ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төмөр зам дагуух дэлгүүрүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-30

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т гарсан коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.  

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 908 хүн нь хамрагдаад байгаа юм байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 48 хүн хамрагдаагүй байна.

Замын хэмжээнд нийт 816 ажлын байрны 37725 ам.метр талбайд, мэргэжлийн байгууллагуудаар 181 ажлын байрны 17191 ам.метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Зөөврийн долоон зүтгүүр, ачааны галт тэрэгний 67 зүтгүүр, сэлгээний 12 зүтгүүрийг ариутгасан байна.

Шуурхай бүлгийн 12 удаагийн хурлаас Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн 119 үүрэг, даалгавраас 113 нь 100 хувийн биелэлттэй, зургаа нь 70 хувийн биелэлттэй байна.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-Салхит зангилаан дээр анхаарал хандуулж, мэргэжлийн хяналт, ЗӨСҮТ зэрэг  газруудтай ярьж зөвлөлдөж, ариутгал халдваргүйтгэл хийх асуудлыг шуурхайлах,

-Нийслэлийн Баянгол болон бусад дүүргүүдэд “нэг өрхөөс нэг хүн”-ийг PCR шинжилгээнд хамруулах ажилд хүний нөөцийнхөн судалгаа гарган шавдуулж ажиллах,

-Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай гэсэн гурван газарт бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан төмөр замын төв эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал ямар байгаад анхаарч, дайчлагдан ажиллах шаардлага гарахыг үгүйсгэхгүй тул төлөвлөгөө гарган ажиллах,

-Орон нутагт байгаа төмөр замын дагуух дэлгүүрүүдэд халдвар хамгаалалтын дэглэм сахиулах асуудал дээр анхаарах,

-Туяагаар шардаг, нян устгадаг тоног төхөөрөмж суурилуулах гэж байгаа нь сайн хэрэг бөгөөд хилийн хоёр өртөөний дамжуулах конторт нэн тэргүүнд байршуулах, дараагийн шатанд ачаалал өндөртэй тооцооны төвд тавих,

-Зангилаа болгон дээр амьдралын түвшин доогуур, орлого багатай өрх айлуудын судалгаа тооцоог гаргаж, тэдэнд замын удирдлага, өртөө, зангилаа болон Улаан загалмайн нийгэмлэг, үйлдвэрчний эвлэлийн шугамаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажилд түлхүү анхаарч зохион байгуулах,

-Ажиллаж байгаа багууллагууд график гаргаж, угаалгын өрөө, 00-ын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийдэг болох, ариутгалын шаардлагатай хэрэгслээр хангах, эрүүл мэнд, хяналтын холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, чиглэл өглөө хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.