ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинээр хэрэгжих нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцуулж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-14

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Н.Саран, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар танилцууллаа. Энэ жил  малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид  тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх, ирэх сараас ахмадуудын тэтгэвэр хэрхэн нэмэгдэх талаар  болон бусад гол асуудлыг танилцуулж байна. 

Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлнө

-Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах бөгөөд шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй аж. Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 000 (420 000*10 хувь) төгрөгөөр тооцож төлөх юм. Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарчээ.

Ирэх сараас ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

НДС-гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэснээр тэтгэврийн хэмжээ найм орчим хувиар нэмэгдэх юм.  Харин зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх хууль хэрэгжиж эхэлнэ.  Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Үүнд,

-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
-Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
-Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй тус тус багтах аж. Уг хуулийн үйлчлэлд дурдсан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтооно

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарах юм байна. 

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр зохицуулжээ. Үүнд,

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос;

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;

Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх бөгөөд хуулийн үйлчлэлд хүүхэд нь гурван нас хүрээгүй нийт эхчүүд хамаарах аж.

Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгоно

Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн арванхоёрдугаар сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. Өмнө нь 70 хувиар тооцдог байсан аж.

Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болжээ. Өмнө нь хоёр удаа л олгодог байсан юм. 

Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг боллоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 мянга 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй бөгөөд сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5 хувь) ижил аж.