ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амаржсан эхийг ХӨСҮТ рүү зөөвөрлөх тухай 6 цагийн өмнө мэдэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-20

Эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү зөөвөрлөх талаар “Өргөө” амаржих газрын удирдлагуудад 6 цагийн өмнө мэдэгджээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 19-нд “Өргөө” амаржих газар амаржсан эхээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар батлагдсан байна. Тэр даруй ХӨСҮТ-д мэдэгдэж, тусгаарлах заавар авчээ. Улмаар ХӨСҮТ-өөс эх, нярай хоёрыг шилжүүлэн авч болох биеийн байдал зэргийг асуусан аж.

Эх, нярай хоёрын биеийн байдал сайн, сэтгэл санаа тогтвортой байсан тул ХӨСҮТ рүү шилжүүлэн, эмчлэхээр болж, зургаан цагийн дараа очиж авах тул бэлэн байдлыг хангахыг сануулжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эх, нярай хоёрыг шилжүүлэх ажиллагаанд бэлдэх зааварчилгаа авсан байна. Гэвч эцсийн мөчид амаржсан эхийг халад, таавчиктайгаар өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн нь олон нийтэд ил болсон билээ.

Коронавирусийн халдвар Хятад улсад бүртгэгдсэн цагаас эхлэн Монгол Улс дотооддоо бэлэн байдлаа хангаж эхэлсэн. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тусгаарлах өрөө байгуулах шийдвэр гаргасан байдаг. Тэр дундаа эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллах, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл хэрхэн тусгаарлан, ажиллах заавар зөвлөмжийг гарган, өдөр бүр амны уншлага мэт танилцуулж байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг сэжигтэй, эсвэл батлагдсан тохиолдол илэрсэн даруйд тусгайлан бэлдсэн тусгаарлах өрөөнд сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахих, тусгаарлах өрөөнд ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг ч сургалтад хамруулжээ. Гэвч “Өргөө” амаржих газар эх, нярайг дотоодын тусгаарлах өрөөнд байлгахаасаа илүү ХӨСҮТ рүү түргэн явуулж, өөрсдөөсөө зайлуулж, холдуулах гэсэн оролдлого хийсэн нь дээрх үйлдлээс нь илт. Үгүй дээ, гаргаж өгч байгаа эмнэлгийн ажилтан нь амаржсан эхэд ялимгүй сэтгэл гаргахад асуудал шийдэгдэх байсан ч харамсалтай нь тийм хүний үнэр гаргасангүй.

Эрүүл мэндийн яамнаас улиг болтлоо давтсан зөвлөмжийг ч ажил хэрэг болгосонгүй. Яаралтай онцгой үе гэж зөвтгөх шалтгаан ч алга. Арга ядвал хөнжилд боогоод гаргах ухаан ч “Өргөө” амаржих газрын удирдлагуудад байсангүй.

Ямартаа “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож чадах хүн бий юу гэх асуулт хариулт нэхэн үлдлээ. Одоогоор тэр өргөдлөө өгөөгүй байна. Үнэндээ өнгөрсөн хэдэн жилийн өмнөөс л энэ тухай хэлэлцүүлэг олон нийтийн дунд хөвөрсөн. Учир нь 2019 онд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан гэх үндэслэлээр Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хэсэг хугацаанд орлож ажилласан нь ч бий. Гэвч Г.Баясгалан “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалаас огцроогүй билээ.