ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энергийн эмчилгээнд найдсан иргэд эцсийн шатанд орсны дараа эмнэлэгт ханддаг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-07

Маани мэгзэмийн уншлага хүнгэнэж, жаазтай зурагны өмнө зул өргөжээ. Дэмий зүйл итгэж хугацаа их алдчихлаа. Эртхэн эмнэлгийн бараа хардаг байж хэмээн залуухан бүсгүй чимээгүйхэн мэгшиж.

Талийгаач залуу уушгины хорт хавдартай гэдгээ эрт мэджээ. Эмнэлгээр явахаар дараалал нь дийлдэхгүй, өдөр болгон хүн дагуулж явна. Гэрт үлдэх хүүхдээ хэнээр харуулдаг билээ зэрэг элдэв шалтгаас үүдэн тэд Биоэнергийн төвд ханджээ.

Улсын эм­нэл­гүүд хүнд суртал их­тэй. Хорт хавд­рыг эмчлэхэд сүлжээ­ний эм л сайн гэж сонссон нь талийгаачийн өвчнийг хүндрүүлж эцсийн шатанд хүргэсэн байна. Түүнээс гадна хорт хавдрыг сайн эмчилдэг гэх “Биоэнергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн”-д очиж, хоёр жил орчим эмчилгээнд нь хамрагджээ.

Үр дүн сайтай гэх хүмүүсийн үгэнд итгэж тус эмчилгээнд хамрагдсанаас хугацаа алдаж ийм байдалд орлоо хэмээн гашуудсан эцэг, өнчирсөн хүүхэд, бэлэвсэрч үлдсэн эхнэр нь уйлан ярилаа. Энэхүү эмгэнэлтэй дүр зургийг харсны дараа хорт хавдрыг биоэнергиэр эмчилнэ гэдэг чухам юу болох, ямар эмчилгээг хэрхэн хаана, хэн хийдэг талаар сурвалжилсан юм. Хохирогчийн ар гэрийнхнээс тус газрын хаягийг заалгаж, ГССҮТ-ийн зүүн талд байх “Биоэнергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн”-д очлоо.

“Ум дари дүдари дүри сууха” хэмээх Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг товойлгож, сийлсэн, тохомтой зааны хөшөөг үүдний шатныхаа хоёр талд байрлуулсан шилэн хаалгатай есөн давхар барилга бол Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн аж. Бид зорьсон газраа ирэхэд алтадмал өнгөөр бүрсэн гарын алга тэнгэр өөд тэнийсэн хөшөө угтлаа. Хувцасны өлгүүрийн харалдаа эгнүүлэн тавьсан хүлээлгийн сандлууд дээр хүмүүс зэрэгцэн суужээ. Угтах үйлчилгээний ажилтнаас эмчилгээ үйлчилгээ хэрхэн авах талаар тодруулахад “Манай хүрээлэн долоо хоногийн бямба гарагт эмчилгээний дугаар тараадаг. Пүрэв, баасан гарагт амардаг. Өдөрт 200-300 хүнд энергийн эмчилгээ хийдэг.

Дугаараа аваад хоёр давхарт гарч биоэнергиэр эмчлэгч Б.Дамдинсүрэн эмчид үзүүлж оношоо тодруулах ёстой. Онош тодруулахад 35000 төгрөг. Онош тодруулсны дараа дөрвөн давхарт эмчилгээний танхимд орж энергиэр эмчлүүлнэ” хэмээн тайлбарлав. Хорт хавдартай бол 50000 төгрөг, хорт хавдраас өөр төрлийн тархины даралт, чихрийн шижин, харшил гэх мэт 17 нэр төрлийн өвчнийг 30000 төгрөгөөр эмчилдэг аж.

Таван удаагийн эмчилгээ нэг курс болдог бөгөөд 18 курс эмчилгээнд хамрагдсан хүн цаашдаа үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй болдог гэнэ. Энэ тухай ярихдаа “Иргэд эм тариа эмнэлгийн төлбөрт маш их хэмжээний зардал гаргадаг. Манай хүрээлэнд хандсанаар 18 удаагийн курс эмчилгээ буюу 3.5 сая төгрөг төлөөд л эрүүл саруул болох боломжтой” хэмээн танилцуулсан юм. Биднийг хүлээлгийн танхимд сууж байх үед нэгэн ахмад настан “Эмчилгээ бүх хүнд сайнаар нөлөөлнө гэж байдаггүй юм билээ, эмчилж чадахгүй хүн байвал хэлэх хэрэгтэй шүү дээ.

