Намрын хайлган цаг аль хэдийнэ хаяанд ирсэн ч хүн, зоны сэтгэл тэнэгэр налгар өдрүүд хот хөдөөгүй үргэлжилсээр. Хөдөө талдаа таван сүрэг нь тааваараа бэлчиж, хот суурин газраа хүний хөл, машины хөдөлгөөн, дуу чимээ ихэсдэг нь намар цагийн онцлог гэлтэй. “Хотын хөгжил дэвшил яах вэ, сайхан л болж байвал хамаа байж уу. Хөдөөнөө л үйл хэргээ залгуулаад амьдарч байвал сайхан шүү дээ” хэмээн хуучлах О.Бадмаадорж гуай өдгөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумандаа малаа маллан аж төрж байна. Хэдэн хүүхдээ хүний дайтай хүн болгож, хоолонд нь залгуулчихаад гэргий Э.Оюунгэрэлийн хамт сэтгэл амар сууж байгааг нь ажихад энэ насныхаа хэргийг бүтээчихсэн үү гэлтэй сайхан харагдана билээ.
О.Бадмаадорж гуай жирийн нэг малчин биш эгэл даруухан хэрнээ, үүх, түүх арвинтай ном судрыг хичээнгүйлэн судалдаг, үгийг урлаж бүтээл туурвидаг, хөрвүүлэх чадвар эзэмшсэн эрдэмд гарамгай нэгэн юм билээ. Түүгээр ч зогсохгүй улсын байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан гавьяа ч түүнд бий. Ёстой л “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг үг түүнд зориулсан гэлтэй. Яг л тийм үгийн чанадыг өөртөө агуулсан атлаа, алсыг зориход гаансаа нэрээд, саравчлан суух нутгийн минь бор өвгөд шиг сэтгэлд дотно санагдсанаа нуух юун.
Тэрбээр 1956 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт Идэрийн голын хөвөөнөө аав Д.Ойдов, ээж Н.Дашжаргал нарынхаа бага хүү болон мэндэлжээ. 1963 оноос Идэр, Тосонцэнгэл сумдын сургуульд сурч байгаад 1971-1974 онд эвлэлийн илгээлтээр сумандаа мал малласан гэдэг. Гурван жилийн турш хурга маллаж, амжилт гаргаснаар аймаг, сумынхаа “Энх мэнд сүрэгтэн”, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын байгууллага, Сайд нарын зөвлөл, дөрвөн яамны хамтарсан болзлыг биелүүлж мал маллах, арга ухаанаас суралцаж байв. Тухайн үед 18 нас хүрсэн эрчүүд цэргийн албанд татагдах журамтай байсан тул 1974 онд алба хаахаар нутгаасаа гарсан гэдэг. Улмаар Хилийн цэргийн 151 дүгээр ангид холбооны тусгай бателионыг төгсжээ. Эр цэргийн албыг нэр төртэй хааж, Радио холбооны мэргэжил эзэмшсэн тэрбээр 1977 онд Тосонцэнгэл сумынхаа салбарт 1977-1982 он хүртэл ажилласан байна. Түүнээс хойш Автотээврийн байгууллагад тасралтгүй 1991 он хүртэл ажиллаж байжээ. Нийгмийн байдал өөрчлөгдөж, ардчилал гарснаар улсын бүх хөрөнгө хувьд шилжихэд тээврийн байгууллага ч тарж, хувийн мэдэлд очсоноор эрдэм номынхоо судалгаанд шамдахад хүргэсэн гэлээ.
Аав нь Хамба гэгээний хийдэд шавилан суусан болоод ч тэрүү амьдралын хатуу хөтүүг туулсан ч ном, судар, эрдэм номын ажлыг хэзээ ч орхиогүй юм. Улсын байгууллагад ажиллах зуураа ч шөнийн бор хоногтоо судар, номоо эргүүлж суусан гэдэг. Түүний аав Хамба гэгээний хийдэд шавилан сууж байгаад 1932 оны эсэргүүгээний үер хар болж Идэр сумын гар үйлдвэрт ажилтнаар ажиллаж эхэлжээ. Гар үйлдвэрт ажиллаж байгаад нэгдлийн анхны таван гишүүний нэг болж, сайн муутай тэмцэлдэж, цөвүүн цагт шүдээ зуун тэвчиж байсан нь өнөөдрийн О.Бадмаадорж гэх хүнийг бий болгоход нөлөөлсөн биз ээ.
