Ярилцах танхимдаа “Хөх тэнгэрийн чуулган академи” ТББ-ын тэргүүн, А.Алтангэрэл зайрантай ярилцлаа.
-Анх хэдэн онд улаач болж, яаж яваад ийм зам замнал орсон бэ?
-1994 онд 13 наснаасаа эхлэн зүүд, зөн совингоо мэдэрч эхэлсэн гэхүүдээ. Түүнээс хойш хий зүйл харж, сүнс мэдэрч, хөдөө хонио хариулаад явж байхад цэнхэр дээлтэй өвгөн хажууд ирж суучихаад юм хэлээд байсан юм. Тухайн үед хүүхэд байхдаа хажуу айлын эмээ нас барсны дараа сүнс нь гэртээ хорогдсон байсныг ч харж байлаа. Бие ихээр өвдөж, хэрэг төвөгт орооцолдож явсан үе ч бий. Түүнээс хойш бөө мөргөлтэй холбогдож байна даа. Тухайн үед ээжийн удмын онгод буучихсан байхад би түүн дээр нь согтуу очтол надад нэг тагш архи өгөхөөр нь уусан юм. Тэгээд уучихаад гадаа цасан дээр есөн удаа хөлбөрөөд ороод ир гэсэн. Тэгэхэд намайг буусан онгод нь”7 ногоон мэнгээр тамгалагдсан улаач хүн байна. Тэнгэрийн хөвүүн ирчихсэн будилж яваа юм байна. Онгодоо авах ёстой” гэж хэлсэн. Улмаар 2007 онд удмын онгодоо биедээ залснаас хойш 14 жил боллоо. Улаач болохоосоо өмнө зүүдэндээ хааны ордонд амьдарч байгаа юм шиг л тийм зүйлийг хардаг байсан нь өнөөдрийн миний энэ ажлын өрөө байх. Ажлын өрөөгөө монгол өв соёл, ёс заншил, уламжлалт ахуйн зүйл, модон тавилгаар тохижуулж сууж байгаа нь зүүдэндээ харсан тэр чамин зүйлс болов уу гэж боддог. “Бусдын эдэлж хэрэглэж байгаа тансаг зүйлсийг хэрэглэж байна” гэж зүүдэлснийхээ дараа “над шиг боловсролгүй, ээж ааваа зовоодог хүн тийм болно гэж юу байх вэ” гэж боддог байсан л даа. Гэсэн ч өнөөдөр хөдөлмөрийнхөө үр шимээр бусдын л адил ажиллаж, амьдарч байна. бөө мөргөлийн үйлийг олон нийтэд таниулах үйлсэд зүтгэсээр л явна.
-Таны хувьд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт орж, чамгүй амжилт үзүүлж байсан санагдаж байсан шүү дээ?
-Будилж явсаар онгодоо буулгасан ч бас л нэг л болдоггүй. Хүн үзэж, засал хийгээд байгаа хэрнээ онгод бууж байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй хэдэн жил явсан юм. Гэтэл зурагт үзээж сууж байтал “Зөн билийн тулаан” нэвтрүүлгийн бүртгэл явагдахаар нь “нээрээ надад онгод ордог л юм бол би өөрийгөө сорьж, шалгуулаад үзье” гэж орсон. Гэтэл тэмцээндээ амжилттай орж дөрөвдүгээр байранд шалгарлаа. Түүнээс хойш тэнгэр шүтлэгтэй олон хүнд үйлчилж, архинаас гаргах, үр хүүхдийн буян заяаг тэгшитгэх, адуу мал олох гэх мэтчилэн олон зан үйл хийж багагүй зүтгэлээ. Тэмцээнд орсноороо би өөрөө багагүй туршлагатай болж, бөө мөргөл гэж юу байдгыг илүү мэдэрч ойлгож авсан учраас тэр шүү дээ. Улмаар улаач нарыг олонд зөвөөр таниулах зорилгоор “Улаачдын цаг” хэмээх нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Энэ нь “Улаачдын сорил” тэмцээний маань эхлэл байсан лдаа. Энд зөвхөн улаач нар л хоорондоо өрсөлдөнө. Анхны дугаар, дээрээс нь дөнгөж Кино Урлагийн дээд сургуульд найруулагчаар орчихсон үе байсныг ч хэлэх үү. Учраа мэдэхгүй, би найруулагч болчихсон гэж цээжээ дэлдэж,өрөнд орж