ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сургуулийн захирал сурагчдаас хууль бусаар мөнгө хураасан уу

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-28

Нийслэлийн Ерөнхий Боловс­ролын Есдүгээр сур­гуу­лийн захирал Н.Амаржаргал төг­сөх анги даасан багш на­рыг хяхан боогдуулж, су­рагч­даас хууль бусаар мөнгө ху­раал­­гаж байна гэх гомдлыг тус сургуулийн багш, эцэг эх­чүү­дээс манай сонинд гар­га­сан юм. Н.Амаржаргал захи­рал хүүхдүүдээс ямар нэ­гэн хураамж, татаас авахыг хориглоно гэсэн БСШУС-ын сайдын тушаалыг зөрчиж, чухам ямар үндэслэл шаардлагаар мөнгө хураасан болохыг бид сурвалжиллаа. 

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо, Ханын материалын эцсийн буудлаас зүүн тийш 300 орчим метрийн зайд IX сургууль байдаг аж. Тус сургуулийн өмнөх захирал нь А.Батжаргал гэх хүн байсан боловч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлаасаа халагджээ. Тэрбээр халагдсаныхаа дараа “МАН сонгуульд ялангуутаа намайг улс төрийн шалтгаанаар ажлаас халлаа” хэмээн хэвлэлийн бага хурал зарлан эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Гэвч хэвлэлийн хурлын дараа захирлаар ажиллаж байх үедээ гаргасан зарим зөрчлүүд нь илэрч хууль хяналтын байгууллагуудад шалгуулж сураг алдарчээ. 

А.Батжаргалыг ажлаасаа чөлөө­лөгдөх захирамжаа гар­дан аваагүй шахам байхад Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан эмэгтэй ажлыг нь хүлээн авахаар ирсэн байна. Тэр эмэгтэй бол есдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амаржаргал аж.

Есдүгээр сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд IX ангийн найман бүлэг, XII ангийн таван бүлэг төгсөж байгаа аж. Нэг бүлэг нь дунджаар 30 орчим хүүхэдтэй гэж үзвэл энэ зун тус сургуулийн IX ангийг 240 гаруй сурагч, XII ангийг 163 сурагч нийт 400 гаруй хүүхэд төгссөн байна. 

Төгсөлт хийж буй анги бүхэн монтаж буюу дурсгалын цомог хийлгэдэг жишиг манай улсад байдаг. Дурсгалын цомгоо хийлгэх газраа сурагчид өөрсдөө сонгож, үнэ мөнгөө тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийх ажил мөн. Гэвч сурагчдын зургийн цомгоо хийлгэх ажилд IX сургуулийн захирал Н.Амаржаргал хөндлөнгөөс оролцож эхэлсэн байна.

Тэрбээр тус сургуулийн зургийн цомгийг хийх захиалга авсан Зургийн студитэй уулзаж “Танай студи нэг цомгийг 35,000 төгрөгөөр хийж байгаа юм байна. Тиймээс цомог бүрийн үнээс 5,000 төгрөгийг манай сургуульд өгөөрэй” хэмээн шаардсан гэдгийг багш нарын төлөөлөл хэлсэн юм. 

Зургийн студитэй уулзаж мөнгө авах аман тохироог хийснийхээ дараа Н.Амаржаргал захирал төгсөх анги даасан 13 багшийг дуудан уулзаж “Та нар хүүхдүүдийнхээ монтажны мөнгийг хурдан хураахгүй байна. Хэрвээ та нар хүүхдүүдийнхээ монтажны мөнгө­ний 50-аас доошгүй хувийг хурааж Зургийн студийн данс руу шил­жүүл­сэн баримтаа өгөхгүй бол би та нарын тойрох хуудсанд гарын үсэг зурж амраахгүй” хэмээн хяхан боожээ. Нэгэнт сургууль амарчихсан уч­раас тойрох хуудсаа бушуухан зу­руулж, амралтын мөнгөө бодуулж авахын тулд багш нар хүүхдүүдээсээ монтаж­ны мөнгөө яаралтай хураал­га хэмээн шаардаж, зарим нь бусдаас мөнгө зээлж 50 хувийг нь бүрдүүлж, шилжүүлээд тойрох хуудастаа гарын үсэг зуруулсан байна.

Сургуулийн үндсэн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй энэ ажилд Н.Амаржаргал захирал хөндлөнгөөс хэт оролцож, багш нарыг хяхан боогдуулсан шалтгаан нь тодорхойгүй байгаа хэмээн эцэг эхийн төлөөлөл бидэнд хэлсэн юм. 

