ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрүүл мэндийн даатгал бол эв санааны нэгдэл”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-18

Энэ үгийг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа онцлон хэлж байсан юм. Учир нь миний төлсөн даатгал хаашаа очсон бэ, би яагаад 10 жил даатгал төлсөн атлаа нэг ч удаа урамшуулал авахгүй байна вэ, эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй иргэнд эргүүлээд мөнгийг нь өгч болохгүй юм уу гэсэн даатгал тойрсон олон эргэлзээтэй асуултад энэхүү хариултыг өгч байсан юм.

Угтаа таны төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгө өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй байгаа таны хайртай, ойр дотны хэн нэгний алтан амийг аварч байдаг учраас эрүүл саруул байгаа ч өвчтэй нэгнийхээ амийг нь аварч байгаа хариуцлагатай үйлдэл, эв санааны хамтын нэгдэл хэмээн тодорхойлжээ.

10 сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авсан ч ЭМД-аас бүрэн хариуцана

Албаны хүмүүс ингэж хариулт өгөхөөр “Тэгвэл  хандив цуглуулан эмчлүүлж байгаа хүүхдүүдэд миний мөнгийг зарцуул” хэмээн зөрүүдлэх нэгэн ч гарч ирж мэднэ. Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо жил ирэх тусам сайжирч, эмнэлгийн үйлчилгээ иргэнд илүү ойртож байгаа ч эмчлэх боломжгүй өвчний жагсаалтын тоо санасан хэмжээнд буурахгүй байгаа нь үнэн. Тийм ч учраас гадны улс оронд эмчилгээнд явж буй иргэдийн төлбөрийг ЭМДС-гаас 100 хувь хариуцах боломж хараахан бүрдээгүй байгаа юм. Монгол Улсын хөдөлмөрийн насны 1 сая гаруй иргэний нуруун дээр даатгалын тогтолцоо явж буй учраас гадны улсад эмчлүүлэх өндөр өртөгтэй эмнэлгийн үйлчилгээг 100 хувь хариуцах боломж бүрдэж чадахгүй байгаа нь үнэн билээ. Хэдхэн өдрийн өмнө БНСУ-ыг зорьсон Д.Ананд хүүгийн жишээг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчний нэгээр нь хүү өвдсөн учраас даатгалаас зохих журмын дагуу тодорхой хувиа гаргуулж, үлдсэнийг нь хандиваар босгон эмчилгээнд явжээ. Харин Монгол Улсад эмчлэх боломжтой байсан бол ЭМД-аас 100 хувь төлбөрийг нь гаргаж эмчлэх боломж хуулиар бүрдсэн гэдгийг Л.Бямбасүрэн дарга онцолж байлаа.

Иргэн таны жилд авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг зардлыг хоёр сая хүртэл төгрөг хэмээн төсөвт тусгадаг байсан нь саяхны үйл явдал шүү. Өөрөөр хэлбэл, 10 жил даатгалаа хэвийн төлсөн иргэн 11 дэх жилдээ өндөр өртөгтэй өвчнөөр өвдсөн ч зөвхөн тухайн жилийнхээ лимит буюу 2 сая төгрөгийг л даатгалаас гаргуулдаг байв.

10 жил эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөө зарцуулах боломжгүй гэсэн үг. Тухайлбал,  иргэн Дорж 10 сая төгрөгөөр бөөр солиулах хагалгаанд орохоор боллоо гэхэд тухайн жилийн тусгасан зардал болох хоёр сая төгрөгөө даатгалаас авч, үлдсэн найман сая төгрөгөө өөрийнхөө халааснаас гаргадаг байсан гэсэн үг. Тэгвэл шинэчилсэн хуулиар энэхүү лимитийг байхгүй болгожээ. Ингэснээр зайлшгүй тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авч буй иргэн таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх зардлыг даатгалын сангаас гаргахаар болсон байна.

