ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамгийн “ГЭНЭН” бас хамгийн “ХӨӨРХӨН”

O.Admin
2020-04-20

Кино бол өвөрмөц урлаг юм. Нэгэнт л үзэгчдэд хүрсэн бол хэдэн арван жил өнгөрсөн ч үзсээр, ярьсаар, бас зарим нь огт үгүйлэгддэггүй нь ч бий. Тайз, дэлгэцийн урлагийн тухай судлаачдын жинтэй бүтээл арай л цөөхөн байна уу, даа бас “сайн бүтээл” байгаа бил үү, гэсэн бодол байнга төрдөг. Сүүлийн үеийн маш олон, бүр маш олон “кино”-г тэр болгон үзэж ч амжихгүй юм.

Дэлгэцийн урлагт багаараа хамтарч “кино зохиол” бичих үзэгдэл их байна. Уран бүтээлчдийн багийнхан дийлэнх нь “Холливудын кино”-ны уран бүтээлчдийн жишгээр зохиолын санаагаа ярилцдаг, нэг нь өгүүлэмжээ, хоёр дах нь үйл явдлаа, гурав дах нь дүрээ, дөрөв дэх нь баатруудын харилцан яриагаа, тав дах нь нийтийн хэсгээ ч гэдэг юм уу, ийм маягтайгаар “зохиол” дээр ажиллаад, бүтээлээ “сайжруулаад” найруулагчид хүлээлгэн өгөх, эсвэл тухайн найруулагч өөрөө сонгож авсан зохиол дээр ажиллах байдал түгээмэл байх шиг. Тийм нэг хамтын багийн зохиогчтой залуусын хайр дурлал, ахуй, ёс суртахуун, хүмүүжил боловсрол, сонирхол зэргийг харуулахаар зорилго тавьсан “Хамгийн азтай үе” дэлгэцийн 16 ангитай МҮОНРТ, Nomadia Pictures-ийн хамтын бүтээл, өнгөрсөн оны зургаан сард нээлтээ хийсэн байна. Ерөнхий найруулагч нь МҮОНРТ-ийн уран бүтээлч Насанбатын Байгал хэмээх бүсгүй ажээ.

Зохиогчид: Ц.Эрдэнэбилэг, Ч.Хашчулуун, Х.Өнөрцэцэг, Ж.Намуун. 
Ерөнхий продюссор Л.Нинжжамц, 
Продюссор Г.Гэрэл, Б.Наранбат 
Зургийн дарга Б.Мөнхзул
Ерөнхий зураач Д.Бүжинлхам
Ариутган шүүгч Ч.Болормаа /редактор/
Хөгжмийн зохиолч А.Төгсбаяр
Ерөнхий зураглаач Өлзийбатын Пүрэвсүрэн 
Бусад уран бүтээлчид.

Уг бүтээл 16 ангитай, дүрийн хоёр шугам байна. Нэг дэх шугам нь киноны гол баатар 26 настай, программист мэргэжилтэй АНУ-д найман жил суралцаад, мастер/магистр/-ын зэргээ хамгаалаад эх орондоо ирж байгаа хүний ганц хүү Алтанхүүгийн Болд /оюутан, соль гитар тоглодог, “Domates” хамтлагийн гишүүн Ганхуягийн Маргад тоглосон/, Болдын аав Алтанхүү /Отгоны Гэрэлсүх/, ээж нь Долгор /Нэргүйн Баярмаа/, Болдын “найз охин” Хулан /жүжигчин Батзандангийн Азжаргал/, /АНУ-д Индиана мужийн аль нэг сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж байгаа оюутан бүсгүй/,  Алтанхүүгийн гэрийн үйлчлэгч эмэгтэй Агий, бас шинээр тэдний “гэрийн үйлчлэгч”-ээр түр ажиллахаар ирж байгаа 20 настай, Утга зохиолын төгсөх ангийн оюутан Азтайзаяа / Барселоны Урлагийн Их Сургуулийн оюутан Билгүүний Ану-Үжин тоглосон/, Болдын багын, арван жилийн найз нар болох Билгүүн /жүжигчин, загвар өмсөгч, бүжигчин Оюунсамбуугийн Самданпүрэв/, Ирмүүн /Төгсбаатарын Бишрэлт/, Тэмка /Сайханбаярын Гэндэнжамц/ хэмээх залуус байна. Болдын арван жилийн найз залуус /боловсролтой, боловсон, зөв үзэл бодолтой, нөхөрлөлөө эрхэмлэсэн/, нүдэнд дулаахан үе тэнгийн залуучууд. Билгүүн нь гэрэл зургийн студи байгуулаад ажил нь эхэлж байгаа, Тэмка нь гэр бүлийнхээ бизнест тусалдаг, Ирмүүн нь багын найз Болдтойгоо хамтран Тэмкатай гурвуул “ухаалаг хаалга, цоож”-ны бизнес эрхлэхээр зорьж байна. 

Дүрийн хоёр дах шугам Алтаншонхор /жүжигчин Дашцэрэнгийн Төмөрбаатар/, Тагтаа /Рагчаабазарын Сүхболд/, Сэрээ /Итгэлтөгсийн Төмөрхуяг/, нарын бүтээсэн “гурван хулгайч”-ийн дүрүүд болно.

Туслах дүрүүд Азтайзаяагийн найз охид Цэнгэл /оюутан/, Сондор /зоогийн газарт ажилладаг/ нар болон Азтайзаяагийн аав /засварчин/, ихэр эрэгтэй дүү нар нь /долдугаар ангийн сурагчид/ болно. Хулангийн найз охид болох хувиараа зоогийн газар ажиллуулдаг Уянгаа, бас нэг найз нь болох Оогий, Тэмкагийн найз охин Уянга, Ирмүүний найз охин Гэрэлээ, кино зохиолын уралдаан зарласан “Nomadia фильм”-ийн харуул, оффисын ажилтан хоёр бүсгүй, гэрийн үйлчлэгчээр ажиллахаар ирж байгаа нас тогтсон хоёр эмэгтэй, намбалаг бүсгүйн дүрд хувирсан Алтаншонхор “захирал”, дижи, худалдагч, хүргэлтийн ажилтан эмэгтэй, залуу, мөн залуусын найзууд гэх зэрэг болно.