Тэрбээр “Аавыг минь хар болоход Хамба гэгээнээс ном судар, бурхан тахил үлдээсэн юм билээ. Тэдгээрийг ээж хадгалж байгаад намайг цэргээс ирэхэд өвлүүлж, чи хадгалах ёстой гээд өгч байсан. 1977 онд шүү дээ” хэмээсэн нь их сонирхол татаж билээ. Түүнд Монголын шашин соёл, гүн ухааны шинжийг харуулсан 2000 гаруй судар, орчин цагийн 3000 гаруй ном байхаас гадна их хутагтын цөөн тооны хэрэгсэл, Хамба гэгээний хэрэглэж байсан аяга, хүний гавлан ясаар бүтээсэн Эрдэнийн аяга, хийморийн бар, 1911 онд Богд хааны захиалгаар хийлгэж байсан хүндэтгэлийн соёмбо хадаг, Найман тахилт их хадаг гэх зэрэг түүхийн үнэт, өв соёлын зүйлүүд хадгалагдсаар иржээ. Мөн түүний хадгалж буй сударт, Чингис хааны алтан ургийн түүх, Манж Хятадын зүгээс Монголд явуулж байсан бодлого, их хаадын сүр хүчнээс ямагт эмээн сүрдэж, илбэн аргадаж байсан нарийн аргыг хүртэл бичиж үлдээжээ. Мөн Долдугаар богдын бичмэл захидлын цуглуулга, 1600-аад оын 180 үлгэр багтсан Үлгэрийн далай хэмээх судар, Чингисийн үеийн хар домын судар, Газар лусыг шинжих тухай ном, Эхнэрээ шинжих судар гэх мэтчилэн үеийн үед хадгалагдаж ирсэн биет, болон биет бус өвийн гайхалтай зүйлүүд байгаа аж. Зөвхөн хадгалаад орхилгүй авшиг, эрдмийг нь хүртэж яваад нь орчин үеийн шинжлэх ухааны судлаач, эрдэмтэн, хэл бичгийн ухааны томоохон эрдэмтэд магтаж сайшаадаг юм билээ.
...Түүнд Монголын шашин соёл, гүн ухааны шинжийг харуулсан 2000 гаруй судар, орчин цагийн 3000 гаруй ном байхаас гадна их хутагтын цөөн тооны хэрэгсэл, Хамба гэгээний хэрэглэж байсан аяга, хүний гавлан ясаар бүтээсэн Эрдэнийн аяга, хийморийн бар, 1911 онд Богд хааны захиалгаар хийлгэж байсан хүндэтгэлийн соёмбо хадаг, Найман тахилт их хадаг гэх зэрэг түүхийн үнэт, өв соёлын зүйлүүд хадгалагдсаар иржээ...
Хуучин нийгмийн тэртээх хэцүү он жилүүдэд эдгээр өв соёлын зүйлсээ хадгалж, хамгаалах гэж ажил албанаасаа татгалзаж явсан үе ч түүнд бий. О.Бадмаадорж гуай ярихдаа “1979 онд Холбоонд ажиллаж байгаад аймгийн аварга болсон юм. Аймгийн аварга болоход намын орлогч гишүүнээр элсүүлдэг учраас журмаа дагалаа. Гэтэл, Тухайн үелд Тосон хотын намын хорооны дарга ажиллаж байсан намын төв хороонд үзэл суртлын хороонд дарга байсан Ш.Болд гэдэг хүнд миний ном, судрын талаарх мэдээлэл очсон юм байлгүй. Надад “та сэхээтэн хүн, тэргүүний ажилтан, намын орлогч гишүүн байж бурхан шашны холбогдолтой, хуучин нийгмийн үеийн ном судар байдаг дуулдана. Намдаа жинхлэх гэж байгаа хүн үүнийгээ холдуул. Ийм байж болохгүй” гэсэн юм. Тэгэхэд нь “би холдох арга байхгүй” хэмээн учир шалтгаанаа хэлснээр намын орлогч гишүүнээс хөөгдөж бурхан тахилтайгаа үлдэж байлаа. Ийм хэлмэгдүүлэлт надад олон ч удаа тохиолдож байв. Цагаан-Уул сумын сум дундын шүүхээс хураана гэж байсан. Тухайн үедээ сайн багш, сайн танилын буянаар хураалгалгүй өдийг хүртэл хадгалж, нандигнасаар ирсэн” гэлээ.
