-Засгийн газрын баталгаа гаргасан хэд хэдэн томоохон аж ахуйн нэгжүүд энэ жил өрөө төлж дуусгахаар болж байна-
Ардын нам 2016 оны сонгуульд ялж, Засгийн газрын эрх мэдлийг авах үед Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 78.8 хувь хүрсэн байсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа авсныхаа дараа мэдэгдэж байлаа. Тэгвэл өнгөрсөн гурван жилд өрийг үе шаттай бууруулах бодлого барьсны үр дүнд энэ тоог өнгөрөгч онд ДНБ-ий 55.3 хувьд хүргэж, өрийн дээд хязгаараас давчихсан байсан алдаа дутагдлыг арилгаж чадсан гэж дүгнэсэн билээ. Тэгвэл энэ жилийн улсын төсөвт өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэхгүй байх зорилго тавьсан аж. Одоогоор 49.9 хувьд барьж байгаа гэдгээ ч мөн онцолсон билээ. Харин 2017 оны байдлаар манай улс Засгийн газрын өрийн хүүгийн зардалд нийтдээ нэг их наяд, 115.9 тэрбум төгрөг төлж, төсвийн орлогынхоо 16.4 хувь, төсвийн зарлагынхаа 13.3 хувийг зарцуулж байсан бол шинээр арилжааны нөхцөлтэй гадаад, дотоод зээлийг зогсоосноор энэ тоо орлогын 10 хувь, зарлагын 7.45 хувийг эзлэх хүртлээ буурчээ. Гэхдээ ингэж бууруулчихлаа гээд гуяа алгадаж гүйхэд хэтэрхий эрт байна. Олсон хэдийгээ баруун солгойгүй цацах цаг ч бас биш.
Төсвийн сахилга батаа үргэлжлүүлэн сахиж, сонгуульд зориулсан амлалтуудаа эрх баригч нам хазаарлахгүй л бол 2020 оны сонгуулийн дараа дахиад л дээрх бараан мэдээллүүд ар араасаа гарч ирэх нь тодорхой. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх цаг биш хэмээн хэвлэл мэдээлэл сануулсаар байгаа ч дээр, дооргүй халамж нь хавтгайрч, мөнгөөр угжих бодлого сонгуулийн чимээнээр дахиад л сэргэж эхлэв. Дотоодын уул уурхайн баялгаас хувь хүртээх гэх мэт ганц нэгхэн халамжийг хүлээн зөвшөөрч болох ч шат шатанд хавтгайрсан халамж, эцэстээ эдийн засгаа эргээд хэвтүүлэх вий хэмээн болгоомжлох нь зүйн хэрэг юм. Угтаа энэ жилийн төсөв халамжийн бодлогыг хэтэрхий их тэлсэн учраас урд хормойгоороо хойдохоо нөхөж, улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтаа хасаж танаад ч болов сонгуульдаа бэлтгэхээс өөр сонголт эрх баригчдад үгүй болжээ. Гэхдээ нэгийг нь зогсоож нөгөөд нь халамж өгч явсаар сонгуулийн жилийн дараа эдийн засгийн эерэг тоо нь эргээд хасах руу зааж, улсын эдийн засаг уруудах вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байгааг бас мартаж болохгүй юм. Үүнд олон учир шалтгаан бий. Дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад улс орнуудын эдийн засгийн хориг зэргээр нөлөөлөх эрсдэл бүхнийг тооцох учиртай аж. Үүнээс гадна хамгийн чухал асуудал болох 2021-2024 онд төлөгдөх томоохон бондуудын өрийг ч бас ярихгүй өнгөрч болохгүй. Нэг бондын хүүг төлөхийн тулд нөгөө бондыг босгож явсаар Монгол Улс гурван жил дараалан төлөх 2.9 тэрбум ам.долларын өрөнд орчихсон.