Найруулагч уг бүтээлдээ аль болохоор залуу уран бүтээлчдийг тоглуулахаар хичээснээ ярьж, дүрийн нэгдүгээр шугамын жүжигчидтэй түлхүү ажилласнаа тайлбарлаж байлаа. Тухайн дэлгэцийн бүтээл нь анги бүртээ заавал нэгийг өгүүлэхээр зорьсон нь найруулагчийн бодол, зохиомж, шийдэл, зураг авалтын газар /ер нь бол павильон засдаг, сүүлийн үед зардал төсөв хөрөнгө, мөнгөнөөс үүдээд уран бүтээлд тэр бүр павильон засах хүндрэлтэй зардал чирэгдэл ихтэй болсныг хаа ч гээд уран бүтээлчид, найруулагчид харамсан ярьдаг болсон/-ын сонголт зэргээс тодорхой ажиглагдана. Тухайлбал, Сургуулаа төгсөөд ирж байгаа хүүтэйгээ найман жилийн дараа уулзах гээд, нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд догдлон байгаа эцэг, эх хоёрын дүр зураг. Хэн хэн нь нүдэнд дулаахан, эр эм хоёр. Ижий нь хүүтэйгээ уулзаад хүүгээ нэлээд турж, ядарсныг өгүүлэн буй нь бүхий л ээжүүдийн сэтгэлээс л гарах үгс. Аав нь хүүгээ том залуу болсныг бахархаж, бас Сан-Франциско хотын нэгэн жижгэвтэр программын /46 ажилтантай/ компанид ажиллах санал хүлээн авсныг нь дуулаад “за, миний хүү ч санасандаа хүрлээ дээ” хэмээн сэтгэл дүүрэн хэлнэ. Ганц хүүгээ тосож авсан аав, ээж хоёр гэртээ ирнэ. Алтанхүү захирлын гэр нь сүүлийн үеийн гурван давхар хувийн эзэмшлийн, тансаг дублекс хаус, оршин буй газар нь Зайсан толгойн орчимд байх аж. Өөхтэй хонины махыг нэлээн цэрвэнгүй бариад үл мэдэг ярвайж байгаа шинэ цагийн боловсролтой залуугийн дүр төрх, харийн хоолыг амтархан магтаж, байнга л “америк хоол” иднэ, “америк хоол” тийм ч сайхан, ийм ч амттай гэх тэр жимс, жүүс, жигнэмэг, пангет/бин, гамбир/, хүйтэн мөстэй кола ундаа, сэндвич, бэлэн хоол, шарсан тахиа гээд л гагц “америк хоол”-ыг л таашаана. Хүүгээ  ирээд удаагүй байхад нь Алтанхүү захирал гэргийгээ эмчлүүлэхээр Солонгосыг зорьж, Болдыг харж хандаж, хоол ундыг нь хийж өгөх ёстой гэрийн үйлчлэгч Агий, угаасан хөшиг өлгөх гэж байгаад унаж, хөлөө хугалаад эмнэлэгт хүргэгдэнэ. Гэртээ ганцаараа үлдсэн Болд өдөр болгон бэлэн хоол, пицца гэх гамбир, шарсан, бүрсэн тахиа, жүүс, кола ууж Америкийн цагийн дагуу программ зохиох ажлаа хийж, хоол ундаа хийж чадахгүйд хүрч “гэрийн үйлчлэгч” авч ажиллуулахаар зар өгч байна.

Болдын тавьсан зарын дагуу, гэрийн ажил хийж, хоол унд хийх дунд эсвэл ахимаг насны хоёр, гурван ч хүн ажиллахаар ирээд, хийсэн хоол нь огт нийцэхгүй /гэдэс чанах гэх мэт/, үгүй бол гэрийг нь цэвэрлэж байгаад ядраад унтах настай эмэгтэй, гурав дах нь ”захирал” Алтаншонхор, эмэгтэй хүний өмсгөл зүүсгэл хэрэглээд будаж шунхдаад ирэхдээ тэдний гэрт сүлжээний камер хэд хэдийг суурилуулаад, KFC-ийн бүрмэл тахиа захиалж авчирч өгснөөр ажлаа дуусгавар болгож байна.

Улбар өнгийн куртик, том нэхмэлтэй зузаан  цагаан ороолт ороож, бага шиг богц барьсан охин хөл хөдөлгөөн татарсан, эл хул оройн цагаар зарын дагуу нэгэн айлд “гэрийн үйлчлэгч”-ийн ажилд орохоор явж байна. Гэрийн эзэн /“гэрийн эзэн” Болд/ гэх өндөр залуу, “настай хүн авна” гэсэн, чи яв яв гээд Азтайгаа охиныг гэртээ оруулалгүйгээр түлхэх нь халгүй хаалгаа хаана. Охин аргагүйдэж, өндөр зэрэглэлийн хотхоны таньж мэдэхгүй газар, айлын шатны гишгүүр дээр сууж шөнийг өнгөрүүлэхээр болно. Хаа нэгтээ нохой хуцах нь сонсогдож, жиндүү хүйтэнд охины амнаас уур савсана. Болд хуваарьтай ажлаа дуусгаад босож хөргөгчөө онгойлгоход бэлэн идчихмээр зүйл үгүй/хөлдүү мах, шилтэй даршилсан хэмх/, тэрээр охиныг гэнэт санасан юм шиг цонхоороо харахад хөөрхий охин шатны гишгүүр дээр нэлээд даарсан янзтай сууж байна, бараг хоёр цаг гаруй болсон бололтой. Үүр цайж, өглөө болох яагаа ч үгүй байлаа.

Яг энэ хэсэг дээр Болдын зүгээс охинд хандаж “чи хулгайч юм уу, эсвэл өвчтэй юм уу, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй яасан хачин охин бэ? би чамаас айж байна, хөөе чи эрүүл үү?” гэх мэт үгсийг хэлж байгаа  нь, дүрийн үйлдэл арай л болхи, хүмүүний ёс суртахуун, харилцааны хувьд дээд зэргийн биеэ тоосон бүдүүлэг зан, байдал илэрч байна. Улмаар өлсөж ундаасах, өөрөө хоол ундаа хийж чадахгүй байгаа “соёлтой залуу” хүйтэнд амнаасаа уур савсуулан үдшийн харуйгаар үүдний гишгүүр дээр суух охиныг дуудаж оруулаад “гучин минутын дотор америк хоол хийгээдэх, чаддаг юм бол, энэ чиний ажилд орох анхны шалгуур даалгавар” ч гэж байх шиг. Ямар хоол хийхийг нь мэдэхгүй мөртөө чанаж байгаа үхрийн махыг ярвайн харж, “би чамайг америк хоол хийгээдэх гэсэн, энийг чинь идэж чадахгүй ээ” хэмээн хямсалзаж байгаа төрх, туршилтын нэг хоног гэснээ, Азтайзаяа охины хийсэн үхрийн махан хавчуурга бүхий “филадельфи сэндвич”-ийг амталснаа, туршилтын гурав хоногоор ажиллуулахаар болж байгаа нь, гол дүрийн охины хэлснээр “шоронд байгаа мэт” арван найман дүрмийг баримталж, дагаж ажиллах, чадахгүй гэвэл “хаалга тэнд байна, яв”  ч гэж байх шиг “соёлжсон, боловсон” залуу хүний төрхийг илэрхийлэхэд хэл, ярианы туйлын зохисгүй бүдүүлэг үг, хэллэг хэрэглэсэн нь зохиолын хэлний дутмагшлыг харуулж байна.

Хорин хэдтэй залуу хүү Болд хэтэрхий гэмээр яхир зантай, ууртай, үглээ нэгэн аж. Тэрээр “гэрийн үйлчлэгч”-ээр ажиллах хүндээ 17-18 заалт бүхий нэг “дүрэм” зохиочихсон, түүнийг нь заавал баримтлах ёстой, энэ дүрмийг зөвшөөрөхгүй бол ажилд авахгүй, гэсэн муйхар шаардлагыг тулгаж байгаа нь нэг талаар “соёлт ертөнц”-өөс дэг журамд суралцаад ирсэн “ажил хэрэгч залуу” ч юм шиг, нөгөө талаас ганцаараа, эрх дураараа, өөрийнхөөрөө өсөж өндийсөн хажиг зожиг, хачин зан ааш нь дэндчихсэн гэмээр нэгэн болох нь төвөггүй ойлгогдож байна. Болдын энэ бүх байдлыг тэвчээд тэдний гэрт “гэрийн үйлчлэгч”-ээр ажиллахаар болж байгаа оюутан охин Азтайзаяагийн дүрийг бүтээх уран бүтээлчийн хувьд, найруулагчийн зүгээс жижигхэн биетэй, намхан охиныг олж тоглуулах нэлээд хэцүү байсан гэх, эрж, хайж явсаар урлагийн сургуулийн оюутан Билгүүний Ану-Үжинг сонгосон нь их зөв болсныг олзуурхан тэмдэглэж байна.

