Төрийн байгууллагын бүхий л үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг төвлөрүүлсэн “E-Mongolia” үйлчилгээний цахим системийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нэвтрүүлжээ. Тэгвэл уг цахим системээс ямар үйлчилгээ авч болох талаар болон бусад асуудлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-“E-Mongolia” үйлчилгээний цахим системийн талаар мэдээлэл өгөөч?
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрт цахим шилжилтийн ажил орсон. Үүний эхний алхам болгож e-mongolia хэмээх нэгдсэн платформыг нээлээ. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх зорилготой хөтөлбөр бөгөөд төрийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем, мобайл аппликейшн, веб сайтаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Өнөөдрийн байдлаар бид 23 байгууллагын 136 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бид албан ёсоор аравдугаар сарын 1-нээс үйлчилгээгээ нээж иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 181 үйлчилгээг оруулах юм. . Эдгээр 181 үйлчилгээнд ямар нэгэн хууль зөрчөөгүй, онлайнаар авч болох үйлчилгээг багтаасан. Тухайлбал, иргэний үнэмлэхийг дахиж захиалах бол дан системээр өөрийгөө таниулаад авахад болно. Тэгэхээр аравдугаар сарын 1-нд гарах энэ үйлчилгээ нь бидний хийж буй цахим шилжилтийн эхний алхам гэж ойлгох хэрэгтэй. Цаашид иргэдэд хэрэгтэй, шаардлагатай бүх үйлчилгээг цахимаар оруулахад хичээж ажиллаж байна. Хугацааны хувьд технологийн ажил гэхээс илүү хууль, эрхзүйн асуудлууд чухал байна. Хуулиндаа материалыг заавал гарын үсгээр баталгаажуулж, тамга дарах гэх мэт асуудал байгаа учраас судалгаа хийх шаардлагатай.
-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
-Цахимжуулалтын ажилд хамгийн их анхаарах ёстой зүйл бол мэдээллийн аюулгүй байдал байдаг. Өөрөөр хэлбэл, технологийн шийдлээс илүү, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн дата нууцлалыг яаж хамгаалах вэ гэдэг асуудал хамгаас чухал. Тиймээс өгөгдөл, хамгааллын тухай хуулийг төслийн хэмжээнд бэлтгээд явж байгаа.
-Төрийн байгууллагын бүхий л үйлчилгээг багтаах боломжтой юу?
-Ерөнхийдөө өргөн хэрэглэдэг 400 гаруй үйлчилгээг ирэх жил оруулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллана. Харин урт хугацааны төлөвлөгөөний тухайд мэдээлэл солилцоод эхлэхэд иргэнээс шаардлагагүй лавлагааг авахыг хууль эрхзүйн байдлаар зохицуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Одоогоор 136 үйлчилгээг нэвтрүүлсэн гэлээ. Ямар үйлчилгээг иргэд илүү авч байна вэ?
-Цэцэрлэг, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор иргэний цахим үнэмлэхний лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа мэдээлэл авах нь их байна. Цаашид бид бүх төрийн үйлчилгээг шат дараатайгаар нэмээд явна. E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 21 аймаг 330 сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний зургаан төвд нэвтэрүүлээд байгаа бөгөөд 32 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авсан. Цахим шилжилт хийгдээгүйн улмаас төсвөөс 166.5 тэрбум төгрөг, иргэдээс 153.4 төгрөгийг жилдээ зарцуулдаг гэсэн тооцоо гарсан.. Тэгвэл дижитал шилжилт хийснээр төр 9.9 тэрбум төгрөг, харин иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм. Цахим хуудас нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 29 мянган лавлагаа авсан.
-Олон улсын туршлагыг судалж үзсэн үү?
-Цахим шилжилтийг бид дур мэдэн хийгээгүй. Олон улсын туршлагыг маш сайн судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, Эстон улсын Цахим засаглалын академтай хамтарч байна. Сүүлийн үед Украйн улс яг ийм цахим шилжилтийг хийж эхэлсэн юм билээ.