Хэрвээ 2016 оны ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй бол өрийн хүүгийн дарамтаас гарч чадахгүй, эдийн засаг нь элгээрээ хэвтэх байв. Мөн 2020 онд нийтдээ 115 төслийг 1.2 их найд төгрөгийн гадны зээлээр, 40 төслийг 150.3 тэрбум төгрөгийн тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөгөө гаргажээ. Хэдийгээр бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь сайхан хэмээн алгаа ташиж болох ч төсөв нь царцаж, үргүй зардал нь нэмэгдэж, төсөвт өртөг нь жилээс жилд өсдөг буруу замаараар явчихвал дахиад л дааж давахгүй их өр биднийг хүлээж байна гэсэн үг. Манай улсын нийт өр өнгөрөгч оны сүүлийн улирлын байдлаар 29 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээрийн 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компанийн зээл. Харин 2.2 тэрбум нь арилжааны банк, хоёр тэрбум нь Монголбанкны, 7.2 тэрбум нь Засгийн газрын өр гэв. Эндээс 14.3 тэрбумыг нь ирэх гурван жилд төлөх ёстой аж. Тиймээс санхүүгийн сахилга батыг хаа хаанаа сахиж, халамжийн хавтгайруулсан бодлогоо эрх баригчид аль болох хазаарлах шаардлага бий болж байна. 2016 оноос эхлэн Засгийн газар аль нэг аж ахуйн нэгж, компанид шинээр баталгаа гаргаагүй ч МИАТ, “Эрдэнэс Монгол” ХХК, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг хэд хэдэн байгууллагад гаргасан өрийн баталгааны зээлүүдийг өнөө жил ч эдгээр байгууллагууд төлөх учиртай. 2020 онд болон ирэх гурван жил дараалж төлөгдөх томоохон өр зээлүүдийн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:
2020 онд төлөх өр
-Монголбанкны юанийн своп хэлцлээр авсан гурван хувийн хүүтэй, 1.5 тэрбум ам.долларын зээлийг энэ онд эргүүлж төлнө. /Сунгах талаар яригдаж байгаа ч хэлэлцээр хийгдээгүй/
-“МИАТ” ТӨХК-ийг 2013 онд 121.4 сая ам.долларын 5, 7, 10 жилийн хугацаатай гурван дэд хэсгээс бүрдэх зээллэг хийхэд Засгийн газар баталгаа гаргасан. Уг мөнгөөр “Боинг 767-300ER” агаарын хөлөг худалдаж авсан билээ. Тэгвэл 2018 онд эхний зээлийг төлж барагдуулсан. Хоёр дахь дэд зээлийн төлбөрийг өнөө жил барагдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, 2020 онд 10.7 сая ам.доллар буюу 28.6 тэрбумыг төлнө.
-30 тэрбум иенийн 10 жилийн хугацаатай авсан “Самурай” бондын хүүгийн төлбөрт 456 сая иен буюу 11.3 тэрбум төгрөг төлнө.
-БНХАУ-ын Хөгжлийн банкнаас зээлсэн 162 сая ам.долларын зээлийг 2022 онд төлж дуусна. Энэ онд 27 сая ам.доллар буюу 72.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 4.5 сая ам.доллар буюу 12.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлнө.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016 онд авсан 35 сая ам.долларын зээлээс өнөө жил 0.1 сая ам.доллар буюу 0.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.2 сая ам.доллар буюу 0.6 тэрбум төгрөгийн хүү төлөх хуваарьтай.
-Худалдаа хөгжлийн банк 2015 онд 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тэгвэл энэхүү үнэт цаасны төлбөрийг 2020 оны тавдугаар сард төлж дуусах бөгөөд үндсэн төлбөрт 500 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 23.4 сая ам.доллар, нийт 523.4 сая ам.доллар буюу своп ханшаар тооцвол 1.034.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь ээ.
2021-2024 онуудад төлөгдөх бондын өр
-Мазаалай бонд: 2021 онд 500 сая ам.долларын эргэн төлөлт хийнэ. Хүүнд нь 2019 оны байдлаар 140 орчим тэрбум төгрөг төлжээ.
-Чингис бонд: 2012 онд 4.1 хувийн хүүтэй зээлсэн тэрбум ам.долларыг 2022 онд төлнө
-Самурай бонд: 2023 онд 30 тэрбум иен буюу 500 сая ам.долларыг төлнө.
-Гэрэгэ бонд: Засгийн газар 2017 оны аравдугаар сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын бондыг арилжаалсан. Бондын эргэн төлөлт 2023 онд хийгдэнэ.
Хуралдай бонд: 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлдөг. 2020 онд ч хүү төлнө.