Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сард хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар МХЕГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодрууллаа.
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч нарын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөөч?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр олныг хамарсан баяр ёслолын үеэр улсын хэмжээнд хяналт шалгалт хийдэг. Энэ удаагийн шалгалтыг энэ сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн. Одоо ч үргэлжилсээр байна. Урьдчилсан байдлаар 1300 орчим газарт шалгалт хийлээ. Эдгээрээс хүнсний худалдааны газрууд ихэнхи хувийг эзэлсэн бөгөөд нийт 775 аж ахуй нэгжийг хамруулсан. Харин хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 336, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 103 үйлдвэрийг хамрууллаа. Хяналт, шалгалтын явцад нийт 2500 гаруй зөрчил илэрснээс зармыг нь газар дээр нь арилгуулсан.
-Ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-Гол илэрсэн зөрчил нь чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан. Ялангуяа түргэн гэмтэх, хугацаа нь дуусах хиам, бялуу, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг газар дээр нь устгах арга хэмжээ авснаар арван сая төгрөгийн барааг устгуулсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд баталгаагүй хүнс очихоос урьдчилан сэргийлж чадсан. Шалгалтын дүнгээс харахад дээрх зөрчлүүд нэлээд илрэх шинжтэй байна. Тиймээс лхагва гарагт хоол үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг дуудаж, цаашид анхаарч ажиллах шаардлагатай талаар мэдээлэл өглөө.
-Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг дурдаж болох уу?
-Баярын үеэр эрэлт нийлүүлэлт их байгаа тул орон нутагт дээрх зөрчлүүд ихээр илэрч байна. Орон нутагт гарч байгаа гол зөрчлүүд нь тээвэрлэлтийн нөхцөл байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бусаар тээвэрлэж, лангуунд хүргэдэг. Лангуун дээр удаж байж иргэдийн гарт хүрч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Жигүүр фүүдс” компанийн талх нарийн боов, мөөхий зэрэг бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн он сар тавиагүй зөрчил илэрлээ. Мөн Ховд аймгаас импортын самар, уксус, баавгайн тос, халуун шоколад хаяг шошгын зөрчилтэй, баталгаажилтгүй бүтээгдэхүүн байсан. Ялангуяа “Барс”, “Буудай”, “Амтат цамхаг” гэх мэт томоохон худалдааны төвүүдээс авч буй зарим бүтээгдэхүүн зөрчилтай байгаа. Үүнд “Мон кек”, “Мон Ундармал” гэх мэтчилэн бялуунд үйлдвэрлэсэн хугацаа тавиагүй байна гэх зөрчлүүд орон нутагт гарч байна гэдэг мэдээг бидэнд ирүүлж байгаа.
-Согтууруулах ундаанд нилээдгүй зөрчил илэрсэн тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байсан шүү дээ?
-Хүнсний бүтээгдэхүүнээс гадна согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүд ихээр илэрсэн. 2017 оноос МХЕГ-аас нийт 19 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 25 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг яаманд хүргүүлээд, шийдвэрлэсэн. Гэтэл баяр ёслолын үеэр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байгууллагууд бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нийлүүлсэн байсан. Тухайлбал, “Мөнхжин Од” компанийн “Хандгай” “39” зэрэг нэрийн согтууруулах төрлийн 102 шил, 518 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг манай байгууллагаас хурааж авлаа. Мөн Төв аймагт байрлах “Морьт хангай” үйлдвэрийн “Морьтон” нэрийн цагаан архинд аюулгүйн үзүүлэлт өндөр гарсан. Улмаар 1500 ширхэг бүтээгдэхүүнд татан авалт хийгээд таслан зогсоолоо.
-Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг устгахаас гадна зарчил гаргасан албан байгууллагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Одоогоор 10 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгах арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэд, ААН-үүдэд нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.
-Шинэ жилийн арга хэмжээтэй холбоотойгоор хөдөө орон нутагт хоолны хордлогод хордсон хэмээн эрүүл мэндийн байгууллагад хандсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шинэ жилийн баярыг олноороо тэмдэглэдэг учраас заавал зориулалтын гал тогоотой, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэх үйлчилгээтэй байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед хоолоо тусгай газар бэлдээд, түүнийгээ шинэ жилийн хүлээн авалтад хүргэж өгдөг үйлчилгээ нэвтэрсэн. Энэ үйлчилгээ онцгой нөхцөл, шаардлага тавигддаг, хадгалалт, тээвэрлэлт чухал учир эрсдэлтэй байдаг юм. Тиймээс аль болох энэ үйлчилгээг авалгүй, зориулалтын гал тогоотой газраар үйлчлүүлэх хэрэгтэй
-Хэрэглэгчид эрсдэлд өртөхгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Хэрэглэгчид өөрсдөө өмнө нь бэлтгэсэн хүнсээ гэртээ буруу хадгалснаас болж нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд хордлогын шинжтэй дуудлага цөөнгүй бүртгэгддэг. Гэтэл хүнсийг өдөр бүр шинээр үйлдвэрлэдэг учир үйлдвэрлэгч, худалдаалагч нар шаардлага хангахаас гадна хэрэглэгчид өөрсдөө гэртээ зөв хадгалж хэрэглэх ёстойг дахин дахин сануулмаар байна. Хэчнээн үйлдвэрлэгч сайн бүтээгдэхүүн гарлаа гэхэд хэрэглэгч өөрөө буруу нөхцөлд хадгалснаас болж баяр өнгөрөнгүүт хордлого, халдвар гарлаа гэсэн дуудлага эрс ихэсдэг.
-Хүүхдийн бэлгэнд зөв зохистой бүтээгдэхүүн оруулъя гэдэг санал санаачилга гардаг боловч төдийлөн хэрэгжихгүй байна шүү дээ?
-Шинэ жилийн хяналт шалгалтын гол арга хэмжээ нь яах аргагүй хүүхдийн бэлэг мөн. Түрүүн 10 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн устгалаа гэж хэлсэн шүү дээ. Энд ч шаардлага хангаагүй, хадгалалтын горим алдагдсан хүүхдийн бэлгэнд ордог шоколад, ундаа жүүс орж байгаа. Гол нь хэрэглэгчид бэлгээ худалдаж авахдаа, он, сар, өдрийг шалгахаас гадна, ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүнийг авахгүй байх ёстой. Стандарт хангасан худалдааны төвөөс авахад эргээд гомдол гаргавал буух эзэнтэй, буцах хаягтай байвал хаа хаанаа хэрэгтэй юм. Ер нь хэрэглэгчдэд зөвлөхөд, хүүхдийн оюун ухаанд чиглэсэн бүтээгдэхүүн сонгож бэлэглээсэй гэж хэлье. Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэд бэлэг сонголтодоо анхаардаг болсон нь харагдаж байгаа.