ЭМЯ-ны мэдээллийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой асуудлыг ярилаа. Тодруулбал Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажиллаж байсан 57 хүнээс 30 гаруйг нь тусгаарлаж, удирдах албан тушаалтнуудыг тусгаарлаагүй гэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, " Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нууж байсан учраас бид өөрсдөө олж аваад шинжилгээ хийхэд өнгөрсөн сарын сарын 28-нд тухайн тохиолдол батлагдсан. Улмаар тухайн хүний ойрын хавьтлыг хөөж тандан судалж байгаад ШЕЗ-ийн үйлчилгээний ажилтанд шинжилгээ хийхэд халдвар илэрлээ. ШЕЗ-д манай шуурхай хариу арга хэмжээний хоёр баг ажиллаж, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарласан. Түүнээс биш дарга цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэгт 24-48 цагийн дотор амны хаалтгүй, 1.5 метрээс ойр зайд харьцсан хүмүүсийг хамруулна" гэлээ.