшигт шаштир болгоном гэжээ.
Кун Кун бумба үүнийг харуут, энэ бол ер бишийн чулуу болохыг мэдээд тэрхүү чулуунд өгүүлсэн нь: “Чулуу ахаа, таны энэ үйл явдал нь, өөрийн чинь хэлэхээр нилээд сонирхолтой тул энэ дэлхийд алдаршуулахыг бодож энд сийлэн бичив хэмээжээ. Гэтэл миний бодохоор, юуны урьд улсын нэр, он жилийг магадлах аргагүй. Дараачид нь, их мэргэд, шударга зүтгэлтэн төрийг засаж, түмнийг сургасан сайхан засаг алга. Харин зөвхөн өөр байдалтай хэдэн охидын янаг амрагийн явдал буюу эргүү мунхаг, эсвэл өчүүхэн эрдэм, нимгэн үйл төдий болох тул, би аваачиж сийрүүлнэ. Гайхамшигт бичиг хэмээгдэж үл болно” гэсэнд мөнөөх чулуу үг дуугарч хариу өчрүүн:
-Багш та юунд мангуурна вэ. Би санавал эртнээс түүх судар бүхэн цөм “Хан улс”, “Тан улсад” нэр халдаасан төдий болой. Ганц миний энэ чулуун дээрх тэмдэглэл бол тэр суртлыг дагасангүй. Зөвхөн өөрийн хэрэг учрын ёс зүйг үндэслэсэн тул харин ч баахан сонирхолтой, сайхан бөгөөд өөрөө онцлогтой болжээ. Тэрчлэн түүх судрын дотор эзэн түшмэдийг муушаах эмс охидыг доромжлох, үжид самуун, хэрцгий балмадыг бичих нь тоо томшгүй буюу. Нэн бас нэг зүйлийн оо энгэсгийн бичлэг нь, садар самуун, бузар буртгаараа хүүхэд дүү нарыг амархан хордуулна. Тэдгээр цэцэн нуган үр, сайхан охид мэтийн бичиг гэвэл, ам нээмэгц Вэнь Жюнь4 хуудас дүүртэл Зы Жянь5 гэж мянган ижийг нэгэн аясаар, мянган хүнийг нэг зүсээр зохиодог бөгөөд бас зохиогчоос өөрийн хэдэн бадаг янагийн шүлэг өнгөний магтаал юугаан бичиж оруулахын тулд, зоримгоор эр, эм хоёр хүний нэр овог зохиож, хооронд нь бас заавал ший жүжиг дэх хутгаачин мэтийн нэг өчүүхэн хүнийг хутгалдуулан бичивч мөн үжид самуунаас ер салж чаддаггүй болой. Ялангуяа зөвхөн “ану, ину, мой, нам” хэмээн хоосон үг үсгийг хөөцөлдөж, зүй журмыг тэрслэн харилцан зөрчилдөх нь нэн жигшилтэй болой. Түүн лүгээ үлгэрлэвэл, миний энэхүү насны турш нүдээр үзэж, чихээр сонссон хэдэн охин, хэдийгээр эрт урьдын үлгэр, зохиол дахь алив охидоос хэтэрлээ гэж хэлж болохгүй боловч үйл явдлын эх адгийг үзвээс бас уйтгар гунигийг арилгаж болох бөгөөд хэдэн бадаг сулхан шүлэг нь мөн архи, идээ зуушны даруулга болж болно. Үүний доторх хагацаж нийлж, зовж, баяссан, дэгжиж, доройтсон хувь зохиолуудыг бол хуумгай ташимгай болгон засаж чимэлгүйгээр, үгийн мөр, жорыг нь үндэслэсэн бөгөөд орчлонгийн хүмүүсийг архинд халж, нойроос сэрэх цаг буюу хэргээс зайлж, сэтгэл сэргээн суух үед үүнийг нэгэн мөр сонирхвол, хуучнаа шинэтгэхээр барахгүй, насан хутаг, тамир тэнхээгээ гамнаж, цаашид хоосныг санаж хий аашлахгүй болохыг хүссэн бөлгөө. Багш таны бодол ямар вэ гэж асуужээ.
