ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТОДРУУЛГА М.Ганбаатар: Аравдугаар сар гэхэд сайжруулсан түлшний нөөцийг 100 хувь бүрдүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-28

Сайжруулсан түлш, түүний нөөц бүрдүүлэлтийн  талаар “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Гэр хорооллын айлууд сайжруулсан түлш хэрэглэсэн ч  эрүүл орчин бүрдэхгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Манай компани стандартын дагуу сайжруулсан түлш үйлдвэрлэдэг. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхдээ 95-97 хувьд нь түүхий нүүрс ашигладаг. Нүүрс өөрөө ямар их хөө тортогтой билээ. Гэхдээ бид стандартын түвшинд хүргэж ажиллаж байгаа. Тэгэхээр тортогны хэмжээ 20-30 дахин буурсан гэж ойлгох хэрэгтэй. Агаарт үзүүлж буй нөлөөгч бас анзаарсан байх. Цаашид дэлхийн стандартад хүрэхийн төлөө ажиллаж байна. Ирэх аравдугаар сард  ашиглалтад оруулах түлшний үйлдвэртээ Солонгосын уураар халаах технологийг нэвтрүүлснээр тортог 3-4 дахин  буурна гэсэн тооцоотой байна. Дутуу зүйлүүдээ шинэ үйлдвэртээ бүрэн шийднэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Сайжруулсан түлшний нөөцөө хэр бүрдүүлсэн бэ. Өвөлжилтөд бэлэн үү?

-Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой  120 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх даалгавар ирсэн. Манай компанийнхан одоогоор 50 орчим хувийг  нь нөөцөлчихсөн. Аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувьд хүргэх зорилт тавьсан.

-Өнгөрсөн өвөл барьцалдуулагчын  талаарх асуудал багагүй хэл ам дагуулсан шүү дээ?

-Бүхий л  улс оронд хэрэглэдэг цардуулд суурилсан барьцалдуулагчыг  хэрэглэдэг.  Монгол эрдэмтэд бүтээхээр ажиллаж байгаа ч хамгийн гол нь бидний шаардлагыг хангасан  байх ёстой. Бүтээгдэхүүний шаардлага нь 3-5 хувийн орцтой барьцалдуулагч орж байж шаардлага хангана гэсэн үг.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Яндангаа хөөлье” аянг зохион байгуулж байна.  Энэ аяны талаар мэдээлэл өгөөч?

-“Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг  үүрэг бүхий компани учраас зөв хэрэглээ буюу айл өрхийн яндан зуух, пийшингийн битүүмжлэл,  мөн  аяны хүрээнд айлуудын  мэдээллийг авч дуудлагаар  яндангаа хөөлөхөд зөвлөгөө өгөхөөс гадна туслах зорилготой. Угаараас сэргийлэх төвд 100 орчим яндан хөөлөгч ажиллана. Ер нь угаар гэдэг зүйл сайжруулсан түлштэй холбоотой гарч ирсэн юм биш. Монгол орон даяар түүхий нүүрс болон галлагаагаар орон байраа дулаацуулж байгаа бүх газарт хамаатай. Тиймээс бид  яндангаа хөөлөх аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай компанийн дэргэд 70119400 хэмээх лавлах утас ажиллаж эхэлсэн бөгөөд энэ утсанд  холбогдож зөвлөгөө авч, дуудлага өгч болно.

-Айлуудын янданг  хөөлөхөд  ямар  технологи ашиглах вэ?

-Олон улсад ашигладаг яндангийн стандарт өөр өөр байдаг. Монголчуудынх ч өөр учраас  ажилчид өөрсдөө гар аргаар хийсэн тоног төхөөрөмж бий. Яндангийн хэмжээ хэр урт байгаагаас шалтгаалаад угсарч,  6 метр хүртэл сунгадаг, төмөр тростой байхаар бүтээсэн. Айлууд ч өөрсдөө гар доорх материалаар  хийж болно.  Хаана нь илүү үнс, тортог тогтож байгааг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно.