ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ-д олгосон монополь эрх ашгаа цуцалж, бусад авиа компаниуддаа ч боломж олгоё

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит хуралдааны үеэр, тус байгууллагын дэд дарга Майк Райн “Энэхүү вирус магадгүй хэзээ ч алга болохгүй байх” гэсэн сэтгэл өвтгөм мэдээлэл хийснийг олон улсын хэвлэлүүд ар араасаа мэдээлж байна.

Их Британий эрдэмтдийн санал болгосон шиг нийт хүн төрөлхтөний дунд сүргийн дархлаа тогтож л энэхүү вирусийг эсэргүүцэх, мөн вакцин бий болох хүртэл нас барах нь нас барж, эдгэх нь эдгэж, дархлаа үүсэх нь үүсэх байдлаар тэмцэхээс өөр аргагүй болж байна. Тэгэхээр Монгол Улс ч хэзээ нэг өдөр өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалж, хөл хориог цуцлахаас өөр аргагүй. Гаднаас хэт хамааралтай эдийн засгаа бүрэн зогсоохгүйн тулд, ажилгүй иргэдийн тоог дахиад хэдэн зуун мянгаар нэмэхгүйн тулд ийм шийдвэр гаргахгүй бол хөл хорионоос үүдэн хамгийн их хохирол амсах улсын нэгээр Монголыг нэрлэж буй нь худлаа биш юм.

Нөгөөтээгүүр, өвчин тахал энэ хэвээр үргэлжилсээр байвал дэлхийн өнцөг булан бүрт тодорхойгүй байдлаар гацаанд орсон иргэдээ эх оронд нь авчрах ажлыг шуурхайлах нь төрийн хамгийн том ажил болон хувирах нь мэдээж. Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр энэ сарын 12-ны өдрийн байдлаар 45 улс орноос 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ.

“Чөдрийн ганц морь” гэдэг шиг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийнхаа хэдэн онгоцыг баруун зүүнгүй нисгээд ч энэ жилдээ багтааж тэднийг бүрэн татаж дуусах эсэх нь эргэлзээтэй. Орос ах нар шиг зангарагтай зан гаргаж онгоц гаргаж өгөөд л иргэдийг нь хүргэж ирэх улс орон хэд байгаа бол. Мөн нислэг хоорондын зай хол байгаа шалтгааныг УОК-оос тайлбарлахдаа нэг нислэгийн баг хамгийн багадаа 14 хоног тусгаарлалтад байдаг учраас нисгэгч хүрэлцэхгүй, ойрхон нислэг үйлдэх боломжгүй байгаа хэмээн тайлбарлаж байсан юм. Гэтэл манай улсад ганцхан МИАТ л нислэг үйлддэг юм биш.

“Изинис Эйрвиз”, “Аэро Монголиа”, “Хүннү Эйр” гэсэн хувийн хэвшлийн компаниуд бий. Эндээс өнөөдрийн байдлаар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нь “Хүннү Эйр”, “Аэро Монголиа”. Тэд орон нутгийн нислэгээс гадна Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Тианжин, Манжуур, Хайлар зэрэг хотууд руу нислэг үйлдэж байгаа. “Хүннү эйр” компани Токио, Парис руу ч шууд нислэг хийж байсан туршлагатай. Мөн олон ч чадварлаг нисгэгчтэй, туршлагатай учраас энэ салбарт өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь үнэн. Олон цагийн нислэг биш юм гэхэд 10 доторх цагийн нислэгтэй улс орнууд руу яваад иргэдээ аваад ирэх туршлага, мэдлэг тэдэнд бий. Чадна гэдгээ ч тэд удаа дараа мэдэгдэж, хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүйн шалтгаан нь юу байв гэдэг нь сонин. Мөн “Кореан Эйр”, “Азиана Эйрлайнс” ч зөвшөөрөл өгчихвөл иргэдийг нь авчрахад бэлэн гэдгээ мэдэгдсэн аж. 

Гэтэл дан ганц төрийн өмчит МИАТ компани нислэгийг хариуцаж, бусад хувийн компаниудаа дайчлахгүй байгаа нь эрхгүй хардлага төрүүлж буйг нуух юун. МИАТ компаний тухайд олон улсын нислэгүүд нь цуцлагдсан учраас алдагдалтай ажиллаж байгаа. Төрөөс зардал гаргасан эдгээр нислэгээр алдагдлаа нөхөхийг оролдож буйг нь ч хүн бүхэн мэднэ. Гэлээ гэхдээ эх орондоо ирэх гэж тэмцэж байгаа олон мянган иргэдийнхээ төлөө сэтгэл гаргавал олон цагийн нислэгээ өөрсдөө, ойрын зайн нислэгээ хувийн компаниуддаа даатгах байдлаар хамтраад ажиллаж болмоор санагдах юм. Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн МИАТ-ийн удирдлагуудаас орсон нь давуу байдлаа хадгалах шалтгаан болов уу хэмээн хардсан хүмүүс ч байгааг нуух юун. УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Иргэдийг бөөнөөр нь авчирлаа гэхэд тусгаарлах байрны хүрэлцээ хангамж хэцүү байна” хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл Монгол Улс АСЕМ зохион байгуулахдаа 200 мянган хүнийг ч багтаах чадалтай том зочид буудлуудтай гэдгээ нотолчихсон. Тэрэлж, Гацууртаар дүүрэн амралтын газрууд байгаа. Тэдний дийлэнх нь жуулчин байхгүйгээс үүдээ барихад ойрхон ирчихлээ. Нэгэнт л орон байрны мөнгийг нь авч байгаагаас хойш яагаад тусгаарлаж болохгүй байна вэ.

Тэгэхээр энэ бол зөвхөн шалтаг төдий л юм. Олны үг ортой гэдэгчлэн сонгууль хүртэл ганц нэг нислэг явуулж, ая дэвсчихсэн клип хийж байгаад цаашдаа хэрхэх нь та нарын мэдэх хэрэг хэмээн орхих вий хэмээн хардах үндэслэл олон байгаа юм. Сингапур улсад гацсан хэдэн мянган монголчуудыг хувийн компанийн хоёр онгоц нисгээд л авчрах боломж хангалттай бий. Эрхүү рүү нислэг үйлддэг “Аэро Монголиа”-г дайчлах боломж бүрэн дүүрэн байлаа. Тэд ч хүсэлтээ удаа дараа өгсөн. Эх орондоо ирэх хүсэлтээ өгчихсөн, зүрхний өвчтэй хүүхдээс эхлээд хүнд хагалгаанд орсон олон олон монголчууд уйлж, дуулан тусламж хүсч буй. Жаргаж явсан юм хохь чинь хэмээн орхиж боломгүй санагдах. Тиймээс МИАТ-д олгосон монополь эрх ашгаа цуцалж, бусад авиа компаниуддаа ч боломж олгоё. Эх нутагтаа тэмүүлсэн 10 мянган иргэнээ тээвэрлэж ирье.