Ийн хэлэхийг Кун Кун бумба сонсоод, удтал бодолхийлж энэхүү “Чулууны үлгэр”-г дахин нэг удаа шүүж уншихад, дотор нь их төлөв янаг амрагийн явдлыг бичсэн бөгөөд бас зөвхөн үнэн учрыг хэвээр буулгасан төдийгөөс бус суртлыг самууруулж үжид самууныг дэлгэрүүлсэн гэм огт үгүй тул сая эхнээс адаг хүртэл сийрүүлэн авчирч дэлхий дахинаа дэлгэрүүлжээ. Үүнээс хойш Кун Кун бумба, хоосноос өнгийг үзэж, өнгөнөөс дурлал төрж, дурлал нь тачаангуй болж, тачаангуйгаас хоосныг ухаараад нэрээ сэтгэлт тойн гэж “Чулууны үлгэр”, “Сэтгэлт тойны бичмэл” хэмээн өөрчлөв.
Зүүн Лү газрын Кун Мэйши6 “Урин нисванисын эрдэнийн толь” хэмээн гарчиг тавив. Хожим Цао Шюэчинь, Дао Хун шювань нэрт бичгийн өрөөнд арван он туулж, таван удаа засаад гарчиг бичиж, бүлэг хуваан “Жинь Лин”7-гийн арван хоёр сүйхтэн” хэмээн нэрлэж, бас нэгэн тасархай бадаг зохиочхов.
Хуудас дүүрэн худал хуумгай үгс
Хашрал, эмгэнэлийн нэгэн хэлхээ нулимс
Хамаг бүхэн зохиогчийг шуналтай гэнэмү
Харин доторх санааг хэн ухнам бэ гэжээ.
“Чулууны үлгэр”-н үүсэл гарал нь нэгэнт тодроод, ганц чулуун дээр ямар хүн, ямар хэргийг тэмдэглэснийг эс мэдэх тул унших мэргэд чихний сонортоо авна уу.
Тэрхүү чулуун дээр бичсэнийг үндэслэвэл, эрт цагт газрын зүүн өмнө хэсэг цөмөрчээ. Тэр зүүн өмнө зүгт Гү Сү нэрт нэгэн хот байжээ. Хотын дунд Чан Мэнь нэртэй хаалга бий. Энэ бол улаан тоосны доторх тэргүүн, дэд зэргийн баян эрхэм өнөр хөгжилтэй орон бөлгөө. Хаалганы гадна Шы Лиже хэмээх өргөн чөлөө бий. Тэр дотор Рэнь Чин Шян хэмээх гудамж бий. Гудамжинд, нэг хуучин сүм байсан бөгөөд эргэн тойрны газар нь давчуу тул хүмүүс түүнийг “Хулүгын сүм” гэнэ. Сүмийн хажууд овог Жэнь, Нэр Фи, өргөсөн нэр нь Шы инь хэмээх хөдөөх нэгэн тушаалтан сууж байлаа. Авааль эхнэр Фөн Шы бол амарлингуй дөлгөөн зантай, ёс журам сайн мэдэх хүн болой. Тэднийх төдий л баян чинээлэг биш боловч тэндээ бол сурвалжит айлд тооцогдоно. Энэ Жэнь Шы инь бол нэр алдарт шунадаггүй, цэгц төвлүүн зантай, цэцэг тарьж, хулс арчлан, сархад сөгнөж, шүлэг уянгалуулахаар цэнгэл болгосон үнэхээр нэгэн арш сахиулсан мэт хүн болой. Ганцхан хясаантай зүйл гэвэл, тавин нас өнгөртлөө хүүтэй болж чадсангүй, ганц охин нь гуравхан настай. Нэрийг нь Ин Лянь гэнэ.