Уг киноны бараг анги болгонд “америкийн цагаар ажиллах”, “америк хоол”, “америк маягийн тахиа”, “америкийн сургууль”, “америкийн компани”, “америк сэндвич”, “америк руугаа буцья”, “америкдаа очоод star bax-ынхаа кофег ууя”, “америкт очоод далайн эрэг дээр нэг сайхан амарья”, “америкт хувцасны өрөөтэй болмоор байна”, “америкт shopping хийх сайхан”, “америкт өргөн зам даар машинаараа явья” гэх зэрэг “америк”-гүй нэг ч зүйл алга, бүр амны уншлага болсон “америк” гэдэг үгнээс үнэхээр залхмаар байлаа. Чухам үзэгч, уншигчийг залхаах гэж зориуд “америк” гэдэг үгийг гол дүрийн жүжигчдийн хэл, яриагаар арав хориор тогтохгүй тоть шиг давтан хэлүүлж байгаа нь, манай зарим нэгний “харийг шүтэх”, “харийг дээдлэх, “харийн юм бүхнээр амьсгалах”, “хариар хийрхэх өвчин”-д жаахан ч атугай шүүмжлэлтэй хандаж ухааруулах гэсэн юм болов уу, гэсэн эерэг бодлоор ойлгохыг хичээлээ.

Болдын “тэнэг дүрэм”-ийг зөвшөөрч “гэрийн үйлчлэгч”-ээр ажиллах гэж байгаа Азтайзаяа бол жирийн аж төрөлтэй засварчин аав, багш ээжийн ууган охин, хоёр ихэр эрэгтэй дүүтэй, оюутан болсон анхны жил нь ижий нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, Утга зохиолын ангийн төгсөх курсийн оюутан, хэрсүү, тэвчээртэй уйгагүй зан чанартай, эвдрээгүй, хөөрхөн, сайн охин юм. Тэрээр охид, залуусын сонсох дуртай энэ цагийн нэгэн хамтлаг/Камертон/-ийн дуучин Болдын хөгжөөн дэмжигч, “улаан фен” нь ажээ. Үнэндээ Болд гэдэг адилхан нэртэй болохоор нь зохиолд зориуд ийм нэг “дуучин”-д дуртай, магадгүй хайртай болгож зохиомжилсон уу, эсвэл өөр зүйрлэчихмээр зүйл олдоогүй юу гэхэд хаашаа, огтын авцалдаагүй байлаа. Учир нь “дуучин Болд” гэдэг залуу, бас ч боломжийн киноны “хөөрхөн охин”-ы хиргүй сайхан сэтгэлд “үлгэрийн хан хүү шиг” зүйрлэн бодох чинээний энэ цагийн “үлгэр жишээ” залуу мөн эсэх талаар дэнсэлж үзэхэд сэтгэл ихэд гонсойлоо. Ингэж бичлээ гээд дургүйцэх охид, залуус гарч ирэх л байх, гэхдээ уучлаарай “Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ?” гэдэг ардын маань цэцэн үг байдаг юм. Бас “Олны үг ортой” ч гэдэг.

Туульсын зохиолд ялангуяа тайз, дэлгэцийн бүтээлд зарим тохиолдолд хөтлөгч, өгүүлэгч чухал болох нь нэлээд ажиглагддаг. Уг бүтээлд энэ үүргийг хоёрдугаар дүрийн шугамын гурван “хулгайч”-ийн дүрээ тун ч эвлэгхэн бүтээсэн байдал, нөгөөтэйгүүр Утга зохиолын ангийн оюутан Азтайзаяа охины бичиж байгаа “кино зохиол” болж байна.

Хоёрдугаар дүрийн шугамын гурав. Алтаншонхор, Тагтаа, Сэрээ гэсэн нэрээр нэрлэгдсэн уг дүрүүдийн давс болоод хужир таарсан нь үйлдэл, үйл хөдлөл, харц, нүүр царайны хувирал, дуу хоолойн өнгөний өөрчлөгдөж байгаа байдал зэргээс харагдаж байна. Учир нь, сүүлийн үеийн хоосон марзаганал, хэрээс хэтэрсэн дэмийрэл /эрэгтэй хүн бүсгүй хүний өмсгөл зүүсгэлийг зүүж, нүд ам, нүүр царайгаа шунхдан будаж, үс гэзэг алхаа гишгээгээ хүртэл эм болгох гэж ядаж байгаа байдал, айл гэрийн тулга тойрсон хэрүүл, авгай хүүхний атаа жөтөө, гэр бүлийн завхай зайдан амьдрал, баян хадам ядуу хүргэн, хадам бэр, ядуу хадам баян хүргэний хэтэрхий зохиомол, зөрчилт харилцаа гэх мэт/-ийг тэдний “хөнгөн хошин” тоглолтоос олж харсангүй, юутай сайн. Уг гурван дүрийг бүтээсэн жүжигчдийн байр байдал, дуу хоолойны өнгө, нүдний харц, нүүр царайны хувирал, тухай тухайн өгүүлэмжийг илэрхийлэх, үзүүлэх зэрэг нь тоглолт бүртээ аятайхан тохирч илүү дутуу хиймэл зүйлгүй бүтээжээ. Жишээлбэл, уг гурван дүрийн тоглолтын оргил үе гэж хэлж болохоор Болдын гэрт болж байгаа үдшийн цэнгүүний үеэр “гурван хулгайч” захиалагчийн нь ажил /Алтанхүү захирлынд үе уламжлагдаж ирсэн мөнгөн тоногтой эмээл, хазаарыг хулгайлуулах-/ыг гүйцэтгэх хамгийн “тохиромжтой үе” гэж үзээд олны дотор орохдоо өөрсдийгөө хувиргах боломжууд нь Алтаншонхорын “зохиолын дуучин”, Сэрээгийн “cool залуу”, Тагтаагийн “репэр Ка” нарын байдлаар уг байшинд орохоор төлөвлөж байгаа хэсэгт, нийтийн дууны түгээмэл хэллэг бүхий дөрвөн мөртийг аялан дуулах Алтаншонхорын байдал, Сэрээ тэр хоёул Тагтаад “репэр Ка”-гийн үглэн дуулдаг “Бантан хийвэл.., ” гээд дууны үгийг аялан хэлэхэд Тагтаагийн хоолойны өнгөнд нэг тийм хаашаа ч юм бэ? гэмээр гайхсан байдал илэрч “ямар хачин үгтэй дуу вэ?” гэж хэлж байгаа нь, эргээд нөгөө “хачин үг”-тэй дууныхаа тэрүүхэн хэсгийг төвөггүй цээжлээд дуулж байгаа зэрэг нь ямар ч хиймэл маяггүй аятайхан болсон байна. 

Дэлгэцийн урлагийг амилуулдаг олон хүчин зүйл бий, эдгээрийн нэг нь “киноны хэл” юм. Киноны хэлийг бие даасан урлаг гэж үзэж “зохиолын хэл,  киноны хэл”-нд ач холбогдол өгөх, их нухацтай хандах, машид анхаарахгүй бол уран бүтээлчдийн өмнө тулгамдсан асуудал болсон байна. Сүүлийн үеийн манай зарим киноны бараг давтмал хэллэг болчихсон гэмээр “аалз чинь”, “муу бөөс”, “хамаа” зэрэг бүдүүлэг үг, хэллэг уг бүтээлд ч бас хэлэгдэж байна. Жүжигчид дүрээ бүтээхдээ өөрсдөө лав санаанаасаа нэмж “чимэх” гэж хэлээгүй байх. 

Иймэрхүү байдал гол дүрийн шугамын баатруудын харилцан ярианы үед ч илэрч л байна. Тухайлбал, Хулангийн амнаас “хөөе тайрдас аа”, “хөөе тагжгар аа”, “арчаагүй, навсгар”, “хөдөөний царайт”, “танай шинэ зарц уу?”, “царай муутай нугас”, “ядуу хоосон”, “их санаатай халтар нугас вэ?”, “чи эдний хөрөнгөнд шунаад байна уу?”, “өөрийнхөө хэр хэмжээг мэдэж байвал яаж байна” гэх зэрэг үгс гарч байгаа нь түүний сайхан төрх, боловсролын хэмжээнд огт тохирсонгүй. Уг нь Хулангийн зүгээс Азтайзаяаг дорд үзэж байгаа байдал, түүнд доромж маягаар хандаж байгаа хандлага зэргийг зохиолд өөрөөр дүрслэн бичих, дэлгэцнээ өөрөөр илэрхийлэх, үзүүлэх баялаг хэл, хэллэг, арга маяг, зөндөө боломж байж болохыг зориуд хэлмээр санагдаж байлаа. 

