ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Шивээхүрэн боомтод хуримтлагдсан долоон сая тонн нүүрсийг экспортлоход бэлэн болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-15

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг “Шивээхүрэн-Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.

Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй бөгөөд одоогийн байдлаар долоон сая орчим тонн нүүрс хуримтлагджээ.  Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны төлөөлөл тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцаж байна. БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулжээ. Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох  бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

Ажлын хэсгийн гишүүд нүүрс эскпортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, Монгол Улсаас  БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сардаа багтааж “Шивээхүрэн-Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. Цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаар хэдэн хэдэн асуудлаар БНХАУ-ын талтай тохиролцжээ.

Боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий”  болон Гашуунсухайт боомтод үргэлжүүлэн ажиллана. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд дээрх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буй юм.