анхны гараагаа эхэлж байлаа. Тэгсэн ч гэсэн бөө мөргөлийг дэлгэрүүлэх энэ үйлээсээ шантралгүй 2 дахь дугаараа хийж, нэвтрүүлгээ “Хөх тэнгэрийн зарлигт улаач” хэмээх дуутай болгосон. Клипэндээ Монгол Улсын гавьяат болон ардын жүжигчдыг тоглуулж, Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Жаргалсайхан ахаар дуудуулсан. Энэ клипэнд улаачын хүч чадал, хар бурууг дэнсэлсэн онгодын талаар гардаг. Бөө мөргөлөөр дамжуулж муу зүйл хийж болохгүй, мууг нь улаач нар дийлдэггүй юм аа гэхэд нэгдэж байгаад сайн сайхан болгож байгаа тухай өгүүлдэг. “Улаачдын сорил” тэмцээн маань нийтдээ 5 удаа зохион байгуулагдаж, 100 гаруй нэвтрүүлгийн дугаар телевизээр цацагдсан байна. Таван дугаарын дөрвөн ялагч тодорчихсон. Тавдахь тэмцээний төгсгөлийн шат цар тахлын улмаас түр хойшлогдсон. Гэсэн ч оролцогчдод маань үзүүлэх хүсэлтэй олон хүн бидэнтэй холбогдож байгаа. Манай нэвтрүүлгийг шоу, тавилттай нэвтрүүлэг гэж ярьдаг олон хүн бий. Манай нэвтрүүлэг, тэмцээнд орж буй улаач нар бодит байдаг. Түүнийг нь ард түмэн ч шүүдэг, мэддэг. Бид нар өөрсдөө мэддэг хэрэг биш шүү дээ. Гэхдээ цөөхөн хэдэн бөө тэгэж байгаа. Ихэнх нь нэг нэгнээ мэддэг, ойлгодог, бас маш хөдөлмөрч болсон байна билээ.
-Таны өрөө үнэхээр тохилог юм. Хаалга нь хүртэл монгол хээ хуартай, өрөөн доторх эд зүйлс нь өв соёлыг илтгэж байна шүү дээ?
-Анх “Яагаад монгол ёс заншил, өв соёл, үндэсний гэсэн зүйлсээ дэмжиж болдоггүй юм , улаач хүн учраас энэ бүхнийг дэлгэрүүлэх ёстой” гэж үзээд “Миний ажлын өрөө” нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Ингэхийн тулд өрөөгөө монгол ахуйгаар тохижуулж, зочин орж ирээд цай уухад л аяга нь модон байх гэх мэтчлэнгээр хийж эхэлсэн. Өрөөгөөр орж ирэхэд л сайхан мод үнэртэж байгаа биз. /инээв/ Мартагдаад байгаа өв соёлоо олны танил хүмүүсээр дамжуулж хүүхэд залуус, олон нийтэд хүргэх зорилгоор энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа юм. Нэвтрүүлэгт ерөөсөө л монгол ёс заншилтай холбоотой энгийн сайхан яриа өрнөдөг. Гэхдээ зочдоо зөвхөн олны танил хүмүүсээр хязгаарлахгүй цагдаа, хүүхдүүд гэх мэтчилэн олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс оролцож байсан. Одоогоор нийт 50 орчим дугаар цацагдаад байна. Би баян цатгаландаа өрөөндөө үнэтэй цайтай эдүүд авч тавиад байгаа хэрэг биш шүү дээ. Өв соёлынхоо зүйлсийг олон нийтэд таниулах, сурталчилах зорилготой тохижуулсан. Нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцахаас хойш хүнд хэрэгтэй зүйлээ хийж л байя. Өв соёл гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол бичгээ сурах уриалга гаргалаа. Миний хувьд ч Монгол босоо бичгээ сурч байна. Гэхдээ зөвхөн өөрөө сураад үлдэх биш, цаашид сургалт хийхээр төлөвлөж байгаа. Багш нарын цалинг нь тохироод, сургалтын байрны түрээсийн төлбөрийг өөрөөсөө төлөөд үнэгүй сургалт явуулах зорилго тээж явна даа. Бид уйгар бичгээ сэргээнэ гэдэг нь эх хэлээ сэргээнэ гэсэн үг шүү дээ.
