Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ц.Шийрэвтэй ярилцлаа.
-2019 он “Сүлд” спорт хорооны хувьд амжилт дүүрэн жил байлаа. Гаргасан амжилтуудаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
-2019 он манай тамирчдад амжилт дагуулсан сайхан он байлаа. Ялангуяа жүдогийн тамирчид өндөр амжилт гаргаж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос оролцсон “Сүлд” спорт хорооны гурван тамирчин гурвуулаа алтан медаль хүртлээ. 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Ууганбаяр, -100 кг-ын жинд Л.Отгонбаатар нар аваргалсан. Мөн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүллээ. Олимпт шинээр нэмэгдсэн жүдо бөхийн холимог багийн төрөлд сүүлийн дөрвөн жил дараалан манай баг түрүүлсэн сайхан амжилтуудыг үзүүллээ. Боксын Олон улсын хэмжээний мастер Г.Цэндбаатар Азийн аварга болж, дэлхийн аваргаас мөн хүрэл медаль хүртсэн. Паралимпийн тамирчин, МУГТ Э.Содномпэлжээ дэлхийн аварга болж, олимпт оролцох эрхээ авсан. Түүний хувьд гаргасан амжилтаараа Гиннесийн номд бичигдэхээр болсон сайхан мэдээ байна. Мөн өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар миний гарын шавь, олон улсын хэмжээний мастер А.Давааням улсын начин цол хүртсэн. Энэ мэт амжилт дүүрэн он байлаа.
-Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлсөн нэг хорооны гурван тамирчин гурвуулаа аварга болно гэдэг маш том амжилт. Танай хороо бэлтгэл сургуулилалтдаа ямар чиг шугамыг баримталдаг вэ?
-“Сүлд” спорт хороо бол ШШГЕГ-ын харьяа байгууллага. Байгуулагдсан жилээ олимпийн аварга төрүүлж байсан түүхтэй хороо. Тэр жил манай хорооны тамирчид болох Боксын тамирчин, дэлхийн аварга П.Сэрдамба, олимпийн мөнгөн медальт Э.Бадар-Ууган нар олимпоос медаль авч байсан юм. Бидний амжилтад манай хороог цалинжуулж, тамирчдыг дэмжиж байдаг ШШГЕГ-ын үүрэг оролцоо их гэдгийг хэлэх ёстой. Дэмжлэг байхгүй бол мянга сайн тамирчин байгаад яах юм бэ. Түүнээс гадна дасгалжуулалт гэдэг спортын амин сүнс. Миний хувьд 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж байна. Сүүлийн таван жил “Сүлд” спорт хорооны жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Боксын дасгалжуулагчаар нь гавьяат дасгалжуулагч н.Ганзориг, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ОУ-ын хэмжээний мастер Чулуунбат гэсэн гурван хүн ажиллаж байна. Манай хороо цомхон хэрнээ маш чанартай тамирчдыг бүрдүүлж чадсан. 66 кг-ын жинд Г.Хэрлэн саяхан улсын аварга болсон. Олимпийн оноогоороо дэлхийд хоёрдугаарт явж байгаа. 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар эхний аравд явж байна. -100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар мөн өндөр оноотой явж байгаа. Эдгээр тамирчид олимпт оролцох нь тодорхой.
-Олимпт хэр найдлага тавьж байна?
-Хүн бүр л медаль авахын төлөө зүтгэнэ. Монголд жүдо бөхийн төрөл маш эрчимтэй хөгжиж байна. Нэг жинд гэхэд энэ тэнцүү 3-4 тамирчин байгаа юм. Тухайн тамирчин оноогоо авсан ч гэсэн эрхийг нь улсад өгдөг. Хэнийг оролцуулахыг улс шийддэг гэсэн үг. Манайхаас 66 кг-ын жинд н.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Одбаяр нарын хэн нь ч орж болно. Бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтэлээс бас шалтгаална. -100 кг-д Л.Отгонбаатар өрсөлдөгчгүй шууд орно гэж бодож байна. Эмэгтэй тамирчдаас мөн нэлээд өндөр оноотой явж байгаа тамирчид бий. Ер нь ирэх олимпт манайхаас 4-5 тамирчин оролцох болов уу гэж найдаж байгаа.
-Жүдо бөхийн төрөлд Монголын тамирчид л хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг гэдэг. Та жүдогийн дасгалжуулагч хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэдэг вэ. Монгол хүний онцлогтой холбоотой байна уу?
-Монгол Улс бол бөхийн орон. Монгол хүний онцлог давуу тал болж байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч зүйлд дэмжлэг гэдэг маш чухал. Дэмжлэг сайтай байгаа учраас бэлтгэл сургуулилт сайн байна. Түүнийхээ хэрээр амжилттай байна. Хамгийн гол нь тамирчин хүний суурийг маш зөв тавьж өгөх ёстой юм. Хүүхдийг сайн хүн болгохын тулд яаж өсгөж хүмүүжүүлдэг билээ яг түүн шиг л дасгалжуулагч хүн тамирчдаа бэлтгэдэг. Япон, Солонгос, Франц зэрэг орнуудад бүр багаас нь хичээллүүлж эхэлдэг юм билээ. Манай Улсын тамирчдын хувьд нүүдэлчин ахуй соёл, багаасаа мал хуйтай ноцолдож өсдөг болохоор энэ нь давуу тал болж байгаа юм. Биеийн хөгжил, хурд хүчний талд багаасаа ахуйтайгаа холбоотойгоор бэлтгэгдчихдаг гэсэн үг. Тэгэхээр хотын хүүхэд хөдөө өссөн хүүхэд хоёрыг дасгалжуулах арга барил тэс өөр. Хэнд нь ямар бэлтгэл сургуулилт хэрэгтэйг олж харах нүдтэй, мэдрэмжтэй байх ёстой. Ер нь тамирчин болно гэдэг давхар асар том хүмүүжил явж байдаг. Тамирчин хүн ажмилт гаргах гэхээсээ илүү эхлээд зөв хүн болох ёстой юм. Тэгж байж амжилтад хүрнэ. Спорт өөрөө маш том хүмүүжил юм.