Зуны нэгэн бөгчим халуун өдөр Жэнь Шы инь бичгийнхээ өрөөнд зүгээр сууж байтал гар нь гэнэт хөшиж барьж байсан бичгээ алдан ширээ тохойлдон авангуут санамсаргүй зүүрмэглэснээ, нэг газар хүрч, ямар газар болохыг нь мэдэх гэж ядан байх зуур тэртээгээс нэгэн тойн, бумба лам хоёр ярилцсаар айсуй гэнэ. Яриаг нь чагнавал бумба нь “Та энэ юмыг авч хаашаа авч одно вэ” гэж асуусанд тойн инээгээд: “Та санаа амар бай. Одоо нэг хэсэг нөгчигсдийн зарга гараад түүнийг таслах хэрэгтэй болжээ. Тэдгээр нөгчигсдийн сүнснүүд арайхан орчлонд бууж төрөл олж амжаагүй тул энэ эдийг далим болгон үзүүлье” гэж өгүүлэв.
Бумба хариуд нь “Тэр нөгчигсдийн сүнснүүд, бас дахин орчлонд бууж нүгэл амсах болсоон. Ганцхан юунаас үүсч аль зүгт буухыг мэдэхгүй” гэсэнд Тойн: “Энэ учрыг хэлбэл инээдтэй бөлгөө. Тэр өдөр Ва хаан, энэ чулууг хэрэглээгүйгээс болж тэрбээр энүүгээр тэнүүгээр тойрон зорчсоор яваад нэг өдөр зэрэглээн цэцэн дагина Жин Хуань Шянь Зын дэргэд иржээ. Дагина, түүний угийн байдлыг мэдсэн тул улаан гэрэлт ордондоо байлгаж, цог гэрэлт хэмээх зарцаа болгожээ. Түүнээс хойш энэ чулуу баруун, тэнгэрийн билгийн голын хөвөөгөөр зугаацан явж, голын хөвөөний гурван төрлийн чулууны дэргэд ургасан “Улаан сувдан шидэт өвсийг” үзжээ. Тэр нь машид уян нахилзуур бахархам сайхан тул өдөр болгон рашаанаар ундаалжээ. Түүнээс хойш мөнөөх “Улаан сувдан өвс” урт удаан хоног амьдарсаар тэнгэр газрын шимийг олж рашааны хурын дээжийг хүртсэний буянаар, өвс модны төрлөө орхиж, хүн дүрсийг олоод охин бие бүтэж, өдөржин “Хагацалт” тэнгэрийн гадуур зорчиж, өлсвөл “Амраг жимсийг” идэж, цангавал “Гунигт усыг” уужээ. Гэвч гагцхүү умдаалсаны ачийг хариулаагүй учир дотор таван цул нь эвхрэн ороолдсон мэт болж шаналгасан тул “Миний бие хүний рашааны хурыг хүртжээ. Над хэдийгээр буцаан өгөх тийм умдгүй боловч, хэрвээ тэр орчлонд бууж, хүний төрлийг олбол би мөн хамт очиж, миний нэг насны нүдний нулимсаараа хариулсан ч лав бардаагаар хүрэлцэнэ” хэмээн санан санан хэлжээ. Энэ нэгэн учраас даруй өдий төдий нөгчигсдийн сүнснүүд цөмөөр орчлонд бууж, хувь ерөөлөө эдлэхэд хүрчээ. Тэрхүү “Улаан сувдан шидэт өвс” бас тэдгээрийн дотор багтжээ. Энэ өдөр бол яг энэ чулуу, доод ертөнцөд буух цаг болсон тул би үүнийг тусгайлан авчирч, зэргэлгээн цэцэн дагины ширээний өмнө нэрийг нь тэмдэглүүлж, эдгээр янагийн шуналтангуудын хамт доод ертөнцөд буулган энэ хэргийг нэгэн тийш тасалсугай гэсэн бөлгөө” гэжээ. Бумба хэлэхдээ:
-Үнэхээр инээдтэй юмаа. “Нулимсаар ач хариулна” гэгчийг ерөөсөө сонссонгүй. Энэ дашрамд бид хоёр мөн орчлонд бууж, ганц нэгийг гэтэлгэвээс ямар вэ. Буян хураах юм бишүү гэхэд нь тойн:
-Миний санаанд яв цав нийлж байна. Та надтай хамт зэргэлгээн цэцэн дагины ордонд очиж, энэ “Мунаг эдийн” учрыг тодорхой хэлээд, тэдгээр олон нүгэлт сүнсийг орчлонд буулгасаны дараа бид хоёр явсугай. Одоо тэдний хагас нь нэгэнт буусан боловч бүрэн гүйцээгүй бөлгөө гэв. Бумба:
-Тийм бол чамайг дагаж, явбал барав гэжээ. Энэ бүх яриаг Жэнь Шы инь сайтар сонсоод, эрхгүй урагш алхан ёсолж: “Хоёр даяанч лагшин тунгалаг уу” гэж инээмсэглэн асуухад нь тэр тойн, бумба хоёр яаран хариу мэндлэв. Жэнь Шы инь:
-Багштаны саяын ярилцсан ерөөл барилдлагын яриа үнэхээр, ертөнцийн хүмүүст ховор сонсогдох зүйл болой. Өчүүхэн шавь, хөдөөний мунхаг хүн би, нэвтэрхий сайн ухаж чадсангүй. Намайг өршөөж хайрлан, нарийн нягт сонсговоос, шавь нь чихээ ариутган чагнаж, балар харанхуйгаа дийлж, бага сага ойлгож сэнхрэхсэн. Тэгээд нүглийн далайд живэх аюулаас хэлтэрч болно уу гэсэнд хоёр арш инээгээд:
-Энэ бол тэнгэрийн нууц болой. Юуны урьд задруулж үл болно. Цаг нь болсоны хойно бид хоёрыг мартахгүй болбоос даруй галт завиас үсрэн гарч болно гэв.
Ийм үг сонсоод Жэнь Шы инь дахиад лавлах аргагүй болсон тул дэмий л инээн: “хэдийгээр тэнгэрийн нууцыг задруулж болохгүй боловч саяын хэлсэн “Мунаг эд” хэмээгч юу болохыг би мэдэхгүй тул үзвээс болох болов уу” гэхэд нь Тойн: “Энэ эдийг асууж байгаа бол харин чамтай нэгэнт уулзах хувь зохиол байжээ” гээд гаргаж ирэн Жэнь Шы иньд өгөв. Тосож аваад сайтар үзвэл, нэгэн тунгалаг сайхан хаш байх бөгөөд дээр нь “Билиг төгс эрдэнийн хаш” хэмээх дөрвөн үгийг тов тодорхой сийлжээ. Ар талд нь бас хэдэн мөр жижиг үсгээр бичсэн үгс байсныг нарийвчлан үзэх гэтэл Тойн: “Нэгэнтээ, сансрын оронд хүрч ирэв” гэж уншаад гараас нь булаан авч бумбынхаа хамт эргэж нэгэн том хөшөө чулууны тэрүүгээр явж оджээ. Тэрхүү хөшөө чулуун дээр “Их сансарын арилсан орон” хэмээх дөрвөн үгийг томоор бичсэн бөгөөд хажууд нь хос мөрөөр:
Худлыг үнэн болгоход, үнэн бас худал
Хоосныг байгаа болгоход, байгаа нь бас хоосон гэжээ.
Жэнь Шы инь тэдний хойноос дагаж явъя гээд хөлөө өргөтөл гэнэт тэнгэр нижигнэн, уул нурж, газар цөмрөх мэт болсонд, чанга дуугаар хашгирах сонсогдов. Нүдээ нээж харвал, ээх наран улбалзан гялбалзаж, гадилын мод нахилзан дохилзоод ирэхэд зүүдний учрыг хэдийнэ мартаж, Шы инь охиноо оогоор өнгөлж, хашаар сийлсэн мэт торнин өсөж байгааг хараад сэтгэл амсхийн баярлаж, тосож аван өвөр дээрээ суулгаад хоёр талаас нь энхрийлэн наадаад, дараа нь гудамжинд аваачиж сүмийн хурлын хөөр хөгжөөнийг үзүүлээд эргэж ирье… гэтэл тэртээх талаас нэгэн тойн, бумба ламтай цуг ирж явах харагджээ.
Тэднийг ажиглавал, тойн нь хожгор толгойтой, хөл нүцгэн, бумба нь хөл хазгар, толгой сэглэгэр. Хоёул хий солиотой юм шиг чанга чанга дуугаралдан инээлдсээр ирэв. Тэд үүдэнд дөхөж ирээд, Жэнь Шы инь, Ин Лянь охиноо тэврэн байхыг үзээд, тойн учиргүй их уйлж: “Өглөгийн эзэн та, энэ заяа байгаад хувьгүй, эцэг эхдээ тээр болсон амьтныг тэврээд юу хийнээ” гэжээ. Жэнь Шы иньд шал солиотой үг сонсогдсон болохоор үл ойшоосонд, мөнөөх тойн: “Надад хайрлагтүн, над хайрлагтүн” гэв. Энэ үгэнд нь гэрийн эзэн эвгүйцээд, охиноо аваад шалавхан гэртээ орохыг завдтал өнөөх тойн түүнийг зааж, чанга инээгээд амандаа дөрвөн мөр шүлэг хэлсэн нь:
Танхи дураар тэжээж өсгөсөн чинь мангуу, инээдэмтэй
Талст цэцгийг үзэн бахархтал цас болон уярна
Цагаан сарын арван тавны өв тэгш найрт хичээгтүн.
Цааш өнгөрвөөс галд унтарч, утаанд арилах цаг болой гэжээ.
Жэнь Шы инь үүнийг лавтай сайн сонссон тул дотроо баахан сэжиг төрж, түүний учир шалтгааныг асууя гэтэл, тэр бумба тойндоо: “Чи бид хоёр одоо хамт явахын хэрэг алга. Даруй салж, хувь хувийнхаа үйлийг хийе. Гурван галбын дараа би чамайг Бэй Маншан9 ууланд хүлээж, уулзсан хойноо их сансарын арилсан оронд хүрч албаа тушаасугай” гэхэд тойн: “Ихэд сайн, их сайн” гэж хэлтэл, тэд тэр дороо бараа сүүдэргүй арилжээ. Энэ үед Жэнь Шы инь энэ хоёр ерийн хүн лав биш, асууж лавласан бол сайн байх юм гэж бодоод дотроо гэмшсэн боловч оройтжээ. Түүнийг ийнхүү мэлрэн бодож байтал гэнэт Хулүгийн сүмд түр хоргодон суудаг нэг ядуу оюутан хүрч ирэв. Түүний овог Жя, нэр Хуа, өргөсөн нэр нь Шы Фэй. Өөр цол нь Юй Цүнь гэнэ. Энэ Жя Юй Цүнь бол уг нь Ху Жөү газрын хүн бөгөөд бас бичиг эрдэмтэй түшмэлийн угсааны хүн. Тэрбээр ганцхан цөвийн цагт төрөөд, эцэг эх, өвөг дээдсийнхээ үлдээсэн буянг нэгэнт дуусгаад, гэр хотлоороо доройтон гоонь бие гозон толгой болоод, орон нутагтаа байх аргагүй болсон тул нийслэл хотноо ирж, нэр зэргийг олж, үүд өрхөө дахиж татахыг зорив. Тийнхүү ноднин жил энд ирсэн ч саад учирснаас сүмд хоргодож, өдөр бүр бичиг зохиож, хуулж амь зогоож байсан тул Жэнь Шы инь үргэлж уулздаг болжээ. Энэ удаа Юй Цүнь, Жэнь Шы инийг хараад инээмсэглэн ёсолж: “Эрхэм Жэнь Шы инь та үүдэндээ зогсоод гудамж руу удаан ширтэн харлаа. Ямар сонин юм болов” гэсэнд цаадах нь бас инээн өчив.
