Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.
-Төрөлхийн хэлгүй, сонсголгүй, хараагүй гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсад нэг жил ч ажиллаагүй бол тэтгэвэр тогтоох боломжтой юу?
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй л бол манайхаас авна. ХХҮЕГ-аас тухайн иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгохдоо эхлээд нийгмийн даатгалын байгууллагаас авах эрх нь үүссэн үү, үгүй юу гэдгийг тулгадаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, хоёр сангаас авахыг хязгаарлаж байгаа юм. Хоёрдугаарт, хэрвээ тухайн хүн даатгалын сангаас авах боломжтой эрх нь үүссэн байвал тухайн хүний тэтгэвэр, тэтгэмж арай өндөр тогтоогдоно. Учир нь НДС-д тухайн иргэн тодорхой хэмжээгээр шимтгэл төлсөн гэсэн үг. Хөдөлмөрийн чадвартай хүмүүс ч мөн ялгаагүй ХХҮЕГ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг зорилтот бүлгийн нэг нь яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ нь амьдралын мөчлөгийн үед аливаа нэг эрсдэлд ороод түвшин тааруу байгаа үед төрөөс халамж үзүүлж, наад захын хэрэгцээг нь хангахад зориулж явуулж буй үйлчилгээг хэлдэг. Тиймээс тодорхой өвчин, эрүүл мэндийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлийг хэрхэн тодорхойлох вэ гэдгээс эхлээд дагаж мөрдөх хууль журмын үндсэн тодорхойлолт бий. Сонсгол болон харааны бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй мөн хавсарсан гэх мэтчилэн хэлбэрээр тогтооно.
-Ажил эрхэлж байсан бол НДЕГ-аас тэтгэвэр, тэтгэмж авна гэж ойлгож болох уу?
-Төрөлхийн болон олдмол хэлбэрээр хөгжлийн бэрхшээлийг нь тодорхойлоод, нийгмийн хамгаалал, халамж, тэтгэвэр, тэтгэмж авах эсэх асуудлыг ярина. Эхлээд тодорхой хэмжээнд нийгмийн даатгал төлөөд, хөдөлмөр эрхэлж байсан хүн НДЕГ-аас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авах эрх нь үүсвэл тэндээсээ авна. Харин НДЕГ-аас авах эрх үүсэхгүй бол манайд ханддаг. Баримталдаг хууль, үйл ажиллагааны хувьд ч хоёр тусдаа байгууллага. Хэрвээ нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээгээр тэтгэмж авахаар бол тэр нь тухайн хүний нийгмийн даатгал төлсөн шимтгэлийн дүн, ажилласан жилээс шалтгаалаад өөр, өөр байна. Гэхдээ сангаас авдаг хэмжээнээс манай ХХҮЕГ-ын олгодог мөнгөн дүн харьцангуй бага байдаг.
-Хэрхэн тогтоодог вэ?
-НДЕГ-ын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэж байдаг. Комисст нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн орохоос гадна, нийгмийн даатгал, халамжийн мэргэжилтнүүд багтдаг. Уг комиссоор эхлээд тухайн хүний хөгжлийн бэрхшээл үүсгээд буй өвчний онош, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, нөхцөл байдлыг харгалзаад хурлаар шийдвэрлэнэ. Манай иргэд хөдөлмөрийн чадвар алдалдалтыг тогтоодог групп хурал гэдгээр нь сайн мэднэ. Нийслэл болон хөдөө орон нутагт 2018 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комисс ажилладаг болсон. Энэ комисс мөн л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэдэг юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тэтгэвэр, тэтгэмж олгох хэчнээн төрлийн үйлчилгээ байдаг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамжийн чиглэлээр өгдөг тэтгэвэр, тэтгэмжийн олон төрөл бий. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, болон нэмэлт үйлчилгээг давхар авдаг тусгай хэрэгсэл, протез, асаргааны тэтгэмж, шаардлагатай тохиолдолд түлээ нүүрсний хөнгөлөлт олгох, зарим жилд амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах гэх мэт тэдэнд чиглэсэн 6-8 төрлийн гол үйлчилгээг давхардуулан болон дангаар нь авах боломж бий. Ийм л зохицуулалтаар явж байна.
-Мөнгөн дүнг хэрхэн тогтоосон бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж 175 мянган төгрөгөөр тогтоогдсон. Өмнө нь 126 мянган төгрөг байсныг 2016 оноос шат дараатай нэмсэн юм. Үүнийг тухайн жилүүдэд инфляцын түвшин өссөн, амьжиргааны өртөг өндөр болох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоосон зэрэг шалтгаанаар тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмж байгаа.
-Ирэх 2020 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж шинэчлэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг давхар нэмэх үү?
-Ер нь бол бодлогын хэмжээнд нэмэгдэнэ. Гэхдээ хэд болохыг мэдэхгүй шүү дээ. Бодлогын асуудлыг салбар яам шийднэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх, ах дүүгээ асран хамгаалж буй хүмүүст тэтгэмж олгогдог. Асран хамгаалагчийн тэтгэмж нэмэгдсэн үү. Бага хэмжээтэй гэж иргэд ярьдаг?
-Байнгын асаргаа шаардлагатай хүнийг харж буй хүнд асаргааны тэтгэмж гэж өгдөг. Өдөр тутмынхаа хэрэгцээг хангах боломжгүй, өөрөө босоод явж чадахгүй, хоол, цайгаа идэх чадваргүй, хэвтэж, суухдаа заавал хүний тусламж авдаг хүнд нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр асаргааны тэтгэмж олгоно. Энэ нь сард 74 мянган төгрөг байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд 2019 оноос тэтгэмжийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлж 74 мянган төгрөг болгосон.