Бас нэг зүйл,  “гэрийн үйлчлэгч” охины туршилтын гурав хоногтоо хийсэн анхны “америк бин” Болдын хэлснээр “амьдралдаа идэж үзсэн хамгийн муухай амттай бин” байж улмаар ажиллуулахгүй барихгүй дээрээ тулах тэр үед Азтайзаяа охины “бурханд залбирч”/god/, “та нар одоо л надад тусалчих” гэх зэргээр хэлж байгаа үгс христын шашны сүсэгтэн болохыг нь харуулж байх шиг. Эсвэл саваагүйрхээд үе тэнгийнхний нь дунд “бурхан минь, бурхан минь авралдаа багтаагаач”, “бурхан минь охиныгоо харж үзээч” гэдэг шиг тийм үйлдлийг ухамсаргүйгээр гаргасан уу, үнэн санаанаасаа хэлж байсан уу, зохиолын бичвэрт бичигдсэн үү? Хэрвээ, Азтайзаяа охин “Христ эцэг”-тээ залбирсан бол гол дүрийн баатраар дамжуулж Христын шашныг бяцхан зориуд сурталчилсан зохисгүй үйлдэл үү, ...,  зүгээр л хэлүүлсэн юм уу, санаа болоод зорилгыг нь ойлгосонгүй. Ингэхтэй зэрэг “хүний шүтэх, бишрэх эрх чөлөөтэй”, “хэнд ямар хамаатай юм”, “шүтнэ, биширнэ” гээд л орилолдох байх л даа. Гэвч шүтэх, бишрэхийн цаана учир бий. Дөнгөж бүрэлдэж буй хэвлий дэх ургаа “ариун усаар угаал үйлдэж байна” хэмээн голын хүйтэн усанд орж зулбуулахдаа хүрч, эцэг, эхийгээ Христ эцгээсээ дорд үзэж, элийрэх, дэмийрэхийн туйлд хүрч, эргээд гарах гарцгүй мухардалд орохдоо “эцэгтээ үнэнчээ илэрхийлж ижий, аавын амилуулсан эрдэнэт төрлөө егүүтгэх”-д хүргэж байгаа гашуун үнэн энэ цагт баримттайгаа байгаа билээ. Бид хүнд хэцүү үед хамгийн түрүүнд “ижийгээ дууддаг”, “тэнгэр минь”, “Хайрхан минь” ч гэдэг. Яагаад заавал дээрхийг оруулсан юм бол? Монгол хүний сэтгэлгээ, зан заншил, уламжлал, соёл гээд бидэнд үнэт зүйл их бий, үлгэрлээд хэлчих “үгс”-ээр ч гачигдахааргүй ээ. Жич, туйлшраагүйгээ хариуцлагатай хэлье. 

“Гэрийн үйлчлэгч”-ийн хийсэн хоол, унд “муухай ааштай, дарангуйлагч/Азтайзаяа охины Болдод өгсөн нэр/”-д овоо тоогдож /америкийн цагаар нойргүй ажиллаж байгаад хөлдүү махаар стэйк хийснийг нь эс тооцвол/ эхэлнэ. Болд өөрөө ч мэдэлгүй Азтайзаяа охинд сэтгэл татагдаж, өөрийнх нь хэлснээр “хэзээ ч өөрийнхөөрөө байж үзээгүй” түүнд энгийн чөлөөтэй, эрх дураараа, магадгүй “хүүхэд нас”-ны гэмээр зүггүй бас зугаатай, сайхан байсан тийм эгзэгтэй мөчид Болдын найз охин гэгдэх, Алтаншонхор ”захирал”-ын хэлснээр: “тогос шиг амьтан” болох Хулан бүсгүй найз залуутайгаа Америкаас холбогдож “гай болох”-д намхан, жижигхэн Азтайзаяаг олж хараад “хөөе тайрдас аа, чи наанаа зогсож бай”, “чи яагаад энийг байлгаад байгаан, энэ том байшинд ийм юмтай хоёулхнаа яагаад байж байгаа юм бэ?”, “чи өөдгүй амьтан”, “чи намайг хуурсан” гэх зэргээр чарлан тачаадаж, уурсан хашгирч байгаа дүр төрх, дуу хоолой анхлан дэлгэцнээ харагдана. Хулан бол Америкад бизнесийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, өндөр гоолиг биетэй,  хөрслөг бор царайтай, давхраатай эргэлдсэн том алаг нүдтэй, нүүр царай, нүд хөмсөг, уруулаа Болдын хэлснээр ёстой л “шавар ваар шиг будаж шунхадсан” сайхан бүсгүй. Уг дүрийн дотоод мөн чанарыг тодотгож өгөхөд түүний өмссөн зүүсэн,  түүндээ тохируулж будаж шунхадсан зэрэг нь арай л хэтийдсэн гэмээр харагдаж байна. Хулан бүсгүй Болдыг “хайр аа, би чамайг өдөржин санаад ядраад байна, чи намайг санаж байна уу?”, “миний хайр мундаг юм чинь дорхноо л хийчихнэ”, “хайрдаа бэлэг бариарай” гэх зэргээр хошууны үзүүрээр сайхан үгсийг урсгаж, наалинхайтан байгаа нь хөрөнгөтэй айлын бэр болж, /өөрийнх нь үгээр  “номхон хонийг ноолох”/ мөрөөдөл нь талаар болох, бүр өнөө маргаашгүй авмаар байгаа “улаан Лексус” машин нүдний нь өмнө харагдаад хар, хорын сэтгэл нь байж суухын аргагүй болгож, найз Уянгаагийнхаа илгээсэн Болд, Азтайзаяа хоёрын “Зайсан хилл”-д чөлөөт цагаа өнгөрөөж байгаа зургийг цахимаар хүлээн авангуутаа шууд нислэгийн тийз захиалаад монголд ирж байгаа үйлдэл. Болдын мэдлэг чадварыг ашиглаж юу хүссэнээ эдэлж хэрэглэх /өмнө нь авч өгсөн машиныг нь голж, 2017 оны шинэ загварын Лексус машины улаан өнгөтэйг авхуулахаар шунан дурлаж байгаа байдал/, идэж уух, өмсөж зүүх улмаар чинээлэг айлын ганц хүүтэй гэрлэж насан туршдаа баян хангалуун амьдрах юугаар ч дутагдаж гачигдахын зовлонгүй өдөр хоногийг зугаацаж, дэлгүүр хэсэж, далайн эрэг дээр наранд биеэ шарж хөөрхөн сайхан, өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнээ олонд гайхуулж явах дур хүсэлтэй, царайлаг, зальтай сэргэлэн, овжин бүсгүй болно. Бүхнийг өөрийн болгох гэсэн дур зоргоороо авир нь олон янзаар илэрч, Болдын гэрт болох үдшийн цэнгүүний бүхий л бэлтгэл ажлыг хийсэн Азтайзаяагийн хөдөлмөрч уйгагүй байдлыг дотроо ийн бодож “чи уг нь гайгүй л охин юм шиг байна, гэхдээ энэ гэрт чи, бид хоёрын нэг нь л үлдэнэ” гэх ба Болдын өөрт нь хайргүй гэдгийг мэдэх тэр мөчид,  “одоо ингээд зогсох ёстой юм болов уу”, “би яах ёстой юм бол оо” хэмээн эргэлзэн тээнэгэлзэж байгаа байдал, энэ бүхнээ Азтайзаяад мэдэгдэхгүйг хичээж “хөөш, чи наанаа суу. Би чамтай аятайхан ярих гэж байна, би чамд Болдын өгдгөөс гурав дахин их хөлс өгье, чи Болдоос холд” гэх зэргээр тулган шаардаж байна. Эцсийн бүлэгт Хулан өөрөө өөрийгөө “би хэн билээ?” гэдгээ умартаж, үнэнд гүйцэгдэж, түүний бардам дээрэнгүй зан, “хэнд ч хожигдохгүй” гэсэн шазруун байдал намхарч, гэрийн үйлчлэгч Агийд сэтгэлээ уудлан “Болд намайг нэг нүдээр ч харахгүй байна. Би Болдод хайртай.” гээд нулимс унаган байгаа аргагүй байдал, төрхийг жүжигчин Б.Азжаргал үнэмшилтэй бүтээсэн байна. Нөгөө талаар Болдын ээж, аавтай уулзах үедээ: “Манайхан гэж дэлхийгээр нэг тарсан улс байдаг юм. Манай эгч Германд, би Америкад.., Аав ээж хоёр хуриманд ирж чадахгүй гэсэн. Болд бид хоёр хуримын дараа шууд ниснэ. Аав, ээж хоёр Америкад очихоор ёслол хийж өгнө гэсэн.” гэх зэргээр өгүүлж байгаа нь магадгүй эцэг, эх хоёр нь охиныхоо хэн болохыг, цаашилбал хэн болж төлөвшсөнийг нь “сайн мэдэх” учраас худ, худгуй нартайгаа ирж уулзах завгүй, эрдэнэ шиг охин үрийнхээ амьдралд нь, насан туршид нь ганцхан л тохиох хуримын ёслолд нь ч ирж оролцож “амжихгүй” байгаа нь Хулан хэн бэ? гэдгийг бүр тодотгож харуулжээ. 