-Бяцхан охин минь уйлаад байхаар нь тэнд аваачиж саатуулах гэсэн юм. Харин намайг уйтгарлан байх үес Жя абугай та хүрч ирсэн нь их сайн боллоо. Утаатай өрөөнд минь саатаж, яриа дэлгэсүгэй гээд Жэнь Шы инь охиноо цааш өгөөд, Юй Цүнийг бичгийнхээ өрөөнд оруулж зарцаараа цай бариулав.
Тэднийг тав гурван үг сольж байтал, гэрийн зарц орж ирээд: “Янь Лао е золгохоор ирлээ” гэж тэвдэн хэлсэнд, Жэнь Шы инь сандран босоод: “Ёс алдсан ялыг минь өршөөж түр саатаж байна уу. Би хурдан ирж таныг зочилсугай” гэсэнд цаадах нь босон найр тавьж: “Эрхэм Жэнь Шы инь та өөрийн тааллаар бологтун. Өчүүхэн би бол дандаа ирдэг гийчин учраас баахан хүлээхэд ямар хамаатай” гэсэнд цаадах нь гарч одов.
Юй Цүнь бичиг судар эргүүлж, уйтгараа сэргээж байтал гэнэт гэгээвчний цаана хүүхэн хүн ханиах сонсогдов. Тэр зуур өндийн гадагш харахад, харин нэгэн шивэгчин охин цэцэг түүж харагдав. Төрсөн байдал өнгө зүстэй биш боловч бас нүд булаахтай тул Юй Цүнь харсаар гөлөрч орхив. Энэ үед Жэнь овогтны тэр шивэгчин цэцэг түүж дуусаад гэнэт толгойгоо өргөсөнд гэгээвчний дотор нэгэн хүн харагджээ. Тэр хүн хэдийгээр уранхай алчуур, хуучин хувцастай ядуу байдалтай боловч цээж тэнэгэр, мөр өргөн бөгөөд сэлмэн хөмсөгтэй, цолмон нүдтэй, хянга хамартай, өргөн шанаатай царайлаг эр ажээ. Мөнөөх шивэгчин сандран зайлахдаа: “Тэр хүн, ийм жавхлантай төрсөн атлаа муу хувцастай юм. Манайханд ийм садан байхгүй. Аягүй бол энэ хүн, манай эзний дандаа ярьдаг Юй Цүнь гэгч мөн байх. Гэрийн эзэн сайндаа түүнийг гэртээ удаан байлгахгүй, ямар нэгэн юманд туслуулах гэсэн хэрэг. Эгзэг хайж байсан ч байж болох юм” гэж бодсоноо тэсэлгүй эргэж харав. Юй Цүнь ч түүний эргэж харахад нь: “энэ охин надад санаатай байх нь гэж бодоод тэсгэлгүй баярлан, энэ үнэхээр баатар ид шидтэнийг таньдаг, бор тоосны доторх сэтгэлийг мэдэгч болой” хэмээн бахдав.
Төдөлгүй зарц хөвгүүн орж ирэв. Түүнээс урд тасалгаанд гийчнийг будаалж байгааг мэдээд, энд удаан хүлээх хэрэггүй гэж бодоод гарч одов. Жэнь Шы инь гийчнээ зочилж мордуулаад Юй Цүний явсныг мэдсэн боловч тэр даруйдаа дахиж урьсангүй. Найман сарын 15-ны баярын өдөр Жэнь Шы инь хоол ундаа идэж уугаад, бичгийн өрөөндөө зочлон ширээ засаж бэлтгэн, сарны саруулханд Юй Цүнийг залахаар хүрч очив.
Үргэлжлэл дараагийн дугаарт