-Бөө мөргөлтэй холбоотой кино хийхээр төлөлөж байгаа гэсэн. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-“Тэнгэрийн шүүлт” хэмээх уран сайхны кино хийх зорилгоор зохиолоо МУГЖ Ц.Төмөрбаатар ахтай гаргаж дууслаа. Ирэх намар олон нийтэд хүргэх зорилготой байна. Энэ киноны тухай тайлбар хэлэхэд “Тэнгэрийн шүүлт” киногоороо орчин үеийн бөө нар мөнгөний төлөө сайн муу үйлийг маш их хийж байна. Сайн, муу үйл хийсэн хоёр улаач үхэхийн цагт сүнс нь тэнгэрийн шүүлтэд очоод шүүгдэж байгаа талаар өгүүлэх юм. Энэ кино ганцхан хүний санаагаар гэдэг ч юм уу би өөрийнхөө амьдралыг харуулж байгаа зүйл огт биш. Эсвэл дээр үеийн бөөгийн тухай ч биш. Бид тэдний үед амьдарч байгаагүй учраас тэр болгон мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор ерөөсөө л энэ нийгэмд болж буй бөөгийн зан үйлтэй холбоотой сайн, муу зүйлийг харуулахыг зорьсон. Тэнгэр шүтлэгтнүүд ч үзэх хэрэгтэй. Дүрийн хувьд сонголтоо удахгүй хийнэ. Ихэвчлэн гавьяат болон ардын жүжигчдээс сонгох бодолтой байна. Киноны найруулагч, Ц.Төмөрбаатар багштай ярилцана.
-Кино хийхэд маш их хөрөнгө шаардлагатай. Санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Кино битгий хэл ганц нэвтрүүлэг хийхэд хэчнээн их хүн хүч, хөрөнгө мөнгө шаарддаг билээ. Кино хийхэд маш их хөрөнгө мөнгө хэрэг болж байгаа ч олон компани ивээн тэтгэгчээр оролцохоор болсон. Тэд бөө мөргөлийг хүндэлдэг, итгэдэг учраас хувь нэмрээ оруулж байгаа юм. Цайны газар ажилуулдаг хүмүүс ч хэдэн өдрийн хоолыг нь даая гэдгээ ч хэлж байна. Нөгөө талаас киноны зураг авалт, арын албанд ажиллаж буй хүн бүрийн ажил хөдөлмөрийн үнэ цэнийг үнэгүйдүүлэхгүй. Жишээ нь зураг авч байгаа хүн ардаа амьдралтай. Энд бидний ажлыг хийх гэж тэр хүн дөрвөн жил сурсан шүү дээ. Хөдөлмөрийн үр шимийг хүртээх нь мэдээжийн хэрэг. Олон хүний хөлс, хөдөлмөрөөр босох учраас их сайхан кино гарах байх гэж бодож байгаа.
-Кинонд хувь нэмрээ оруулаад оролцох хүсэлтэй улаач бас байж магадгүй. Тэд оролцох эсэх нь нээлттэй юу?
-Нээлттэй байлгүй яах вэ. Киноны зураг авалтад бөөлж буй хэсэг хэрэгтэй. Бөө мөргөлийн талаарх тэдний санаа оноо хэрэгтэй шүү дээ. Киноныхоо өмнө бид “Эрин зуун дамжсан бөөгийн түүх” хэмээх баримтат киноны зураг авалтыг хийж эхэлсэн. Улаач нараас гадна бөө судлаачдыг баримтат кинондоо оролцуулж байна. Тэд чинь бөө мөргөлтэй холбоотой зүйлийг олон жилийн турш тал талаас нь судалчихсан байдаг юм. Тиймээс улаач гэдэг хүнийг үнэн зөвөөр гаргаж ирэхийн тулд бараг ганцаараа шахуу тэмцэж байна шүү дээ. Бөө мөргөл гэдэг монголчуудын өв соёлын нэг учраас албан ёсны болгох шаардлагатай байна. Албан ёсны болгочихвол энд тэнд дураараа хүн үзэж, мөнгө авч, залилан хийхгүй, хулхидах асуудал аяндаа хямгатай болж эхэлнэ. Улаач хүн 10 ба түүнээс олон жил бөөлөөд ирэхээр зан үйлээ биеэ даагаад хийгээд ирдэг. Мэдэрч эхэлдэг. Зөв явах юм бол бөөгийн ёс заншлаа судалдаг судлаач болчихдог талаар “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг бид 2 манай нэвтрүүлэгт уригдаж оролцох үеэр ярьж байлаа. Ц.Ганзориг жүжигчинг улаач хүн гэж ам дамжин ярьдаг болохоос өөрөө бөө гэдгээ манай нэвтрүүлэгт орохдоо анх хэлсэн байдаг юм. Хэрвээ зөв явбал сайн сайхан амьдралд хүрдэг юм байна. Харин буруу явах юм бол мянга бөөлөөд сайхан амьдарч байгаа нь ховор байна шүү дээ. Энд нэг зүйлийг дурдахад, намайг муугаар хэлээд байгаа улаач нарт “миний замаар нэг яваад үзээрэй” гэж хэлмээр санагддаг юм. Би буруу зүйл хийж энэ чинээнд хүрээгүй, өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр өдий зэрэгтэй яваа жирийн л нэг хүн. Би өндөр мөнгөн дүнтэй засал хийгээд ч юм уу, нэвтрүүлэгтээ оролцуулах гэж хүмүүсээс мөнгө аваагүй. Барилгын материал гаднаас оруулж ирэх, банкнаас зээл авч захаас хуучин машин худалдаж зарах, Дорнод аймагт мал худалдаж аваад наана цаана болгож зарсан гэх мэтчилэнгээр хөдөлмөрлөж явна. Хийж чадаж байгаагаа л шүүмжилдэг нь л үнэн юм даа. Муу хэлүүлснээрээ муу явсан зүйл алга. Гэхдээ улаач болоод надад алдаж онож явсан үе маш их бий. Даваад л гарсан, чадсан. Цаашдаа ч чадна.
