Үлийн цагаан оготнотой тэмцэхэд химийн бодис хэрэглэхээ болиод 20 гаруй жил болж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ. Учир нь ургамал хамгааллын тухай хуулийн хүрээнд бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажилтай холбоотой буруу таашаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацаж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж буй юм. Тус яамнаас бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд өнөөгийн байдлаар микробиологийн болон механик биологийн аргыг хэрэглэж байна.
Микробиологийн бэлдмэл нь үлийн цагаан оготноос бусад мал, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээнд хэрэглэх бодисыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид лабораторийн болон хээрийн нөхцөлд туршиж мал, амьтанд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсны дараа тухайн онд ургамал хамгааллын зориулалтаар хэрэглэж болох биологийн гаралтай бодисын жагсаалт батлах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг.
Энэхүү зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ургамал хамгааллын зориулалтаар хэрэглэж болох биологийн гаралтай бодисын жагсаалтад бүртгэсэн бүтээгдэхүүнийг ашигладаг болно Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээнд ашиглаж байгаа микробиологийн бэлдмэл нь Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохирлын гэрчилгээтэй хатуу өгөөш хэлбэрийн бүтээгдэхүүн юм.
Үйлдвэрлэсэн микробиологийн бэлдмэлийг орон нутагт хүргүүлэхээс өмнө Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори дахин шинжилгээ хийж үлийн цагаан оготноос бусад мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг батлан дүгнэлт гаргадаг. Иймээс энэхүү микробиологийн бэлдмэл нь үлийн цагаан оготноос бусад мал, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.