Энэ олон судар, түүхэн номоо бүгдийг нь судлаад, ном гаргаад хэвлэхэл бэрх учраас заримаас нь иш авч, орон нутгийн болон, улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд олон ч удаа оролцож илтгэл тавьжээ. Улмаар түүний тавьсан илтгэлийг ажил хэрэг болгож, хойч үе, залуус, хүүхдүүдэд сурталчилан таниулах үйлсийг ч түүчээлсэн юм. Тухайлбал, Хошуу нутгийн хамгийн сүүлчийн ноён Цэдэнсодномын тухай хэд хэдэн удаа илтгэл тавьсны хүчинд түүний гэрэлт хөшөөг орон нутагтаа байгуулж чаджээ. Цэдэнсодном ноёны талаар түүхэнд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг байсан тухай тод тэмдэглэсэн байна. Мөн Богдхаант Монгол улсыг байгуулагдахад анхны шадар сайдаар томилогдож байсан төр болон шашны том зүтгэлтэн байсныг хойч үед нь таниулах ажил ийнхүү биелэлээ олжээ.
Мөн өөрийнхөө мэдэх, чадах хэмжээндээ Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу нутгийнхаа талаар түгээн дэлгэрүүлэх зорилоготой. Уг хошуу нутагт Архангангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумын тал хэсэг, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумдын урд захын нутгууд ордог аж. Эдгээр нутгаар багагүй судалгаа хийж түүнийхээ үр дүнд гаргасан Далай Чойнхор буюу Номын хүрдэн хэмээх судалгааны бүтээлээ туурвижээ. Мөн түүний Халх Монгол оронд бурхны шашны иш авсан тухай бичсэн Монгол, крилл бичгээр хөрвүүлж хадмал болгож гаргасан ном бий. Энэ номыг Засгийн газрын ивээл дор бүтээж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх номын сан, сумдад 1200 орчим хувь хэвлэж үнэ төлбөргүй тараажээ.
Тэртээх 1586 онд монгол оронд Түмэнхэн хүндлэн Цөөхүүр сайн ноён, Автайсайн хан нар Төвд улсаас бурханы шашныг дэлгэрүүлэхэд Хоёрдугаар далай хантай уулзан гурван бурхан залсан нь өдгөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг тухай хуучилсан юм. Энэ шүтээн дотор ирсэн бурхан багшийн шарил эрдэнэ хаана байгаа үл мэдэгдэн алга болсон тул түүнийг олохын тулд О.Бадмаадорж гуай 10 жил орчим хөдөлмөрлөж, судалж явжээ. Улмаар хамгийн сүүлд эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж одоогийн Соёлын сайд С.Чулуун соёлын яаманд танилцуулан Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Улмаар тухайн үеийн сайд Ё.Отгонбаяр ахалж Улсын комисс томилогдон ажиллаж Богд хааны ордон музейгээс олж Монгол улсын Засгийн газарт 2012 оны хоёрдугаар сарын 18-нд хүлээлгэн өгчээ. Ингэснээр дэлхийн монгол туургатан дээдийн шүтээн хэмээн зарлаж төрийн хамгаалалтад хадгалжээ.
...Мөн түүний Халх Монгол оронд бурхны шашны иш авсан тухай бичсэн Монгол, крилл бичгээр хөрвүүлж хадмал болгож гаргасан ном бий. Энэ номыг Засгийн газрын ивээл дор бүтээж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх номын сан, сумдад 1200 орчим хувь хэвлэж үнэ төлбөргүй тараажээ...
