Дэлхийн бүх улс орнууд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг шийдвэр гаргах түвшинд ижил барихад хамгийн багадаа л 99.5 жил хэрэгтэй гэж үзсэн талаар бид өмнөх дугаарт хөндсөн. Тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна вэ. Боловсролын түвшнээрээ өндөр гэж үнэлэгдэж ирсэн эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд үүнийгээ гаргаж чаддаг уу гэвэл харамсалтай нь “үгүй” гэсэн хариулт өгөхөөс өөр аргагүй. Учир нь сүүлийн 20 жилийн улс төрийн түүхэнд Засгийн газар, УИХ-ын түвшинд нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн харилцаа тэнцүү бус явж ирэв. Мөн улс төрийн намууд энэ талаар том амлалт өгдөг ч бодит алхам хийж байгаагүй бөгөөд Сонгуулийн хуульдаа тусгасан 20 хүртэлх хувийн босгыг дээд тааз хэмээн андуурч, гавьяа байгуулсан мэт хандаж ирсэн нь худлаа биш юм. Тухайлбал, 2004 оноос хойшхи Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг энэ өдрүүдэд нэгбүрчлэн шүүрдэж үзэв. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангана, тэгж ингэж дэмжинэ гэсэн заалт хайсан ч 2004 оноос хойшхи мөрийн хөтөлбөрөөс нэг ч тийм үг өгүүлбэр олж уншсангүй.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо гэхээс илүү нэр дэвших, улс төрд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн ч албан тушаалд томилох нь хойрго, дэвшүүлсэн ч дэмжлэг авдаггүй, мөн нийгмийн хатуу шүүлтүүр боловсролтой эмэгтэйчүүдийг түлхдэг буруу хандлага манайд жил ирэх тусам нэмэгдсэн үү гэхээс буураагүйг бид харлаа. Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгох МХЗ-ын зорилтоо хангаж чадаагүй билээ. Түүнчлэн дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн хэдий ч шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан шалгуураа хангасангүй. Тэгвэл үүнийг өөрчлөх үүрэгтэй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага юу хийж байна вэ. Тэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх чиглэлээр ямар ажил явуулдаг, өөрчлөлт хийх, ядахдаа хуульд заасан босгодоо хүрэхийн тулд юу хийж байгаа, тулгамдаж буй бэрхшээл нь юу болох талаар улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн болон эмэгтэй улстөрчдийн байр суурийг сонслоо.
Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүд олноороо сонгогдох нь бүх салбарын тэнцвэртэй хөгжлийг хангана
/Эрүүл мэндийн сайд, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн/
-Хүн амын төлөөллийн 50-иас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд нийгмийн бүхий л харилцаанд адил тэгш оролцох учиртай. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь улам тэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх шаардлага бий. Судалгааны дүнгээс харахад нийгмийн сэтгэлзүйд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх хандлага бүрэн төлөвшөөгүй байна. Улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр улс орны хөгжилд бодит өөрчлөлт гарна. МАН бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувьд байлгах асуудлыг дүрэмдээ суулгаж өгсөн анхны улс төрийн хүчин. Цаашид улс төрийн түвшинд эмэгтэйчүүд олноороо сонгогдох нь бүх салбарын тэнцвэртэй хөгжлийг хангана. Тиймээс 2020 оны сонгуульд эмэгтэйчүүд олноороо сонгогдоосой гэж хүсдэг. Хөндлөнгийн дэмжлэгээс гадна хувь хүний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл чухал. Эмэгтэйчүүд нийгмийн томоохон хүч гэдгийг улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо харуулсан үйл явдал дэлхий дахины өмнө шинэ коронавирусийн асуудал тулгамдаад буй энэ өдрүүдэд болж байна. Энэ нь эмэгтэйчүүд түргэн шуурхай, санаачлагатай, зохион байгуулалттай байж чаддагийг бодитоор харуулсан үйл ажиллагаа гэж бахархаж байна.