Хорт хавдрын бүх эмчилгээг төрөөс 100 хувь хариуцаж байна

Өнгөрөгч оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ бүх боломж бүрдсэн гэдгийг мэдээгүй уншигч олон бий байх. Нөгөөтээгүүр, төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах боломж бүрдсэнээр ЭМДЕГ нь “Стратегийн худалдан авагч” болох эрхзүйн орчин бүрдсэн байна. Ингэснээр эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээг ЭМДС-гаас санхүүжүүлдэг болов. Иргэн та өмнө нь хувийн эмнэлэгт төлбөрөө 100 хувь өөрөө төлж, харин улсын эмнэлэгт зөвхөн тодорхой хувиа хөнгөлүүлж, үлдсэнийг нь халааснаасаа гаргаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан бол энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хувь, хувьсгалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлөө 100 хувь төлбөрөө улсаас гаргуулах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлэх ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол ч хэдийнэ батлагдаж, гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд явж байгааг дахин, дахин онцолъё. 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр,

-Бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал

-Хими болон химийн бай эмчилгээ

-Хорт хавдрын дараах сэргээн засах эмчилгээ

-Амбулаторийн хяналт

-Хими, туяаны өдрийн эмчилгээ

-Хорт хавдар болон түүнтэй холбоотой бүх төрлийн эмчилгээг 100 хувь даатгалын сангаас гаргахаар болжээ.

Үүний үр дүнд зөвхөн гуравдугаар сард гэхэд л 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМДС-гаас олгожээ. Мөн энэ оны эхний гурван сарын байдлаар 188221 зорилтот бүлгийн иргэнд 6.6 тэрбумын санхүүжилтийг тус, тус олгосон байна.

Өмнө хэлсэнчлэн, хуулийн шинэчлэл хийгдсэнээр хувь, хувьсгалын аль ч эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч 100 хувь даатгалаас төлбөр ордог болсноор улсын эмнэлгийн ачаалал ч дагаад багасчээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр даатгалын мөнгө дагасан хууль бус асуудал гарч болзошгүйг ЭМДЕГ-ынхан анхааран ажиллаж байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд “13 А” маягтыг өрхийн болон сумын эмнэлгээсээ хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэх аж. Мөн хурууны хээгээ уншуулан өвчний түүхийг нь оруулж эхэлснээр хаврын ядаргаагаа тайлах гэж эмнэлэгт хэвтсэн иргэн, эсрэгээрээ зайлшгүй тусламж үйлчилгээ авах гэсэн иргэний асуудлыг ялгаж салгах боломж бүрдэх юм. Ховдын Дарви суманд өвчний түүхээ нээлгэсэн иргэн Улаанбаатар хотод ирээд улсын эмнэлгээр үйлчлүүлэн хуруугаа уншуулахад л өвчний түүх, онош зэрэг нь бүгд гарч ирэх учраас даатгалын мөнгө нь зорилтод бүлэгтээ очиж буйг хянах боломж бүрдэх хамгийн зөв хувилбар гэж тооцжээ.

Ийм тогтолцоо руу шилжихгүй бол хуурамч өвчний түүх нээж даатгалаас мөнгө авах, шаардлагатай биш буюу хавар, намрын ядаргаагаа тайлах гэж хэвтэж буй иргэдэд даатгалын сангаас мөнгө зарцуулах зэргээр үр ашиггүй зарцуулалт гарна гэдгийг ч тооцоолж үзсэн байна.

Шинэчилсэн хуулиар улсын төсөвт суулгаж, Сангийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан шийдвэрээр гаргадаг байсан эрүүл мэндийн санхүүжилтийг ч ЭМДЕГ руу шилжүүлснээр нэг цонхоор үйлчилгээ авах бүрэн боломж бүрдсэн гэдгийг мөн албаныхан онцолж байлаа. Хуваагдмал байсан тогтолцоог өөрчилж, нэг цонхоор асуудлыг хардаг болсноор оношилгоо, шинжилгээ нэг дор төвлөрч, амбулаторийн шинжилгээг цогцоор нь оруулж ирснээр үр ашиггүй зардлаа танаж чадна гэж үзсэн хэмээн албаныхан онцолж байлаа. Тухайлбал, иргэд шинжилгээ хийлгэчихээд хариуг нь авахгүй орхидог зэрэг олон сул тал байсныг нэмэлт өөрчлөлтөөр засаж, залруулжээ. Нөгөөтээгүүр, зөвхөн өрхийн эмнэлэгт бичдэг байсан хөнгөлөлттэй эмийг бүх шатны эмнэлэгт бичдэг болсон, эмийн нэр төрлийг олшруулсан, очер дараалал багассан гэх мэтээр эрүүл мэндийн үйлчилгээ иргэндээ илүү ойртож, иргэн таны даатгалд төлсөн мөнгө эргээд үр ашгаа 100 хувь өгдөг болсон нь энэ өдрүүдийн хамгийн сайхан мэдээ байлаа.