Болд ийн сайхан, муухай аашилж, олон янзын зан авир гаргаж, хэлэх хэлэхгүй үгийг Азтайзаяа охинд хэлсээр, бас Азтайзаяагийн буруу үйлдлийг уучилж /24 цагийн турш ажиллуулах программыг нь мэдэлгүй компьютерийг нь унтраагаад бүх цахим ажлууд нь устах, ажлын ачаалал, нойргүйдлээс үүдэж ухаан алдаж унасных нь дараа Болдыг заавал хэн нэгэн хэд хоног асрах шаардлагатай болсон зэрэг/, өөрөө ч мэдэлгүй түүнд хайртай болно. Азтайзаяа охинд хайртай болсноо хэлж чадахгүй байсаар, цаг хугацаа өнгөрсөөр. Энэ хооронд багын нь найз Билгүүний нь сэтгэлд Азтайзаяа охиныг гэх дурлалын гал асаж, улмаар өөрийнхөө төрсөн өдрийн баярт Азтайзаяаг урьж, найзуудтайгаа хамт нэгэн амралтын газарт очих, салхинд гарахаар төлөвлөж, үе тэнгийн дөрвөн залуу найз охидтойгоо өөрсдийн унаагаар замд гарна. Билгүүн бол найзуудынх нь яриагаар, сайхан залуу, сайн залуу. Бас загвар өмсөгч охидтой нэлээд холбогддог гэх, одоо хүртэл үерхдэг охинтой болоогүй яваа нэгэн. Амралтын газрын хүлээлгийн танхимд оройн хоолны цагийг хүлээж суухдаа дөрвөн найз залуу ийн ярилцаж байдаг. Билгүүн, Азтайзаяад үерхэх санал тавихаар догдлон байгаа мөчид, Болдын зүгээс “Хулан бол зүгээр л миний найз охин. Үерхэл бол үерхэл шүү дээ. Ямар гэрлэх гэж байгаа биш. Хуланд бүхнээ зориулъя гэсэн бодол надад яагаад төрдөггүй юм бол.., Хулан, та хоёрын дураараа зан яг адилхан. Өөрт чинь сайн үгүй ч мэдэхгүй байж, үерхэх санал тавих гэж байгаа чинь арай эрт юм биш үү.., Би ер нь Хуланд энэ бүхнийг хэлж ойлгуулъя, гэж бодож байна.” гэх зэргээр ярилцаж суухад Билгүүн: “Чи Хулантай энэ тухайгаа ярих гэж байгаа бол өнөөдөр л биш шүү. Миний өдрийг битгий баллаарай, гуйж байна.” гээд босож явна. Унадаг дугуй унаад ёслолын танхимд орж ирэх Билгүүний өмнүүр Болд өөрөө ч мэдэлгүйгээр орж, найз нь унадаг дугуйнаасаа унахдаа хоол, унд амттан шимттэн дүүрэн өрсөн ширээний бүтээлгийг татан бүх зүйл газарт унаж, шил аяга хагарч.., Билгүүний гар бага зэрэг гэмтэж.., уур амьсгал туйлын таагүй болно. Энэ үйл явдлын дараа Хулан, Болдтой хэрэлдэх хэлцхийн дундуур ярьж, Болд түүнтэй үерхлийн холбоогоо дуусгахаар шийдсэнээ шууд хэлнэ. Улмаар Азтайзаяад “би чамд хайртай, чамгүйгээр байж чадахгүй” гэхэд Азтайзаяа: “Үгүй, үнэндээ би чиний үгийг зөндөө хүлээсэн. Чи Хуланд ч бас надад ч үнэнийг хэлээгүй.” гээд явж өрөөндөө ордог. Маргааш өглөөний цайны үеэр Билгүүн, Азтайзаяад үерхэх санал тавьснаар үерхэж эхлэх болсноо найзууддаа хандан хэлж байна. Багаасаа л ганцаараа эрх дураараа, зожиг өсөж өөрийгөө бусдаас илүүд үзэж, магадгүй бусдын өмнө “чухал хүн” болох гэж биеэ барьж, хиймэл дүр эсгэж өсвөр нас нь өнгөрсөн Болдын хувьд Азтайзаяа охинд хэлж байгаа “тэр чамд хайртай болох хүнийг харах юмсан, залуучууд чиний араас хараад ухаан алдталаа гүйдэг гэдэг чинь чамайг яасан намхан юм бэ? л гэж харж байгаа байхгүй юу.., тэр хайруудаа манай гэрээс хол байлгаарай..,” гэх зэргээр даапаалан хэлж, доромжлоод байгаа юм шиг, цаанаа өөрийгөө чухам яагаад ингээд байгаагаа ойлгохгүй байгаа тэр агшин, тийм дүр төрх, сэтгэлийн догдлол, түүнийгээ илэрхийлж чадахгүй байгаа “эв дүйгүй” байдал зэргийг гаргаж илэрхийлэхэд жүжигчнээс их ур чадвар шаардах нь мэдээж юм.

