ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхдэлгэр: Хүүхдүүдийн дунд хэрхийн шалтгаант зүрхний өвчин нэмэгдсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-18

Дэлхийн хэмжээнд хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй 33 сая хүн амьдардаг бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчний улмаас нас бардаг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарчээ.  Харин манай улсад уг өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд онцлох болсон.  Тэгвэл энэ өвчний талаар болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн  хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодрууллаа. 

-Зүрх судасны өвчлөл манай улсын хувьд нэлээн өндөр гэж үздэг шүү дээ. Хэрхийн шалтгаант зүрхний өвчин хэрхэн үүсдэг вэ?

-Хэрхийн шалтгаант зүрхний өвчин нь А бүлгийн цус задлагч бетта стрептоккок хэмээх нянгаар үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл юм.  Өөрөөр хэлбэл, амны хөндийд нян суугаад, цаашид цочмог хэлбэрийн үрэвсэл үүсдэг. Эцэст нь зүрхний гажгаар хүндэрч хүний эрүүл мэнд, санхүүгийн хувьд эрсдэл өндөр өртөгтэй мэс заслаар эмчлэхэд хүргэдэг учраас Люксембургийн Засгийн газраас “Монголын зүрх судасны өвчний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006”-г хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зүрх судасны эмч нарыг чадавхижуулах шаардлагатай гэж үзсэн.  Өвчтэй хүнийг эрүүлжүүлэх биш урьдчилан сэргийлэх хэлбэрийг бид эрхэмлэж байгаа тул 10-19 насны хүүхдүүдэд хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах нэн чухал. 10-19 нас хүүхдүүд нөхөн үржихүйн насны охид болно. Цаашлаад ээж болж,  хүүхдээ эрүүлжүүлэх үүрэг гүйцэтгэх учир урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг энэ мэтчилэн явуулж байгаа юм. 

-Гол нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Цочмог хэрхийн шалтгаантай архаг зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийн эрүүл мэнд хамгаас чухал. Эмчлүүлэхгүй, архаг хэлбэртэй болсон тохиолдолд үе мөч, зүрхэнд орж, цаашлаад зүрхний гажигт хүргэдэг гэдгийг дахин хэлмээр байна. Богино хугацаанд үрэвслийг эмчлэх боломжтой. Гэхдээ аливаа өвчнийг эмчлэхээс өмнө, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа чухал гэдгийг иргэд ойлгох ёстой. Ингэхийн тулд бага ангийн хүүхдүүдийг өглөө босоод хоолойг нь зайлуулах, хүйтэн сэрүүний улиралд гадагшаа гарахдаа ороолт маск зүүлгэх, дархлааг нь дэмжих гэх мэтчилэн олон арга бий. 

-Илүү хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрхийн шалтгаант зүрхний гажигтай хүний амь насыг аврах, амьдрах насыг уртасгахын тулд мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог. Иймээс хүүхдэд багаас нь хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх мэдлэг олгох, амьдралын зөв хэвшил, дадалд сургах нь манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарын сургалтын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

-Өвчнийг цаашид даамж­руу­лахгүйн тулд ЭМЯ болон  НЭМГ, бусад эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, энэ өвчний хор уршгийг багасгахад хэрхэн анхаарч байна вэ?

-Амны хөндийн эрүүлжилт чухал учраас бид “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд”  аяныг  хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ хүрээнд 1-5 дугаар ангийн ЕБС-ийн 134 багшийг сургагч багшаар бэлтгэн, хүүхдэд амаа зөв угаах, амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал олгох,  үүгээр дамжуулаад эцэг, эхчүүд хүүхэддээ сургах, хэвшүүлэх боломжтой. Зарим айлууд дундаа нэг сойзтой байх жишээтэй. Энэ нь л  амны хөндийн эрүүл мэндийн буруу дадал юм. Тиймээс иргэдийн  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Мөн зургаан настай хүүхдийн шүд өвчлөхөөс урьдчилан сэргийлж 6300 хүүхдэд түрхлэг түрхсэн. Хүүхдийг идэвхжүүлэх зорилгоор 9-10 настай ЕБС-ийн сурагчдын  дунд Шүд угаалтын олимпиадыг зохион байгууллаа. Үүний үр дүнд хүүхдүүд шүдээ зөв угааж сурахаас гадна хоол идсэний дараа шүдээ угаах дадал эзэмшихээс  эхлээд зөв хандлагад суралцах юм. Улмаар хүүхдүүд цаашдаа өөрийнхөө үе тэнгийн хүүхдүүдэд сурталчилж болно. 

-Энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо хэдэн хувиар нэмэгдэж байгаа вэ. Статистик мэдээлэл байгаа юу?

10-19 насны цочмог  хэрхийн тохиолдлыг сүүлийн гурван жилээр авч үзэхэд, 2018 онд 268 байсан бол 2019 онд 264 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Архаг хэлбэртэй хүүхэд 75 байсан бол 99 байгаа нь цочмог үрэвсэл нэлээд өндөр байгаа нь харагдах байх.  Манай улсад гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг, хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн есөн хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байна.