С.Одонтуяа: Эмэгтэйчүүд нэгдэж чадвал илүү хүчтэй байх болно
/Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч/
-Даян дэлхийн эмэгтэйчүүд улс төрийн эрхээ олж авахын тулд туулсан даваа бэрхшээлийг бид амсаагүй. Харин ч бид тайван замаар олж авсан эрх, эрх чөлөөгөө бодитоор ухамсарлахгүй байгаа нь учир дутагдалтай санагддаг. Тиймээс ухамсартай, итгэл үнэмшилтэй, зохион байгуулалттайгаар нэгдэх нь чухал. Түүнчлэн хатуу ёс жаягтай лалын ертөнцөд эмэгтэйчүүд төрийн эрх барих нь цөөнгүй. Гэтэл эрх чөлөөтэй, ардчилалтай гэж ярьдаг Монголд энэ үзүүлэлт туйлын хангалтгүй. Тэд маш хатуу харгис нөхцөлд шантралгүй тэмцсээр өөрсдийн төлөөллийг боломжийн хүрээнд парламентад бий болгож чадсан. Эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, нэгнийгээ дэмжвэл үр дүнд хүрдэгийн тод жишээ энэ билээ. Нөгөөтээгүүр, манай намын хувьд боловсрол, мэдлэгтэй манлайлагч бүсгүйчүүдийг бүх талаар дэмжиж, итгэл, хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс манай бүсгүйчүүд нийгмийг өөрчилсөн олон шинэчлэл өөрчлөлтийг өрнүүлж улс орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд гарч ирснээр нийгмийг хөгжилд хөтлөнө гэж итгэдэг. Цаашид 1990 онд олж авсан сонгуулийн ардчиллыг иргэнийх болгон гүнзгийрүүлэх нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлнэ. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал.
Ц.Энхтуяа: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх хэрэгтэй
/ИЗНН-ын дэд дарга/
-УИХ буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч байгаа маш олон асуудал бий. Тухайлбал, эхний ээлжинд УИХ-ын сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг улс төрийн намууд 30 хувьд хүргэх шаардлагатай. Манай намын хувьд дүрэмдээ эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тусгасан. Өнөөдрийг энэ зарчмаа алдаагүй явна. Тиймээс улс төрийн бусад намууд ч гэсэн энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Түүнээс гадна эмэгтэйчүүдэд санхүүгийн дэмжлэг дутмаг байдаг. Үүнд төрөөс онцгойлон анхаарах боломжийг цаашид нэвтрүүлэх ёстой юм. Мөн сонгогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжих магадлал нь судалгаагаар маш доогуур эрэмбэлэгддэг юм билээ. Тэгэхээр сонгогчид буюу эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа, сургалтыг зохион байгуулалттай нэгдсэн журмаар олгох ёстой. Өөрөөр хэлбэл, тэднийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй юм. Миний хувьд эдгээр зүйлийг хэрэгжүүлж, ажил хэрэг болгосон тохиолдолд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өөрийн эрхгүй нэмэгдэнэ.
Б.Хэрлэн: Мөнгөний, авлигач сонгуулийг нэн тэргүүнд өөрчлөх ёстой
/МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн/
-Жендэрийн эрх тэгш байдлын индексээр Монгол Улсын эзлэх байр суурь жилээс жилд буурч байгаа. Эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү өндөр мэдлэг, боловсрол эзэмшиж байна. Гэхдээ эдийн засаг болон улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо тун доогуур байдагтай холбоотой. Энэ хэвээр байвал цаашид эдийн засаг болон улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо дээшлэхгүй. Мөн эмэгтэй хүний амьдрал ахуйг харж дэмжих, төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Манай намын хувьд эмэгтэйчүүдээ дэмжих тухайд маш өвөрмөц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгуулахаар санал болгосон. Тухайлбал, хоёр хүртэлх насны хүүхдээ гэртээ харж байгаа эцэг, эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал олгох, мөн “Эмэгтэйчүүдийн хөгжлийн банк” –ийг байгуулахаар судалж байна. Ингэснээр эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, эрдэм шинжилгээний ажил хийх, нийгмийн сайн сайхан болон бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах гэх мэт зүйлд дэмжлэг үзүүлэх боломжтой. Түүнээс гадна улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд мөнгөний, авлигач сонгуулийг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв сонгуулийн зардлыг төрөөс зохицуулдаг байвал эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд орж ирэх боломжтой.