Ер нь дотоод сэтгэлийн илэрхийллийг нүдний харц, нүүр царайны хувирал, үйл хөдлөл, буй биеэрээ сэтгэлд хоногштол илэрхийлж гаргана, бүтээж хүнд хүргэнэ гэдэг бол жүжигчнээс их ур, чадвар шаарддаг, туйлын хүнд тоглолт байдаг. Кино урлагийн түүхэнд “хүнд хайртай” болсон сэтгэлийн илэрхийллийг нүдний харц, нүүр царайны хувирал, үйл хөдлөл, буй биеэрээ сэтгэлд хоногштол төгс гэж хэлж болохоор илэрхийлсэн бүтээл цөөнгүй байна. Тухайлбал, “North and South” /1985,1986/ киноны гол дүрийн жүжигчин Patrick Swayze/Патрик Сүэйзи/-н бүтээсэн Оrry Main-ийн, жүжигчин Lesley-Ann Down-ы бүтээсэн Madeline Fabray La Motte-г хайрлаж дурласан дүр, “Sleepless in Seatle” /1993/ киноны гэргий нь насан эцэслэсэн бага насны хүүтэйгээ амьдардаг архитекторч, эцэг Sam Baldwin-ы дүрийг бүтээсэн Tom Hanks /Томас Жeффри Хэнкс/-ийн тоглолт, Annie Reed-н дүрийг бүтээсэн Meg Ryan /Мег Райн хамт тоглосон/, “The Bridges of Medison Country”/1995/ киноны “National Geographic”-н гэрэл зурагчин Робертийн дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Clint Eastwood /Клинт Иствүүд/, Франческа-гийн дүрийг бүтээсэн Meryl Streep /Мэрилин Стрип/-ийн тоглолт, “Memoirs of a Geisha” /2005/ киноны япон бизнесмэн Chairman Ken Wamura-гийн дүрийг бүтээсэн Ken Watanabe-н тоглолт, Zhang Ziyi-тай хамтарч тоглосон, “Москва слезам не верит”/1979-1980/ киноны Георгий Ивановичийн дүрийг бүтээсэн Алексей Владимирович Баталов /Гоша, Гога, Жора, Гора, Юрий/-ын болон Екатерина Александровна Тихомирова буюу Катрина /Катя/-гийн /Вера Алентова/ нарын тоглолт, “Школьный валс” киноны Гоша Кораблева/Сергей Александрович Насибов/-д хайртай болсон Зося-гийн дүрийг бүтээсэн Елена Октябревна Цыплакова-гийн тоглолт, “Анхны алхам”/1969/ киноны хадланч залуу Болдын оюутан охин Мядаг /Б.Цэцэнбалжид/-т, “Гэрлэж амжаагүй явна” /1981 /киноны Гансүх инженерийн оюутан Сүрэн /Н.Батцэцэг. Тэрээр уг дүрээ жүжигчин Ч.Хүрэлийн тоглолтын хэмжээнд хүртэл бүтээж чадаагүй/-д хайр сэтгэлтэй болсон хайрын харц, үйл хөдлөл, өгүүлэмж, сэтгэлийн хэлэмж, илэрхийллийг жүжигчин Чойн Хүрэлийн тоглолт, бүтээсэн дүрүүдээс харж, мэдэрч, ойлгож болно.

Ажилсаг, тэвчээртэй, хөгжилтэй, хөөрхөн “гэрийн үйлчлэгч” охиндоо “хайртай болсон” хорин зургаатай залуугийн догдолсон сэтгэл, түүнийгээ гаргаж хэлэх эвээ олохгүй байгаа байдал, тэгсэн хэрнээ бага багаар санаа тавьж байгаа, тэр бүхэн нь өөрт нь хичнээн аз жаргалтай байгаа тэр мөч зэргийг мэдрэхдээ чухам л Болд цоо шинэ ертөнцийн үүд хаалга өмнө нь нээгдэж байх шиг, тийм гэгээн, сайхан бүхнийг анх удаа мэдэрч байгаагаа ойлгож эхэлнэ. Охины хийсэн хоолыг амтархан идэж, өөрийн зохион бүтээж байгаа программдаа Азтайзаяагийн дуу хоолойг бичиж, өөрөө ч мэдэхгүй байнга Азтайзаяаг дуудаж, тийм ч юм аваад ир, ийм ч юм аваад ир гээд л цаг үргэлж хажуудаа хэдэн мөч ч гэсэн байлгах гэсэн хүсэлд өөрийн мэдэлгүй автаад байгаа зэрэг нь, уг нь хэн нэгэнд үнэхээр хайртай болохдоо ямар ч хүний хатуу хөтүү, хөшүүн хүйтэн байдал уярч, зөөлөрдөг, бүр өөрийн мэдэлгүй хийхээргүй үйлдлээ хийх зэрэг тэр сайхан бүхнийг энэ цаг үед дэлгэцийн урлагт одоо цагийн залуусын хайр, дурлалын амьдралд үзүүлэхээр зорьсон нь уг бүтээлийн үнэ цэнийг тодорхойлж байна. Арай л өөр зэрэг зиндааны амьдралтай Болд бор дүрхэн засварчны охин “гэрийн үйлчлэгч”-дээ хайртай болж өөртөө эргэлзэж, тээнэгэлзэж, удаанаар чадан ядан зүтгэж өөрийнхөө амьдралын ханиар Азтайзаяаг сонгож байгаа нь хайр, дурлалыг ашиг хонжоо, тооцоо, бэл бэнчин, зэрэг зиндаа зэргээр тодорхойлох болсон өнөө цаг үед зарим нэгэн тооцоотой хүмүүнд бол их л гэнэн, инээдэмтэй, за, ийм юм гэж юу байдгийн? ийм айлын хүү, юу боллоо гэж тийм сонголт хийхийн? гэж бодогдмоор хэдий ч хүний сэтгэл гэдгийг юугаар ч тогтоон барьдаггүй, юу ч хазаарладаггүй, чухамхүү өөрөө ч мэдэлгүйгээр бүрэн автсан байдаг, бүр сохорсон байдаг, тэр нь аз жаргалтай байлгадаг, өөрийн эрхгүй инээчихсэн, дуу аялчихсан, хөнгөн шингэн, дүүлэн нисмээр ч болдог тийм л сайхан хайрыг илүү тодоор, илүү тоглолттойгоор тултал харуулж болох байсан даа, гэж бодогдож байгаа ч Болд/Маргад/ өөрийнхөө боломжоор уг дүрээ бүтээсэн байна. Анхны юм бүхэн сайхан, дурсгалтай, хөгжилтэй, нулимстай, баяртай, догдлолтой байдаг дуучин, гитарчин Маргад дараа дараагийнхаа дүрийг бүтээхдээ туршлагажсан байх байх аа.

