Одоогоос нэг жилийн өмнө Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид “Бид чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Дохионы хэл мэдэхгүй, бидэнтэй бүрэн дүүрэн ойлголцож чаддаггүй багш нар хичээл зааж байна. Багш нарыг чадавхжуулж өг” хэмээн шаардан жагсч байв. Уг асуудал өдрөөс өдрөөс хурцдаж, тус сургуулийн зарим багш нар сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх асуудал болон үргэлжилмэгц тус сургуулийн захирал Б.Батсайханыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн шүүхдэж өнгөрөгч аравдугаар сард шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсон юм. Олон нийтийн шүүмжлэлийн бай болж, үргэлж шүүмжлүүлсээр ирсэн Б.Батсайхан захиралтай өнгөрсөн хугацаанд өрнөсөн асуудлын цаад шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн жил болсон сурагчдын эсэргүүцлийн жагсаалыг захирал хүний хувьд юу гэж дүгнэсэн бэ. Цаад шалтгааныг нь олж арилгасан уу?
-Сурагчдын гаргаж тавьсан багш нарын ур чадвар муу байна гэдэг асуудал үнэн шүү дээ. Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролыг олгодог багш нарыг бэлтгэх систем алдагдаад 20, 30 жил болж байна. Өмнө нь тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг ЗХУ-д 5-6 жил бэлтгэдэг байсан. Тэнд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс энэ сургуульд ирж багшилж байгаад ихэнх нь тэтгэвэртээ гарсан. Тэдний оронд тусгай сурганаар мэргэшээгүй, дохионы хэл огт мэдэхгүй багш нар ирсэн. Тэдгээр багш нарт сургуулийнхаа нөөц боломжид тулгуурлан дохионы хэл заагаад, хажуугаар нь тусгай сурганы арга зүйгээс заадаг байсан хэдий ч хангалттай байж чадаагүй. Уг асуудлыг сурагчид гаргаж тавьсны дараа төрийн бодлого алдагдсаныг дээр дооргүй ойлгосон. Одоо МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багш нар бэлтгэгдэж эхэлсэн. Тус сургуулиас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээд ирэхээр бүх зүйл арай өөр болно гэж найдаж байгаа.
-Сурагчид сургалтын чанарын асуудлыг шүүмжлээд эсэргүүцлийн жагсаал хийсний дараа танай сургуульд бодитой өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн үү? Ахиц дэвшил гарав уу?
-БСШУСЯ, “Багшийн мэргэшлийг дээшлүүлэх институт”-тэй хамтраад 2017 оны наймдугаар сард бүх багш нарт тусгай сурганы арга зүйн эрчимжүүлсэн сургалтыг явуулсан. Арваннэгдүгээр сард сургуулийнхаа дотоод нөөц боломжид тулгуурласан дохионы хэлний сургалтыг багш нартаа явууллаа. Энэ бүхний үр дүнд багш нарын дохионы хэлний чадвар харьцангуй сайжирсан. Багш нар өөрсдийнхөө ур чадварыг сайжруулах чиглэлээр дор бүрнээ хичээн ажиллаж байгаа. “Багшийн мэргэшлийг дээшлүүлэх институт”-тэй хамтраад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын сургалтыг бүх багш нартаа өнгөрсөн өвлийн турш явуулсан.
-Тухайн жагсаалд оролцсон сурагчид бид төгсөх анги мөртлөө уншиж, бичиж сураагүй гэдэг асуудлыг тавьж байсан. Сургалтын асуудал яагаад тийм муу байсан юм?
