Засгийн газрын хуралдаанаар шатахууны импорт, нүүрсний экспорттой холбоотой асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүн болох шатахууны нийлүүлэлтийг хэвийн түвшинд байлгахаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй. Цаашид нийлүүлэлтийг саадгүй үргэлжлүүлнэ.
Роснефтийн талаас нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орохгүй гэж мэдээлсэн. Гэрээний дагуу манай импортлогч компаниуд төлбөрөө манай банкууд дээр байдаг Роснефтийн данс руу хийчихнэ. ОХУ руу 180 гаруй ам.долларын шатахууны төлбөр хийгдсэн. Нэр бүхий нэг банкаар манай төлбөр тооцоо саадгүй явж байна. цаашдаа ч саадгүй байлгах талаар хичээж ажиллах болно.
Экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх "Эрдэнэс Тавантолгой" компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо гэсэн үг. Өнөөдрийг хүртэл уртын тээврээ зогсоож, олборлолтоо эхэлж чадахгүй байсан. Ковидын халдвар эхлэх үед Цагаан хаданд 12 сая тонн нүүрс овоорсон байсан. Өнөөдрийг хүртэл их бага хэмжээгээр явуулсаар байгаад одоо 5 сая тонн нүүрс үлдсэн. Нэгэнт төлбөрөө төлсөн нүүрсийг эхлээд гаргаж өгөх ёстой гэсэн зарчмаар явснаар дотооддоо багагүй хохирол амслаа. Одоо энэ хэмжээ багассан учраас уртын тээврээ эхлүүлэх шийдвэрт хүрлээ" хэмээлээ.