О.Бадмаадорж гуайн сум орон нутгийн иргэд, хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх их үйл хэрэг ингээд ч зогсоогүй. Тэрбээр, анх 2001-2012 оныг хүртэл Жаргалант сумандаа Монгол хэл, бичиг, уран зохиолын олимпиадыг зохион байгуулсан юм. Энэ нь хүрээгээ тэлэн, өргөжиж зэргэлдээх, аймгийн зарим сумд, Хөвсгөл аймгийн 19 суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг боловсролын салбарын томоохон уралдаан, тэмцээний нэг болжээ.
Ном, бичиг судлахын хажуугаар тов хийсэн малтай тэрбээр, аль алинаас нь түүртдэггүй. Мал маллах арга ухааныг ч үр, ач нартаа таниулахын тулд зусландаа гарч малаа хариулна. Эхнэр нь Жаргалант сумын төвд цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг учраас хүйтэн, сэрүүн цагт нь төвөө бараадчихна. Гэсэн ч амьныхаа хэдэн малаас хэдэн хүүхэддээ тасалж өгөхөө өгчихөөд, бог, бод нийлсэн 200 орчим малынхаа ашиг шимийг ч хүртэж яваа. Монголоо алдахгүй, малаа орхихгүй, хөдөөг адалдаггүй, ам тосдож толгой гудайлгүй яваа малчин заяагаараа тэр бахархадаг. Тиймдээ ч өнөө цагийн хошин урлагийнхан тайзнаа гарч малчдыг тэнэг, мангар мэт харуулдагийг тэрбээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй гэсэн. Тэрбээр, “Одоо цагийн хошин урлагийнхан олны өмнө малчдыг эргүү, мангар, сэтгэцийн гажигтай мэт хүмүүсийг малчнаар дүрсэлж тайзнаа гардаг. Гэтэл малчин хүнийг мэдэхгүй хотын залуус, хөдөөнийхөн гэдэг монголын нийгэмд ийм хэмжээнд очсон, адлагдаж явдаг гэсэн сурталчилгааг байнга хийж байгаа учраас залуус төв бараадах юмсан гэдэг хандлагатай болсон. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бол чанартай ч бай, чанаргүй ч бай их дээд сургуулийн нэр зүүгээд л явчихдаг. Дөрвөн жил сурсан болчихоод, тэндээ үлдчихнэ. Яах вэ дээ, голч дүнгээ 3.5 онооноос дээш авчихсан бол мэргэжлийнхээ дуртай ажил хөдөлмөр эрхэлнэ биз. Олигтой сураагүй байж хотод зөөгч, угаагч хийгээд явж байна шүү. Малчдын залуу халаа гэдэг зүйл байхгүй болчихсон. Малаа маллаж байгаа хүмүүсийн ихэнх нь миний үеийн хүмүүс л байна. Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зов гэгчээр малаа маллаад амаа тосдоод яваасай. Хөдөө байхгүй юм байхгүй шүү дээ. Залуус монгол уламжлал, өв соёлоо алдмааргүй байна” хэмээн халаглан ярьсан юм. Үнэхээр ч түүний хэлснээр бид уламжлал гэдэг зүйлээ алдахад энүүхэнд хүрчихэж. Морио унаад малдаа явдаг хүн ховор. Ердийн хөсөг, үхэр тэргээ хөллөөд нүүдлээ хийхээс халширдаг. Нэхий ширээ элдээд сураа элдэггүй. Гэтэл хужаа мотоциклоор малаа хариулж, портероор нүүж, хятад ременээр аргамжаа, ногт хийгээд явах хэмжээний болчихжээ. Малчин хүн гэдэг халуунд халж, хүйтэнд хөрж, хөдөө хөхөрч, гадаа гандаж, унтах нойроо умартан, идэх хоолоо хасаж амьдралыг хатууг туулж явдаг. Илэгдэж гүйцээд илдүүр нь ханасан эр хар сур, эх нутаг газар шороогоо хайрлан, уул усандаа эзэн нь болж, тэнгэрийн муухайд сэтгэл нь чилж, сайханд нь тэнэгэр явдаг тийм л баяр бахдал нь тэнцүү хүмүүс билээ.