-Сурагчдын сэтгэхүйн онцлог, хөгжлийн бэрхшээлийн хүндрэлээс шалтгаалаад сурч хөгжих чадвар нь янз бүр байдаг. Аливааг хурдан сурдаг нэгэн байхад, эсрэгээрээ маш удаан сурдаг хүүхэд ч байна. Бүтэн жил уйгагүй зааж байхад дэвтэрт бичсэн үгийг дуурайлгаад бичиж чадахгүй хүүхдүүд байгаа. Хамгийн гол нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд манай сургуульд элсэж ирэхдээ л 6-8 жилээр жирийн хүүхдээс хоцрогдсон байдаг. Сонсголгүй хүүхдийн үгийн нөөцийг дохионы хэлээр л нөхөх боломжтой. Гэтэл манай сургуульд элсэж буй хүүхдүүд аав, ээж гэдэг үгийг ч мэдэхгүй, ойлгохгүй байдалтай ирж байна. Гадаадын хөгжингүй улс оронд хүүхдийг дөнгөж төрснийх нь дараа эмч үзээд сонсголгүй гэж оношлогдвол тэр өдрөөс нь эхлэн ээж, аавд нь дохионы хэл заадаг. Ээж, аав нь хүүхэдтэйгээ нялх, нярайгаас нь дохионы хэлээр харилцаад өсгөдөг учраас тухайн хүүхдийн тархи оюун маш сайн хөгжсөн байдаг. Гэтэл манай улсад тийм систем байдаггүй. Зургаан нас хүртлээ бусадтай харилцаж, ойлголцож үзээгүй хүүхэд манай сургуульд элсэж байна. Бичээд ойлгохгүй, дохиод ойлгохгүй хүүхдийг хүлээн аваад бүхнийг эхнээс нь зааж сургахад асар их тэвчээр, хугацаа хэрэгтэй байдгийг жирийн хүмүүс ойлгодоггүй. Сургалтын чанар муудсан, багш нарын ур чадвар муу байсан асуудлыг хүмүүс надтай холбож шүүмжилдэг болохоос биш мэргэжлийн хүмүүсийг нь бэлтгэдэг төрийн бодлого алдагдсан гэдгийг дурьддаггүй. Би биш өөр хэн ч байсан гэлээ эрт орой нэгэн цагт багш нарийн ур чадвартай холбоотой асуудал босч ирэх л байсан.
-Ямар ч хэл сурахгүй байсаар зургаан нас хүрсэн хүүхдийн хөгжил, төлөвшил жирийн хүүхдээс асар их хоцрогдолтой байх нь аргагүй юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Дээр нь дохионы хэлний бүтэц, монгол хэлний бүтцээс тэс өөр байдаг. Тухайлбал, “Би улаан өмд өмссөн” гэдэг өгүүлбэрийг дохиогоор хэлэхдээ “өмд-өмсөх-би-улаан” гэж дохидог. Дохионы хэл нь сурагчдын анхдагч хэл, харин монгол хэл бичиг нь түүний хоёрдогч хэл бичиг нь байдаг. Дохионы хэлээр дөнгөж харилцаж сурч байгаа 6-8 жилийн хоцрогдолтой хүүхдэд тэс өөр хэл бичиг заагаад эхлэхээр хоцрогдолтой байх нь аргагүй шүү дээ. Манай сургуульд ээж, аав гэдэг үгийг ч мэдэхгүй, ойлгохгүйгээр элссэн хүүхдэд тухайн хэлийг нь дохиогоор зааж цээжлүүлээд тэр үгнийх нь утгыг ойлгуулах гэж бас их ажил болдог. Нэгдүгээр ангид шинээр элссэн хамгийн сэргэлэн сурагч л гэхэд бүтэн жилд 100 орчим үгийг л бүрэн дүүрэн ойлгож төгсдөг. Давхар хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхэдтэй бүтэн жил ажиллаад ганц хоёрхон үг цээжлүүлж байна. ЗХУ-д 5-6 жил бэлтгэгдсэн багш нар маань Орос, Унгарын школаар аман болон бичгийн хэл дээр суурилсан сургалт явуулдаг байсан. Дохионы хэлээ бага ашиглаад уншиж, бичиж бусад ойлголцох сургалтыг түлхүү явуулдаг байсан. Харин сүүлийн үед дохионы хэл дээр суурилсан сургалт давуу юм байна гэж дэлхий дахин үзэж байна. Тэр дагуу нь сургаад эхэлсэн чинь манай төгсөгчид сүүлийн үед илүү чадавхжаад эхэлсэн. Манай төгсөгчид их, дээд сургуульд элсэж, гадаад дотоод явж суралцаж байна. Мэдээлэл сайн авч бусадтай чөлөөтэй ойлголцож байгаа.
Үргэлжлэлийг www.dardas.mn сайтаас уншина уу.