Болд, Азтайзаяа хоёрын дүрийг тодруулах, дүрийн сэтгэл зүйг нээхэд, Болдын багын найз Билгүүний бүтээсэн дүр их сонирхолтой байлаа. Найруулагч Билгүүний дүрийг сонгохдоо жүжигчин О.Самданпүрэвт оноосон нь алдсангүй ээ. Учир нь гадаад төрх, дуу хоолойны өнгө, байр байдал зэрэг дүрийг илэрхийлэх хэд хэдэн онцлог асуудал дээр жүжигчин боломжоороо ажиллажээ. Ялангуяа Азтайзаяаг харах Билгүүний харц, догдолж байгаа сэтгэлийнхээ илэрхийллийг хөдөлгөөнөөрөө/ фото студидээ модель болгохоор Азтайзаяа охины зургийг авч дуусаад, түүний угаалгасан зургийг үзүүлэхээр ширээ рүүгээ ухасхийж, өөрийнхөө зургийг харж суугаа Азтайзаяаг хэрхэн харж байгаа байдал, өөрийнхөө төрсөн өдрийн баярыг хэрхэн догдлон тэмдэглэхээр бэлдсэн нөхцөл, найзынхаа гэрийн үйлчлэгч охинд сэтгэлээ илэрхийлж, үерхэх санал тавьж байгаа төрх, Болдыг Азтайзаяад сайн гэдгийг зөнгөөрөө мэдрээд байгаа мэдрэмж, тэгсэн хэрнээ охиноос сэтгэлээ татаж авч чадахгүй байгаа залуу хүний оргилсон сэтгэл, маргаашийг гэгээтэй харж байгаа байдал, үйлдэл зэрэг/ үзүүлэхдээ жүжигчин найруулагчийн зөвлөмжийн дагуу шугамыг их аятайхан гаргажээ. Гэхдээ уг дүр өмнө нь бүтээсэн, үзэгчдэд төрүүлсэн эерэг сайхан сэтгэгдэл, бас ч Азтайзаяа, Билгүүнтэй амьдраасай, гэсэн/би л лав хувьдаа тэгж бодсон/ хүслийг ямар ч үнэ цэнгүй болтол нь нураасан нэг хэсэг нь, Болдын хуримын өмнө гурван найз/Болд, Ирмүүн, Билгүүн гурав/ уулзалдаад, хооллож ярилцаж байгаа тэр хэсэгт Билгүүн, Болдод хандаж ийн хэлж байна. “Би Азтайзаяатай уулзсан. Би Азтайзаяад дахиад үерхэх санал тавих гэж байгаа. Азтайзаяа шиг хөөрхөн, юм үзээгүй гэнэн охид жаахан санаа тавьчихвал дурлачих байх.” гэхэд Болд нэлээд уурсангуй: “Тэр ямар байна?.., Тэр минийх, чамд Азтайзаяаг гомдоох эрх байхгүй шүү.” гэхэд Билгүүн:”Чи ямар шуналтай юм бэ? Хүнтэй гэрлэх гэж байж. Чиний хуримын өдрийг чинь сонсоод сэтгэлээр унах байлгүй. Чи одоо очоод уулзаач дээ. Чам шиг гэрийн үйлчлэгч охиноороо тоглосон амьтныг бодвол би хайрлаж ч чадна, тусалж ч чадна, мэд үү” хэмээн хэгжүүрхэн хэлж байгаа байдлыг ажиглавал Билгүүний “надад өндөр гоолиг бие, царай зүс хэрэггүй ээ, сэтгэл л хэрэгтэй байна”/учир нь найзуудынх нь хэлээд байгаагаар Билгүүн бол сайхан залуу, тэр хэрээрээ загвар өмсөгч охидтой их орооцолддог, “найдваргүй” нэгэн/ гэсэн үг, Азтайзаяад хайртай болсон халуун сэтгэл, Азтайзаяаг Болдод хайртайг мэдээд түүнд хандаж: ”Анх чамайг харахад чи сахиусан тэнгэр шиг инээмсэглэсэн охин байсан. Би чамайг тэр чигээр чинь л хармаар байна. Би чамд хайртай. Гэхдээ чи Болдод сайн бол одоо яахав дээ, би хожимдож..,” гээд нүднийх нь харц гунигтай болж, санаа алдаад машиндаа сууж үлдсэн.., тэр дүр зураг. Азтайзаяад хайртай болсон, сайхан сэтгэлтэй залуугийн дүрийн шугамыг бүрмөсөн арчиж “Азтайзаяа шиг юм үзээгүй охинд жаахан санаа тавьчихвал дурлачих байх..,” гэдэг үгсийг яагаад хэлүүлэхэд хүрсэн юм бол, үнэхээр харамсалтай. Уг нь Билгүүний дүрийн шугам гажуудалгүйгээр тэр чигээрээ бүтээл дууссан бол зохиолыг чимэх байлаа.

Болдын найзууд болох Тэмка, Ирмүүн нарын дүр байх ёстой, бас ч боломжийн санагдлаа. Тэмкагийн үйл явдал, нөхцөл байдалд тохируулан дуу хоолойны өнгө, нүдний харцаараа илэрхийлсэн байдал /Билгүүний төрсөн өдрийн арга хэмжээн дээр найзынхаа Азтайзаяад үерхэх санал тавихаар яаран догдолж байгаа тэр хэсэгт дөрвөн найз залуус,  найз охиддоо Ирмүүн, Гэрлээдээ үерхэх санал тавихдаа “Хоёулаа үерхэе” гэж мессеж бичихэд нөгөөх нь “тэгье л дээ” гээд л үерхчихсэн гэсэн бол Тэмка: “Уянгаа бид хоёр нэг л мэдэхэд үерхдэг болчихсон байсан, мессеж ч бичээгүй”, гэдэг бол Болд: “манай найз намайг Хулантай танилцуулсан, тэгээд л үерхсэн.”/ гэх зэргээр ярилцаж суухад Болд нэгэнтээ: “Хулан бол дажгүй охин, гэхдээ яагаад надад бүхнээ зориулах сэтгэл төрдөггүй юм бол оо.., Би одоо ч ийм зан гаргаад байгаа юм биш, анхнаасаа л ийм л байсан.., Ер нь Хуланд энэ бүхнийг ярьж ойлгуулдаг юм бил үү? гэж бодож байгаа..,” гэх зэргээр өөр өөрсдийнхээ сэтгэлийн нандин дурсамжийг ярилцаж суудаг. Билгүүний Азтайзаяад үерхэх санал тавихаар догдлон бэлдсэн бүхэн санаснаар нь болдоггүй бөгөөд Болд өөрийн мэдэлгүй найзынхаа сэтгэлийг ч шархлуулна, гэж болгоомжилсонгүйгээр үл барам Азтайзаяад хайртай болсноо хэлж, “чамгүйгээр байж чадахгүй” гэж байгаа нь түүний дотоод сэтгэлдээ хадгалж, бачуурч, яаж? хэрхэн? хэлэх арга ухаанаа ч мэдэхгүй гэнэт л ийм үйлдэл хийхэд хүрч байна. Гэсэн ч Билгүүн, Азтайзаяад үерхэх саналаа найзуудынхаа дэргэд ил гарган хэлж, найз Болдынхоо урд оройн үйлдлийг уучилж, за одоо л бүх зүйл нэг тийшээ шийдэгдэх нь дээ, гэж бодогдож байна.

Гэтэл “сэтгэл” гэдгийг яаж ч болдоггүйн учраар Болдын сэтгэл уймарч, хямарч нэгэнт Азтайзаяагүйгээр байж чадахгүй болсноо бүрэн ухаарсан тийм эгзэгтэй мөчид тулж ирэхэд “жин хэдийнээ хөвөрсөн” Болд, Хулан хоёрын хурим товлогдсон байна.

