Тэр нэг гартаа таягаа сурамгай гэгч нь тулж, нөгөө гараараа охиноосоо тас зууран түшүүлсээр гарч ирээд сумын төвөөс зайдуухан торойх жижигхэн байшингийнхаа үүдэнд нарлана. Тэднийх сумын төвийн хамгийн захын айл. Гэрээсээ гарах чадалгүй болсон энэ буурай гадуур гарч, төв рүү оролгүй олон жил болжээ. Тийм болоод ч тэр үү долоо хоногт 2-3 удаа ийн гэрийнхээ гадна гарч сумын төвийн зүг саравчлан харж, хойгуур урдуур хаа нэг явах хүмүүсийг таньж ядан ажиглаж суух аж. Тасралтгүй урсах цаг хугацаа, бужигнаж үймсэн завгүй амьдрал гэдэг түүний хувьд хэзээ эртний бүүр түүрхэн дурсамж л болж үлджээ. Үймж шуугиж, байлцаж, амьдарч, мэдэрч явсан бүхнээ нэхэн дурсаж будан суусан сүүмгэр нүдээр өөрөөс нь ангид өрнөж буй амьдралын зүг ийн ширтэж сууна уу гэлтэй. Сүүлийн 20 орчим жил түүний хувьд бүхий л ертөнц болсон хуучин байшингийнхаа үүдэнд санаашран суух энэ жижигхэн эмээг Ц.Аюуш гэдэг. Тэрбээр 1920 оны өвөл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг болох Монгол орны хамгийн хойд хязгаарт н.Цэмбэл гэх малчны гэрт төрсөн аж. Тэр зуун жилийн өмнө эмнэлгийн орон дээр бус, зөөлөн даавуун дээр ч биш дэлгэж тавьсан хонины бууцан дээр эхээс мэндэлжээ. Хонины бууцанд хүүхэд төрүүлнэ гэдэг өнөөгийн бидэнд байж боломгүй мэт хачин сонин санагдах ч зуун жилийн өмнө хөдөөгийн малчид төрөхдөө өтөг бууц бэлдэн дэлгэж, түүн дээрээ амарждаг байсны амьд гэрч бол Ц.Аюуш гуай юм.
Хүний орчлонд мэндлээд тэр зуун намрын навч шарлахыг үзэж, зуу дахь хаврын цэцэгс дэлгэрэхийг хүлээж суугаа нь энэ. Тэрбээр нэгэн зууныг элээгээд насны хойморт заларч туулж өнгөрүүлсэн он жилүүд, өрнөн бужигнах хорвоогийн амьдралыг ийн бясалгаж суугаа нь энэ юм. Түүнийг нутгийнхан нь Ааяа хэмээн авгайлдаг. Ааяа залуудаа эр хүнээс дутахааргүй эрэмгий эмэгтэй байсныг нутгийн олон одоо ч магтан ярина. Дархад малчид намар, хавартаа их хайрхан болох Хорьдолын даваагаа давж олон хоног үргэлжлэх их нүүдэл хийдэг. Энэ нүүдэлд Ааяа эмээ эр хүн шиг эмнэг, шартай ноцолдож, морин дэл дээр дэрвэж явсныг эдүгээ нутгийн хөгшид үлгэр домог мэт хуучилна. Ачаатай шарын нуруунд дахан дээлтэй божийж явсан нялх наснаас өтөл буурал болтлоо тэр Хорьдолын жимээр нүүдэллэсэн. Нүүдэлчид хайнагийн шаран дээрээ гэр бараа, хүүхэд нялхсаа ачна. Үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл үнэгэн харанхуйтай уралдаж сая нэг хоноглох газраа бууна. Аяны алжаалаа тайлж, харуй бүрийтэй уралдан унд хоолонд хүрч, өглөө үүр хаяарахтай уралдан дахиад л хөдөлнө. Энэ маягаар бүтэн долоо хоног нүүж сая нэг нутаглах бууриндаа хүрдэг аж. Тэд намар аравдугаар сарын дундуур, хавар гуравдугаар сард ийнхүү цэнхэр хотгорын их хайрхнаа давж, их нүүдэл хийдэг юм. Уулсын нутагт энэ сарууд бол урин цаг бус тачигнасан өвөл хариагүй байх үе билээ. Хүнд хэцүү ч гэлээ их нүүдэл бол Ааяа эмээгийн амьдралын салшгүй нэг хэсэг. Ааяа эмээгийн сонсгол сайн, зууны турш туулж өнгөрүүлсэн дурсамж дурдатгалаа сайн санадагсан бол үлгэр домог шиг гайхмаар түүхийг мөн олныг их өгүүлэх байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр одоо ч Хорьдолын даваагаар морин дэлтэй хатируулж, нүүдэл хөтөлсөөр давдаг байсан залуу халуун насаа бахархан ярих дуртай гэнэ.