Гэвч Н.Амаржаргал захирлын багш нарыгаа чирэгдүүлэх явдал үүгээр зогссонгүй. Сурагчдынхаа бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээнд дүнг нь бичиж дуусгасан багш захирлаараа гарын үсгээ зуруулж албажуулах гэхээр “Би нэгдсэн журмаар гарын үсгээ зурна. Бэлэн болсонгууд нь бусдыгаа бэлэн болохыг хүлээ” хэмээн үүрэгджээ. Тэрбээр төгсөх ангитай 13 багшийг хоёр өдөр хүлээлгэсний эцэст гэрчилгээн дээр гарын үсэг зурах болмогцоо “Та нар сурагч нэг бүрээс үлдээмж 5,000 төгрөг хурааж сургуулийн дансанд тушаа. Тэгэхгүй бол гэрчилгээнд гарын үсэг зурахгүй” хэмээн гэдийжээ. Захирлаараа сурагчдын гэрчилгээнд гарын үсэг зуруулахын тулд багш нар дахин мөнгөний эрэлд гарч, нэхсэн мөнгийг нь сургуулийнхаа дансанд тушааж мөнгөний хуулгаа хураалгаж гарын үсгийг нь зуруулсан гэв. 

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Есдүгээр сургуулийн захирал Н.Амаржаргалтай утсаар холбогдож тантай холбоотой ийм мэдээлэл ирлээ. Сурагчдаас ямар учраас “ҮЛДЭЭМЖ” гэдэг мөнгө хураасан гэдгийг тодруулахад “Би ямар ч мөнгөгүй хураалгаагүй. Манай хүүхдүүд санаачлагаараа мөнгө хураалгаж өгсөнийг бэлнээр авахгүйгээр сургуулийнхаа дансанд хийлгэсэн. Бид ямар ч мөнгө хурааж авах ажил хийгээгүй” гэсэн юм. 

Сургуулийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтуудыг харахад гүйлгээний утган дээр “9* бүлэг, ҮЛДЭЭМЖ” “12* ҮЛДЭЭМЖ” хэмээн бичсэн байх бөгөөд гүйлгээг сургууль амарсанаас хойш тав хоногийн дараа шилжүүлсэн байв. Тус сургуулийг энэ жил 400 гаруй хүүхэд төгссөн гэж үзвэл ойролцоогоор хоёр сая төгрөгийн сургуулийнхаа дансанд төвлөрүүлсний дараа Н.Амаржаргал захирал гэрчилгээг албажуулжээ.

Есдүгээр сургуулийн захирлын энэхүү үйлдэл зөрчил мөн эсэхийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас тодруулахад “БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт чиглэл өгсөн. Уг чиглэлд сурагчдаас хууль бусаар аливаа төлбөр хураамж хандив авахыг хориглосон байгаа. Хэрвээ сургуулийн захирал ийм зөрчил гаргасан нь баримттай бол Нийслэлийн боловсролын газрын дарга уг захиралд хариуцлага хүлээлгэх үүрэгтэй” гэв. 

Энэ дагуу Нийслэлийн боловсролын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяраас тодруулахад “Ер нь манай байгууллагад сургуулийн менежер, захирлууд хууль бусаар мөнгө хурааж байгаатай холбоотой гомдлууд ирж байгаа. Хууль бусаар мөнгө хураасан асуудлыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Тус байгууллага шалгаад хууль бусаар мөнгө хураасан нь үнэн гэдэг дүгнэлтээ ирүүлсэн тохиолдолд бид тухайн захиралд сахилгын шийтгэл оногдуулдаг. Хэрвээ тухайн захирлын зөрчил нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол харьяаллын дагуу АТГ-т өгч шалгуулж байгаа. АТГ-аас шалгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн дүгнэлт ирүүлбэл түүнд нь үндэслэн мөн сахилгын шийтгэл оноодог. Саяын тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээг авдаг” гэсэн юм.

Эцэст нь хэлэхэд Есдүгээр сургуулийн багш нар маш их айдастай байв. Захирлынхаа зөрчил булхайг дүүргийн боловсролын газарт өгье гэхээр ардаа маш том танилтай учраас дүүргээс ямар ч хариуцлага тооцохгүй. Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргахаар Н.Амаржаргал захирал тэнд танилтай учраас хэн гомдол гаргасныг дор нь мэдээд биднийг элдвээр дарамталж эхэлнэ гэцгээж байв. Мөн Н.Амаржаргал захирлаас хариу тайлбар авахаар намайг холбогдсоны дөнгөж дараа тэрбээр “төгсөх ангитай багш нарыг сургууль амарсныг үл харгалзан яаралтай цугла” хэмээн үүрэгдсэн  байна. Захирал нь яаралтай хурал зарласны мэдсэн багш нар нийтээрээ айн чичирч нийтлэлээ бичихээ болиоч, битгий нийтлээч хэмээн надаас удаа дараа шаардаж байв. 

Монголын боловсролын салбарын гол төлөөлөл болсон сурган хүмүүжүүлэгч багш нар маань нэг муу захирлын өмнө бөхөлзөж, шударга зүйлийн төлөө дуу нэгтэйгээр зогсож чадахгүй байгааг хараад туйлын ихээр харамсал төрж байв. Шударга бусын өмнө хүчин мөхөсддөг, тэдний булхай луйврыг байх ёстой зүйл мэтээр даган хуйлардаг, буруу бүхнийг айж байна гэдэг халхавчин дор нуун дарж байгаа багш нар сурагчдаа шударга зарчимч болгон хүмүүжүүлж чадна гэдэгт эргэлзэх сэтгэл төрж байв.