Та нар өөрсдөө итгэлгүй байна гэж хүнийг цаг хугацаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгээр хохироох байдаг. Ядаж утсаа ч авахгүй юм” хэмээн бухимдаж суув. Эмчилгээ хэр үр дүнтэй байдаг талаар тус төвийн захирал Б.Пүрэвсүрэнгийн туслах залуугаас асуухад “Янз бүр байдаг. Хүний өөрийн итгэлээс л хамаарна. Энергийн эм­чилгээг бага насны хүүхэд илүү хурдан авдаг. Яагаад гэвэл хүүхдэд муу санаа байхгүй. Гол нь итгэл шүү дээ” гэх хачирхалтай тайлбар хэллээ. Тус төвд эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй цөхөрсөн иргэдийн эцсийн найдвар ХСҮТ болдог ажээ. Бид ХСҮТ-д очиж дээрх шалтгаанаар өвчин нь хүндэрсэн иргэд хэр их ханддаг талаар тодруулахаар очлоо. ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэнтэй энэ талаар цөөн хором ярилцсан юм.

Ж.Чинбүрэн: Энергиэр эмчлүүлэгчдийн эцсийн найдвар эмнэлэг байдаг

-Биоэнергийн эмчилгээнд явж цаг алд­санаас хавдартай иргэд өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг гэсэн. Нийт өвчлөлийн хэд орчим хувь ийм шалтгааны улмаас хүндэрсэн байдаг вэ?

-Дөнгөж өчиг­дөр­хөн л гэхэд элэг­ний хавдартай, хагал­гаа хийх боломж­той байсан хэдий ч ха­галгаанд оролгүй биоэнер­гийн эмчилгээ гэж яваад хавдар нь томроод эмчлэх боломжгүй болсон үедээ буцаад хүрээд ирсэн хүн байна. Хавдартай иргэд элдэв сүлжээний эмчилгээ, биоэнергийн эмчилгээ гэж явснаас үүдэн өвчнөө эцсийн шат буюу эмчилгээ хийх боломжгүй шатанд хүргэж байгаа нь харамсалтай. Ямар ч шинжлэх ухааны нотолгоогүй, үр дүнг нь мэдэхгүй эмчилгээнд яваад байгаа нь харамсалтай. Энэ нь тухайн иргэний өөрийнх нь сонголт боловч эмчилгээ хийж байгаа тэдгээр хүмүүс эмчилгээнийхээ үр дүнг баталгаажуулах нь тун чухал юм. Үнэхээр манайд эмчлэх боломжгүй болчихсон бол тухайн өвчтөн цөхрөлийн үүднээс элдэв эмчилгээний аргыг хэрэглэж, оролдож болно. Биоэнергийн эмчилгээнд явснаар өвчтөн сэтгэл санааны хувьд дээрдэж, өөдрөг болдог байхыг үгүйсгэхгүй. Гэвч нотлогдоогүй эмчилгээнд явахаас татгалзаач гэдгийг иргэддээ онцгойлж анхааруулмаар байна.

-Биоэнергийн эмчилгээ болоод бусад сүлжээний эмчилгээнд явснаар өвчнөө хүндрүүлсэн өвчтөн хэр их ханддаг вэ?

-Хавдрын эцсийн шатанд орсон, хүндэрсэн хэлбэрүүд ихэвчлэн хавдартай гэдгээ мэдээ­гүйгээс болон албан ёсоор хүлээн зөвшөө­рөг­дөөгүй элдэв эмчилгээнээс үүдэлтэй байдаг. Яг ийм шалтгаанаар эмчилгээ хийх боломжгүй болсон хүмүүс зөвхөн над дээр гэхэд сардаа 3-4 ирж байна. Энэ бол үнэхээр харамсмаар үзүүлэлт. Хүлээн зөвшөөрөгдөөгүй элдэв эм­чилгээнд хараа, хяналт тавих цаг нь болсон.

...Хорт хавдраар өвчилсөн олон зуун иргэнийг аюулаас аварсан мэргэжлийн хүн биоэнергийн эмчилгээний тухайд ийм байр суурийг илэрхийлж байна. Эрүүл мэндийн тухай хуульд “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг хэлнэ” хэмээн заасан байдаг аж. Тэгвэл “Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн”-гийн биоэнергиэр эмчлэгч эмч нар нь энэ заалтаас тэс ондоо танилцуулгатай. Тухайлбал, тус хүрээлэнгийн дэд захирал С.Цогтбаатар л гэхэд “Онц тээвэрчин, осолгүй манлай жолооч” гэх то­дот­голыг хүрээлэнгийнхээ танилцуулга хууд­санд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байх жишээтэй. Харин үндсэн эмчилгээ хий­дэг эмч нарын танилцуулгад эмч, эрүүл мэндийн байгууллагатай хол­боотой гэх тодотгол огт байхгүй бай­на. Тухайлбал, биоэнергиэр эмч­лэгч Б.Дамдинсүрэн нь Кино ур­лагийн дээд сургууль, Монгол зур­хайн академийг дүүргэсэн аж. Гэвч тус эмч анагаах ухаанд суралцсан тухай өөрийн танилцуулгадаа огт дурьдаагүй байгаа нь хачирх­маар.