-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр, улаач нартай холбоотой таагүй зүйл ер нь юунаас үүдэлтэй юм бол. Буруу босгодог багшаас болж байна уу, хувь хүнээсээ болж байна уу?
-Одоо л ирсэн болгоныг шавиа болгоод байгаа болохоос дээр үеийн бөө нар шавь болох хүнээ дор хаяж 3 жил харж, хажуудаа дагуулдаг байсан гэж ярьдаг юм билээ. Эхний жилд нь хонио хариулуулж хажуудаа дагуулдаг. Дараагийн удаад өөрийнхөө онгодын түшээ хийлгэдэг. Харин 3 дахь жилд нь тухайн шавь болох хүнийхээ хуяг хударга, хэц хэнгэргийг ан гөрөө хийлгэж бэлдүүлдэг байсан гэж ярьдаг. Тэгээд энэ хүн үнэхээр миний шавь болж чадах уу, онгод тэнгэртэй хүн мөн үү гэдгийг гурван жил харсны эцэст шавиа болгодог байж. Шавь нь ч “би үнэхээр улаач хүн мөн үү, энэ хүн миний багш болоход тохирох хүн мөн үү” гэдгийг ч мэдэрч байж уг сахиусаа авдаг. Гэтэл одоо онгодтой гэж хэлэхийн төдийд л багш шавь барилдаад, “Нарантуул” захаас эд хэрэгслийг нь худалдаж аваад бөө болгодог нийтлэг жишиг тогтчихсон. Гэтэл шинэ боссон шавь нь онгодоо авчих юм бол хэн нэгэн шиг мундаг болно гэдэг сэтгэлээр хандаад алдах тохиолдол ч бий.
-Цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан уу. “Улаачдын сорил” нэвтрүүлгээ хийсээр л байх уу?
-Би амьд байгаад, бөө мөргөл устаагүй цагт кино, уран бүтээл нэвтрүүлгээ хийсээр л байх болно. Цар тахалаас хамаараад 2021 онд киногоо хийчихээд 2022 онд Олон улсын хэмжээнд “Улаачдын сорил” нэвтрүүлгээ хийнэ. Байгууллагуудтай гэрээгээ хийгээд, Оюуны өмчийн эрхээ ч авчихсан. Тэгэхээр олон улсын хэмжээнд Улаачдын сорил нэвтрүүлгийг манайхаас өөр хэн ч хийхгүй гэсэн үг шүү дээ. Ингэхдээ, гадаадын бөө нар монголд ирж очих зардлаа гаргана. Харин бусад зардлыг нь хариуцах байгууллагуудтай ярилцаад шийдээд эхэлсэн. Монголд л ганц бөө байдаг юм биш. Унгар, Солонгос, Өвөрмонгол, Герман, Польш, Орос бөө нар ч бий. Тэдний ёс жаягийг хэдүүлээ харъя л даа. Жишээ нь Орос бөө нар гэхэд хуяг дуулга нь ижил хэрнээ ёс, ёсолгоо гэх мэтчилэн зүйлүүд нь өөр өөр юм билээ. Сонин сонин зүйл их гарна шүү.
-Лам нарыг шарын шашных гэж албажуулдаг шиг улаач нарт тийм зүйл байж болох уу. Бөөгийн зан үйлийг шашин гэж үздэггүй хэрнээ, өв соёлд албан ёсоор бүртгээгүй байдаг юм билээ?
-Улаач нар өөрсдөө бөө мөргөлөө судлаад, өв соёлд албан ёсоор бүртгүүлье л дээ. Шарын шашин бүртгэлтэй хэрнээ улсад татвар төлөхгүй, сүм хийдээ бариад болж байна. Түүн шиг бөө мөргөлийг шашинд биш, өв соёлд албан ёсоор бүртгүүлмээр санагддаг. Улаач нар ч өөрсдөө бие биенээ муулаад байлгүй нэгдэх хэрэгтэй. Лам нар бие биенээ муулаад байдаггүй шүү дээ.