ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боловсролын салбар хүүхдийн хүмүүжлийг орхигдуулж иржээ

O.Admin
2018-05-01

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор МУБИС БСШУСЯ, Бо­ловсролын хүрээлэн, Бо­ловс­ролын үнэлгээний төв­тэй хамтран 2007 оноос хойш 11 жилийн дараа “Тогт­вор­той хөг­жил-Ерөнхий боловс­рол” ул­сын хоёрдугаар зөвлө­гөө­нийг зо­хион байгуулж байна.
“Тогтвортой хөгжил-Ерөн­хий боловсрол” улсын хоёр­ду­гаар зөвлөгөөн Улаанбаатар хо­тод нэгдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд, харин бүсчилсэн хэл­бэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад нэг­дүгээр сарын 29-нөөс хоёр­дугаар сарын 3-ны өдрийг хүр­тэл зохион байгуулагдах юм. Зөв­лөгөөнд ерөнхий боловс­ро­лын салбарын 36 мянга га­руй багш, удирдах ажилтныг тө­лөөлж, нийслэл болон 21 айм­гийн ЕБС-ийн 3400 төлөө­лөгч оролцох ажээ.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр ерөн­хий боловсролын сал­барт тулгамдаж буй асуудлыг шийд­вэрлэх шийдэл, арга замын та­лаар хэлэлцэж, цаашид авч хэрэг­жүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын орол­цоотойгоор тодорхойлон сал­барын бодлогод тусгаж, хэрэг­жүүлнэ гэдгийг зохион бай­гуулагчдын зүгээс онцолж бай­лаа. Зөвлөгөөн нэгдсэн бо­лон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион бай­гуулагдах бөгөөд “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэч­лэл”, “Сургалтын ча­нар, үнэлгээ”, “Хүүхдийн хү­мүү­жил, төлөвшил, хөгжил, хам­гаалал” гэсэн дөрвөн сэдэв бү­хий салбар хуралдаанаар үргэл­жилж, салбар зөвлөгөөн тус бүрээс зөвлөмж гаргалаа. Мөн “www.zuvluguun.edu.mn” цахим сайтаар дамжуулан он­лайнаар зөвлөгөөнд орол­цож, санал, хүсэлтээ өгөх бо­ломжийг бүх багш, удир­дах ажилтнууд, олон ний­тэд нээлт­тэйгээр зохион бай­гуулж байв.

“Тогтвортой хөгжил-Ерөн­хий боловсрол” улсын хоёр­дугаар зөвлөгөөний эхний хэс­гийн “Эрх зүйн шинэчлэл” сал­бар хуралдаан МУБИС-ийн нэг­дүгээр байрны гуравдугаар дав­харт зохион байгуулагдаж бай­сан бол “Хүүхдийн хү­мүү­жил, төлөвшил, хөгжил, хам­гаалал” сэдэвт салбар ху­ралдаан мөн сургуулийн Баг­шийн сургуулийн урлагийн зааланд болж байлаа. Энэ үеэр МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Цогзолмаагаас зөвлөгөөний талаар тодруулахад, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй хоёрдугаар зөвлөгөөн гурван үе шаттайгаар үргэлжилнэ.

Эхний ээлжийн зөвлөгөөн дөрвөн салбар хуралдаантай бөгөөд салбар хуралдаан бүрт ойролцоогоор 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож байна. “Эрх зүйн шинэчлэл” салбар хуралдаанд Төв аймаг, Багануур, Баянзүрх дүүргийн нийт 200 гаруй багш оролцож, Ерөнхий боловсролын салбарт хэрэгжиж буй эрхзүйн шинэчлэл, бодлого, өөрчлөлтийн талаарх асуудал болон Боловсролын тухай багц хууль, Бага, дунд боловсролын тухай хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа нээлттэй хэлэлцлээ” хэмээлээ.