Нүүдэл бол түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, бүтээсэн түүх, дурсамж, үлдээсэн ул мөр. Тийм ч учраас бүтэн зууныг туулсны дараа ч ярих хамгийн дуртай сэдэв нь нүүдэл бас хавар, намар. Түүний ой санаанд үлдсэн хамгийн тод дурсамж ч нүүдэл. Нүүдэл хийдэг улирлууд. Ааяа эмээ охиноосоо нүүдлийн сар
/гурав болон аравдугаар сар/ гарсан эсэхийг дандаа лавладаг аж. Сүүлийн нэг жил түүний энэ асуултын давтамж хэдхэн хоногийн зайтай болсныг охин нь өрөвдөнгүй өгүүлнэ. Нас өндөр ээжийгээ өдөр шөнөгүй хүүхэд шиг асрах охинтойгоо Ааяа эмээгийн ярьдаг сэдэв нь ихэнхдээ л “Тээр жилийн нүүдлээр” гэж эхэлдэг гэнэ лээ. Ё.Оюун эгч бол Ааяа эмээгийн хамгийн бага охин. Тэрбээр хэдий энэ жижигхэн хөгшний хэвлийд бүрэлдэж, амьнаас тасраагүй ч өсгөж, хүмүүжүүлсэн их ачийнх нь хариуд өөрөө өтөл буурал болтлоо ээжийгээ асарч тойглож яваа нэгэн юм. Ааяа эмээ хүүхэд төрүүлээгүй ч гэлээ төрснөөс илүү тойглох ухаант үрс үрчилж авсны нэг нь Ё.Оюун гуай. Ё.Оюун эгч хоёр охинтой бөгөөд угаас эршүүд, шударга ээжтэйгээ хамжаад хоёр охиноо юугаар ч дутаалгүй өсгөж, хүмүүжүүлж, дээд боловсрол эзэмшүүлж чаджээ. Одоо харин ээж охин болох энэ хоёр эмээ сумын төвийн захад жижигхэн байшиндаа ажин түжин аж төрж сууна. Энэ айлд ихэнхдээ нам гүм байдал ноёлох ч гэлээ нүүдлийн тухай гайхам сайхан яриа үргэлж өрнөнө. Нүүдэл эхлэх үед Ааяа эмээгийн сэтгэл санаа илт тогтворгүй болж, зан ааш нь өөрчлөгдөж гадаа нарлах нь ч олширдог аж. Өв тээсэн их нүүдлийн улирлаар зууныг элээсэн энэ нүүдэлчин эмээ юуны учир ийн тэсгэл алдан “шатдагийг” хэн ч мэдэхгүй. Гэхдээ амьдрал, залуу нас гэдэг хэчнээн хоргодмоор, хайрламаар сайхан гэдгийг Ааяа эмээг харсан хэн бүхэн ойлгож мэдрэх нь дамжиггүй юм.
Зууны нүүдэлчин жижигхэн буурал энэ эмээ дахиад олон хаврын нүүдэл ирэхийг үзэж, олон намрын нүүдэл хөдлөхийг үдэх биз ээ. Хүний орчлонгийн хөлгүй их далайд өнөөдөр ч тэр “нүүсээр”.