Хулангийн уйгагүй хичээл зүтгэл, арга залиар /“энэ тоостой гудамж”, “танай гэрийн энэ хэрүүлч үйлчлэгч”, “чиний хэдэн бүтэлгүй найз”, “яарсан бухимдсан хүмүүс”, “энэ бүхнээс би залхаж байна, би илүү сайхан амьдралыг хүсэж болохгүй юу”, гээд нулимс унагах Хулан, эсвэл “би тийм муу хүн юм уу” гэх юм уу үгүй бол сонгодог хөгжмийн тоглолт үзэхээр явахдаа “хар даашинз өмсөх үү, цагааныг өмсөх үү”, “хайр аа, сая намайг нэг залуу танилцья гээд”, “хоёулаа удахгүй америк руугаа буцлаа” гэх зэргээр харьцах Болд, Хулан нарын харилцаанд нэг асуудал байгааг хамгийн түрүүнд олж харсан хүн бол Болдын ижий Долгор байлаа. Ганц хүүгийнхээ зүрх сэтгэлийн ээдрээтэй асуудлыг хамгийн сайн мэдэрч, ойлгож, тэр чинээгээрээ хүүдээ бодож санаж байгаагаа ягуухнаар ойлгуулахаар ижий нь /Долгор/ хэд хэдэн удаа хүүтэйгээ халуун, дулаан яриа өрнүүлж байна. Ижийгийнх нь хэлж байгаа үгс ялангуяа “Миний хүү хүнд худлаа найдвар төрүүлэх үг битгий хэлээрэй, хатуу ч гэсэн үнэнээ л хэлээрэй, чи ямар ч сонголт хийсэн аав, ээж хоёр нь тэр охиныг чинь өөрийн охин шиг л хайрлана, хамгийн гол нь чи өөрөө л хайртай байх нь чухал..,” хэмээн шулуухан хэлж, хүүгийнхээ эргэлзсэн, будилсан, тулж очсон хүнд нөхцөл байдлаас гарахад нь, гол шийдвэрийг гаргахад нь маш их нөлөөлж байна. Болдын ээж, аав хоёр бол төлөв сайхан хүмүүс, хүүдээ бүрэн итгэдэг, өөрийнх хүсэл мөрөөдөл, бодол санааг бүрэн дэмждэг, хөрөнгө чинээтэй боломж бололцоотой амьдралтай ч гэсэн хүүдээ зөв сайхан сэтгэл, гэрийн хүмүүжлийг төлөвшүүлж өгчээ. Хэдийгээр ааш муутай, зожиг ууртай, бүдүүлэг ч гэж харагддаг Болд, өөрт нь нэгэнт сэтгэл алдарсан Азтайзаяа охиныг ямар ч эвгүй байдалд оруулж болох бүрэн боломж байсан ч тийм буруу хүмүүжил, гаж зуршил, ёс суртахуунгүй үйлдэл хэзээ ч хийхгүй тийм гэрийн хүмүүжлийг хүүдээ олгосон нь Болдын зарим үйлдэл /”Оддын дайн”киног үзэж байгаад Болдын дэрийг налаад унтчихсан Азтайзаяаг өргөөд өрөөнд нь оруулж, оронд нь хучаад хаалгыг нь хаадаг, “би чиний хүчээр хэд хоног сайхан амарлаа, ямар азаар би чамайг ажилд авсан юм гэж боддог шүү”, тэмцээний ялагчийн хувьд хосоороо амралтад амрах эрхийн бичгээ аваад хотоос гарч, амралтын газрын орой үдшийн байдал, гитар тоглоод Азтайзаяад дуулж өгч байгаа байдал, найз Цэнгэлд нь “танай найзын ачаар миний муухай зан засарч байгаа” гэх зэргээр хэлнэ/-ээс түүний гэрийн хүмүүжил, суурь хүмүүжил харагдаж байна. Ямар ч уран бүтээлд жижиг зүйл гэж байдаггүй. Азтайзаяагийн найз оюутан Цэнгэлийн найзыгаа гэсэн сайхан сэтгэл, Агийгийн Хуланд хандан хэлж байгаа үгс, Сэрээгийн Азтайзаяаг дэмжин хөөрч хөөрцөглөж байгаа байдал, түүний энэ бүх үйлдлийг харж байгаад хэлэх, Тагтаагийн хөнгөн хошигнол “Азтайзаяагийн ах одтой Сэрээ” гэж хэлээд цагаахнаар шоолон инээж байгаа нь, Болдын гэрт болж байгаа үдшийн цэнгүүний үеэр Азтайзаяагийн даашинзны/ганц/ энгэр лүү зориудаар жимсний шүүс асгачихаад буруу харан шоолон инээж зогсох Хуланг яаж чадах вэ? хэмээн тэдний гэрийн машины зогсоолын шатаар байшинд орж ирээд Сэрээ, бүжиглэн явж савтай хоол барьж ирээд Хулангийн орсон ОО өрөөний үүдэнд асгачихаад түүн дээр хальтиран унаж эвгүй байдалд орж байгаа Хуланг хараад бүр нэг цаанаасаа инээд нь хүрээд тачигнатал инээж байгаа дүр зураг, хуримын даашинзыг хэдэн янзаар солин өмсөж сонголт хийх Хулангийн догдолсон байдал, энэ бүхэн Болдод ерөөсөө хамаагүй байгааг хөндлөнгөөс харж суугаа ээжийн нь харц, үдэшлэгийн үеэр ажилсаг хичээнгүй, даруу төлөв Азтайзаяа охинд зориулж талархлын үгсийг чин сэтгэлээсээ хэлж байгаа дижи залуугийн дүр болон үйл явдлын олон асуудлыг зангидаж өгөхөд найруулагчийн туршлага чухал байсан нь илэрхий байлаа. Уг киноны хөгжмийн зохиолч А.Төгсбаяр/МҮОНРТ-ийн уран бүтээлч/-ын бүтээлээ мэдэрч, дүрийн үйлдэл болон үйл явдлын холбоосыг илэрхийлэхдээ сонгосон хөгжмийн аялгуу, хаа нэг зогсоц /Болдын сэтгэлийн илэрхийлэл, Азтайзаяагийн дотоод сэтгэлийн өгүүлэмж, үдшийн цэнгүүний үеийн хөгжмийн найруулга гэх мэт/зэрэг аль болохоор хүнд хэлбэрийн биш, гэсэн хэрнээ найруулагчийн “дэг”-д тохируулж хаана, хэзээ, ямар дуугаралт, ая, аяз, аялгуу байвал тохиромжтой болохыг их зөв бодож бүтээж, найруулсан байна. Гэхчлэн найруулагч Н.Байгалийн уг уран бүтээлийн жижиг гэлтгүй нарийн чимхлүүр нэгж хэсгүүдийн тухайд өгүүлэн хэлэх зүйл олон байлаа. Мэргэжлийн жүжигчин гэж манайхан ярих дуртай. Ширээний араас жүжиглэх эрдэмд суралцаж төгсөж гарах нэг өөр, байгалийн унаган авьяас, төрөлхийн чадвар, “дотортой жүжигчин” байх бүр өөр. Жүжигчнийг нээдэг хүн бол “найруулагч” юм. Бас ч теле жүжиг, телевизийн олон ангит кино, ялангуяа дэлгэцийн олон ангит уран бүтээлийг зөвхөн солонгос сериал гэх, загварын хувцас өмсөж, “бренд”-ийн бараа гэгчид нүд хужирлаж, мэс ажилбараар “гоа сайхан” төрхийг бий болгож, сайхан, хөөрхөн гэж дуу алдан үзэж суудаг “од жүжигчид”/зарим нь бол ур чадварын хувьд бас чадварлаг нь ч бий/ -ийн тоглосон “хөөсөнцөр”-өөр ойлгож нэг хэсэг хошуурч төөрөлдөж байсан дийлэнх олонд, бид бас “хөөрхөн охид”-той, “сайхан залуус”-тай юм байна шүү, тэдний төрмөл гоа сайхан /сайхан шүд, шулуун хамар, бие хаа, инээмсэглэл, дуу хоолойны өнгө гээд/ энэ бүхнийг мэдэрч, сонгож дүрүүдээ дэлгэцийн бүтээлд амьдруулсан нь найруулагч бүсгүйн мэдрэмжтэйг илэрхийлж, залуу насны гэгээн сайхан хайр, үерхэл нөхөрлөл, хүмүүний харилцааны нарийн асуудлыг үзүүлэх гэсэн зорилгоо биелүүлж “Хамгийн гэнэн” бас “Хамгийн хөөрхөн” дүрүүдийг үзэгч олондоо хүргэжээ. Гэхдээ “төгс дүр”-үүд биш шүү.., Бас нэг зүйл, зохиогчдын багийн нэгэн “эрхэм”-тэй холбогдож уран сайхны шүүмж бичих санаагаа ярилцах гэтэл өөрт нь огт хамаагүй мэтээр надад ийн хэлсэн нь: “Тэр кинон дээр нь л ажиллана биз. Зохиолын хувьд танд огт хамаагүй. Чи ер нь яах гээд байгаа юм.” хэмээн өөрт нь ямар ч хамааралгүй мэтээр бүр төвөгшөөх маягтай, тун ч ихэмсэг байдалтай хандсаныг нуух юун. За тэр яахав, хувь хүний “эрх” бас “араншин” нь юм байгаа биз. Ингээд зохиолын талаар тэр “эрхэм”-ийн хэлснээр ёстой ямар ч хамааралгүйгээр зөвхөн найруулагчийн, уран бүтээлчдийн амьдруулсан дэлгэцийн бүтээл дээр нь энэхүү шүүмжийг бичлээ. Гиян овогт Бямбасүрэнгийн Хишигсүх