Биоэнергийн эмчилгээ төрийн хяналтын гадуур үлддэг

Биоэнергийн судалгаа эмчилгээний үн­­дэс­ний хүрээлэнд төрөл бүрийн хортой, хор­гүй хавдар, төрөлхийн хөгжлийн гажиг тар­хины даралт, чихрийн шижин гэх мэт 17 төр­лийн өвчний онош нь батлагдсан хүмүүс зорьж эмчилгээ үйлчилгээ авдаг хэмээн хүрээлэнгийн танилцуулга дээр бичжээ. Тус газарт эмчилгээ үйлчилгээний тусгай зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог гэдгийг судлахаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт очсон юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны эх сурвалж “Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнд эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл олгохгүй.

Тухайн газарт мэргэжлийн эмч ажилладаггүй. Амбулаторийн болон больницын үйлчилгээ үзүүлдэггүй учраас боломжгүй. Харин үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь Нийслэлийн захирагчийн албанаас өгдөг байж магадгүй” хэмээсэн юм. Нийслэлийн захирагчийн албаны холбогдох албан тушаалтнаас тус газрын тусгай зөвшөөрлийг олгосон эсэхийг асуухад “Эмчилгээ үйл­чилгээний хүрээлэн гэж байгаа юм чинь ма­найд хамааралгүй. Эрүүл мэндийн газар зөв­шөө­рөл олгохгүй байгаа бол Эрүүл мэндийн яамнаас тодруулаад үз” гэсэн юм.

Улмаар Эрүүл мэндийн яаманд очиж эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгодог мэргэжилтэнтэй уулзаж “Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн”-ийн эмчилгээ үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна. Дээрх ТББ-ын үйл ажиллагаа аль ч төрөлд байхгүй учир яамнаас тусгай зөвшөөрөл олгохгүй. Үйл ажиллагааны хяналтын талаар тодруулах бол яамны эмчилгээний тусламж хариуцсан мэргэжилтэнтэй уулзана уу” гэлээ.

Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн н.Оюунцэцэг “Тус төвийн эмчилгээ үйлчилгээнд яамнаас хяналт тавьж ажилладаггүй. Эрүүл мэндийн тухай хуульд иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах газраа өөрөө сонгох эрхтэй гэж заасан байдаг. Тухайн газраар үйлчлүүлэх нь иргэдийн сонголт. Нотолгоонд суурилсан анагаах ухааны үйлчилгээ авах эсэхээ өөрөө л тодорхойлно. Яамны зүгээс иргэдийн эрхэд халдахгүй” гэсэн юм. Эмчилгээ үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгогддоггүй гэсэн тул үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байгууллага байгаа эсэхийг тодруулахаар МХЕГ-ын Эрүүл мэн­дийн хяналтын хэлтсийн дарга Д.Баяр­болдтой уулзав.

Тэрбээр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Эмнэлгийн тусламж үйл­чилгээ үзүүлж бай­гаа байгууллага Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмч­лэх эрх бүхий эмч, төрийн захир­гаа­ны болон орон нутгийн байгуул­ла­гаасаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус­гай зөвшөөрөл авсан байх ёстой. Тусгай зөв­шөөрлийн тухай хуульд ч энэ талаар то­дорхой заасан байдаг. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж, гэрчилгээ ол­гогдсон то­хиолдолд эмнэлгийн тусламж үйл­чилгээ үзүүлэх ёстой” гэв.

Үүнээс үзвэл Биоэнергийн эмчилгээ судал­гааны хүрээлэн нь мэргэжлийн байгууллагаас авсан ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж хүндээр өвчилсөн хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож, залилдаг гэж харж болохоор байв. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед бусдын башир ятгалга худал үгэнд итгэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, амь насаараа хохирохгүй байхыг ард иргэддээ зөвлөе.

Шинжлэх ухаанаар батлагдаагүй, тусгай зөвшөөрөл аваагүй энэ байгууллагын үйл ажиллагаанд эрх бүхий төрийн байгууллагууд хяналт тавьж, ард иргэдийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироож буй асуудлыг таслан зогсоох цаг болсныг энэ сурвалжлагаар хөндөхийг хүслээ.