Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээ авсны үр дүнд 260 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Ингэснээр Самурай бондыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл багасаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чанаргүй зээл төлөгдсөн эх үүсвэрээр Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өгсөн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.
Тэрбээр, "Нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкны асуудал нийгмийн анхааралд орсны үр дүнд өнөөдрийн байдлаар эргэн төлөлт маш сайн хийгдэж, 201 тэрбум төгрөг төлөгдлөө. Мөн "Кью Эс Си" компаниас өнөө маргаашгүй 60 тэрбумыг төлнө гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр 260 тэрбум төгрөг цуглаж байна. Хоёр бондын асуудал байгааг та бүхэнд өмнө мэдэгдсэн.
Засгийн газрын баталгаатай "Самурай" бонд хамгийн их анхаарал татаж байна. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Тиймээс чанаргүй зээлүүдийг төлүүлэхээс өөр аргагүй. арванхоёрдугаар сарын 30-ны тайлангаар муу гарвал тус банкийг татан буулгах, дампууруулах асуудал яригдана. Энэ жил 800 тэрбум төгрөгийн зээл төлөгдвөл Хөгжлийн банкны баланс хэвийн болно. Тиймээс Засгийн газар чанаргүй зээлүүдийг төлүүлэхэд онцгой анхаарч байна" гэлээ. Улмаар, урьдчилж бондын эргэн төлөлтөөс хийж байхаар Засгийн газраас чиглэл өгчээ. Үүнээс гадна төрийн өмчит үйлдвэрийн газруудын асуудлыг ч мөн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар ярилцана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.