Хөл хорионы үеэр гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа, баярын өдөр цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Хосбаяраас тодрууллаа.
-Хөл хорио тогтоосноос хойш гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа вэ?
-Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хөл хорионы үеэр гудамж талбайд нус, шүлс, цэр хаясан 1821 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Мөн хог хаягдлаа ил задгай хаясан, гудамж талбай бохирдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 10000 нэгжээр торгох арга хэмжээ авч байна. Гэмт хэргийн гаралтын хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн жилийнхээс буурах хандлагатай байгаа. Энэ нь төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй шууд уялдаатай. Тодруулбал, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон, олон нийтээр цуглах арга хэмжээнүүдийг хориглосон зэрэг нь гэмт хэргийн гаралт буурах шалтгаан болсон байх. Жишээ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18 буюу орчин үеийн зэвсэгт хүчин үүссэний ойн баярын өдөр гэмт хэргийн дуудлага 75 байсан бол энэ жил 64 болж буурсан эерэг үзүүлэлт гарлаа.
-Баярын өдөр ахуйн архидалтын дуудлага өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр их ирсэн бэ?
-Цагдаагийн байгууллагын зүгээс өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа хэдий ч эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18-ны өдөр 236 байсан бол энэ жил 124-өөр өссөн буюу 387 дуудлага ирсэн. Бидний зүгээс айл өрх бүрт болж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтыг мэдэх боломж байхгүй боловч урьдчилан сэргийлэх ажлуудыг өдөр бүр хийж байгаа.
-Архи, согтууруулах ундаа заруулахгүй байх цагийг хэрхэн өөрчилсөн бэ?
-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу баар, цэнгээний газрын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Кафе, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд мөн хүнсний дэлгүүрүүдийг 22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байгаа. Гэсэн ч иргэд гар дээрээс архи, согтууруулах ундааг авах байдал их гарч байна. Гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан болон худалдаж авсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 зүйлд заасны дагуу Гамшгаас хамгаалах хууль зөрчих буюу гамшигт аюул үзэгдэл, осол эрсдэлийн талаар олон нийтийг төөрөлдүүлэх мэдээ мэдээлэл эсвэл хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гэж үзэж иргэнийг 150 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Уг хуулийн заалтын дагуу арга хэмжээ авч байгаа. Мөн иргэдийн зүгээс гамшиг, халдварт өвчний талаар цахим орчинд худал мэдээлэл тараах асуудал сүүлийн үед их гарч байна. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
-Ахуйн хэрэглээний архидалт ихсэж байна гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Архи согтууруулах ундааны төрлийн хэрэглээ их байна гэдэг нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм. Бид согтууруулах ундаа хориглосон үед ахуйн хэрэглээний архидан согтууралт ихсэхээс аль болох сэргийлж ажиллаж байгаа. Хаалттай хаалганы цаана үйлдэгдээд байгаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хандлага гэр бүлийн харилцааны соёлыг төлөвшүүлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн. Архидан согтууралт их гараад байгаа явдал бол биш. Энэ бол харьцангуй ойлголт. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед иргэдийн дархлааг дэмжих ажлуудыг эрүүл мэндийн салбараас маш сайн зохион байгуулж байгаа. Энэ үүднээс бид ч иргэдээ архи согтууруулах ундаанаас аль болох татгалзаж дархлаагаа дэмжихийг уриалж байгаа. Ийм учраас иргэд олон нийтийг хорио цээрийн дэглэмийг зөрчихгүйгээр иргэний үүргээ биелүүлэн гэр бүлээ хайрлаж, тэдэнтэйгээ хамт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг хүсэж байна. Үүний хүрээнд Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэлээр “Хайр өвтгөдөггүй” аяныг гуравдугаар сарын 9-өөс өрнүүлж эхэлсэн.