Харин МУБИС-ийн Багшийн сургуулийн урлагийн зааланд болсон “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” сэдэвт салбар хуралдаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах адил тэгш боломж, хөгжил хамгааллын бодлогын чиглэл” сэдэвт илтгэлийг МУБИС-ийн багш Г.Батцэнгэл, Д.Одгэрэл нар тавьсан бол “Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил боломж, шийдэл” сэдвээр МУБИС-ийн багш Н.Оюут-Эрдэнэ илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлийн дараа хуралдаанд оролцож буй багш нар хүүхдийн хүмүүжлийн салбарт тулгарч буй бэрхшээл болон зарим саналаа танилцуулж байсан юм. Салбар хуралдаанд оролцогчдын зарим төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаарх санал бодлыг нь сонслоо.

Г.Баярмаа: Хүүхдийн хүмүүжлийн чиглэлд хугацаа алдсан гэж боддог

/Голомт цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан/

-Бид өмнө нь нэг дээр нэгийг нэмбэл хоёр болно гэдгийг мэддэг байх ёстой гэх маягаар илүү шинжлэх ухаанч мэдлэгийг олгож ирсэн. Гэхдээ энэ хугацаанд хүүхдийн хүмүүжлийн чиглэлд тодорхой хугацаа алдсан юм болов уу гэж боддог. Бид хүүхдээ хүмүүжүүлж, хөгжүүлж байна гээд өндөр төлбөртэй сургалтад сургаад л байдаг. Гэсэн хэдий ч, хүүхдийн хүмүүжил орхигдоод байна. Шинжлэх ухааны талаас 0-6 насанд хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь тавигдаж байдаг. Харин 6-12 насанд тухайн хүүхдийн хүмүүжил, дадал зуршил нь сууж байдаг. Энэ үед ямар субьект хэрэгтэй вэ гэхээр хүүхдэд гэр бүлийн хүмүүжил, сургуулийн өмнөх боловсрол хамгийн чухал байдаг юм. Үүнтэй холбоотойгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Монгол хүүхэд хүмүүжлийн аян”-ыг эхлүүлж, ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагч, багш, сургуулийн удирдлагууд анхаарал тавьж ажиллаж байна. Ерөнхийдөө энэ удаагийн зөвлөгөөнөөс багш, хүүхдийн хөгжил, эрх зүйн шинэчлэл сэдвийн хүрээнд хэд хэдэн санал гарах болов уу.

Ш.Ичинхорлоо: Анги удирдсан багшид 10 хувийн нэмэгдэл олгодог нь хангалтгүй байна

/МУБИС-ийн Боловсролын сургуулийн багш, доктор/

-Бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн сургалтдаа анхаараад, хүүхдийн хүмүүжлийг орхигдуулсан байсан. Харин одоо энэ алдаагаа хараад, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг нээлттэй хэлэлцэж буй нь цагаа олсон үйл ажиллагаа боллоо гэж бодож байна. Улс, эх орноо алс ирээдүйд аваад явах боловсон хүчнээ бэлтгэж буй гэдэг утгаараа хүүхдийн хүмүүжил, боловсрол бидний хувьд хамгийн чухал үнэт зүйл байх учиртай. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн асуудлыг ярихад, хамгийн гол хүмүүжүүлэгч нь эцэг, эх юм. Хүүхэд бүр өөр. Өөр өөрийн ертөнцтэй, зан авиртай байдаг шүү дээ. Ерөнхийдөө хүүхдийн хүмүүжлийн 90 орчим хувь нь зургаа хүртэлх насанд нь тавигдсан байдаг. Тэгэхээр эцэг, эх болон цэцэрлэгийн багш нар голлох үүрэгтэй гэсэн үг. Дараа нь хүүхдийг хүн болгох үйл ажиллагааг бага ангийн багш нар үргэлжлүүлдэг. Багш нарын үндсэн үүрэг нь хичээлээ заагаад цалингаа авах. Гэтэл анги удирдсан багш нар хичээлээс гадуур хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг их хийдэг боловч сургуульд анги танхимын хүрэлцээ, орчин байхгүй, мөн тухайн багшид 10 орчим хувийн нэмэгдэл олгодог нь туйлын хангалтгүй санагддаг. Ихэнх багш нар хичээлийн цагаасаа илүү цагийг хүүхдүүддээ зарцуулдаг. Тэгэхээр ирээдүйгээ бэлтгэж байгаа, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч байгаа гэдэг утгаар нь анги удирдаж байгаа багшийн 10 хувийг ядахдаа 70 хувь болгох хэрэгтэй байна.