Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Тэгвэл хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэр дундаа эх барих-эмэгтэйчүүд, эх хүүхэд, нярайн эмч сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудсаар олон нийтэд хандан мэдэгдэв.
Тэрбээр, “Сайхан мэдээ дуулгая. Нэгдүгээрт, “Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа. Хоёрдугаарт, 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмсэн.
Энэ үеэр орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гарлаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явна аа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” хэмээжээ. Үүнээс гадна онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар ч нэмэгдэл цалинтай ажиллаж байгааг тус байгууллагын Ерөнхий захирал Д.Нямхүү дуулгасан билээ.