ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Загас барихаар Орхон голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, 50 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. Тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.