ШӨХТГ-аас өнгөрсөн 2019 онд Хэрэглэгчийн мэдээллийн төвөөр дамжуулан 3203 иргэний гомдлыг барагдуулсан аж. Хэрэглэгчдийн 50 орчим хувь нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой гомдол ирүүлсэн бол СӨХ, Харилцаа холбоо, ахуй үйлчилгээний салбарын гомдол ихсэх хандлагатай байсан талаар өчигдөр мэдээллээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодрууллаа.
-2019 оны арванхоёрдугаар сард томоохон шалгалтуудыг хийсэн гэлээ. Энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч?
-2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр агентлагийн даргын удирдамжын дагуу хяналт шалгалтыг худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийлээ. Ингэхдээ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль болон бусад хууль, тогтоомжийг үндэслэн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг шалгаж үзсэн юм. Шалгалтын хүрээнд “Номин Тав трейд” компанийн “Наадам” “11-р хороолол” салбар, “Сансар” супермаркет, “Ханбүргэдэй” гэх мэт дэлгүүрүүдийг хамрууллаа. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон манай улсад мөрдөгдөж буй стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьсан. Мөн импортын хүнсний бүтээгдэхүүний хувьд тухайн бүтээгдэхүүний хаяг, шошго, хэлний шаардлага хангаж байгаа эсэх, барааны буцаалттай холбоотой шийдвэрлэж буй журам, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг шалгалаа. Ихэвчлэн хаяг шошго хангалтгүй, үйлдвэрлэсэн орны хэлээр мэдээлэл нь тавигдсан байсан. Зарим тохиолдолд архи, согтууруулах ундааны зүйлийг далд хэлбэрээр сурталчилсан, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байсан. “Ханбүргэдэй” дэлгүүр импортын хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа герман улсаас орж ирсэн бараа нь тухайн орны хэлээр бичигдэж, хэлний шаардлага биелүүлээгүй байсан. Зарим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний үнэ кассын үнээс зөрүүтэй борлуулсан гэх мэт нийтлэг зөрчлүүд илэрлээ.
-Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Эдгээр зөрчлүүдэд ШӨХТГ-аас тодорхой хугацаанд зөрчил, дутагдлаа арилгах шаардлагыг хүргүүлсэн. Хамгийн гол нь аж ахуйн нэгж байгууллагын нийтлэг алдаа нь импортын хүнсний бүтээгдэхүүнд хэлний шаардлагыг биелүүлдэггүй. Монгол Улсад MNS 6648:2016 гэсэн хаяг шошгын стандарт мөрдөгддөг. Мөн Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд тухайн бүтээгдэхүүнд тодорхой шаардлага бий.
-Бараа буцаалт, баталгаат хугацаанд худалдаа үйлчилгээний газрууд хойрго ханддаг. Үүнд шалгалт хийсэн үү?
-Бараа буцаалт, баталгаат хугацаатай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангадаггүй, хэрэглэгч эргээд гомдол гаргалаа гэхэд чирэгдэл учруулдаг асуудал бий. Зарим дэлгүүр Хэрэглэгчийн төвтэй боловч тухай бүрт нь хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан зүйл байгаагүй. Энэ нь хариуцлагагүй хандаж байгаагын нэг илрэл юм. Нөгөө талаас бараа буцаалттай холбоотой дотоодын аж ахуй эрхлэгчийн журам байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд бараа буцаалттай холбоотой дүрэм журамдаа анхаарч, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэдэг нэгж байгаа бол дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
-Ихэнх худалдаачид “зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэдэг нэрээр иргэдийг хохироох тохиолдол гардаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд бараа буцаалт болон баталгаат хугацааг зургаан сар гэж заасан байдаг. Үүнийг нийтлэг хугацаа гэж ойлгох бөгөөд зарим олон улсын байгууллага, Европын холбооны улсууд хоёр жилийн хугацаатай байх нь элбэг. Үйлчилгээ эрхлэгчдэд баталгаат хугацаа, бараа буцаалттай холбоотой дотоод дүрэм журмаа хэрэгжүүлж, үйлчлүүлэгч нарт хангалттай мэдээлэл өгөх талаар хуулиар боломж олгосон байдаг. Тиймээс аж ахуй эрхлэгчид тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хугацааны асуудлыг маш тодорхой хангаж ажиллах нь тэдний үүрэг. Бараа буцаалттай холбоотой асуудлыг аж ахуйн нэгжүүд иргэдэд ойлгомжтой байршуулах нь тэдний хариуцлагатай холбоотой үйл ажиллагаа.
-Архи, согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хямдралтай худалдана гэсэн зүйл байхгүй гэсэн үг үү?
-Архи, согтууруулах ундаатай холбоотой сурталчилгаа, худалдан борлуулах үйл ажиллагаа, урамшуулалд хамгийн түрүүнд зар сурталчилгааны тухай хуулийг баримтлах ёстой. Зар сурталчилгааны тухай хуулиар тодорхой хязгаарлалтыг заасан байгааг анхаарах шаардлагатай. Хэрэглэгчийг мэдээллээр хангаж буй үйл ажиллагаанд хямдралтай болон архи, согтууруулах ундаатай холбоотой хязгаарлалтыг тодорхой тусгасан байдаг учир, энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хуулийн хэрэгжилтээ хангаж ажиллах шаардлагатай байгаа юм. Цаашид баярын үеэр архи, согтууруулах ундааг, хямдралтай, урамшуулалттай, далд хэлбэрээр сурталчилахыг таслан зогсоох хэрэгтэй.
-Тодорхой жишээгээр тайлбарлаж өгөөч?
-Гурван пиво авбал нэг үнэгүй, эсвэл 35 мянган төгрөгөөр худалддаг дарсаа зөвхөн өнөөдөр 20 мянган төгрөгөөр зарж байна гэх мэт далдаар сурталчилж байгааг хуулиар хориглосон байдаг. Мөн тухайн бараа хямдарсан мэт онцгойлж тавихыг хориглодог. Энэ нь далд сурталчилгааны нэг хэлбэр гэдгийг анхаарах ёстой.