-Тамирчдаа алдар цууд хүргээд ард нь чимээгүй бат зогсож байдаг хүмүүс бол дасгалжуулагчид. Бэлтгэсэн тамирчин нь амжилт гаргах дасгалжуулагч хүнд маш том баяр байдаг байх?
-“Рио-2016”-гийн миний дөрвөн шавь оролцож байсан юм. Би тэр олимпт албан ёсны дасгалжуулагчаар нь ажиллаагүй л дээ. Гэхдээ олимпийн дэвжээнд шавь нарынхаа барилдааныг харж, унахад нь унаж, давахад нь давж суух сайхан мэдрэмж юм билээ. Сая дэлхийн аваргын тэмцээний дараа олимпт бэлтгэх багш нар солигдож, шинэ залуу дасгалжуулагчид ажиллаж эхэлсэн. Олимп болоход хэдхэн сар үлдлээ. Энэ цаг үед шинэ дасгалжуулагчид багаа хэрхэн бүрдүүлж, яаж ажиллах вэ гэдгээ нарийн тооцоолж, маш мэдрэмжтэй ажиллах ёстой. Дасгалжуулагч хүн өөрөө зөв хүн байх ёстой. Өргөн далайцтай мэдлэгтэй байх ёстой.
-Энэ онд тавьсан хамгийн гол зорилго нь олимп байх. Тамирчдын бэлтгэл сургуулилт хэр байна?
-Тийм энэ жилийн хамгийн том зорилго бол олимп. Энэ олимпт жүдогийн болон боксын тамирчдаа бэлтгэж, амжилттай оролцуулах манай хорооны хамгийн эхний зорилго. “Сүлд” спорт хорооны тамирчид бол Улсын шигшээ багийн тамирчид. Тэгэхээр бэлтгэл сургуулилалтаа шигшээ багтаа хийгээд явж байгаа. Бид “Жүдо бөхийн холбоо”-той хамтраад бэлтгэл сургуулилалтыг хангаж байна.
-Дасгалжуулагчаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-1993 оноос хойш дасгалжуулагч хийж байна. Баянзүрх дүүргийн спорт хороонд арав гаруй жил ажиллаад, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороонд мөн арваад жил ажилласан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байна. Нийт 20 гуруй жил дасгалжуулагчаар ажиллажээ.
-Таны гараас гарсан тамирчид гэвэл ямар тамирчид байна вэ?
-Олон тамирчид бий. Жүдо бөхийн анхны дэлхийн аваргын медалиудыг авсан н.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, н.Тэмүүлэн, дэлхийн аварга Отгонбаатар, эмэгтэй тамирчдаас н.Бат-Эрдэнэ, н.Мөнхцэцэг гэх мэт сайн тамирчид бий. Мэргэжлийн сүмогийн озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, А.Баасандорж, Г.Мөнхсайхан, Т.Эрдэнэбаатар, Б.Төрболд, Казах куресийн дэлхийн аварга Д. Анар, Б.Серик, О.Лхагвахүү, А.Давааням, шилдэг шүүгч Т.Энхцэцэг, боксчин Н.Төгсцогт, Д.Нармандах гэх мэт олон шавь нар бий. Боксын дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт хүүхэд байхаасаа таван жил миний удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж байсан. Энэ мэт дурдаад байвал олон байна.
-Таны шавь Ц.Цогтбаатар Риогийн олимпын дараа жин өгсөж 73 кг руу орсон гэдэг. Зарим хүмүүс 66 кг-д барилдвал илүү амжилт гаргахаар байсан гэж ярьдаг юм билээ. Ер нь аль жинд барилдах нь түүнд илүү тохиромжтой вэ?
-“Бридж” группын дэд захирал, “Хонгор нутаг”-ийн тэргүүн Ч.Дорждэрэм Ц.Цогтбаатарыг надад авчирч өгч байлаа. Тэр үед Ц.Цогтбаатар 12 настай байв. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ хүүхдийг их дэмжсэн. Ц.Цогтбаатар 16 настайдаа өсвөр үед түрүүлж, 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргад Г.Хэрлэнг ялж хүрэл медаль авч байсан. Дараа жил нь дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг хожиж, улсын аварга болж байлаа. Тэгээд Риогийн олимпод орсон. Нас залуу болохоор ялимгүй туршлага дутсан, тактикийн алдаа гаргасан л даа. Би Цогоод “Чи 66 кг-ын бөх шүү. Чамд 66 кг илүү тохирно” гэдэг. Риогийн олимпын дараа жин нь огцом өсөөд явчихсан. Цогоо “Багшаа би 73 кг-д барилдмаар байна” гэсэн. Тэгээд Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Екатеринбургийн “Их дуулга”-д явахад нь би “Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлэхгүй бол дараагийн тэмцээнээс 66 кг-д барилдана шүү” гэлээ. Гэтэл түрүүлчихдэг байгаа. Түүнээс хойш би 66 кг-д барилд гэж хэлэхээ больсон. Одоо ч 73 кг-даа дасчихлаа.
-Олон Улсын тэмцээнд оролцох өртөг зардлыг яаж зохицуулдаг вэ?
-Манай тамирчдын хувьд ихэнх нь улсын аварга болж, олимпт оролцох эрхээ авсан учраас үндэсний шигшээ багт хамаардаг. Үндэсний шигшээ багийн тэмцээний зардлыг улсаас гаргадаг юм.